Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/037

 

 

Н.Батцэнгэл, Б.Баасандорж, З.Чогдсүрэн,

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль;

Шүүгдэгч Н.Батцэнгэл, Б.Баасандорж, З.Чогдсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Байгалийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч  Д.Мэндээгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Н.Батцэнгэл, Б.Баасандорж, З.Чогдсүрэн, нарт холбогдох эрүүгийн 2414000000037 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ............... багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Тайж овогт Намхайн Батцэнгэл, (регистрийн дугаар: ИУ80122012);

2. Монгол Улсын иргэн, .......... багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Палан овогт Баттулгын Баасандорж, (регистрийн дугаар: ВЙ93110512);

3. Монгол Улсын иргэн, .............. багт оршин суудаг, Боржигон овогт Зинагийн Чогдсүрэн, (регистрийн дугаар: ВР87021417).

Шүүгдэгч Б.Баасандорж, З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүрээ” гэх газраас иргэн Д.Бямбын эзэмшлийн 2 тооны бог малыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Баасандорж, З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн  1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.Батцэнгэл, Б.Баасандорж, З.Чогдсүрэн нарт холбогдох эрүүгийн 2414000000037 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж;

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Баасандоржид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч;

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг хэргийн хамт шилжүүлж, шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Б.Байгаль тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч Д.Бямбаа, гэрч Ц.Пүрэвжаргал, Э.Баатарбямба нарын мэдүүлгүүд зэргээс үзэхэд яллагдагч Н.Батцэнгэл, З.Чогдсүрэн, Б.Баасандорж нар нь бусдын өмчлөх эрхэнд халдсан болох нь тогтоогдсон ба нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

2. Яллагдагч Н.Батцэнгэл, З.Чогдсүрэн, Б.Баасандорж нар нь мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон ба тэдгээрийн боловсрол, малын дансны талаарх баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь хэргийн үйл баримтад шууд нөлөөлөх, өөрчлөх нөхцөл байдал болохгүй юм.

3. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан байна. Эдгээр аргаас өөр аргаар /хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, нууцаар г.м/ бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргээр зүйлчлэхгүй, тохирох өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр авсныг ойлгоно.

Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 13 дугаартай тогтоолоор бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээс ялгаж зүйлчлэх талаар тайлбарласнаар: "Булаах" гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна гэж тайлбарласан бөгөөд дээрх тайлбар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн тайлбартай адилтган үзнэ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл, Б.Баасандорж нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрээ” гэх газраас иргэн Д.Бямбын эзэмшлийн 2 тооны бог малыг түүний өмчлөгч, эзэмшигчид буюу Д.Бямбад мэдэгдэж илээр түүний нүдэн дээр авч, зугтаасан гэх үйл баримт тогтоогдсон байдаг.

Тодруулбал: дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж болох илээр буюу өмчлөгч, эзэмшигчийн нүдэн дээр авсан гэх шинж хангагдсан тул прокуророос хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байх ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “хялбаршуулсан журмаар” хянан хэлэлцээд гаргасан 2024/ШЗ/225 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Н.Батцэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан болсон байдлыг сэргээн дүрслэхэд шүүгдэгч Н. Батцэнгэл нь Завхан аймгаас мал оторлож ирж, хохирогч Д.Бямбын малтай малаа нийлүүлж, гэрт нь 8 хоног хамт амьдарч байгаа бөгөөд хэрэг гарсан гэх өдөр хохирогчийн нөхөр болох Ц.Пүрэвжаргалын хамт малын эрлийн ажлаар явах сумын төв рүү бензин авахаар орохдоо, Бууцагаан сумын төвд Н.Батцэнгэл, Ц.Пүрэвжаргал нар бусадтай нийлэн сумын буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Н.Батцэнгэл, Ц.Пүрэвжаргал нар үхрийн наймаа ярилцаж байгаад, хохирогчийн нөхөр Ц.Пүрэвжаргал урьдчилгаа болгож 2 ямаа ав гэснээр, хамт архи ууж байсан 3.Чогдсүрэн мал авчрах машин дуудсан байна.

 Машины жолооч Б.Баасандорж буудалд ирэхэд Н.Батцэнгэл, Ц.Пүрэвжаргал, 3.Чогдсүрэн нар байсан бөгөөд Ц.Пүрэвжаргал унтаад сэрээгүй учир / согтсон / Ц.Пүрэвжаргалыг орхиж, Н.Батцэнгэл, З.Чогдсүрэн, Б.Баасандорж нар Ц.Пүрэвжаргалын хөдөө гэрт очсон байна.

Тэд очихдоо гэрийн гадаа машинаа зогсоож, Н.Батцэнгэл машинаас бууж гэрийн хаалгыг цохисон ба хаалга онгойлгохгүй хүн дуугарахгүй байсан учир хушаантай ямаанаас 2 тооны ямаа авч машинд хийх үед жолооч Б.Баасандорж гэрийн хаалга онгойж хүн шагайж харсан үйлдлийг хараад гэрт хүн байна очиж уулзаач гэхэд Н.Батцэнгэл гэр лүү очиж “...Мөнгөнөө байнаа” гэж хэлэхэд хохирогч Д.Бямба “...чи энд юугаа хийж явж байгаа яв зайл” хэлснээр тэд явж, замдаа малыг нядлаад сумын төвд ирэхэд хохирогч Д.Бямба ирж уулзаж, улмаар цагдаагийн тасаг дээр ирсэн байдаг.

Энэ байдлаас дүгнэлт хийхэд хохирогчийн нөхөр Ц.Пүрэвжаргал “...2 тооны ямаа ав” гэж хэлээгүй бол ямаа авахаар хөдөө гэрт нь очих шаардлага байхгүй бөгөөд хэрэв мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бол хохирогчийн гэрийн гадаа нь машинаа аваачиж зогсоох, гэрийн хаалга нүдэх, гэрт хүн байгааг мэдээд очиж уулзах байдал гаргахгүй юм.

Дээрх нөхцөл байдал доорх нотлох баримтуудаар тогтоогдож байдаг Хохирогч Д.Бямбын “... нэг машин дугараад гэрийн гадаа ирсэн тэгээд гэрийн хаалга нэгээс хоёр удаа цохиж авсан....хаалгаа түгжээд чимээгүй байж байгаад хаалгаа онгойлгож харахад нэг тооны ямаа машиндаа ачиж байхаар нь хулгайчдаа боль гэхэд хүмүүс машиндаа суусан, тэгснээ машинаас нэг хүн бууж гэр лүү ирэхээр нь би айж хаалгаа түгжихэд, ...би Мөнгөнөө байна гэх утгатай зүйл хэлснээр би өмнөөс нь чи харанхуй шөнө юу хийгээд яваад байгаа юм цаашаа яв гэхэд яваад өгсөн...”гэх мэдүүлэг (хх57-59;)

Гэрч Э.Баатарбямбын ”...тэр гурав буудалд дундаа нэг шил том архи тавьсан ярилцаж байсан. Тэр гурав үхэр зарах гэж байгаа юм уу наймаа яриад байсан...” / (хх83-84);

Гэрч Ц.Пүрэвжаргалын ”...нэг согтоод сэрсэн чинь Бууцагаан сумын төвд буудалд 3.Чогдсүрэн, Батцэнгэлийн хамт байсан, дахиад согтоод унтаад өгсөн...” (хх80-81); 

Шүүгдэгч Н.Батцэнгэл “... Ц.Пүрэвдорж (Ц.Пүрэвжаргалын нэрийг андуурсан)  нь улаан монголыг чинь авъя гэхээр нь чи бид хоёрт мөнгөний хэрэг байгаа гэж хэлээд би Ц.Пүрэвдоржид миний улаан монголыг ав гэж хэлсэн...”, “...Ц.Пүрэвдорж бог авах уу гэхэд миний хажууд З.Чогдсүрэн хамт байсан ба ямаа бол авч болно гэж ярьж тохирсон, тэгээд 2 тооны ямааг Ц.Пүрэвдоржоос авахаар болсон...” гэх мэдүүлэг(хх107-108);

Шүүгдэгч З.Чогдсүрэнгийн “.... Пүрэвдорж Мөнгөөгөөс би авчихъя оронд бог өгье гэсэн “...хонь борлохгүй, ямаа авъя гэхээр нь 2 тооны ямаа авахаар тохиролцоод ямааг нь борлуулж өгөхөөр болсон...” (хх98-100);

Шүүгдэгч Б.Баасандоржийн “.... гэрийн нь гадаа очиход Батцэнгэл ах гэрийн хаалгыг нүдэхэд онгойлгоогүй..”, “... нөгөө айлын эмэгтэй гэрийн хаалгаар шагайгаад гараад ирэхээр нь би нөгөө ахад хандаж гараад ирлээ та очиж уулз гэж хэлтэл нөгөө ах машинаас бууж очсоноо эргэж ирээд “ яв, яв гэж байна зайл гэж байна.. “ гэж хэлж ирсэн гэх мэдүүлэг(хх102-104) гэжээ.

Прокурор Б.Байгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Прокурорын хяналтын шатанд  шүүгдэгч  нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо нөхөн төлье, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж өгье гэсэн үндэслэлээр хялбаршуулах хүсэлтийг Прокурорын хяналтын шатанд ирүүлсэн. Хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр Прокурорын эсэргүүцэл бичсэн. Улсын дээд шүүхийн 2008 оны 13 дугар тогтоолоор дээрэмдэх болон булаах гэмт хэргийн үндсэн шинжийг тайлбарласан байдаг. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: тус шүүхийн  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баасандорж, З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээгийн гаргасан давж заалдах гомдлуудад  тус тус заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Баасандорж, З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл нарыг  бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрээ” гэх газраас иргэн Д.Бямбын эзэмшлийн 2 тооны бог малыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн  1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан ”  урьдчилан хэлэлцүүлгийн үед  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.Учир нь:

1. Яллагдагч Н.Батцэнгэл, Б.Баасандорж, З.Чогдсүрэн нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Прокурорт хүсэлт гаргасныг  хүлээн авч, хүсэлтийг ханган хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай  2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр  19 дүгээр тогтоол гаргажээ./ хэргийн 182-187 дугаар тал/

Дээрх тогтоолыг яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээд танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-д заасан нөхцөл байдлыг хангасан байхад  анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахдаа  хэргийг эцэслэн шийдвэрлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан  “урьдчилан хэлэлцүүлгийн үед  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” заалтыг баримталж, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  6-т  шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчжээ.

2. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа нэр бүхий гэрч нараас дахин мэдүүлэг авах,  шүүгдэгч Н.Батцэнгэлийн малын А данс,  хувийн байдлыг тогтоосон болон шүүгдэгч нарын боловсрол, мэргэжилгүй талаар  баримтыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын гэмт үйлдлийн хэргийн зүйлчлэлийг  зөвтгөн ирүүлэх  зэрэг  үндэслэлүүдийг захирамжид заасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу  хэргийг прокурорт буцаах  үндэслэл болохгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл, Б.Баасандорж нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнийн 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хүрээ” гэх газарт байрлах Д.Бямбын эзэмшлийн малын хашаанаас 2 тооны бог малыг хохирогч Д.Бямбыг мэдсээр байхад нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийн үйл баримт болсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл, Б.Баасандорж нарт  холбогдох хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг  талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд  шүүгдэгч З.Чогдсүрэн, Н.Батцэнгэл, Б.Баасандорж нарын гэмт үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтад мэдээллүүдээр тогтоогдсон, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь  хэрэгт нотолгооны ач холбогдолгүй талаар  бичсэн прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээгийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Баасандорж, З.Чогдсүрэн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн хуулийн 14.1.1, 14.1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Батцэнгэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг болон Баянхонгор аймгийн  Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.3, 14.5.4-т  тус тус заасныг баримтлан  шүүгдэгч Н.Батцэнгэлд авсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох таслан сэргийлэх  арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Т.ГАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                        Ч.БАЯРЦЭНГЭЛ