Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 000037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Б.О, Д.Н, Ж.О, О.Г

Хохирогч Э.Тын хууль ёсны төлөөлөгч А.Э

Хохирогчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч М.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-т холбогдох эрүүгийн 1738000000011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт М-ын Х /

 

Шүүгдэгч М.Х- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны төвд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 89-72 УНҮ улсын дугаартай Тоёота бирвес маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 98-87 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж уг авто машинд зорчиж явсан О.Ундрах, Ж.Энхцэцэг нарын амь нас хохирсон, хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Тын эрүүл мэндэд хүнд хохирол, О.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Тэмүүлэнгийн биед хүндэвтэр, Г.Тэмүүжингийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед сумын баяр наадам үзэхээр баярын талбай руу очсон. Тэнд очоод баяр үзэж байгаад талбай дээр болсон гар бөмбөгийн тэмцээнд оролцоод манай баг тоглоод хожоод гарч ирээд талбайн захад сууж байтал 17 цагийн үед манай танилын хүүхэд болох Заяа тосгоны төв рүү яваад өгөөч, очиж цүнхээ аваад ирье гэхээр нь за гээд өөрийнхөө 89-72 УНҮ улсын дугаартай тоёота бирвес маркийн машинаа унаад явсан. Заяа цүнхээ аваад эргээд баярын талбай руу явсан. Буцаад засмал дээр явж байтал миний өөдөөс цагаан өнгийн кровн маркийн машин зүүн гар тийшээ эргэх гээд миний урд талд тулаад зогсчихсон. Тэгэхээр нь би тоормос гишгээд замын голд зогсож байсан тэр машиныг өөөрийн явж байгаа чиглэлдээ баруун гар талаар нь тойроод гартал миний өөдөөс цагаан өнгийн машин их хурдтай гараад ирсний улмаас осол болсон. Хохирол төлбөрийг боломжоороо л төлсөн. Машин шарваж хөндөлсөж энэ прусс-20 машинтай мөргөлдсөн нь үнэн гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Энэ осол болсон талаар дүү надад хэлсэн. Энэ мэдээг сонсоод би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим шууд Хөвсгөл аймаг руу явсан. Мөрөн сумын эмнэлэг дээр очсон чинь хүү Ж.О, зээ охин Т нар сэхээн амьдруулах тасагт, төрсөн охин Энхцэцэг эмэгтэйчүүдийн сэхээн амьдруулах тасагт, зээ охин Тэмүүлэн, зээ хүү Тэмүүжин, садан төрлийн хүн болох Н гурав мэс засалын тасагт тус тус хэвтсэн байсан. Миний охин О.Ундрах, Ж.Энхцэцэг нар энэ ослын улмаас нас барсан. 4 сайхан ач, зээ нар минь өнчирч, хохирч үлдлээ. Охин Энхцэцэг маань 7 сартай жирэмсэн байсан юм. М.Х-ыг согтуу явсан, эсвэл маш их хурдтай явсан гэж боддог. Тухайн үед энэ жолооч ямар байсан талаар мэдэх боломжгүй байсан. Бүгд л сандралдаад эмнэлэг явсан. Шүүгдэгчийн ар гэр болон шүүгдэгч ер нь ирж уулзаагүй, уучлалт ч гуйгаагүй. Хүү О ч хэвлий хөндийдөө маш хүнд гэмтэл авсан. Аарцаг яс, түнхний яс нь хугарсан, өрц нь чихэгдсэн, зүүн хөлний дунд чөмөг хугарсан юм. Шүүгдэгч бидэнд 3.000.000 төгрөг шилжүүлсэн ч охин О.Ундрахынхаа оршуулганд зарцуулсан. Одоо охин Энхцэцэгийнхээ оршуулгын зардал 2.176.210 төгрөг, өмгөөлөлийн хөлс, зээ охин Тэмүүжинг хот авч явж эмчлүүлсэн зардал, хоёр охины амь нас, сэтгэл санааны хохиролд нийт 60.000.000 төгрөг, бүгд 62.910.310 төгрөг нэхэмжилнэ. Талийгаач Ундрах, Энхцэцэг, хохирогч О нар миний төрсөн хүүхдүүд, Г миний хүргэн, талийгаач охин Ундрахын нөхөр. Т, Тэмүүлэн, Тэмүүжин нар миний зээ хүүхдүүд. Маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний охин О.Ундрах, Ж.Энхцэцэг нар нь гэр бүлийн хамтаар Хөвсгөл аймгийн Хатгал руу амралтанд амрах гээд явсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 30 минутад миний төрсөн дүү Пүрэвдорж над руу утсаар яриад нөгөө хэд чинь зам тээврийн осолд ороод Ундрах газар дээрээ нас бараад бусад нь эмнэлэгт муу байна гэж байна шүү гэж хэлсэн....Хөвсгөл аймгийн Мөрөн сумын эмнэлэг дээр очсон чинь хүү Ж.О, зээ охин Т хоёр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт, төрсөн охин Энхцэцэг, эмэгтэйчүүдийн сэхээн амьдруулах тасагт, зээ охин Тэмүүлэн, зээ хүү Тэмүүжин, төрөл садангийн хүн болох Н гурав эмнэлгийн мэс заслын тасагт байсан. Хүргэн Г хавирга хугарсан гээд гадуур байсан. Охин О.Ундрах нь хэргийн газар дээр нас барсан учир морогт хийсэн гэж байсан....Талийгаач охин Энхцэцэг нь 7 сартай жирэмсэн байсан бөгөөд ослын улмаас ураг нь амьгүй болсон байна. Ийм учир хагалгаа хийж ургийг нь авах шаардлагатай гэж эмч нар надаар гарын үсэг зуруулаад хагалгаанд орж ургийг нь авсан. Охин О.Энхцэцэгийн биеийн байдал маш хүнд байсан. Охин О.Энхцэцэгийг Мөрөн сумын эмнэлэгт 2 хоног эмчилж байгаад Улаанбаатар хотын Гэмтэл Согог судлалын үндэсний төвд шилжүүлэн эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Энэ хэргийн улмаас миний охин О.Ундрах, Ж.Энхцэцэг нар нас барсан. Ж.Энхцэцэг 7 сартай жирэмсэн байсан....О.Ундрах, Ж.Энхцэцэг, Ж.О нар нь миний хүүхдүүд. О.Г нь миний хүргэн талийгаач охин О.Ундрахын нөхөр. Т, Г.Тэмүүлэн, Г.Тэмүүжин нар нь миний зээ хүүхдүүд. Т нь талийгаач охин О.Энхцэцэгийн, Г.Тэмүүлэн, Г.Тэмүүжин нар нь талийгаач охин О.Ундрахын хүүхдүүд юм. Эдгээр хүмүүс Хөвсгөл аймагт амарч явсан юм....Маш их гомдолтой байгаа учир нэг охиныхоо амь насны хохирлыг 30 сая төгрөгөөр үнэлж хоёр хүүхдийн амь насны хохирол 60 сая төгрөг нэхэмжилж байна. Охин Энхцэцэгийн оршуулгын зардалд 2.176.210 төгрөг нэхэмжилж байна, охин Ундрахын оршуулгын зардалд  нэхэмжлэх зүйл байхгүй Х- нь 3 сая төгрөг өгсөнийг хэрэглэсэн. Нийт 62.176.210  төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41-р ху/,

 

Хохирогч Д.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний 7 хавирга хугарсан., хүзүү 2 хугарсан, гар 2 хугарсан. Одоо ч биеийн байдал муу байна. Надаас зардал их гарсан ч нэхэмжлэхгүй, дээрх хохирогч нарт өгөөсэй гэж хүсч байна. Шүүгдэгч надад эмчилгээний нэг ч төгрөг өгөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г өөрөө машинаа жолоодоод түүний хажуу талын суудал дээр түүний эхнэр О.Ундрах, Ундрахын өвөр дээр хүү 1 нас 9 сартай Тэмүүжин,  жолоочийн яг арын суудал дээр би өөрөө суугаад өвөр дээрээ Гантулгын охин Тэмүүлэнг суулгасан. Миний хажууд төрлийн хүүхэд Энхцэцэг, түүний хажууд Энхцэцэгийн дүү О, түүний өвөр дээр Энхцэцэгийн охин Т сууж явсан. Би арын суудал дээр сууж явсан болохоор урдаас ямар машин ирээд хэрхэн мөргөлдсөн талаар мэдэх зүйл алга. Г хурд багатай явж байсан. Гэтэл гэнэт түс тас хийх чимээ гарсан. Энэ хэргийн улмаас миний хүзүүний яс хугарсан, олон тооны хавирга хугарсан, дотор эрхтэн бяцарсан, баруун гарын атгаал яс хугарсан зэрэг гэмтэл учирсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р ху/,

 

            Хохирогч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ ослын улмаас миний дотор эрхтэн цааш чихэгдсэн, зүүн хөлийн түнх хугарсан. Одоо маш их гомдолтой байна. Сургуульдаа ч сууж чадахгүй болсон. Одоо суга таягтай байгаа эмчилгээ 1.405.934 төгрөг, Медипас эмнэлэгт үзүүлсэн 30.000 төгрөг, Эрдэнэт сувилалд хэвтсэн 300.000 төгрөг нийт 1.735.934 төгрөг болж байна.Үүнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ хэргийн улмаас миний зүүн талын хөлний дунд чөмөг, аарцаг яс хугарсан, дотор эрхтний битүү гэмтэл, өрцний гэмтэл, цээжний хөндийд шингэн хуралт, шанаа, хацар мөр, нуруунд зулгарсан,  нуруу өгзөг, ташаанд цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан. Би Мөрөн сумын эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд Орхон аймагт ирсэн. Одоо Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тайхар” нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна...Миний сууж зорчиж явсан Тоёота Приус-20 маркийн машин нь миний хүргэн ах Г гэж хүний машин бөгөөд Г ах өөрөө машинаа жолоодож явсан. Хэрэг болох үед бид нар Хатгал тосгоны баяр наадмын талбайгаас тосгоны төв рүү явж байсан. Өөрөөр хэлбэр баруунаас зүүн зүгт засмал замаар явж байсан... Энэ хэрэг болох үед Г ах хурд багатай явж байсан. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50-р ху/,

 

            Хохирогч О.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: М.Х-т маш их гомдолтой байна. Осол болсны дараа өнөөдрийг хүртэл шүүгдэгч болон түүний гэр бүл ер уулзаагүй, хүний мөс чанаргүй хүн байна. Энэ ослын улмаас би эхнэр Ундрахаа алдсан,  хүү Тэмүүжин, охин Тэмүүлэн нарын бие сайнгүй байна. Шүүгдэгчийн урд ямар ч машин байгаагүй, маш хурдтай явж байсан. Шүүгдэгч худал мэдүүлэг өгч байна. Осол болсон газарт ямар ч тормозны мөр байгаагүй юм. Х- их хурдтай ирээд шарваж миний машиныг мөргөж осол гаргасан. Миний жолоодож явсан Прусс-20 маркийн 98-87 ОРО машин ашиглах боломжгүй болсон. Машиныг 10.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Эмчилгээний зардал 882.600 төгрөг, Н эгчийг хот авч явсан зардал 510.000 төгрөг, Эрдэнэтээс Мөрөнгийн хооронд зорчсон бензиний зардал 151.000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 250.000 төгрөг, Тэмүүжингийн эмчилгээний зардал 609.950 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 1 сард 101.980 төгрөг 16 жилээр тооцоход 19.580.160 төгрөг, лизингийн 540.000 төгрөг нийт 33.023.710 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч О.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...:Би гэр бүл төрөл садангийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд амарч байсан юм. Энэ хэрэг болсон өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хатгал тосгоны баяр наадам болж байсан. Би гэр бүл, төрөл садангийн хамт 14 цагийн орчим баяр наадмын талбай дээр очсон. Талбай дээр байж байгаад 17 цаг өнгөрч байхад бид нар талбайгаас байрлаж байсан амралт руугаа явсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 98-87 ОРО улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Жолоочийн хажуу талын суудал дээр миний эхнэр О.Ундрах түүний өвөр дээр миний 1 нас 9 сартай хүү Тэмүүжин, арын суудал дээр миний ард эхнэрийн төрлийн хүн болох Н гэж эгч, түүний өвөр дээр миний 9 настай охин Тэмүүлэн сууж явсан. Арын суудлын дунд миний эхнэрийн төрсөн дүү Энхцэцэг, түүний хажууд эхнэрийн дүү О, түүний өвөр дээр Энхцэцэгийн охин Т сууж явсан. Хатгал тосгоны баяр наадмын талбай нь тосгоныхоо баруун урд зүгт байдаг юм байна лээ. Хэрэг болох үед би засмал замаар явж байсан бөгөөд хөдөлгөөн ихтэй байсан болохоор бага хурдтай явж байсан. Замаар яваад замын хажууд байх “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станц руу дөхөж явахад нэг машин зөрсөн. Түүний араас цагаан өнгийн машин дайвалзаж, шарваж орж ирсэн. Тэгэхээр нь би машинаа баруун тийш нь шахаад гарах гэтэл миний машины хажуу талаас мөргөсөн тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа юм. Ухаан орсон чинь Мөрөн сумын эмнэлэгт сэргэсэн. Сэргээд юу болсон талаар асуухад надтай зөрөх байсан машин миний машины хажуу талаас мөргөөд миний машиныг замын хажуу тал руу онхолдуулсан. Хэргийн газар дээр миний эхнэр О овогтой Ундрах нь нас бараад бусад хүмүүс нь бэртэж гэмтээд эмнэлэгт ирсэн байсан. Миний талийгаач эхнэрийн төрсөн дүү Энхцэцэг гэж жирэмсэн эмэгтэй Мөрөн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлж байгаад мөн хэргийн улмаас нас барсан. Талийгаач эхнэрийн дүү О, төрлийн эгч Н, талийгаач Энхцэцэгийн 10 настай охин Т, миний өөрийн 9 настай охин Тэмүүлэн, 1 нас 9 сартай  хүү Тэмүүжин нарын болон миний биед гэмтэл бэртэл учирч маш их хохирол амссан. Хүний  амь нас хохирч үүнээс гадна 6 хүн бэртэж гэмтсэн. Өөрийн тээврийн хэрэгсэл дахин ашиглах боломжгүй болж хохирсон...Энэ хэрэг болох үед Хатгал тосгоны баяр наадам болж байсан. Мөн Хатгал, Хөвсгөл далай дээр амрах гэж очсон маш олон хүн байдаг юм байна лээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан. Энэ хэрэг болох үед би өөрөө 40 километр цагийн хурдтай явсан. Яагаад гэхээр би машин тэрэг хүн их байна гээд болгоомжтой явж байсан юм. Миний урд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. Би нэг машинтай зөрөөд өнгөрсөн. Түүний араас энэ машин дайвалзаад, шарваж орж ирсэн. Би тэгэхээр нь хурдаа хасаад баруун гар тийшээ буюу шороон хөвөө рүү шахсан гэтэл миний машины жолоочийн эсрэг талын хажуу руу мөргөсөн. Миний урд зам дээр ямар ч машин байгаагүй. Би 89-72 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг архи уусан, хурд хэтрүүлсний улмаас л ийм хэрэг хийсэн гэж бодож байгаа. Энэ хэргийн улмаас миний зүүн талын гурван хавирга хугарсан. Мөн биеийн энд тэнд зөөлөн эдийн гэмтлүүд авсан. Миний охин Тэмүүлэнгийн аарцаг хугарсан, тархи доргисон. Мөн зөөлөн эдийн гэмтлүүд авсан байсан. Хүү Тэмүүжингийн нүүрэнд шарх, болон тархины гэмтлүүд үүссэн. Миний эхнэр нас барсан. Мөн 2009 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 06 сарын 28-ны өдөр 11.500.000 төгрөгөөр авсан Тоёото Приус-20 маркийн машин дахин ашиглагдах боломжгүй болсон. Энэ хэргийн улмаас маш их хохирол учирч байна. Хохирлоо баримтаар нэхэмжлэх болно...гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62-р ху/,

 

            Хохирогч Э.Тын хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэ-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн охин Э.Тын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Миний эхнэр Ж.Энхцэцэг энэ ослын улмаас нас барсан. Тухайн үед очиход эхнэр Энхцэцэг ухаангүй, ургийн байдал хүнд байсан. Осол болох үед эхнэр минь 7 сартай жирэмсэн байсан ба Мөрөнгийн эмнэлэгт эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт нас барсан. Охин Т мааньтархиндаа хүнд гэмтэл авсан. Зардал маш их гарсан. Үнэтэй эм тариа хэрэглэж байгаа эмчилгээний зардал 1.760.227 төгрөг, өмгөөлөлийн хөлс 250.000 төгрөг нийт 2.010.227 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгчид хүн чанар гэж ер алга. Бидэнтэй осол гарснаас хойш ер уулзаагүй, асууж сураглаж байгаагүй, уучлалт ч гуйгаагүй. Охин маш их эмчилгээтэй байгаа гэв.  

 

           Насанд хүрээгүй хохирогч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний зүүн хөл, зүүн гар хугарсан. Толгойдоо гэмтэл авсан. Нүүрэндээ шархтай болсон. Миний зүүн талын гар, толгой байнга өвдөж байгаа, би одоо хичээлдээ явж чадахгүй эмнэлэгт хэвтэж байгаа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р ху/,

 

          Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ын хууль ёсны төлөөлөгч А.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Энэ хэргийн улмаас миний эхнэр Энхцэцэг нас барж охин Э.Тын биед хүнд гэмтэл учирсан. Миний эхнэр 6-7 сартай жирэмсэн байсан юм. Охин Э.Т 17 хоног ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад ухаан орсон. Одоо ч гэсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна...Эхнэр нас барсан үйлдэлд хадам ээж хохирогчоор тогтоогдсон учир хадам ээж үгээ хэлнэ, миний хувьд маш их гомдолтой байна, охин минь бага насандаа маш их бэртэж гэмтсэн, цаашид эрүүл мэнд гоо сайхны эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна, энэ хэргийн улмаас гарах бүх зардлыг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-р ху/,

 

       Насанд хүрээгүй гэрч Б.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр өдөр 17 цагийн үед Хатнаа ахын машинтай сумын төврүү явсан. Би машины арын суудал дээр ганцаараа суугаад явсан. Тэгээд гэртээ хариад хувцасаа аваад эргээд баярын талбай руу явсан. Би арын суудал дээр суугаад гар утсаараа оролдоод явж байтал нүдний буланд нэг цагаан өнгийн суудлын автомашин зам дээр хөндөлсөөд гараад иртэл тэр цагаан машины урдуур тойроод гарах шиг болоод замын зүүн талд зогсож байсан саарал өнгийн Приус машиныг очоод мөргөсөн... Хатнаа ах архи уугаагүй байсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81-р ху/,

 

Гэрч Д.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 18-19 цагийн хооронд намайг хашаан дотроо явж байхад төв талаасаа буюу Хатгалын төвөөс Мөрөнгийн чиглэлд явж байсан мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын тэрэг маш хурдтай ирээд Петровис колонкийн урд задгай шороон талбай руу шарваж гараад эсрэг урсгал руу орох үед баруун талаас Хатгалын төврүү орж ирж байсан саарал өнгийн машинтай мөргөлдсөн. Би мөргөлдсөн хойно нь харахад нэг машин нь саарал өнгийн Приус-20 маркийн машин байсан нөгөөдөхийнх нь марк дугаарыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг мөргөлдөхийг нь нүд гүйцэж хараагүй. Төвөөс гарч яваа машин ямар хурдтай явж байна вэ гээд бодоод явж байтал нөгөө төвөөс гарч явсан машин колонкийн урд талын шороон зам руу буюу баруун гар талруугаа гараад шороо манаруулаад буцаж замруугаа орох үед түс хийх чимээ гараад хоёр машин мөргөлдсөн. Миний харсанаар тэр үед урд буюу ойр орчимд нь ямар нэгэн машин байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-р ху/,

 

Гэрч Б.Үнэнчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Амралтын гэр дотроо байж байтал барагцаагаар 17 цагийн орчимд гадаа засмал зам дээр шарвах чимээ гараад юм мөргөлдөх чимээ гарахаар нь гэрээсээ гараад ирсэн чинь зам дээрээс саарал өнгийн Приус-20 маркийн машин замын урд талруу өнхрөөд онхолдоод 4 дугуй нь дээшээ хараад унасан, маш их шороо босоод тухайн орчин сайн харагдахаа больсон. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь нэг саарал өнгийн Бривес маркийн машин миний машины урд талруу тулаад зогссон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74-р ху/, 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн13-22-р ху/,

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 23-24-р ху/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27-р ху/,

 

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30-р ху/,

 

Талийгаач Ж.Энхцэцэгийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-34-р ху/,

 

Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны  өдрийн 142 дугаартай:

 

1.89-72 УНҮ улсын дугаартай Toyota brevis  маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Х- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.98-87 ОРО улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.

3.Жолооч М.Х- нь МУ-ын  Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2 заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 158-р ху/,

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017оны 8 дугаар сарын 8-ны өдрийн  98 дугаартай талийгаач О.Ундрахын цогцост хийсэн задлан шинжилгээний

 

             1. О.Ундрахын биед гэмтэл тогтоогдлоо.

            2. О.Ундрахын биед гавлын орой болон суурь ясны олон хэлтэрхийт шугаман хугарал, баруун зүүн чамархайн дэлбэнгийн гуравдугаар зэргийн няцрал, зүүн зулай дагз  хэсгийн хуйхан доорх цус хуралт, баруун зулайд шарх, зүүн гуя цээж, зүүн сарвуу, шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна.

          3.Дээрх гэмтлүүд тухайн цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           4.Уг гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн болно.

           5.Талийгаач нас бараад 10 орчим цаг өнгөрсөн байжээ.

          6.Шинжилгээгээр талийгаач О.Ундрахын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин  тогтоогдсонгүй.

          7.О.Ундрах нь гавал тархины хавсарсан ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна....гэсэн дүгнэлт /хх-ийн 88-92-р ху/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1428 дугаартай талийгаач Ж.Энхцэцэгийн цогцост задлан шинжилгээ хийсэн:

 1.Талийгаачид умдаг суудал ясны хоёр талын хугарал, зүүн олон уулзахын хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, дагзны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун уушигны доод дэлбэнгийн няцралт, цус хий хуралт, нүүрний зулгаралт тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь автомашинд шидэгдэх, унах, доргих үед үүснэ.

             3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй.

4.Талийгаач нь аарцаг, зүүн дунд чөмөгний хугаралын улмаас уушигны судсанд өөхөн бөглөөдөс үүсч нас баржээ.

             5.Цус нь 2-р бүлэг байна гэсэн дүгнэлт /хх-ийн 97-99-р ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 757 дугаартай:

1.Д.Нийн биед цээжний зүүн талд хавирганы хавхлаасны шинж үүсгэсэн 2-7-р хавиргануудын хоёрлосон хугарал, цээжний хөндийн эрхтний няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт, хүзүүний 1 ба 2-р нугалмуудын нумны хугарал, баруун атгаал ясны далд хугарал үүсчээ.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаатай тохирч байна.

5.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээжний зүүн талд хавирганы хавхлаасны шинж үүсгэсэн 2-7-р хавиргануудын хоёрлосон хугарал нь ГЗЗ-ын 3.1.10-д, цээжний хөндийн эрхтний няцрал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт нь ГЗЗ-ын 3.1.12-д, хүзүүний 1 ба 2-р нугалмуудын нумны хугарал нь ГЗЗ-ын 3.1.5-д зааснаар тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун атгаал ясны далд хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 105-106-р ху/,

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 451 дугаартай:

             1.Ж.Оын биед гэмтэл тогтоогдлоо.

2.Ж.Оын биед цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, цээж хэвлийн шингэн хуралдалт, өрцний битүү гэмтэл, уушигны уналт, аарцаг ясны далд хугарал, цууралт, дунд чөмөгт ясны далд хугарал, хацарт шарх, шанаа, хацар, мөр, нуруунд зулгаралт, мөр шуу, өгзөг ташаанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

              3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 112-р ху/,

 

  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 751 дугаартай:

                1.О.Гантулгын биед цээжний битүү гэмтэл, 5,6,7-р хавирганы суганы урд шугамаар далд хугарал, хуйхан дор цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

     2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

     4.Гурван хавирганы хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь ГЗЗ-ын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

     5.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     6.Гэмтэл нь 2017-07-11 өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 116-р ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 752 дуаартай:

1.Г.Тэмүүлэнгийн биед суудал болон умдаг ясны далд, зөрөөгүй хугарал, тархи доргилт гэмтэл үүсчээ.

2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Суудал болон умдаг ясны хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, Бусад гэмтэл нь ГЗЗ-ын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6.Гэмтэл нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 120-р ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 753 дугаартай:

1.Г.Тэмүүжингийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дунд зэргийн няцрал, нүүрэнд шарх зэрэг гэмтэл үүсчээ.

2.Нүүрэнд үүссэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3.Эрүүл  мэндийг  түр хугацаагаар сарниулна.

4. Тархины эдийн дунд зэргийн няцрал, нүүрэнд үүссэн шарх  нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Нүүрэнд үүссэн шарх нь мэс заслын аргаар эмчлэгдэнэ.

6.Гэмтэл нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 124-р ху/,

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 450 дугаартай:

 

1.Э.Тын биед гэмтэл тогтоогдлоо.

 2.Э.Тын биед их тархины тенториумд цусан хураа, зүүн бугалга ясны далд хугарал, зүүн дунд чөмөгний ясны бяцарсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

 6.Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн  дүгнэлт /хх-ийн 128-р ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт шинжилгээний 819 дугаартай:

 

1.Э.Тын биед нэмэлтээр баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 134-р ху/,          

 

              Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний төрсөн эгч О гэж хүний хүүхдүүд болох Энхцэцэг, Ундрах нар нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны орчим зам тээврийн осолд орж 2 хүн нас барж бусад хүмүүс нь хүнд хөнгөн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан юм. Би хэргийн талаар мэдэж сонсоод өөрийн эзэмшлийн 14-03 ОРО улсын дугаартай Ниссан Х-дера маркийн тээврийн хэрэгслээр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу очих болон ирэх, ирээд буяны ажилд оролцсон. Буяны ажилд оролцоод явахад 400.000 төгрөгийн шатахуун зарцуулсан тул хэн буруутай хүнээс 400.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байгаа учир энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 ху/

 

-М.Х-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 05-10 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 173 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шүүгдэгч М.Х-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Х- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хатгал тосгоны төвийн хатуу хучилттай асфальтан замд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 89-72 УНҮ улсын дугаартай Тоёота бирвес маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн 8.2-р зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул,саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 98-87 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж уг авто машинд зорчиж явсан О.Ундрах, Ж.Энхцэцэг нарын амь нас хохирсон, хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Тын эрүүл мэндэд хүнд хохирол, О.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Тэмүүлэнгийн биед хүндэвтэр, Г.Тэмүүжингийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй гэрч Б.Заяа /хх 80-81 ху/, гэрч Д.Даваасамбуу /хх 86 ху/, Б.Үнэнч / хх 73-47 ху/ мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-22 ху/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /23-24 ху/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /26-27, 32-34, 88, 97-99 ху/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /28-30 ху/, Орхон аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээчийн 142 дугаартай дүгнэлт /хх 158 ху/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 757 дугаартай дүгнэлт /105-106 ху/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 451 дугаартай дүгнэлт /хх 112 ху/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 751, 752, 753 дугаартай дүгнэлт  /хх 116, 120,124/ шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                   Шүүгдэгч М.Х-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоосоо сайн дураараа нөхөн төлж байгаа, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Иргэний нэхэмжлэл хохиролын тухайд: Хохирогч Б.О охин Энхцэцэгийн оршуулгын зардалд нийт 2.176.210 төгрөг, өмгөөллийн хөлс 700.000 төгрөг,талийгаач охин Энхцэцэгийн хүүхэд болох Г.Тэмүүжинг Улаанбаатар хот авч явсан зардал галт тэрэгний 34.100 төгрөг, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг бүгд 62.910.310 төгрөг, хохирогч О эмчилгээний 1.405.934 төгрөг, Меди пас эмнэлэгийн 30.000 төгрөг, Эрдэнэт сувилалд хэвтсэн 300.000 төгрөг бүгд 1.735.934 төгрөг, хохирогч Г машины үнэ 10.500.000 төгрөг, эм тарианы 882.600 төгрөг, эгч Нийг хот авч явсан зардал 510.000 төгрөг, Эрдэнэт Мөрөнгийн хооронд явсан бензиний 151.000 төгрөг, өмгөөллийн хөлс 250.000 төгрөг, хүү Тэмүүжингийн эмчилгээний зардал 609.905 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон цалин зөрүү сард 101.980 төгрөг 16 жилээр тооцоход 19.580.160 төгрөг, лизингийн 540.000 төгрөг бүгд 33.223.710 төгрөг, хохирогч Эрдэнэ-Отгон охин Э.Тын эмчилгээний зардал 1.760.227 төгрөг, өмгөөллийн хөлс 250.000 төгрөг бүгд 2.010.227 төгрөг тус тус нэхэмжилжээ.

 

            Хохирогч Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас лизингийн 540.000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “бодит хохиролд тооцогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон бөгөөд түүний жолоодож явсан 98-72 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдахин ашиглах боломжгүй болсон тул худалдан авсан үнэ 10.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Мөн хохирогч Б.О сэтгэл санааны хохиролд 60 сая төгрөг нэхэмжилсэн боловч хохирогчийн сэтгэл зүйн байдал, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүний сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч М.Хатанбаатраас 42.910.310 төгрөг гаргуулан хохирогч Б.От,  32.483.710 төгрөг гаргуулан хохирогч Гд, 1.735.934 төгрөг гаргуулан хохирогч От,  2.010.227 төгрөг гаргуулан хохирогч А.Э-д, 400,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Х-ын 605348 дугаартай жолоочийн үнэмлэх, 1592795 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2.д зааснаар шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч М.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 1, 2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1.д зааснаар шүүгдэгч М.Х-аас 42.910.310 төгрөг гаргуулан хохирогч Б.От, 32.483.710 төгрөг гаргуулан хохирогч О.Гд, 1.735.934 төгрөг гаргуулан хохирогч Ж.От, 2.010.227 төгрөг гаргуулан хохирогч А.Эрдэнэ-Отгонд, 400.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвдоржид тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Х-ын 605348 дугаартай жолоочийн үнэмлэх, 1592795 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

            7. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ