| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0059/Э |
| Дугаар | 000071 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 000071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч Б.А
Шүүгдэгч М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох эрүүгийн 1825000000038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Их хаадын цуваа ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Мгийн С
Шүүгдэгч М.С- нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 26 дугаар гудамжинд Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч М.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: А миний цээж хэсэг рүү гараараа цохисон би яаж байгаа юм бэ? гээд Аын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. А хойшоо болоход хамраас нь цус гарч байх шиг байсан гэв.
-Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эм тариа, куртик ханзарсан 200.000 төгрөг нэхэмжилнэ. Өөр гомдол саналгүй гэв.
-Гэрч П.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр найз Атай уулзахаар Аын дүү Амартайваны гэрт очихоор нарийн гудамжаар ороод явж байтал урдаас зүс таних С-, Жагаа, Сүхээ нар тааралдаад мэндлээд өнгөрсөн. Миний ард А явж байгаад алга болчихсон. Аын араас яваад очтол нүүрэн хэсгээс нь цус гарчихсан С- намайг зодчихлоо гээд орилоод байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод хөмсөгөндөө 2 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг /хх 7 ху/
Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Жагаа, Оёгоо, Сүхээ, Ганбаатар нарын хамт Эрдэнэ багийн 26 дугаар гудамжинд зогсоод юм ярьж байхад нарийн гудамжнаас А ирээд бид нартай мэндэлсэн. Тухайн үед С- архи уучихсан байсан ба Атай юм ярьж байгаад шууд барьж аваад газар унагаад дээрээс нь гараараа цохисон. Би тэр хоёрыг салгахад Аын хөмсөг хэсгээс цус гарч байсан гэсэн мэдүүлэг /хх12 ху/
Гэрч Д.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн үед анзаараагүй. Энхжаргалын хашааны булан тойроход С А-ыг цохиод авчихсан байсан. Аын хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Юу болсон талаар асуухад С намайг цохичихлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 14 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн... Б.Аын биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх, дух 2 гарын сарвуунд 4 тооны зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн бусад гэмтэл нь олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 16 ху/,
-М.С-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24 ху/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.С нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 26 дугаар гудамжинд Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг хохирогч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эм тариа болон куртик урсаны 200.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, гэрч П.Наранбаатарын мэдүүлэг /хх 7 ху/, Г.Ууганбаярын мэдүүлэг /хх 12 ху/, Д.Оюунбаатарын мэдүүлэг /хх 14 ху/ хохирогч Б.Аын биед духанд 1 тооны зүсэгдсэн шарх, дух 2 гарын сарвуунд 4 тооны зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт үүссэнийг тогтоосон 82 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ эм тариа, куртик ханзарсан 200.000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-нд 166.666 төгрөг, 04 дүгээр сарын 01-нд 166.667 төгрөг, 05 дугаар сарын 01-нд 166.667 төгрөг тус тус төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ