| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/09194/И |
| Дугаар | 191/ШШ2025/05612 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05612
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/05612 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил /17010/, Чингисийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 хороолол, Намъяанжүгийн гудамж, 53 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:5580749/-д холбогдох,
Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай
иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн төлөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ууганзаяа, Д.Ууганбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Отгондаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа
******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 16/03-03 тоот Худалдааны талбайн захиалгын гэрээ-г ******* ******* ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүргийн 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нарантуул худалдааны төвийн баруун талд баригдаж буй худалдаа үйлчилгээний төвийн 5 давхарт, дугаартай, 6.12 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв талбайг 5,000 ам доллароор тооцон худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан. Дээр дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 93 хувийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 7 хувийн төлбөрийг тухайн эд хөрөнгийг ашиглалтад орох үед төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл одоог хүртэл тухай талбай нь баригдаж ашиглалтад ороогүй байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийн дагуу уг барилгын 5 давхарт байршилтай 5A:81 дугаартай, 6.12 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл 7 хувийг манай тал хариуцагчид бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******ийг тогтоож өгнө үү.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэдийгээр гуравдагч этгээдээс өөрийгөө барилгын өмчлөгч гэж тайлбарлаж байгаа ч гэсэн талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдах үед ******* ******* ХХК нь гүйцэтгэгч буюу тус барилгын өмчлөгч байсан. Талуудын хооронд үүссэн энэ маргаанд гуравдагч этгээд оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх эрхгүй. Учир нь, ******* ******* ХХК-ийг эдийн засгийн чадваргүй гэдгийг хэн тогтоосон баримт байхгүй. Нэхэмжлэгчийн 93 хувийн хөрөнгөөр барилга босгосон байхад энэ хүн үлдсэн 7 хувийн төлбөрийг хэнд, хэрхэн яаж төлсөн нь чухал биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Гуравдагч этгээдийн хувьд эрх зөрчигдсөн зүйл байхгүй. Манай зүгээс гуравдагч этгээдтэй маргаан үүсгэсэн, бид нар захиргааны хэргийн хурал дээр түдгэлзүүлэх талаар ярьсан. Ийм байхад энэ хурал дээр ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэгт авагдсан баримтаар ХХК нь дуудлага худалдаанд ялж талуудын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Үүнтэй холбоотой одоо ямар нэг маргаан байхгүй. ******* девелопмет ХХК нь олон жил маргасан, шүүхээс зохих ёсны шийдвэрүүд гарч байсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль ёсны дагуу дуудлага худалдаа явуулж, ХХК нь 8,500,000,000 төгрөгөөр худалдан авсан.
Өнөөдрийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар ХХК-ийн гаргасан 8,500,000,000 төгрөгөөр ******* ******* ХХК-ийн 15 төлбөр төлөгчид төлөх ёстой төлбөрийг төлсөн байгаа. Хариуцагч талын хэдэн давхраас дээш манай өмчлөлийн хөрөнгө гэх тайлбар үндэслэлгүй. Энэ үл хөдлөх хөрөнгө нь салгаж үл болох нэг обьект бөгөөд үүнтэй холбоотой Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулсан.
Шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гарах ёстой. Нэхэмжлэгч *******ийн хувьд өмчлөгчөөр тогтоох боломж байхгүй.
Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг заасан байдаг. Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2021 онд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь 2024 онд 6 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байна.
******* ******* ХХК нь дампуурсан. Ямар ч төлбөрийн чадвар байхгүй, үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. ХХК нь ******* ******* ХХК-ийн үүргийг хариуцахгүй. Дуудлага худалдааны ялагч болж өмчлөгч болсон тохиолдолд түүнээс хойш үүсэх шаардах эрх байхгүй болно. Өмнөх гэрээний харилцааны зүйлийг манай компани хариуцах хуулийн зохицуулалт байхгүй. Ямар хуулийн зохицуулалтаар өмчлөгчөөр тогтоолгох гэж байна вэ, яаж хариуцагч биш этгээд өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна.
Ер нь бол 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой талууд шүүхэд үнэн баримт гаргаж өсгөн эсэхийг мэдэхгүй байна.
Гуравдагч этгээдийн зүгээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангавал улсын бүртгэлд бүртгүүлэх баримтыг хэн гаргаж өгөх вэ, өмчлөгч биш этгээд гаргаж өгөх үү. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага нь буруу байна. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн шийдвэр биелэгдэх боломжгүй. ******* ******* ХХК нь өмчлөгч биш тул өмчлөгчийн эрхийг эдлэхгүй. Өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх боломж байхгүй.
ХХК нь ******* ******* ХХК-ийн 30 иргэнд өгөх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр хэлцэл хийсэн. Гэхдээ эдгээр хүмүүс нь манайхыг дуудлага худалдаагаар авахаас өмнө шүүхийн шийдвэртэй хүмүүс байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй байна, одоо тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Свийс ХХК тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс, 2018 оны 4 сарын 30-ны өдрийн Худалдааны талбайн захиалгын гэрээ, схем зураг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 03509 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 6 сарын 24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр холбогдох газруудаас 2025 оны 4 сарын 22-ны өдрийн 6/5647 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, дуудлага худалдаа явуулах тогтоол, тэмдэглэл, Свийс ХХК-ийн улсын бүртгэлий хэлтэст гаргасан хүсэлт, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүрэг хүлээсэн хэлцлүүд, №001299876 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний төвийн 5 давхарт 5А-81 дугаартай, 6,12 мкв талбай бүхий худалдааны талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №16/03-03 дугаартай Худалдааны талбайн захиалгын гэрээ-ний үүрэгт өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэж тодорхойлсон.
******* ******* ХХК болон ******* нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Худалдааны талбайн захиалгын гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу ******* ******* ХХК нь М-Square худалдаа, үйлчилгээний төвийн 5 давхарт байрлах 5А-81 дугаартай, 6,12 кв талбай бүхий худалдааны зориулалттай талбайг хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-11 дүгээр тал/
Талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байх бөгөөд агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Гэрээний дагуу талуудын ашиг сонирхлыг хангахын тулд гэрээ хуулийн хүрээнд байгуулагдсан, хүчин төгөлдөр байх ёстой бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
3.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн худалдааны талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3., 106.4.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5674 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047209 дугаартай, 2048 мкв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх бүхэлдээ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй гэх албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №001299876 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар маргаан бүхий тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ХХК байна. /хх-ийн 40, 118 дугаар тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээд буюу ХХК-ийн өмчлөх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчидын хэн алиных нь гаргасан тайлбараар гэрээнд заасан худалдааны талбай нь баригдаагүй байх бөгөөд өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6. дахь хэсэгт зааснаар эрхийн ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд эрхийн болон биет байдлын доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх өгөх үүрэгтэй.
Иймд маргаан бүхий уг үл хөдлөх хөрөнгө нь эрхийн болон биет байдлын доголдолтой байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, захиалгын гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь худалдааны талбайг захиалагч талын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байна.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага гаргах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 76 дугаар зүйлийн 76.1.-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.
Ажил гүйцэтгэх гэрээний тухайд, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд гомдлын шаардлагыг ажлыг хүлээн авснаас хойш гаргахаар хуульд заасан байна.
Хариуцагч ******* ******* ХХК нь худалдааны талбайг хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.
6.Хариуцагчийн төлөөлөгчийн төлөөлөх эрхийн тухайд, хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар байдлаар авагдсан байх бөгөөд Open data мэдээллийн санд нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх тул энэ үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхтэй холбоотой баримтыг шүүхийн журмаар нотлох баримтаар авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, худалдаа үйлчилгээний төвийн 5 давхарт байрлах, 5А-81 дугаартай, 6.12 м,кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА