| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0078/Э |
| Дугаар | 000100 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 000100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Б.О
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн
Шүүгдэгч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох эрүүгийн 1725000000233 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт М-ын Н
Шүүгдэгч М.Н- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед 38-64 ОРА улсын дугаартай Тоёото Пропокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн үед Даниста худалдааны төв дээр байх ажил руугаа очихоор Эрдэнэ багт байх гэрээсээ 38-64 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод асфальтан замаар явж байсан. Сангийн далай дэлгүүрийн орчим явж байхад замын эсрэг талд автобус зогсож байсан ба би автобустай зэрэгцэх үед автобусны араас гэнэт нэг хүн гараад ирсэн. Би тухайн үед тэр хүнийг мөргөхгүй гээд замын хашлага руу баруун гар тийшээ жолоогоо эргүүлэхэд автобусны араас гарч ирсэн хүн машины зүүн талын толийг мөргөөд унасан гэсэн мэдүүлэг
- Хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хүүхдийн бие муу байна гэхээр нь ажлаасаа чөлөө аваад харих гээд явж байсан. Тухайн үед жолооч тормоз гишгэсэн бол намайг дайрахгүй байсан. 6 хавирга хугарч уушиг цоорч ус дүүрсэн. Шанаа халцарсан байсан, одоо үе үе толгой өвдөх болсон. Эхнэр оёдлын цех түрээслэн ажилуулдаг байсан ба 2 сар намайг асарсан. Би Зэвсэгт хүчний 110 дугаар ангид мужаан ажилтай. Шүүгдэгчээс нийт 1.500.000 төгрөг авсан. Одоо Есөн Алтай хундага ХХК эмийн баримт 78.500 төгрөг, такси, унааны зардал 60.000 төгрөг, шатахууны 70.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин листний зөрүү 1 сарын 240.000 төгрөгөөр тооцож 560.000 төгрөг,өмгөөлөгчийн 600.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ гэв.
Гэрч Ц.Ариунзулын...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би ажил дээрээ цэвэрлэгээ хийгээд зогсож байхад 10 цагийн үед манай хажуу талын дэлгүүрийн хүн над руу залгаад танай нөхөр асфальтан зам дээр машинд мөргүүлчихлээ гэхээр нь би гараад очиход манай нөхөр О- явган хүний зам дээр сууж байсан.Цаана нь жижиг цагаан өнгийн машин зам дагуу зогсож байсан. Би нөхрийгөө болон мөргөсөн гэх машины жолоочийг таксинд суулгаад БОЭТ-ийн хүлээн авах тасагт очсон. Очоод рентген зураг авахуулахад баруун гар талын 6 ширхэг хавирга хугарсан гэсэн ба тэр өдрөө нөхөр эмнэлэгт хэвтсэн. Маргааш өглөө нь дахиад рентген зургаар харуулахад хугарсан хавирга нь уушиг руу нь хатгагдаж уушиг нь цоорч ус тогтсон байна гэсэн. Тэгээд тэр усыг нь гуурс тавиулж аппаратаар соруулж авсан гэх мэдүүлэг / хх 21-р тал /
Гэрч С.Баасанхүүгийн ... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутагт байх Сангийн далай дэлгүүрийн хажууд байдаг худгаас ус аваад зогсож байхад хүмүүс хүн дайрчихлаа гээд орилохоор нь харахад суудлын машины урд нэг хүн босч чадахгүй хэвтэж байсан. Тэгээд би усаа аваад гэр рүүгээ харьсан гэсэн мэдүүлэг /хх 22 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэнд: Б.О-ын биед нь цээжний битүү гэмтэл, цээжний баруун талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы уушиг гэмтээсэн хугарал, цээжний хөндийд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх 24 ху/
-Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 159 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Тоёото Пропокс маркийн 38-64 ОРО улсын дугаартай авто машины жолооч М.Н- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх 42 ху/,
-Шинжээч Я.Ганболдын ... Осол болсон гэх хэргийн материалд М.Н- нь ослын схем зурагт хэргийн газрын хүн мөргүүлсэн гэх А цэгээс 17 метр явж зогссон байна. Иймд жолооч зогсоох арга хэмжээ авч чадаагүй. А цэгээс өмнө зогсоох арга хэмжээ авсан байх ёстой бөгөөд энэ үүргээ жолооч биелүүлээгүй байна. Осол гарахад шууд нөлөөлсөн буруутай үйлдэл нь жолооч байна. Жолооч зогсоох арга хэмжээ авсан бол осол гарахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 67-68 ху/
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15 ху/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17 ху/
-М.Н-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-35 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч М.Н-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Н- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед 3864 ОРА улсын дугаартай Тоёото Пропокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, цээжний баруун талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы уушиг гэмтээсэн хугарал, цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.О-ын “...Тухайн үед жолооч тормоз гишгэсэн бол намайг дайрахгүй байсан. 6 хавирга хугарч уушиг цоорч ус дүүрсэн. Шанаа халцарсан байсан, одоо үе үе толгой өвдөх болсон” гэсэн мэдүүлэг, гэрч С.Баасанхүүгийн...хүмүүс хүн дайрчихлаа гээд орилохоор нь харахад суудлын машины урд нэг хүн босч чадахгүй хэвтэж байсан гэх мэдүүлэг / хх 22 ху/ мэдүүлэг, гэрч Ц.Ариунзулын...би нөхрийгөө болон мөргөсөн гэх жолоочийг машинд суулгаад БОЭТ орсон гэх мэдүүлэг, шинжээчийн 02, 159 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.О- шүүгдэгч М.Н-аас 1.500.000 гаруй төгрөгийг өмнө нь авсан, өнөөдөр эм тарианы 78.500 төгрөг, листний зөрүү 72.666 төгрөг, таксигаар үйлчлүүлсэн унааны зардал 60.000 төгрөг, түлшний 70.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн сарын 240.000 төгрөгөөр тооцож цалин листний зөрүү 560.000 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх ба шүүгдэгч М.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 12 дугаар сарын 22-нд 80.000 төгрөг, 12 дугаар сарын 28-нд 250.000 төгрөг, 2018 оны 01дүгээр сарын 30-нд 250.000 төгрөг, 02 дугаар сарын 14-нд 200.000 төгрөг бэлэн өгсөн бөгөөд хавтаст хэргийн 35,65 дугаар талд 245.000 төгрөгийн шаардлагатай эм тариа авч өгсөн, 240.000 төгрөгийн эм тарианы мөнгө өгсөн гэж мэдүүлсэн ба хэрэгт авагдсан баримтаар 1.009.716 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй боловч шүүгдэгч нийт 1.765.000 төгрөг төлсөн байна. Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. Мөн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин листний зөрүү 560.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, 38-64 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, 857109 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 төгрөгийг хэлэхцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт хураагдаж ирсэн 38-64 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Н-д буцаан олгож, 857109 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ