Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 000069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Д

Шүүгдэгч Ж.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-д холбогдох эрүүгийн 1825000000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Жанчивын Г-

 

Шүүгдэгч Ж.Г- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 10б-4 тоот гэртээ согтуугаар хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний үйлдлийн улмаас Дд хөнгөн гэмтэл учирсан нь үнэн. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 

Хохирогч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Бид хоёр 1990-ээд оноос найзалсан найзууд юм. Би энэ хүнийг дуудахаар нь л очсон чинь ийм зүйл болсон. Хохиролд 100.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Гэрч Х.Сайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Г-гийн гэрээс гараад бичиг баримтаа хайгаад буцаж ороод ирэх хооронд Г-, Д хоёр миний бичиг баримтаас болж хэрүүл маргаан зодоон болсон гэсэн мэдүүлэг /хх 16 ху/

 

Гэрч Ч.Баасанбямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г- найз Дгаа Сайханаагийн бичиг баримтыг авсан гэх шалтгаанаар тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Г- найз Дгаа нүүр рүү нь гараараа цохиж авсан гэсэн мэдүүлэг /хх17 ху/

 

Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хэсэг хугацааны дараа Сайхан гэх хүний бичиг баримт алга болчихсон. Тэгээд Д гэх эмэгтэйг авсан гэж Г- хардаад учир зүггүй Дг нүүр нүдгүй цохиж зодсон. Би нөхрийнхөө хамтаар салгасан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн... Б.Дгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн ташаа, баруун өгзөг дор зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, нүүрэнд 6 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх-ийн 13 ху/,

 

-Ж.Г-г  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 26 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 10б-4 тоот гэртээ согтуугаар хохирогч Б.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохиролд 100.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, гэрч Х.Сайхан /хх 16 ху/, Ч.Баасанбямба /хх 17 ху/, Д.Оюунчимэг /хх 18 ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн ташаа, баруун өгзөг дор зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, нүүрэнд 6 тооны шалбархай үүссэнийг тогтоосон 140 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ж.Г-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Б.Д нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-г 240 /хоёр зуун дөч/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ