| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2316001010004 |
| Дугаар | 2024/ДШМ/11 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/11
З.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Шүүгдэгч З.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор З.Х-т холбогдох эрүүгийн 2316001010004 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
М овгийн З-ын Х нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ................ сум .............. баг ... - ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, .................. регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х-ын гэрээс гарч Д.Э газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч М овгийн З-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ыг 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Х-т мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
З.Н миний бие нь ам бүл- ... , бага насны ... хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй болно. 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүний амь нас хохирсон үйлдлээр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаар шалгагдаж буй 2316............. дугаартай хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н би Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Э-ын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.
Миний бие цагдаагийн байгууллагад талийгаач нас барсан хэрэгт гомдол гаргаж шалгуулж байсан. Гэтэл прокурор тухайн нас барсан гомдолтой хэргийг шалгаж тогтоон, хүсэлтийг хангалаа, дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахыг хүлээн зөвшөөрлөө гэсэн байгаа. Тэгсэн ажиллагаа хийгээгүйгээр хэргийг шүүх рүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шилжүүлэн шүүхийн шийдвэр гаргасан, хүний амь нас хохирсон үйлдлийг тусгаарлаагүй байгаа нь үндэслэлгүй байна.
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 31, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 826 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байгаа тул олон шинжээчийн буюу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байсан.
Шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй, гадны нөлөөтэй гарсан. Энэ нь гэрчийн мэдүүлэг, бодит нөхцөл байдалтай нийцдэггүй.
(Зурагт баримтжуулснаар гаднаас харахад л хөхрөлт, зулгаралт, хүрэнтэх зэргээр гэмтлүүд тодорхой байхад тухайн гэмтлүүд нь нас барахад нөлөөлөхгүй мэтээр илт үгүйсгэсэн мөн талийгаач нь архины хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ гэсэн ямар ч үндэслэлгүй ерөнхий онош тавьж, уг хэрэгт холбогдогч нарыг илт хамгаалсан, эд эсийн шинжилгээгээр эд эрхтэнд хордлогын өөрчлөлт гүн илэрсэн гэх боловч нойр булчирхайнаас бусад дотор эрхтэнд гарсан эмгэг өөрчлөлт үгүй харин залгиур, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой зэрэгт зүслэг хийхэд дотор талдаа хэвийн боловч гадна талдаа цус хуралттай, өвчүүний бүдэрхий хэсэгт цус хуралттай, зүрхний ховдолд нөжирсөн цус хуралттай, уушгины өнгө хүрэнтсэн, зүсэлт зураг №29 үхэжсэн мэт, шөнө 2 цаг өнгөрч байхад зодуулсны улмаас ухаан алдаад ухаан орсноос хойш 6 цаг хүртэл ямар ч тохиолдолд эмнэлгийн тусламж авах, хордлого тайлах эмчилгээ хийх бүрэн боломжтой байсан зэрэг)
Талийгаачийн тухайн үед өмсөж явсан хувцасыг прокурор, шүүх шинжилгээний алба хурааж авсан бөгөөд тэр хувцсанд бүрэлдэхүүнтэй үзлэг хийлгэж дүгнэлтэд оруулах.
Хяналтын прокурор Б.Т нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 77 дугаар тогтоолоороо тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримтыг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэргийг хааж шийдвэрлэж байсан талаар гомдол гаргаж байсан. Харин 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 94 тоот мэдэгдэх хуудсаар тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гэж гомдол шийдвэрлэсэн талаар хариу ирсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхээр шийдвэрлүүлсэнд гомдолтой байна.
Талийгаач Д.Э зодсон үйлдэл нь түүний амь хохирсон асуудалтай шалтгаант холбоотой, олон шинжээчийн буюу 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах хүсэлтэй байхад хэргийг хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргээр зүйлчлэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Талийгаач шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй гэх боловч ямар ямар эрхтэнүүд дутагдалд орж ямар өөрчлөлт илэрсэн нь тодорхойгүй. Гэрчүүдийн мэдүүлэг, прокурорын хяналтаар: З.Х нь хэд хэдэн удаа талийгаачийн цээжин дээр дэвсэж, өшиглөх, гараар цохих, би Х-г гүйцээчихье гэж заналхийлэх зэрэг нь санаатайгаар амь насанд халдах үйлдэл гаргасан. Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач зодуулахаас өмнө ухаан санаа, хэл яриа, хөдөлгөөн хэвийн байсан ба зодуулснаас хойш босож ирж ч чадаагүй, насанд хүрээгүй гэрч Н.С-ын мэдүүлгээр Т хөлийг нь өргөөд, цээжнээс нь Д гэх хүн өргөөд гэрт оруулсан...” байх бөгөөд зодуулснаас гэмтэл бэртэл авч, багтарч үхэлд хүрэх шалтгаан үүссэн. Талийгаач зодооны үеэр ухаан алдаад ухаан орсны дараа бие хөдөлж болохгүй, гар даагдахгүй байна гэж мэдээлж байхад тэнд байсан бүх хүмүүс (тэр дундаа тухайн айлын хүмүүс) ямар нэгэн байдлаар регистр мэдэхгүй гэдгээр шалтаглах бус иргэнийхээ үүрэг хариуцлагын хүрээнд эмнэлэг, хууль хяналтын байгууллагад хандах бүрэн боломжтой байсан.
Хэрэг явдлын талаар хүний амь эрсдэх хүртэл хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө бүлэглэн нуун дарагдуулсан. Гагнуурчин А талийгаачийн ар гэр орон, ах дүү нарыг нь бүгдийг мэдсээр байж тэдэнд мэдээлэл өгөөгүй ба талийгаачтай маргалдсан гэх боловч зодоон болж байх үед хаана байсан нь тодорхойгүй, 5 дугаар сарын 20-нд эрүүлжүүлэгдсэн боловч 9 дүгээр сарын 21 хүртэл мэдүүлэг өгөөгүй (хүү нь цагдаад ажилтай) нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас хэргийн ул мөрийг үгсэн бүдгэрүүлсэн байх магадлалтай.
Хэргийн газрын үзлэг хийхэд прокурор болон ар гэр орон, ах дүү нарт нь мэдэгдээгүй талийгаачийн цогцсыг шууд ноорогт хүргэсэн. Ах, эгч нар нь өөрсдөө хайж эрэн цагдаагийн байгууллага дээр 10 цаг өнгөрч байхад очиж үнэн мөнийг мэдэх хүртэл ар гэр орон, ах дүү нарт нь мэдэгдээгүй хэн ч мэдээгүй байсан. Караокены цаг дуусаад тарах гэж байхад айл хэсэхийг санаачилж хүмүүсийн хооронд худал хэлж архидалтыг дэмжсэн Х-ын буруутай үйл ажиллагаанаас уг хэрэг явдал бий болсныг тогтоох. Талийгаач нь гар даагдахгүй өвдөөд байна гэж ухаан алдсан бөгөөд хашааны гадна талаас Т, Д, С нар өргөж гэрт оруулж унтуулсан гэх боловч тусламж үзүүлэх арга хэмжээ аваагүй.
Хэрэгт холбогдогч болон гэрчүүдийг байлцуулан, нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах ажиллагаа хийлгэх хүсэлтэй байсан. Прокурор Б.Т нь талийгаачийн хууль ёсны төлөөлөгчийг ар гэрийн хүнээр нь тогтоож байж Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, зан үйлийн холбогдолтой нөхөн төлбөрийн асуудпыг шийднэ гэж тайлбарлаж байж өөрчилсөн боловч сэтгэл санааны хүнд дарамтад байгаа эмэгтэй хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр хүсэлт гаргуулсныхаа дараа хэрэг шийдвэрлэх үед ямар ч хохирол төлүүлэх боломжгүй дүгнэлт гаргаж байгаад нь гомдолтой байна.
Уг хэрэг явдлын улмаас талийгаачийн эхнэр, хүүхэд, ах, дүү нар, найз нөхөд төрөл төрөгсөд нь сэтгэл санаа, зан үйл, эд материалын асар их хохирол амсаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт прокурор талийгаач нас барсан хэргийг сэргээж дахин шалгана гэсэн хариу өгч байсан. Гэтэл нас барсан шалтгааныг шалгаж тогтоохгүйгээр энэ хэргийг зөвхөн З.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэнд гомдолтой байна.
Талийгаач Д.Э-ы нас барсан үйл баримт нь шүүгдэгч З.Х-ын зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шинжээчийн дүгнэлт гадны нөлөөтэй гарсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд хэргийг шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэх байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хөнгөн гэмт хэргээр зүйлчилж байгаа хяналтын прокурорын удаа дараагийн үйлдэлд нь гомдолтой байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, үнэн зөвөөр шийдвэрлүүлэх талаар анхаарч өгнө үү гэжээ.
Талууд, оролцогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байр суурь.
Прокурор Б.Т: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч З.Х: Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н болон түүний өмгөөлөгч Ж.Д нар: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах байр суурийг илэрхийлжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Т.А-ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 22 дугаар дүгнэлтэд: “Талийгаач нь архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас барсан.” гэж, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 31 дүгээр дүгнэлтэд: ”Эд эсийн шинжилгээгээр бүх эд эрхтэн хордлогын улмаас дутагдалд орсон нь харагдаж байна” гэж дүгнэсэн.
4. Гэвч шинжээчийн энэ дүгнэлтүүд хэт ерөнхий, үндэслэл нь тодорхойгүй, шүүх эмнэлгийн цогцост шинжилгээ хийж, онош, дүгнэлт гаргах ажиллагаа нь тухайн асуудлыг зохицуулсан стандартын дагуу хийгдсэн эсэх, амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоож, онош тавихдаа өвчин гэмтэл ба үхлийн шалтгааны олон улсын ангилалыг баримталсан эсэх нь эргэлзээтэй байна.
5. Гэтэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 826 дугаар дүгнэлтэд: “Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
6. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан бүх эд эрхтэн гэдэгт ямар эд эрхтнүүд орж байгаа, шинжээч өөрийн эзэмшсэн нарийн мэргэжлийн хүрээнд шинжлэх ухааны тодорхой ямар арга зүй, шинжилгээний үр дүнд тулгуурлан хордлогын улмаас ямар эд эрхтнүүд дутагдалд орсон гэж дүгнэснээ, ямар эд эрхтний ямар эмгэг өөрчлөлт нь хордлого болохыг нотлож байгаа талаарх үндэслэлээ, хохирогчийг нас барахад хүргэсэн олон эрхтний дутагдалд нөлөөлсөн нөхцөл байдал байгаа эсэх талаар тайлбарлаагүй байна.
7. Мөн мөрдөгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаар тогтоолд амь хохирогч нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан тохиолдолд архины цочмог хордлогод орж нас барсан байх боломжтой эсэх, ямар хэмжээний архи хэрэглэсэн хүн архины цочмог хордлогод орох боломжтой болохыг шинжээчээс тодруулжээ.
8. Түүнчлэн прокурорын дахин шинжилгээ хийлгэх тухай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолд цусанд илэрсэн 1.4 промилл этилийн спиртийн агууламж нь үхэлд богино хугацаанд шууд хүргэх боломжтой эсэх, талийгаачийг тонгорч унаган цээж хэсэгт нь 2 удаа дэвссэн тохиолдолд ухаан алдаж унах, зүрхэнд ачаалал өгч үхэлд хүргэх амь насанд нь аюултай гэмтэл авсан байх боломжтой эсэхийг асуусан байна.
9. Шинжээч нар эдгээр асуултуудад хариулаагүй байх бөгөөд хариулаагүй шалтгаанаа тайлбарлаагүй байна.
10. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг тодруулах, үнэлэлт өгөх нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох байхад эдгээр байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
11. Энэ хэргийн тухайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход шинжээчийн дүгнэлт чухал ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг эргэлзээгүй тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
12. Тиймээс энэ талаар бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон тогтоох нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э