| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0389/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0610 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ү******* э******* г ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,
Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаар мэдэгдэл хуульд нийцсэн.эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ү******* э******* г ХХК нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хоёрдугаар албыг татан буулгаж, нэгдүгээр албаны нэр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болгон өөрчилсөн байна.
1.2.Дээрх шийдвэрийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болгон сольсон болно.
2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар ******* ү******* э******* г ХХК-ийн зоорь, контор, үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай 1 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах эрхийг хангахад чиглэсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаарах 10 стандартыг баталсаны дотор Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага хотын стандарт багтжээ.
4.Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/******* дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
5.Дээрх захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас ******* ү******* э******* ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаар албан бичгээр газрын зөрчлөө арилгаж хашаагаа чөлөөлөх талаар мэдэгдсэн байна.
6.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Газрын албанаас албадлага хэрэглэх үндэслэлээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан UC******* Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага" хотын стандарт гэжээ. Энэхүү стандартад 19 зориулалтын хашаа, хайс, хашлаганд тавих шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд контор, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрын хашааны стандартыг заагаагүй, хашаатай байх эрхийг хориглож, хязгаарласан агуулгагүй байна. Нөгөөтээгүүр стандартад энэхүү тавих шаардлага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам-д заасан дараах хашаа хайсад хамаарна гэсэн бөгөөд эх сурвалж болсон Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам" нь хүчингүй болсон тул стандарт үйлчлэлгүй байна.
7.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр А/******* дугааp Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамждаа ...зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх, объектыг буулгах, төлөвлөлтийн дагуу орц, гарц гаргах, мухар гудамж чөлөөлөх, газар зохион байгуулалт хийх зорилгоор газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулсугай гээд Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга нарт зэрэг субъектүүдэд чиг үүргийнх нь дагуу ажлуудыг хариуцуулжээ.
7.2.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/******* дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай захирамждаа ...зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, ...зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн бү*******эхүүнийг 1 дүгээр, ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар, үйл ажиллагааны зардлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай гээд ажлын хэсгийн бү*******эхүүнд дүүргийн Засаг даргыг оруулжээ.
7.3.Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламж, хашаа, хайс, хаалтыг буулгах кампанит ажлыг Нийслэлийн Засаг дарга дээрх 2 захирамжаараа эхлүүлсэн бөгөөд ажлын хэсэгтээ дүүргийн Засаг дарга, Газрын албыг оруулсан байна. Иймд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзлээ. Нөгөөтээгүүр 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх гэж богино хугацаанд хэрэгжүүлэхээр заасан захиргааны шийдвэр тул нэн яаралтай шүүхэд хандах шаардлагатай байна.
7.4.Иймд хашааг албадан буулгах тухай Баянзүрх дүүргийн Газрын зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаар мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны А/23 дугаартай тогтоолоор баталсан стандартад 16 хашааны хэлбэр, хэмжээ, өндөр намыг тодорхойлсон нь бусад нь хашаагүй байх ёстой гэх логикгүй. Өөрөөр хэлбэл баруун гар талдаа буюу талдаа рультэй автомашинууд ингэж зорчино гэж журамлачихвал өөр машин хотод явах боломжгүй, Монгол Улсын замын хөдөлгөөнд зөвшөөрөхгүй гэдэг логик илэрхийлэхгүйтэй адилхан ийм логикгүй зүйлийг хариуцагч яриад байгаа үндэслэлгүй байна. Суурийг түр зөвшөөрч байна, газар эзэмшигчийн ашиг сонирхол, саналыг анхаарна гэж тайлбарлаж байна. Тэгэхээр хуулиар л мөрдөх ёстой. Нөхцөл байдал, хэн ямар байдлаар асуудалд хандах нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх зүйл биш гэж харж байна. Нийслэлийн Засаг даргын А/*******, А/******* дугаартай захирамжуудыг манай компанид чиглэсэн нөлөөлөл бий болгосон захирамжууд гэж үзэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13******* дугаар бүхий 1*******1 м.кв талбай бүхий газрыг "******* ү******* э******* г" ХХК-д эзэмшүүлэх шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/58 дугаар захирамж болон холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан бөгөөд газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
9.1.UC******* стандартаар тогтоосон хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлагыг биелүүлэх шаардлага тулгарсан учир тухайн газарт байгаа зөрчилтэй хашаа, хайсыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор арилгахыг мэдэгдсэн бөгөөд энэ нь хотын стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах, орчны аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах зорилготой болно.
9.2.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаартай албан бичгээр ирүүлсэн хашаа чөлөөлөх тухай мэдэгдэл нь захиргааны шийдвэр, шийтгэл бус бөгөөд захиргааны процессын урьдчилсан арга хэмжээний нэг юм.
9.3.Тус мэдэгдэл нь тухайн газар, байгууламжийн зөрчлийг арилгуулах тухай захиргааны байгууллагын анхааруулга, хуульд нийцүүлэх боломжийг олгосон хэрэгжилтийн нэг хэсэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу шууд гомдол гаргах боломжгүй, хүчингүй болгуулах шаардлага тавих үндэслэлгүй болно.
9.4.Бодит нөхцөлд нэхэмжлэгч ******* ү******* э******* г ХХК-ийн эзэмшиж буй 13******* кадастрын дугаартай газар дээр байрлуулсан хашаа нь:отын стандартын шаардлагыг зөрчсөн,
9.5.Орчны аюулгүй байдал, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй байдалтай байна. Тиймээс мэдэгдэл нь хуулийн дагуу гарсан бөгөөд ямар ч хэлбэрээр үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.
9.6.Нэхэмжлэгч нь 2017 онд нийслэлийн Засаг даргын А/58 дугаар захирамжаар тухайн газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болсон ч, энэхүү эрх нь захиргааны хууль тогтоомж, хот байгуулалтын норм дүрэм, стандартуудыг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.
9.7.Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас хүргүүлсэн дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн мэдэгдэл бөгөөд эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан шинжийг агуулаагүй байна.
9.8.Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны шийдвэр биш, байгаа тул зөвлөмж, мэдэгдэлд хандсан, шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу гомдол гаргах эрх зүйн үндэслэлгүй нэхэмжлэл нь хэлбэр, агуулгын хувьд зохисгүй, хянан шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна..
9.9.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч А/******* дугаар захирамж зүйтэй юм, энэ захирамжтай маргаагүй, Нийслэлийн засаг даргын захирамж бол зөв захирамж байна гэсэн боловч манай байгууллагад хамаагүй гэсэн юм ярьж байна. Хавсралт хоёрын 3.1-д зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар хайс, хашаа, байгууламжийг буулгана гээд заагаад өгчихсөн. Газрын зөрчил биш гэж тайлбарлаад байна. Газрын зөрчил гэхээр илүү талбай хашаалсан ч юм уу тиймэрхүү зөрчлийг хэлнэ гээд нийтлэгээр үнэлээд байх шиг байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа тохиолдолд ч газрын зөрчилдөө орно. Тухайн газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь газрын зөрчил, мөн хотын стандартад нийцээгүй хашаа барьсан нь ч газрын зөрчилд орж явна. 2022 оны А/23 дугаартай тогтоолд манайхыг хашаагүй байна гэж заагаагүй байна гэж байна. Тэгвэл хашаатай байна гэдгийг чинь зааж өгөөгүй байна. Хэрвээ танайхыг хашаатай байхыг тогтоолоор зөвшөөрсөн бол ийм зориулалттай газар эзэмшигч, ийм хашаатай байна гэдгийг зааж өгсөн байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ тогтоолын ерөнхий 14 дээр барилгын түр хашаа, зүлгэн хашаа гээд нийт 16 хашаа л нийслэлийн хэмжээнд байх боломжтой. Үүнийг л бид мөрдөж ажиллаж байгаа. Бусад нь хашаагүй байна, хашаагүй байх стандартаа мөрдөх ёстой. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заажээ.
1.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 26 дугаар хороонд 1 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зоорь, контор, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар зориулалтаар эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хувьд хэргийн оролцогч нар маргаагүй байна.
1.2.Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Баянзүрх дүүргийн газрын нэгдүгээр алба (тухайн үеийн нэрээр)-ны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/******* дугаар захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага хотын стандарт нийцээгүй үндэслэлээр газрын зөрчил арилгуулж хашаагаа чөлөөлөх шаардлагыг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.
1.3.Тус албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан гадагшаа чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх тул нэхэмжлэгч газар эзэмшигчийн хувьд тус газрын зөрчил арилгуулах, хашаа чөлөөлүүлэх талаарх захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 23 дугаар тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах эрхийг хангахад чиглэсэн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт хамаарах 10 стандартыг баталсаны дотор Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага хотын стандарт багтжээ.
2.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/******* дугаар захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд арга хэмжээ авч зөрчлийг арилгах, хашаа хайсыг албадан буулгах, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг шилжүүлж зам талбайг чөлөөлөх, хотын стандартыг мөрдүүлэх талаар арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
2.2.Нэхэмжлэгч дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 26 дугаар хороонд 1 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зоорь, контор, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар зориулалттай газар хашаа, хайстай байх эсэх асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй болно.
3.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: гээд 9 эрх хэмжээг заасан ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно., 57 дугаар зүйлийн 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна., 57.5.Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ. гэж заажээ.
3.1.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан бол хуульд заасан журмын дагуу газрыг чөлөөлөх үйл ажиллагаа явагдахаар байх бөгөөд нэхэмжлэгч эрх бүхий захиргааны албан тушаалтнаас олгосон газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшдэг байх тул зохих зөвшөөрөлгүй газрыг эзэмшсэн гэж үзэхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан нөхцөл үүссэн гэж үзэхгүй юм.
3.2.Мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07- дугаар албан бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага хотын стандартад нийцээгүй үндэслэлээр газрын зөрчил арилгуулахаар шаардсан нь ойлгомжгүй буюу нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан газрын ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байх бөгөөд дээр дурдсанаар нэхэмжлэгч газрыг хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний үндсэн дээр зориулалтын дагуу газар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
3.3.Харин нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газартаа барьсан хашаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан стандартад нийцээгүй гэж үзвэл хашаа, хайсыг стандартад нийцүүлэх нь Газрын тухай хуульд заасан дүүргийн газрын албан эрх хэмжээнд хамаарахгүй юм.
3.4.Өөрөөр хэлбэл дүүргийн газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан 9 эрх хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Хашаа, хайс, хашлаганд тавих ерөнхий шаардлага хотын стандартад хотын норм дүрэм стандартыг дагаж мөрдүүлэх нь хуульд заасан эрх хэмжээнд байхгүй гэж үзлээ.
4.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07/4 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
5.Харин хуулиар эрх олгосон этгээд хүчин төгөлдөр стандартын хэрэгжилтийн хангуулахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ү******* э******* г ХХК-иас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07/4 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН