2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/06228

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин байрлах, ******* и ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох 

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 424,180,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Б.Гантөмөр, гэрч Б.*******, Л.*******, Г.*******, Ш. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ******* ХХК-тай 2020.09.17-ны өдрийн №82 тоот, 2021.01.29-ний өдрийн №2021/002 тоот, 2021.06.02-ны өдрийн №82 тоот, 2021.09.24-ний өдрийн №056 тоот, 2021.05.15-ны өдрийн №028 тоот, 2021.09.16-ны өдрийн №053 тоот гэрээнүүд байгуулж, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар зайсан гудамж, хотхон 10 дугаар байранд ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Үүнд,

2020.09.17-ны өдрийн №82 тоот гэрээгээр амины орон сууц хотхоны 7, 9, 20 дугаар барилгын 3 айл, 26 дугаар барилгын 5 айл, 27 дугаар барилгын 1 айл, нийт 9 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, шалны хүрээ, шатны иж бүрдэл, босоо хананы ажлыг 2020.09.21-2020.12.21-ний өдрийн дотор гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 531,035,092 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 296,184,593 төгрөг төлсөн. Уг ажлын хөлсөнд Audi Q5 маркийн тээврийн хэрэгслийг оролцуулсан өгсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонхны рам, тавцан, билинтус, шат, явган хана, зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт гүйцэтгэсэн ажил нь 154,000,000 төгрөг болсон. Нийт төлсөн төлбөрөөс 141,861,293 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.

2021.01.29-ний өдрийн №2021/002 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэл буюу гипсэн хана, таазыг 2021.01.30-2021.04.30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 107,400,401 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 37,590,144 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонх, явган хана, шат зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт гүйцэтгэсэн ажил нь 14,453,040 төгрөг болсон. Нийт төлсөн төлбөрөөс 23,137,100 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.

2021.05.15-ны өдрийн №028 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны 16 дугаар барилгын 4 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, модон шатны ажлыг иж бүрэн 2021.05.15-2021.07.30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 188,559,202 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 88,000,000 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь ямар ч ажил гүйцэтгээгүй. Уг ажлын хөлсний 88,000,000 төгрөгт ******* улсын дугаартай Mercedes benz E-350 маркийн тээврийн хэрэгсэл болон ******* улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслийг тус тус шилжүүлсэн.

2021.06.02-ны өдрийн №82 тоот гэрээгээр амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын хана, таазны обой, эмульс, шал шахах, наах, таазны хөөсөн хүрээ хийх будах, хана шалны чулуу болон плита наах ажлыг 2021.05.26-2021.06.23-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 62,840,461 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 53,852,138 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь ханын обой, эмульс, таазны эмульс, шалны пракет, плита, зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт гүйцэтгэсэн ажил нь 39,894,196 төгрөг болсон. Нийт төлсөн төлбөрөөс 14,267,942 төгрөгийн ажил гүйцэтгээгүй.

2021.09.16-ны өдрийн №053 тоот гэрээгээр амины орон сууцны 9 дүгээр барилгын хана таазны замаск, хананы обой эмульс, таазны эмульс, шал шахах наах, плита наах, таазны хөөсөн хүрээ хийх ажлыг 2021.09.16-ны өдрөөс шуурхай хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 78,302,611 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 24,945,920 төгрөг төлсөн. Гүйцэтгэгч нийт 43,079,200 төгрөгийн ажил гүйцэтгэж, төлсөн ажлын хөлснөөс 18,133,280 төгрөгийн ажлыг илүү гүйцэтгэсэн.

2021.09.24-ний өдрийн №056 тоот гэрээгээр амины орон сууцны 18 дугаар барилгын цонхны хацар рам, тавцан, цонхны дуб тавцан, плинтус, явган хана, шатны модон бэлдэц хийх ажлыг 2021.09.22-2021.12.01-ний гүйцэтгүүлэхээр тохирсон. Манай компаниас уг гэрээний ажлын хөлсөнд 103,230,230 төгрөг төлөхөөр тохирсон. Ажлын хөлсөнд манай компани 102,095,704 төгрөг төлсөн. Үүнээс гүйцэтгэгч нь цонхны хацар арам, тавцан, плинтус, явган хана, шатны мод зэргийг хийгээгүй дутуу үлдээсэн. Нийт гүйцэтгэсэн ажил нь 68,131,800 төгрөг болсон. Нийт төлсөн төлбөрөөс 33,963,904 төгрөгийн ажил гүйцэтгээгүй. Гүйцэтгэгч ******* ХХК нь дээрх гэрээнүүдээр тохирсон ажлыг хугацаандаа бүрэн хийж гүйцэтгээгүй. Нийт ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 602,668,495 төгрөгийн хөлс төлсөнөөс 319,881,535 төгрөгийн ажил гүйцэтгэж, 282,786,959 төгрөгийн ажлыг огт гүйцэтгээгүй. Иймд огт гүйцэтгээгүй ажлын хөлсөнд авсан 282,786,959 төгрөгийг алданги 141,393,480 төгрөгийн хамт, нийт 424,180,440 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн талаараа бичсэн атлаа одоо шүүх хуралдаанд ажил гүйцэтгэх гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Л.******* нь ******* ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй гэх ойлголтыг манай компанид өгч, ажлын талаар мэдээлэл өгч гэрээ байгуулсан. Иймд хариуцагчаас гаргаж буй талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэл өөрчлөгдөж байх боловч одоо шүүх хуралдаанд тайлбараа гаргаад явах боломжтой гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компанийн үйлдлээс болоод гэрээт ажил удаарширсан. Нэхэмжлэгч компанийн ажлаа төлөвлөөгүйгээс болоод бидний хийсэн ажлыг өөрсдөө дур мэдэн хуулж авсанаас болоод дахин шинээр хийж гүйцэтгэх, гэрээт ажлыг хөлсийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр олгодоггүй байсан. Мөн ковидын нөхцөл байдал, тээвэр ложистикийн нөхцөл байдлаас болоод материалын үнэ өссөн. Бидний ажлын хөлсөнд материалын үнэ багтсан байсан. Дээрх нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь тохиролцож байсан. Биднийг ажлаа хийхээр очиход дотогш оруулдаггүй, мөн манай ажилчдыг урвуулж өөрийн байгууллагадаа авч ажиллуулах зэрэг бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.******* бүртгэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг уг компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд болох Л.*******, Б.******* нар байгуулсан байна. Гүйцэтгэх захирал Э.*******аас ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан ажил гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр бус гэрээ байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гүйцэтгээгүй ажлын дүн, ажлын хэмжээнд маргахгүй. Мөн ажлын хөлсөнд нийт 602,668,495 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээнүүд, мэдэгдлүүд, гэрээт ажлын гүйцэтгэлийн явц, комиссын акт, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, ажлын тооцоо, ГТТСХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, иргэний хэрэг үүсгэх захирамж,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэнийн зураг, Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, техникийн нөхцөл, дулааны шугамын зааг, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн албан бичиг, шинжээчийн дүгнэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* и ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 424,180,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нийт 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, амины орон сууцны засварын ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Нийт 602,668,495 төгрөгийн хөлс төлсөнөөс 319,881,535 төгрөгийн ажил гүйцэтгэж, 282,786,959 төгрөгийн ажлыг огт гүйцэтгээгүй. Иймд огт гүйцэтгээгүй ажлын хөлсөнд авсан 282,786,959 төгрөгийг алданги 141,393,480 төгрөгийн хамт, нийт 424,180,440 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...ажил гүйцэтгэх гэрээг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн мөнгө шаардах эрхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд ,, хотхонд байрлах амины орон сууцны заслын ажил болох:

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр №82 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь амины орон сууц хотхоны 7, 9, 20 дугаар барилгын 3 айл, 26 дугаар барилгын 5 айл, 27 дугаар барилгын 1 айл, нийт 9 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, шалны хүрээ, шатны иж бүрдэл, босоо хананы ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор гүйцэтгэх, ******* и ХХК нь ажлын хөлсөнд 531,035,092 төгрөг төлөх үүргийг,

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №2021/002 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэл буюу гипсэн хана, таазыг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэх, ******* и ХХК нь ажлын хөлсөнд 107,400,401 төгрөг төлөх үүргийг,

2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №028 тоот амины орон сууцны хотхоны барилгын модон хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь амины орон сууцны хотхоны 16 дугаар барилгын 4 айлын цонхны амалгаа, гарнез, цонхны тавцан, модон шатны ажлыг иж бүрэн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэх, ******* и ХХК нь ажлын хөлсөнд 188,559,202 төгрөг төлөх үүргийг,

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №82 тоот амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь амины орон сууцны хотхоны 20 дугаар барилгын хана, таазны обой, эмульс, шал шахах, наах, таазны хөөсөн хүрээ хийх будах, хана шалны чулуу болон плита наах ажлыг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор гүйцэтгэх, ******* и ХХК нь ажлын хөлсөнд 62,840,461 төгрөг төлөх үүргийг,

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №053 тоот амины орон сууцны хотхоны 9 дүгээр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь амины орон сууцны 9 дүгээр барилгын хана таазны замаск, хананы обой эмульс, таазны эмульс, шал шахах наах, плита наах, таазны хөөсөн хүрээ хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс шуурхай хийж гүйцэтгэх, ******* и ХХК нь ажлын хөлсөнд 78,302,611 төгрөг төлөх үүргийг,

2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №056 тоот амины орон сууцны хотхоны 18 дугаар барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гэрээгээр ******* ХХК нь амины орон сууцны 18 дугаар барилгын цонхны хацар рам, тавцан, цонхны дуб тавцан, плинтус, явган хана, шатны модон бэлдэц хийх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэх, ******* и ХХК ньажлын хөлсөнд 103,230,230 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хэн аль нь захиалагч ******* и ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр №82 тоот гэрээний ажлын хөлсөнд 531,035,092 төгрөг төлөхөөс 296,184,593 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №2021/002 тоот гэрээний ажлын хөлсөнд 107,400,401 төгрөг төлөхөөс 37,590,144 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №028 тоот гэрээний ажлын хөлсөнд 188,559,202 төгрөг төлөхөөс 88,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр №82 тоот гэрээний ажлын хөлсөнд 62,840,461 төгрөг төлөхөөс 53,852,138 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №053 тоот гэрээний ажлын хөлсөнд 78,302,611 төгрөг төлөхөөс 24,945,920 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №056 тоот гэрээний ажлын хөлсөнд 103,230,230 төгрөг төлөхөөс 102,095,704 төгрөг тус тус төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Мөн гүйцэтгэгч гэрээгээр ******* ХХК нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргийг тохирсон хугацаанд, бүрэн хийж гүйцэтгэж дуусгаагүй үйл баримтад талууд маргаагүй. Харин захиалагчаас шалтгаалсан буруутай үйлдлийн улмаас ажлыг хугацаандаа, бүрэн гүйцэтгээгүй гэж маргасан.

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.******* бүртгэлтэй болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийг ******* ХХК-ийн төлөөлж Л.*******, Б.******* нар байгуулжээ

Хариуцагч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон үүрэг, гүйцэтгээгүй үүргийн зөрчилд захиалагчаас шалтгаалсан буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргаж ирсэн ба шүүх хуралдаанд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.*******, Г.******* нараас ...бид барилгын заслын ажлын чиглэлээр ХХК-ийг ажиллуулдаг. ******* и ХХК-ийн амины орон сууцны заслын ажлыг гүйцэтгэхээр тохиролцох үед манай компани татварын асуудалтай байсан тул гэрээ байгуулах боломжгүй байсан. Энэ талаар ******* и ХХК-ийн удирдлагуудад мэдэгдэж, бидний хүү Э.*******ын компани болох ******* ХХК-ийн нэрээр гэрээ байгуулах болсон. Манай хүүгийн компанийн тамга болон санхүүгийн баримт үйлдэх болон компанийн данснаас мөнгө авах эрх нь бидэнд байдаг. Манай хүү Э.******* биднийг түүний компанийн нэрээр ******* и ХХК-тай гэрээ байгуулсан талаар огт мэдэхгүй гэж,

Гэрч Б.*******гаас ...би ХХК-д менежерээр ажилладаг. Захирал Л.*******ын хэлсэний дагуу ******* и ХХК-тай гэрээ байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан гэж тус тус мэдүүлсэн.

Гэрч нарын уг мэдүүлгээс дүгнэвэл ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* нь өөрийн компанийн нэрээр гэрээ байгуулах, тамга ашиглуулах нөхцөлийг бүрдүүлж, компанийнхаа дансаар орж ирсэн орлогыг авах эрхийг өөрийн эцэг Л.*******, эх Г.******* нарт олгосон байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ******* и ХХК-иас ажлын хөлс нийт 602,668,495 төгрөгийг ******* ХХК-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь мөнгөн гүйлгээний баримтуудаар тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгөд Audi Q5 маркийн тээврийн хэрэгсэл, ******* улсын дугаартай Mercedes benz E-350 маркийн тээврийн хэрэгсэл болон ******* улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслүүдийг оролцуулан нийт 602,668,495 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг гэрч Л.*******, Г.******* нар мэдүүлсэн.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.******* нь өөрийн компанийг төлөөлөн Л.*******, Б.******* нарыг гэрээ байгуулах эрхтэй гэх ойлголтыг ******* и ХХК-д төрүүлэх замаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тодорхой ажлыг гүйцэтгэн өгч, мөн ажлын хөлс авсан атлаа хожим компанийг төлөөлөх эрхгүй этгээд нар гэрээ байгуулсан гэж маргасан нь үндэслэлгүй.

Зохигчдын хооронд байгуулсан ажил гэрээнүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.1 Гүйцэтгэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэх ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй үйл баримтад маргаагүй. Харин захиалагч ******* и ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн өгч байгаагүй, гэрээний үнэд ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал авах мөнгө болон ажлын хөлс хамт багтсан байсан. Ажлын хөлсөө бүрэн өгдөггүй байснаас үүдэн ажлыг бүрэн дуусгах боломжгүй байсан гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээчээр ******* ХХК-ийг томилж, гүйцэтгэгч ******* ХХК-ийн гэрээгээр хүлээсэн гүйцэтгэвэл зохих ажлаас дутуу гүйцэтгэсэн ажил байгаа эсэх, нийт гүйцэтгэсэн ажлын хөлс хэдэн төгрөг эсэх, дутуу гүйцэтгэсэн ажил хэдэн төгрөг эсэхийг гэрээ тус бүрээр тогтоолгохоор дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шинжээчээс ...гүйцэтгэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 82 тоот гэрээний үүрэгт 9 дүгээр байрны модны, заслын ажил 33,001,808 төгрөг, 20 дугаар байрны модны шатны ажил чулууны модон хүрээ хийсэн 128,432,767 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/002 тоот гэрээний үүрэгт 10 дугаар байрны модны ажил хийсэн 38,259,552 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот гэрээний үүрэгт огт ажил гүйцэтгээгүй, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 тоот гэрээний үүрэгт 20 дугаар байрны заслын 37,074,005 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 83 тоот гэрээний үүрэгт заслын ажил 35,417,594 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 56 тоот гэрээний үүрэгт модны шатны ажил 67,291,000 төгрөг, нийт 339,477,189 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж дүгнэлт гаргасан.

Талууд дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, маргаагүй. Хариуцагч ******* ХХК нь шинжээчийн дүгнэлтэд тусгасан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажлын хөлсний үнийн дүнд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч ******* ХХК нь нийт 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт 602,668,495 төгрөгийг хүлээн авсанаас шинжээчийн дүгнэлтээр 339,477,189 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж заасан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын хөлсний илүү төлсөн зөрүү төлбөр 282,786,960 төгрөг шаардсаныг үгүйсгээгүй.

Иймд талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг талу бүрээс нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* и ХХК нь ажлын хөлсөнд илүү төлсөн 282,786,960 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

4.2 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 6 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ бүрийн 8.3-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж заажээ.

Талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлсөнд гүйцэтгэвэл зохих ажилд шаардлагатай бараа, материалын үнэ ажлын хөлсний хамт багтсан болохыг тайлбарласан. Дээр дүгнэснээр захиалагч ******* и ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг гэрээ тус бүрт бүрэн төлөөгүй болох нь тогтоогдсон. Хариуцагчаас ...ажлын хөлсийг бүрэн өгдөггүй байснаас үүдэн ажилд шаардлагатай бараа, материал авч ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан тул дараагийн гэрээний ажил руу ордог байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбарлаж, баримтаар няцаагаагүй.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн төлсөнөөс ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал авах нөхцөлийг бүрдүүлэх байсан байх ба уг үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул анз шаардах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан алдангид 141,393,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,278,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,571,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Шинжээч ******* ХХК-д ажлын хөлс 39,600,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул талууд тэнцүү хувааж төлөх үүрэгтэй. Иймд талуудаас тус бүр 19,800,000 төгрөг гаргуулж шинжээч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 282,786,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* и ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 141,393,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,278,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,571,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* и ХХК-иас 19,800,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 19,800,000 төгрөг тус тус гаргуулж шинжээч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ