| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/07412/И |
| Дугаар | 191/ШШ2025/05608 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05608
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/05608 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх, 14 дүгээр хороо, 14 хороолол, ******* өргөн чөлөө, , тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Ажлын хөлс 66,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-тай Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Увс аймгийн Зүүнговь, Тэс, Хяргас, Цагаан хайрхан, Малчин сумдуудад нийт 5 ширхэг худаг өрөмдөх ажил хийж, нэг худгийг 22,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож, нийт хөлс 110,000,000 төгрөг болсноос ажил хийгдэж байх явцад 17,000,000 төгрөг, 21,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт ,000,000 төгрөг авсан.
Манай компанийн зүгээс Улаанбаатар хотоос бараа материал, сумаас блок гэх мэт барилгын бараа материалуудыг өөрсдийн зардлаар авч очиж, харилцан тохиролцсон хугацаандаа дээрх 5 худгийг өрөмдөх ажлыг хийж дуусгасан.
Анх худаг ухаад кноп дарахад л ус гаргадаг болгоод өгчих гэж тохиролцож, дээр нь баригдах байгууламжийг нь өөрсдөө барина гэж байсан. Энэ хэрэг маргаан их удаан хугацаанд үргэлжилсэн. Миний хувьд өөрөө зээл аваад олон хүн цалинжуулаад энэ ажилд авч явсан. Хүмүүс нь надаас мөнгөө нэхээд хүнд байдалд байгаа тул хамаагүй ядаж нэг худгийг 18 сая төгрөгөөр тооцоод үлдэгдэл төлбөрөө төлөөд явчихаасай гэж хүсэж байна.
Хариуцагч нарын ярьж байгаа 5,800,000 төгрөгийн хувьд би нэг ч төгрөггүй буцах болсон тул хариуцагч нь 5,800,000 төгрөгт бензин хийж өгсөн. Энэ мөнгийг ажлын хөлснөөс хасч болно.
Хариуцагч нь өөрөө цаад Засаг даргын тамгын газраасаа энэ ажлыг хийсний хөлсөнд 400 гаран сая төгрөгийг бүгдийг нь авчихсан харагдсан. Гэтэл энэ ажлыг манай компани л хийсэн. Хариуцагч нь өөрөө нэг ширхэг хүрз ч байхгүй хүн байсан.
Бидний хувьд ажлаа ямарч доголдолгүй хийж гүйцэтгэж өгсөн. Хэрэв доголдолтой байсан бол хариуцагч тал цаад захиалагч нараасаа нэг ч төгрөг авч чадахгүй байх байсан.
Бидний очсон газар нь элстэй газар, орчны хувьд хүнд нөхцөлтэй байсан. Бид очоод 50 метр орчим цооног өрөмдөөд, трубагаа суулгаад дахиж дотор талаар нь оруулж газрын гүнээс ус гаргаж өгөх ажил хийж өгсөн. Худгийн дээр юу ч барих үүрэг хүлээгээгүй. Харин компанийн захирал Чулуун гуайг гуйгаад байхаар нь өрөмдсөн худаг дээрээ цонх хаалгагүй амбаар шиг юм барьж өгсөн бөгөөд материалыг нь хувиасаа гаргасан. Худгийн байршлын хувьд Зүүн говьд 2 худаг, Тэс суманд 3 худаг гаргаж өгсөн. Сумын төвийн 2 худгийг хариуцагчийг гуйгаад байхаар нь засаж янзалж өгсөн.
******* ******* ХХК-ийн захирал Чулуун гуай манай ажил дээр 15 хоног, гэрт 15 хоног байсан. Манай эхнэр намайг энэ хүнд өртэй юм уу, тэр юмийг хийгээд өгчих гэсэн. Надад Увс аймаг явах сонирхол байгаагүй. Айлын лагерьт худаг гаргах ажил нь 18,000,000 төгрөгөөр хийдэг тул Увс аймагт худгийг 22,000,000 төгрөгөөр хийгээд өгөх талаар хэлсэн. Увс аймгийн Тэс сумын Засаг даргатай хотод уулзаж, нэг худгийг 22,000,000 төгрөгөөр төсөвлөж явсан. Машины элэгдэл, хоргодол зэрэг маш их байсан. Манай тал маш их хохирсон. Үүнийг н.Чулуун гуай өөрөө мэдэж байгаа. Машин техник эвдэрсэн. Манайд ажиллаж байсан 2-3 хүүхэдтэй хүмүүс цалингаа авмаар байна гэдэг. Иймд бидний хийсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 66,070,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны 10 сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ******* ******* ХХК-иар 5 худгийн цооног ухуулсан байдаг. Увс аймгийн Тэс суманд 3 худаг, Зүүн говь суманд 2 худгийн цооног ухуулсан үйл баримттай бол маргахгүй.
Талууд хоорондоо гэрээ байгуулж, нэг худгийг бүх зүйлийг оролцуулаад 22,000,000 төгрөгөөр тооцож, нийт 110,000,000 төгрөгөөр хийхээр болж, гэрээ байгуулсан байдаг. Гэрээгээр худгийг хийхэд эрэл хайгуул, геофизикийн ажил, өрөмдлөг, худгийн барилга байгууламж зэрэг худгийг хийх ажлыг хийх ёстой байсан. ******* ******* ХХК нь зөвхөн өрөмдлөгийн ажлыг хийж, тухайн ажилдаа тохирсон мөнгөө авсан. Мөн 5,800,000 төгрөгийн бензин, туслах материалыг аваад явсан байдаг. Өнөөдөр 5,800,000 төгрөгийг манай талаас Сайн заяа ХХК нь нэхсээр байгаа. ******* ******* ХХК нь өрөмдлөг хийхдээ ,000,000 төгрөгийг бэлнээр авч явсан. 5,800,000 төгрөгт бензин авсан байдаг. Өрөмдлөг хийх зардал, бүх мөнгөө авсан. Худаг хийхэд эхлээд эрэл хайгуул, геофизикийн ус хаана байгаа гэдгийг тогтоож, өрөмдлөгөө хийнэ. Өрөмдлөгөө хийсний дараа тоног төхөөрөмж, ойр хавын газрын засах цементлэх зэрэг олон ажлууд байгаа.
Нийт 5 худгийн төсөв нь 49,500,000 төгрөг, хоёр нь 30,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, нөгөө 2 нь нийлээд 42,500,000 төгрөгийн буюу нийт 152,000,000 төгрөгийн ажлыг хийсэн байдаг. Худаг хийхэд зарцуулсан зардлын тооцоог манай компани гаргадаг. Худагт юу, юу орох зэрэг жагсаалт байгаа. Худагт 12,000,000 төгрөгөөр 7 цэгт усны эрэл хайгуул хийсэн. Үүний 5 цэг дээр хийсэн байдаг тул 8,571,428 төгрөг болсон. Ухаалаг худаг барих зорилготой байсан тул ухаалаг тоног төхөөрөмж суулгадаг. Манай компани 14 хоногийн 0,000 төгрөгөөр тухайн үед авч байсан. Худагт тавигдах цэвэр усны нэг сав нь 2,200,000 төгрөг буюу 5 худгийн 11,000,000 төгрөг гарсан. Мөн худаг барихад 32-ын турбо, худгийн ком, вакум хаалга, банз, цонх зэрэг нийт манай талын гаргасан зардал 71,363,428 төгрөг гарсан. Энэ нь баримтаар тогтоогдоно. Мөн ажилласан хүмүүсийн цалинг тооцсон, нийт 71,430,028 төгрөгийн зардал гарсан.
******* дрилингг ХХК-д худаг ухахад бэлнээр ,000,000 төгрөг өгсөн, 5,800,000 төгрөгийн бензинийг зээлээ авч өгч явуулсан. Үүнээс тооцоход 30,000,000 гаруй төгрөг манайд үлдэж байгаа. Үүнээс 20,000,000 төгрөгийг сумаас авч чадаагүй, Яагаад гэвэл 5 худгийн нэг нь ажилд ороогүй гээд үлдэгдэл төлбөр үлдсэн. Үүнээс харахад манай тал 10,000,000 төгрөгийг ашигтай ажилласан гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Гэрчийн мэдүүлгээс харахад гэрч н.Эрдэнэжаргал нь ...манайх худгийг 1 метр тутамд 180,000 төгрөгөөс 250,000 төгрөгөө ухдаг гэж гэрчийн мэдүүлэгтээ өгсөн байдаг. Гэрч н.Төмөрсүх нь ...ухаалаг худгийг 42 метрээс 43 метр ухсан. Тэс сумын 2 худгийн нэг нь 40 метр, нэг нь 50 метр, Зүүн говь 28 метрээс 32 метрийн хооронд ухаж, ус гарсан гэсэн байдаг. Энэ байдлаас харагдах нэхэмжлэгч тал өрөмдлөгийн зардлыг бүхэлд нь гаргуулсан байна. Иймд нэмж 66,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн *******775 дугаартай шийдвэр, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ,
хариуцагчаас, Зарлагын баримтууд, Блэйк сэнд минералс ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 024/*******2 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн Хаан банкны дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №АХ/21-40 дугаартай Автомат худгийн тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах гэрээ зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар, Увс аймгийн Зүүн говь сумын Засаг даргын тамгын газар, Тэс сумын Засаг даргын тамгын газраас албан бичиг холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний үүрэгт 66,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 66,070,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 66,000,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 66,070,200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
Зохигчдын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх тухай гэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт 3 худаг, Зүүнговь суманд 2 худаг, нийт 5 худаг гаргах, хариуцагч буюу захиалагч тал нь хэлэлцэн тохирсон ажлын хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилгоос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
3.Нэхэмжлэгчээс зөвхөн 5 худаг гаргаж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч нь өрөмдлөгийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн буюу худаг дээр баригдах барилга байгууламжийг барьж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний үгийн шууд утгаас уг гэрээгээр Увс аймгийн Тэс суманд 3 худаг, Зүүн говь суманд 2 хоёр худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэхээр байх бөгөөд харин нэхэмжлэгчийг худгийн барилга байгууламж барих үүрэг хүлээсэн гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан
Гэрээнд 1 худаг гаргах ажлыг 22 сая төгрөг гэж гараар бичсэн бичвэр байх бөгөөд энэ бичвэрийн талаар талууд хэн аль нь маргаагүй.
Иймд талууд гэрээгээр худаг гаргах ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, нэг худгийн ажлын хөлс 22,000,000 сая төгрөг байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.
4.Хариуцагчаас нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэд гүйцэтгээгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Зүүн говь сумын Засаг даргын А/51, А/88 дугаартай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичиг, ажлын хэсгийн тэмдэглэл, ажлын хэсэг байгуулах тухай захирамж, Тэс сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн албан бичиг, гүний худаг хүлээн авах ажлын хэсгийн дүгнэлт, төлбөрийн баримтууд зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн 5 тооны худаг гаргах ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон зарлагын баримтууд, Блэйк сэнд минералс ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 024/*******2 тоот манай компани нь 2021 оны 6 сард худгийн хайгуулын ажлаар Увс аймгийн Тэс, Зүүнговь сумдын нутагт 7 цэгт геофизикийн хэмжилтийн ажлыг 12 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн гэх албан бичиг, хариуцагчийн эзэшмлийн Хаан банкны дансны хуулга, автомат худгийн тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах гэрээ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хариуцагчийн бусадтай байгуулсан тоног төхөрөөмж нийлүүлэх, суурилуулах гэрээ нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн худаг гаргаж өгөх ажил, үйлчилгээтэй хамааралтай гэж үзэхээргүй байх бөгөөд зарлагын баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд нь нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг тодорхойлох нотлох баримт гэж үзэхээргүй байна.
5.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь 5 худаг гаргаж өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь ажлын хөлсөнд 110,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Зохигчид хэн аль нь ажлын хөлсөнд ,000,000 төгрөг өгсөн үйл баримттай маргаагүй бөгөөд хариуцагчаас 5,800,000 төгрөгийн энэ үнийн дүн бүхий шатахууныг ажлын хөлсөнд өгсөн гэх тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй.
Иймд хариуцагчаас үлдэгдэл ажлын хөлс 66,000,000 төгрөгөөс 5,800,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохирол буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай хобогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээ гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаа этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргийг хуулиар хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гарсан зардал болох 70,200 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас хохиролд 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 60,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,870,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 60,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,870,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488,3******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 458,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА