| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00473/И |
| Дугаар | 318/ШШ2025/00484 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00484
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ш овогт Р-н Л-н,
Нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Р.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р овогтой Л миний бие Увс аймгийн Тэс суманд 1965 оны 05 дугаар 25-нд төрсөн. Намайг 1965 онд төрсөн гэдгийн манай ах Р.Л болон эгч Р.Б нар гэрчилдэг юм. Тухайн үед хүүхэд байхад бөхийн тэмцээн уралдаанд оролцоход нас дарж оролцдог байсан юм. Одоо миний бичиг баримт дээр төрсөн оныг 1967 он гэж явдаг. ИУБХ-ээс төрсний бүртгэлийн лавлагаа дээр 1965 он гэж бүртгэгдсэн. Төрсөн он зөрүүтэйгээс болж миний тэтгэвэрт гарах эрх ашиг зөрчигдөж байгаа учир 1965 онд төрсөн болохыг миний ах Р.Л, эгч Р.Б нарыг гэрчээр асууж намайг 1965 онд төрсөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Р.Б, Р.Л, Р.А, Р.О нарын төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Р.Л-н хүсэлтээр Р.Б, Р.Л нараас гэрчийн мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Р.Л-д холбогдох төрөгсдийг бүртгэх анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Р.Л-н хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүний нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул хүсэлт гаргагч Р.Л-н нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Р.Л нь нас тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Р.Л нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1965 онд төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагаа Улсын бүртгэлийн байгууллагаас гарсан боловч эцгийн нэрийг Р гэж бичсэн байна. Иргэний үнэмлэхийн лавлагаа дээр эцгийн нэрийг Р, төрсөн он, сар, өдрийг 1967 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэж бүртгэсэн байна.
Бага насандаа бөхийн тэмцээнд оролцох зорилгоор 1967 онд төрсөн гэж бүртгүүлж оролцдог байсны улмаас иргэний бүртгэлийн зөрчил үүссэн байх тул 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хүсэлт гаргагч Р.Л-с нотлох баримтаар гаргаж өгсөн төрсний бүртгэлийн лавлагаанд Р-н Л-г 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эцэг Ч-н Р, эх Н-н М гэж бүртгэжээ.
Харин 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаанд Р-н Л, 1967 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэж бүртгэгджээ.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Р.Л-н төрөгсдийг бүртгэх анкетыг 1965 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Тус суманд бүртгэсэн байх ба тус анкетад хүүхдийн төрсөн он, сар, өдрийг 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, хүүхдийн эцэг Ч-н Р, хүүхдийн эх Н-н Мгэж бүртгэжээ.
Иймд дээрх баримтад үндэслэн Р-н Л-г 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Түүнчлэн дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Р.Б-н Бид хэд нэг айлын 7 хүүхэд юм. Би оныг нь сайн санахгүй ч насыг нь бол мэднэ. Хамгийн том нь Р.Ц гэх хүн байсан. Одоо амьд байсан бол 80 хүрэх байсан байх. Дараагийнх нь манай эгч Р.О, одоо 71 настай. 3 дахь хүүхэд нь Р.Л, 69 настай. 4 дэх хүүхэд нь би. 5 дахь хүүхэд нь Р.Л, 61 настай байх. 61-ний жил ороод гарч байна гэсэн. 6 дахь хүүхэд нь Р.Б, Р.Л-с 2 насаар дүү. 7 дахь хүүхэд нь Р.А, одоо 56 настай гэх мэдүүлэг,
Гэрч Р.Л-н Бид хэд нэг айлын 7 хүүхэд юм. Хамгийн том нь Р.Ц, 1952 онд төрсөн. Надаас 5 насаар ах байсан. Дараагийнх нь манай эгч Р.О, 1955 онд төрсөн, одоо 70 настай. 3 дахь хүүхэд нь би байгаа юм. 4 дэх хүүхэд манай эмэгтэй дүү Р.Б, 1962 онд төрсөн. 5 дахь нь энэ Р.Л байгаа юм. 6 дахь хүүхэд Р.Б-н төрсөн оныг мэдэхгүй байна. Надаас 10 насаар дүү байхаа. 7 дахь хүүхэд Р.Аюуш 1969 оных байхаа. Манай ээж нас барахад хамгийн бага дүү маань 3 нас гарантай үлдэж байсан гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Р.Л-г 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 60 настай болохыг тогтоож шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагч Р.Л-н хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ш овогт Р-н Л-г 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 60 настай болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА