| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06343/И |
| Дугаар | 191/ШШ2025/05666 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/05666
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 191/ШШ2025/05666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил хороолол, Махатма Ганди гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигин овогт -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Түнжин овогт ******* ******* /РД:УУ68010*******9/-д холбогдох,
48,000,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян, гэрч Б.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь ажлын хэрэгцээнд Hyundai 520 экскаваторыг өдрийн 20 цагаар 15 хоногт 30,000,000 төгрөгөөр түрээслэхээр Ч.Цогтбаатартай тохиролцон 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 5011093883 тоот Хаан банкны данс руу 20 цаг 43 минутад 20,000,000 төгрөг, 20 цаг 45 минутад 20,000,000 төгрөг, 22 цаг 29 минутад 8,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг 502290*******8 тоот Хаан банкны данснаас шилжүүлсэн. Ингээд тохиролцсон ёсоороо тэд 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймагт байрлах уурхай ороход 45 км дутуу байхад 9 дүгээр сарын 11-ний өдөр *******ы оператор болон ******* бас өөрөө залгаад ...Тэнд чинь удахгүй цас орвол гол хаяалж хөлдчихвөл манайх техникээ буцааж татаж чадахгүй болно, Тиймээс одоо буцаалаа" гэсэн. Дахиад нэг сарын барьцаа болох 60,000,000 төгрөг өгвөл техникээ цааш нь явуулна, мөн Улаанбаатарт ирж чадахгүй уурхайд техникийг нь сул зогсоовол түрээсийн төлбөрөө 30 хувиар бодож авна, мөн дараа жилийн хавраас үргэлжлүүлэн ажиллуулах ёстой" гэхчлэн хатуу шаардлага тавьж эхэлсэн. Иймд бид хамтарч ажиллаж чадахгүй болсон тул техникээ буцаан татахыг зөвшөөрч, төлсөн мөнгөө буцаан авахыг удаа дараа шаардсан боловч тэрээрээ янз бүрээр худал хэлж сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж төлсөн 48,000,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч хариу тайлбараа өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж харагдахаар байна.
Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн 48,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс 2023 оны 9 сарын 06-ны өдрийн 22/02 дугаартай механизм түрээслэх гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн баримтыг өгсөн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 48,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг, талуудын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Механизм түрээслэх гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг төлсөн 48,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлж байна.
Зохигч талуудын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр механизм түрээслэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас R520LC-9vS маркын, Шар өнгийн, Hyundai 520 экскаваторыг хүлээлгэн өгөх, нөгөө талаас түрээсийн төлбөр гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдож байх дурдсан нөхцлөөр гэрээ байгуулсан талаар зохигчид хэн аль нь маргаагүй байна. /х.х-ийн 4-5 дугаар тал/
Нэхэмжлэгч талаас дурдсан гэрээг хуулбар байдлаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх хэдий ч талууд дээрх гэрээнд дурдсан нөхцлийн талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж дүгнэхээр байна.
Гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, сэдлийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
3.Нэхэмжлэгчээс машин механизм түрээслүүлэх гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн хэдий ч талууд тухайн үед цаг агаар, орон нутгийн алслагдмал байдал, замын бартаа зэрэг нөхцөл байдлуудын улмаас харилцан тохиролцож, хариуцагчаас техникээ буцаан татсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь гэрч Б.Галбаатарын ...******* нь техникээ түрээслүүлсэн, ...******* техникээ түрээслэж, очих ёстой газартаа хүрэхгүй болоод техникээ буцаагаад аваад явсан талаар сонссон гэх мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн машин механизм түрээслэх гэрээнээс татгалзаж, хариуцагчаас техникээ буцаан татсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт нийт 48,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 6-8 дугаар тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Иймд хариуцагч *******аас 48,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох үндэслэлтэй байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох хэдий ч гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэгдсэн байх бөгөөд гэрч Б.Галбаатарын Техникээ өөрөөр нь явуулна, явуулахгүй гэх маргаан үүссэн байсан. Гэтэл н.******* нь техникээ авч явсан. Техникийн түрээсийн төлбөрийн урьдчилгаанд өгсөн мөнгийг намайг ав гэсэн. Би тэр үед байгаагүй, хотод байсан. Чан Дэнг гэх компаниас ******* лүү мөнгө шилжүүлж байхыг хараагүй. Гэхдээ энэ мөнгө нь ийн мөнгө биш. Дамжуулж өг гэсэн. *******д техникийн түрээсийн урьдчилгаа төлбөрийг өгсөн байсан. Хятад компани надад өгөх байсан мөнгөө н.******* ав гэсэн тул би авсан гэж мэдүүлсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хариуцагч тал хариу тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талыг оролцуулах, түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан бөгөөд хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
6.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлага хангаж, хариуцагчаас 48,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 397,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА