Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/462

 

  2024           04            18                                          2024/ДШМ/462

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

яллагдагч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЗ/08 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2407 00000 0021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

...... овогт Б.О, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Яллагдагч Б.О нь .... оны .. дугаар сарын ..-ны орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо, А0101 авто замын 78 дахь километрийн орчим “Г” ХХК-ийн эзэмшлийн ..-.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед зүүн хойд дугуй нь салж, эсрэг урсгалд явж байсан ..-.. УНЕ улсын дугаартай машиныг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.О-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчийн мэдүүлэг зэргийг хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал...”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл “зэрэг нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул хэргийг прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг, яллах дүгнэлтэд яллагдагч Б.О нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой Багахангай дүүргийн 2 дугаар хороо, А0101 авто замын 78 дахь километрийн орчим “Г” ХХК-ийн эзэмшлийн 67-98 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед зүүн хойд дугуй нь салсан үйл баримтын тухай дурджээ. Замын хөдөлгөөнд оролцож байх үед тээврийн хэрэгслийн дугуй салж тээврийн хэрэгслийн төлөв буюу бүрэн бүтэн байдал алдагдсан байна. Тээврийн хэрэгслийн төлөв байдал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоо байгаа эсэх, эвдрэл гэмтэлтэй бол тэр нь ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ үүссэн эсэхийг тусгай мэдлэг болон шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан төлөв байдал, ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоох шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Гэтэл “Г” ХХК-ийн эзэмшлийн ..-.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээч томилоогүй байх ба тээврийн хэрэгслийн төлөв байдал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоо байгаа эсэх, эвдрэл гэмтэлтэй бол тэр нь ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай байна.

2. ..-.. УБУ улсын дугаартай “Hyundai HD-450” загварын тээврийн хэрэгсэл нь шингэрүүлсэн хий тээвэрлэх зориулалт бүхий “Г” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 85/ “Г” ХХК нь Шингэрүүлсэн шатдаг хийн хангамж үйлчилгээ /2016.07.04-2019.07.04/, Шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа /2016.11.02-2019.11.02/, Шингэрүүлсэн шатдаг хий импортлох /2015.07.04-2019.07.04/, Шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдаа /2016.07.06-2021.07.06/ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн эрхтэй байна. /хх 89/, “Г” ХХК нь 2019.06.28-2025.06.28-ний өдрийг хүртэл Шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөлтэй байна. /хх 90/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э мэдүүлэгтээ “...Манай компани нь тусгай зөвшөөрөлтэй Шингэрүүлсэн шатдаг хий импортлох, бөөнөөр болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Үүнд 3 стандарт, 2 журмыг мөрдлөгөө болгон ажилладаг.” гэх мэдүүлэг, яллагдагч Б.О нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаартай “Г” ХХК-ийн захирлын тушаалаар Хий цэнэглэх станцын албанд жолоочийн үүрэгт ажилд томилон, ..... дугаар Хөдөлмөрийн гэрээг “.....” албан тушаалд ажиллахаар байгуулсан байна. /хх 91, 93-94/, “Г” ХХК-ийн “Борлуулагч-жолоочийн” ажлын байрны тодорхойлолт /хх 92/ зэрэг дээрх баримтуудаас дүгнэхэд тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа, түүнд мөрдлөгөө болгон ажиллах тусгай журам, стандарт зэргийг “Г” ХХК болон жолооч Б.О нар нь хангаж ажилласан эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд тодруулах шаардлагатай.

3. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр яллагдагч Б.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг дүгнэх боломжгүй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4. Тус захирамжид дурдагдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй гэжээ.

Яллагдагч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Яллагдагчаар татагдсан миний хувьд надад үүсгэсэн зүйл, ангийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тус хэргийг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцээд 08 тоот захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “... Тээврийн хэрэгслийн төлөв байдал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоо байгаа эсэх, эвдрэл гэмтэлтэй бол тэр нь ямар хүчин зүйлийн улмаас хэзээ үүссэн эсэхийг тусгай мэдлэг болон шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан төлөв байдал ажиллагаанд үнэлэлт өгөх зорилгоор тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоох шинжилгээ хийх шаардлагатай байдаг” гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ”. А. “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт, 3.4 Дугуйн булын бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан” гэж заасныг зөрчсөн байна гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Иймээс нэгэнт яллагдагч намайг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэдгийг тогтоосон байхад заавал шинжилгээ хийхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн үндэслэлгүй.  

2. Мөн захирамжийн тодорхойлох хэсэгт “... “Г” ХХК-ийн борлуулагч, жолоочийн ажлын байрны тодорхойлолт зэрэг дээрх баримтуудаас дүгнэхэд тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа, түүнд мөрдлөг болгон ажиллах тусгай журам, стандарт зэргийг “Г” ХХК болон жолооч Б.О нар нь хангаж ажилласан эсэхийг тусгай мэдлэгийн хүрээнд тодруулах шаардлагатай” гэжээ.

Яллагдагч би “Г” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажиллаж байна. Хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Шатахуун түгээх станцад орлого буулгахдаа аюулгүй ажиллагааг мөрдөх, Автоцистерний бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцах” үүрэгтэй. Миний бие автоцистерний бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байсан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сайн биелүүлээгүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан. Цаашид энэ төрлийн осол гаргахгүй хичээж ажиллана гэж өөртөө амлаж байгаа. Иймээс заавал дүрэм журам зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Түүнчлэн яллагдагч би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, учруулсан хохирол хор уршгаа иргэний хариуцагчтай хамт барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн .... оны .. сарын ..-ны өдрийн .. тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Б.О-гийн жолоодон явсан “Г” ХХК-ийн эзэмшлийн ..-..  УБУ улсын дугаартай автомашины зүүн хойд дугуй салж, эсрэг урсгалд орсноор тухайн гэмт хэрэг гарсан. Жолооч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Хэргийн газарт байхдаа машины дугуйг буцаан хийж, боолтыг нь чангалаад дахин хөдөлгөөнд оролцсон байсан. Мөн тээврийн хэрэгслийг хурааж аваагүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтоохоор шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ яллагдагч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Б.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүх “... “Г” ХХК-ийн эзэмшлийн ..-.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээч томилоогүй байх ба тээврийн хэрэгслийн төлөв байдал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоо байгаа эсэх, эвдрэл гэмтэлтэй бол тэр нь ямар хүчин зүйлийн улмаас, хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломж байгаа эсэхийг тодруулах, журам, стандартыг “Г” ХХК болон жолооч Б.О нар нь хангаж ажилласан эсэхийг шалгах...” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ. 

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд жолооч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн эсэх талаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн .....  дугаартай Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх 28-30/ гарсан байна.

            Түүнчлэн, осол хэргийн дараа тээврийн хэрэгслийн дугуйг буцаан хийж хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцсон бөгөөд тээврийн хэрэгслийг хураан авах ажиллагаа хийгээгүйн улмаас техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн талаарх прокурорын тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 Яллагдагч Б.О-д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүний гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

            Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн …… дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ........ дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР