Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/036

 

 

Л.Лувсандамба, Б.Мөнхтамир, А.Дашням нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Яллагдагч Л.Лувсандамба, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр/цахим/

Яллагдагч Б.Мөнхтамир

Яллагдагч А.Дашням, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/144 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энхбатын бичсэн эсэргүүцлээр Л.Лувсандамба, Б.Мөнхтамир, А.Дашням нарт холбогдох эрүүгийн 2214002570207 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ................ тоотод бүртгэлтэй, Жаргалант овогт Алтангэрэлийн Дашням, регистрийн дугаар: ВА96120411,

2. Монгол Улсын иргэн, ........... тоотод оршин суудаг, Адуучин овогт Батын Мөнхтамир, регистрийн дугаар: ГВ88070113,

3. Монгол Улсын иргэн, ..... тоотод оршин суудаг гэх боловч ..... багт бүртгэлтэй,

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Өөлд овогт Лхагвасүрэнгийн Лувсандамба, регистрийн дугаар: ВГ91072517,

1. Яллагдагч А.Дашням нь үргэлжилсэн үйлдлээр бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн байтал 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан мэтээр он сарыг өөрчилж, тэмдэглэл үйлдэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

2. А.Дашням нь бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагааг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн оффист 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн ба Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн цагдаагийн байранд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Лувсандамбаас дахин гэрчийн мэдүүлэг авахдаа 2023 оны 05 сарын 03-ны өдөр авсан мэт болгон өөрчлөхдөө өмнө нь авсан мэдүүлэг буюу 2022 оны 05 сарын 03-ны өдөр авсан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг устгасан,

3. Яллагдагч А.Дашням нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн хуулийн зөвлөх Э.Цэнд-Аюушаас гаргаж өгсөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой 88-30 УАХ улсын дугаартай “Ssangyoung” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хэргийн материалд хавсаргалгүй, өөрийн албаны өрөөний төмөр сейфт нуусан,

Яллагдагч А.Дашням нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэх заалт,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх заалт,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх заалт зэргийг зөрчиж,

- Бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд цугларсан баримтаар иргэн Л.Лувсандамба, Б.Мөнхтамир, А.Амартайван, Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн нар нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайгаас алттай хүдрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад Л.Лувсандамбыг ганцаараа үйлдсэн, гэм буруутай мэтээр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нараас 3,000,000  төгрөгийн хахууль авсан,

Яллагдагч Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нар нь иргэн Б.Мөнхтамир, А.Амартайван, Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн нартай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайгаас алттай хүдрийг машин ашиглаж хулгайлсан гэх бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд шалгагдаж байх хугацаандаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Дашнямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 2023 оны 05 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэг тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  А.Дашнямд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжид:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч А.Дашням нарт холбогдох эрүүгийн 2214002570207 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүх хуралдаан болтол яллагдагч Б.Мөнхтамир, Л.Лувсандамба нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Дашнямд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Баян-овоо сумын сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд байрлуулсан  NVR төхөөрөмжөөс дуу дүрсний бичлэгийг хуулбарлан авсан DVD 4 ширхгийг хэргийн хамт хүргүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1.Гэрч Б.Мөнхтамир, Л.Лувсандамба, Н.Амартайван, И.Батцэрэн, Б.Заантогтох нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байгаа тул хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг буюу А.Дашнямд 3,000,000 төгрөг өгсөн эсэхийг тогтоох үүднээс гэрч нараас мэдүүлгийн зөрүүг арилгах үүднээс тодруулж дахин мэдүүлэг авах талаар шүүгчийн захирамжид дурдагджээ.

Гэвч гэрчүүдээс дахин мэдүүлэг авах шаардлагагүй юм. Учир нь Б.Мөнхтамир, Л.Лувсандамба нар нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул гэрчээр мэдүүлэг тайлбар авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ажиллагаа болно.

Бусад гэрчийн хувьд тухайн үед өөрийн мэдэх зүйлүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тухай хуульд заасны дагуу өөрийн мэдэх зүйлээ ярьж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул дахин гэрчээр мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолтой нотлох баримт болохгүй.

Мөн гэрч А.Амартайван, И.Батцэрэн, Б.Заантогтох нарыг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь гэрч А.Амартайван мэдүүлэгтээ “...Улаанбаатар хот руу явж байх замдаа Б.Мөнхтамир нь надад “Лувсандамбад хэрэглээний мөнгө өгсөн” гэж ярьсан. Яг хэдэн төгрөг хаана өгснийг хэлээгүй. Миний санаж байгаагаар хэсгийн төлөөлөгч Дашням хот руу шилжих гэж байгаа гэнээ, бид нарын хэрэг хэн дээр очих юм бол доо гэсэн яриа бол болсон...” гэж мэдүүлсэн,

Мөн Б.Заантогтох мэдүүлэгтээ “...И.Батцэрэн нь А.Цэнд-Аюуштай нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхдөө “...Ингээд хэдийг өгсөн юм гэж мессеж бичихэд хариуд нь “3 sаy” гэсэн хариу ирсэн юм...” гэж мэдүүлсэн,

мөн “хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэсэн мессежийг явуулахад Мөнхтамираас 3,0 сая төгрөг гэж хариу ирсэн гэж Цэнд-Аюуш надад хэлсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

2. Яллагдагч А.Дашням, Л.Лувсандамба нартай цуг байсан гэх хүмүүсээс уг үйл баримтыг тогтоох зорилгоор гэрчээр тогтоож мэдүүлэг аваагүй орхигдуулсан гэж шүүхээс үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Яллагдагч А.Дашням, Л.Лувсандамба нар нь хэрэг болох өдөр хоорондоо уулзаагүй, таараагүй талаар мэдүүлж байгаа боловч энэ нь бусад зүйлээр үгүйсгэгддэг. Үүнд:

Үүрэн телефоны “Юнител групп” ХХК-аас ирүүлсэн албан бичгийн хавсралтаар А.Дашням, Л.Лувсандамба хэрэг гардаг өдөр буюу 2022 оны 05 сарын 07-08-нд шилжих шөнө хоорондоо утсаар ярьсан болох нь тогтоогддог.

Мөн Хаан банкнаас ирүүлсэн Л.Лувсандамбын эзэмшлийн 5230032002 тоот данс,  А.Дашнямын 5023339224 тоот данснуудад үзлэг хийсэн ба үзлэгээр хэрэг гардаг өдөр буюу 2022 оны 05 сарын 07-08-нд шилжих шөнө “Оргил” нэртэй гэх бааранд 2-3 минутын зайтай Л.Лувсандамба картнаасаа 16.000 төгрөг, А.Дашням картнаасаа 16.000 төгрөг уншуулсан болох нь тогтоогддог.

Мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад гэрч нарын мэдүүлгээр тухайн өдөр А.Дашням, Л.Лувсандамба нар уулзсан, мөн Оргил бааранд хамт байсан болох нь тогтоогддог.

Иймд А.Дашням, Л.Лувсандамба нартай хамт явсан гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Мөн үдэлт хийж буй бичлэг бүхий А.Дашнямын 88514401 дугаартай гар утсанд авагдсан фото зураг, чатад үзлэг хийж тодруулах ба эд мөрийн баримтаар хураах ажиллагааг огт хийгээгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хүсэлтийг хангаагүй байна гэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

Учир нь тухайн хэрэг гарах өдөр А.Дашням, Л.Лувсандамба нар нь тусдаа явж байсан, хамт байсан хүмүүстэйгээ зургаа авхуулсныг үгүйсгэхгүй бөгөөд дээрх нотлох баримтаар А.Дашням, Л.Лувсандамба нар уулзсан болох нь тогтоогдож байна.  Иймд хамт явсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, мөн гар утсанд үзлэг хийж эд мөрийн баримтаар гар утсыг хураан авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.

Мөн эрүүгийн мөрдөгч М.Батхишигийг гэрчээр тогтоож мэдүүлэг авах нь хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж шүүхээс үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилжээ. Гэвч эрүүгийн мөрдөгч М.Батхишиг нь тухайн үйл явдлын талаар мэдэх боломжгүй байх тул гэрчээр мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй тул мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Мөн гэрч Д.Азбаярын мэдүүлэгт бичигдсэн.. сүүлрээд... гэдэг үгийг юу гэж ойлгох нь тодорхойгүй, тухайн хүнийг өөрийн ойлголтоо юуг илэрхийлэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй тул энэ үгийг тайлбарлуулахаар дахин мэдүүлэг авах нь зүйтэй гэжээ.

Гэрч Д.Азбаярын хувьд Баян-Овоо сумын цагдаагаар А.Дашнямтай хамт ажилладаг байсан. 2023 оны 06 сарын 26-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг тайлбар авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дугаар зүйлийн 2-т “мэдүүлэг өгсөн болон мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон үгийг нэгдүгээр биен дээр тавьсан асуулт, хариултын дагуу үгчлэн бичнэ” Үүнээс дүгнэхэд мөрдөгч нь мэдүүлэг авахдаа тухайн гэрчийн хэлсэн үгийг өөрчлөхгүйгээр бичиж авч, түүнд уншуулан танилцуулж гарын үсэг зуруулсан байна.

Гэрч Д.Азбаяр нь “...А.Дашням нь нөгөө уурхайн хулгайг удирдсан гэх Лувсандамба гэж залуутай салахгүй нийлээд цуг яваад байхаар нь насаар ах хүний хувиар Дашнямд “чи хэргийн холбогдогчтойгоо ингэж битгий сүүлрээд байгаарай, дараа нь асуудалд орно шүү” гэж хэлж байсан” гэж мэдүүлэхдээ ойлгомжгүй байдлаар мэдүүлсэн нөхцөл байдал байхгүй байх тул дахин мэдүүлэг авах шаардлагагүй байна.

3. Аймгийн прокурорын газраас Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлон тогтоогдоогүй байхад 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр Л.Лувсандамбыг байцаагдахдаа өгсөн мэдүүлгийг нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө И.Батцэрэнгийн... фейсбүүкийн чатаар... юм аа яриагүй биз, ядраад янз бүрийн юм яриагүй биз, зохицуулна шүү наадуул чинь...гэх зэрэг зүйлийг бичсэн гэх, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр Б.Мөнхтамирыг ...тэр шөнийн 00 цаг өнгөрч байхад Л.Лувсандамба над руу өөрийн утсаараа залгаад ууж явна гэж ярьсан,... чамд мөнгө хэрэгтэй байгаа бол гээд виза картаа өгөөд явуулсан, мөнгийг юунд хэрэглэх гэж байгаа мэдээгүй,... Дашням нүүхэд машин тэрэг хэрэг болон тэрэндээ нэмэрлээрэй гээд өгөхөөр боллоо надад 1.000.000 төгрөг байгаа, чи өөртөө байгаа бэлэн мөнгөө өгчхөөрэй гэж надад хэлсэн, ингээд би өөрт байгаа 2.000.000 төгрөгийг өгсөн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж өөрийнх нь эсрэг ашиглан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн, мөн яллагдагч А.Дашням, Б.Мөнхтамир, Л.Лувсандамба нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь..... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасныг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ гэсэн нь үндэслэл муутай болжээ.

Дээрхээс дүгнэхэд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэнд-Аюушаас “...Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч А.Дашням нь хэрэгт холбогдсон ажилчдад ашигтай байдлаар шийдвэрлүүлэх үүднээс хэргийн материалд өгсөн баримтуудыг санаатайгаар байхгүй болгосон, мөн авлигал авсан байх магадлалтай байна..” гэх гомдлыг гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Шалгуулах болсон шалтаан нөхцөлийн хувьд “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхай дээр гарсан хулгайн хэргийн Л.Лувсандамба нь ганцаараа үүрээд бусад нь ял шийтгэлгүй үлдлээ гэдэг байдлаар шалгуулсан. Тухайн хэрэг нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор шийдэгдсэн. Мөн давж заалдах шатны, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэвээр батлагдсан.

А.Цэнд-Аюушийн гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэрч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Мөн гэрч нар нь бичиг үсгийн боловсролтой буюу уншиж бичиж чаддаг, Монгол хэлээр чөлөөтэй ярьж сэтгэдэг мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдал үүсээгүй.

Учир нь мөрдөгч нь гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн тодорхойгүй байх үед тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг мэдүүлэг авахаас өмнө тусгайлан тайлбарлаж мэдүүлэг авсан байна.

Мөн А.Дашням, Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нараас гэрчээр авсан мэдүүлгийг шүүгчийн захирамжид дурдсанчлан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэсэн, өөрийнх нь эсрэг мэдүүлгийг ашигласан мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байна.

Мөн гэрч нарын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоогүй, нотлох баримтаар эрх зүйн баримт дээр үнэлээгүй болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтад тодорхой харагдана.

4. А.Дашням, Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарын сэжигтэй хань харилцааг тогтоох зорилгоор түүний харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулсан бөгөөд мөрдөгчийн даалгаварт ямар хугацаанд уг ажиллагаа явуулах, хийж гүйцэтгэх талаар тусгаагүй, мөрдөгч ямар хугацаанд нууц ажиллагааг хийж гүйцэтгэсэн ойлгомжгүй, түүнчлэн мөрдөгчийн даалгаврын хүрээнд холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн ба тогтоогдсон нөхцөл байдлыг хариуцсан мөрдөгчид тухай бүр танилцуулж ажилласан гэх боловч мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадалгаа үйлдэн, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэсэн хуулийн зохицуулалтыг дагуу хэрэгт энэ нууц ажиллагааны материалыг ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээлэлд яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн баримт мэдээлэл байгаа эсэхэд эргэлзээ үүсгэхээр, прокуророос уг нууц ажиллагааны үр дүн болон баримт мэдээллийг хавтаст хэрэг яагаад хавсаргаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно гэжээ.

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/58 дугаартай  мөрдөгчийн мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах тухай даалгаврыг Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаа нь баталсан.

Үүний дагуу А.Дашням, Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарын сэжигтэй хань харилцааг тогтоох зорилгоор түүний харилцаа холбооны сүлжээнд нэвтрэх мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулсан.

Гэвч дээрх мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдолтой баримт сэлт илрээгүй тул мөрдөгчийн магадалгаа бичээгүй байна.

Энэ нь Улсын ерөнхий Прокурор, Тагнуулын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/116, А/177 дугаар тушаалаар “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журам” баталсан. Тухайн журмын 6.6 дугаар зүйлд “мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан боловч үр дүн гараагүй, хэрэгт ач холбогдолтой баримт сэлт илрээгүй, тухай мэдээг прокурорт хянуулан, нууц ажиллагааны магадалгааг товчлон бичиж болно” гэж зааснаа үзэхэд магадалгаа бичиж болно, бичихгүй байж болно гэдгийг зохицуулж өгсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж зааснаас үзэхэд шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг хавтаст хэрэгт хийгээгүй гэж шүүх дүгнэж байгаа нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл тогтоогдсон ба улсын яллагчаас гаргасан байр суурь, дүгнэлтийн талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/144 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь “Хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Яллагдагч А.Дашням нь үргэлжилсэн үйлдлээр нотлох баримтыг устгах, нуух гэсэн гэмт хэргүүд үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, прокурорын зүгээс бол яллах дүгнэлт үйлдэж шүүхэд 10 шилжүүлсэн. Мөн бусдад давуу байдал болгож бусдаас 3,000,000 төгрөг авсан үйлдэлд прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн1.1-д зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлаар тогтоох үүрэгтэй. Тийм учраас прокурорын зүгээс нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр буцаасан нь яллах дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг хэзээ хаана гарсан нь нотлох баримтаар нотлогдоогүй байна гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаад байгаа юм. Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдсон гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн санаачилгаар мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой ажиллагааг хий гэдэг зүйлийг захирамжид тусгасан. Хэрвээ ийм ажиллагаа хийлгэхээр байсан бол шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлах бүрэн боломжтой байсан. Тийм учраас анхан шатын шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бол ноцтой зөрчсөн, процессын алдаа гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Эдгээр байдлууд нь анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэгт болсон шүүх хуралдааны камерын бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан байгаа. Мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой зүйл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдаагүй гэдгийг хэлмээр байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 144 дугаартай захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.  

Яллагдагч Л.Лувсандамбын өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр гаргасан захирамж учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

Яллагдагч А.Дашнямын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Монгол улс даяар мөрдөгдөж байгаа 11 хууль. Бид нар хуульч хүмүүс тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд байна. Мөн хэргийн бодит байдлыг нотлох үүргийг зөвхөн мөрдөгч, прокурор хүлээдэг. Гэтэл энэ асуудлыг шалгахдаа зөвхөн яллах талыг барьж шалгасан. Энд цагаатгах талын нотлох баримт хийгдээгүй. Ийм учраас энэ хэргийг эргэлзээгүй буюу хөдөлбөргүй нотлох баримтаар нотолж тогтоож чадаагүй, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр гаргасан захирамж юм. Ийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Ж.Энхбатын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Яллагдагч А.Дашнямыг

1. үргэлжилсэн үйлдлээр бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн байтал 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан мэтээр он сарыг өөрчилж, тэмдэглэл үйлдэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

2.  бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагааг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн оффист 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Л.Лувсандамбаас гэрчийн мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн ба Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн цагдаагийн байранд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Лувсандамбаас дахин гэрчийн мэдүүлэг авахдаа 2023 оны 05 сарын 03-ны өдөр авсан мэт болгон өөрчлөхдөө өмнө нь авсан мэдүүлэг буюу 2022 оны 05 сарын 03-ны өдөр авсан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг устгасан,

3. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн хуулийн зөвлөх Э.Цэнд-Аюушаас гаргаж өгсөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой 88-30 УАХ улсын дугаартай “Ssangyoung” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хэргийн материалд хавсаргалгүй, өөрийн албаны өрөөний төмөр сейфт нуусан,

4. бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд цугларсан баримтаар иргэн Л.Лувсандамба, Б.Мөнхтамир, А.Амартайван, Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн нар нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайгаас алттай хүдрийг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад Л.Лувсандамбыг ганцаараа үйлдсэн, гэм буруутай мэтээр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нараас 3,000,000  төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар,

2. Яллагдагч Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарыг иргэн Б.Мөнхтамир, А.Амартайван, Б.Пүрэвбаатар, И.Батцэрэн нартай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн уурхайгаас алттай хүдрийг машин ашиглаж хулгайлсан гэх бүртгэлийн 431/1799 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд шалгагдаж байх хугацаандаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгч А.Дашнямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт 2023 оны 05 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн  гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,3, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар   тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч А.Дашням нарт холбогдох эрүүгийн 2214002570207 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зохицуулсан бүх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоосон тохиолдолд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж,  хэргийн холбогдогч нарын гэм буруутай эсэхийг тогтоодог.

Мөн  түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ чанд хэрэгжүүлснээр гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай  болоод эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл нь болж улмаар нотолбол зохих байдлуудыг холбогдсон этгээд нэг бүрээр нотолсон байхыг шаарддаг.

Яллагдагч А.Дашням  нарын гурван хүнд холбогдох хахууль авсан, өгсөн гэх хэргийн бүхий л нөхцөл байдлуудыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай, шүүхийн шийдвэрт нөлөөлөх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны  шатанд бүрэн  хангалттай цуглуулан бэхжүүлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нөхцөл байдлуудыг  эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоогоогүй байна.

Тухайлбал: прокурор   яллах дүгнэлтдээ “... 2022 оны  05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт...” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хэзээ, хаана, яаж үйлдсэн  байдлыг тодорхойлоогүй гэж үзнэ.

Хэрэгт хамааралтай  байж болох  хэргийн оролцогч нарын  мэдүүлэг бүрийг өөр хооронд нь харьцуулан  дахин болон нүүрэлдүүлэн мэдүүлэг авах замаар  гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгавал зохино.

Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон түүнд хамаарах  бүхий л  үйл баримтыг сэргээн тогтоож, нотолбол зохих байдлуудыг   шалган тогтоох зэрэг болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Аймгийн прокурорын газраас Л.Лувсандамба, Б.Мөнхтамир  нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлон тогтоогдоогүй байхад  2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр Л.Лувсандамбыг  байцаагдахдаа өгсөн мэдүүлгийг нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө и.Батцэрэнгийн... фейсбүүкийн чатаар... юмаа яриагүй биз, ядраад янз бүрийн юм яриагүй биз, зохицуулан шүү наадуул чинь... гэх зэрэг зүйлийг бичсэн гэх,

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр Б.Мөнхтамирыг ....тэр шөнийн 00 цаг өнгөрч байхад Л.Лувсандамба над руу өөрийн утсаараа залгаад ууж явна гэж ярьсан,... чамд мөнгө хэрэгтэй байгаа бол гээд виза картаа өгөөд явуулсан, мөнгийг юунд хэрэглэх гэж байгаа мэдээгүй,... Дашням нүүхэд машин тэрэг хэрэг болон тэрэндээ нэмэрлээрэй гээд өгөхөөр боллоо надад 1000000 төгрөг байгаа, чи өөртөө байгаа бэлэн мөнгөө өгчихөөрэй гэж надад хэлсэн, ингээд би өөрт байгаа 2000000 төгрөгийг өгсөн...гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж өөрийнх нь эсрэг ашиглан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Л.Лувсандамба, Б.Мөнхтамир нарт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн, мөн яллагдагч А.Дашням, Б.Мөнхтамир, Л.Лувсандамба нараас гэрчийн мэдүүлэг авахдаа  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь .... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасныг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн  захирамжид “...мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээлэлд яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн баримт мэдээлэл байгаа эсэхэд эргэлзээ үүсгэхээр, прокуророос уг нууц ажиллагааны үр дүн болох баримт мэдээллийг хавтаст хэрэг яагаад хавсаргаагүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй...” гэх боловч  мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ач холбогдолтой баримт сэлт илрээгүй байхад мөрдөгч магадалгаа бичих шаардлагагүй тул энэ хэсэг нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр Прокурорын “... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах...” агуулгаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн  2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/144 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                          ШҮҮГЧИД                             Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                         Т.ГАНЧИМЭГ