| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0038/З |
| Дугаар | 114/ШШ2025/0046 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 114/ШШ2025/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х овогт Бийн Б******* /РД:ТЯ841219/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох
Гуравдагч этгээд: Б овогт Гийн М*******ыг оролцуулан
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн индексийн 114/2025/08/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн төлөөлөгч М.С, гуравдагч этгээд Г.М*******, шүүх хуралдааны ийн бичгийн дарга Г.Ганзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* анх шүүхэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны дугаар сарын 27-ны өдөр “тухайн багийн Засаг даргыг сонгох талаар хамтран ажиллах” тухай 01/162 дугаар албан бичгийг бүх багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд хүргүүлсэн ба тус сумын Дархан багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл 2025 оны дугаар сарын 28-ны өдөр 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад сургуулийн урлагийн танхимд Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 01 дүгээр тэмдэглэлийг үйлдсэн байна.
2.2. Улмаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшигч Г.М******* нь 109 санал буюу 50,5 хувийн санал авсан тул тухайн багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
2.3. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга дээрх тогтоолыг хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/205 дугаар албан бичгээр гуравдагч этгээдийг Дархан багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллах талаар тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн ба тус иргэдийн Нийтийн Хурлын дарга 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “...хуралд оролцсон иргэдээс гомдол, санал гаргаагүй бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах үндэслэлгүй” хэмээх хариуг түүнд буцаан хүргүүлсэн байна.
2.4. Ийнхүү Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар Дархан багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б*******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, дүгээр захирамжаар Г.М*******ыг тухайн багийн Засаг даргаар томилжээ.
2.5. Үүнийг эс зөвшөөрч дээд шатны Засаг дарга болох Дархан-Уул аймгийн Засаг даргад нэхэмжлэгч Б.Б******* 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байна.
3. Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар тус сумын Дархан багийн Засаг даргын сонгууль хүртэлх хугацаагаар түр томилогдсон. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан.
3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д иргэдийн Нийтийн Хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй гэж заасан. Гэтэл Х багийн иргэн Г.М******* нь Дархан багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, мөн Санжинт багийн иргэн М.С, Шарын гол сумын иргэн Б.А /15 дугаар байр 119 тоот нэрсийн жагсаалтын 9 дэх хуудасны 4-д/ нь уг багийн Засаг даргыг сонгох сонгуулийн санал хураалтад оролцож хуулийг уландаа гишгэж санал өгсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн гэж миний бие үзэж байна.
3.2. Дархан багийн тооллогын комисс тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтандаа бүртгэлгүй, оршин суудаггүй 2 иргэн буюу М.С, Б.А ыг болон сонгуулийн санал өгөх нэрсийн бүртгэл хаагдсаны дараа гаднаас нэмж В.Д, Д.С, Ч.Б ын иргэдийг оруулж санал өгүүлсэн нь саналын ирцэнд ноцтой нөлөөлж Дархан багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн Дархан багийн иргэн Б.Б******* 107, Х багийн иргэн Г.М******* 109 хүний санал авч миний бие 2 хүний саналаар ялагдсан. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны анхдугаар тооллогын комиссын 02 дугаар тогтоолоор Г.М*******ыг сонгогдсонд тооцож сумын Засаг даргад уламжилсан.
3.3. Энэ тухай гомдлоо миний бие Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад гаргасан бөгөөд Засаг дарга гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/205 дугаартай албан бичгээр Дархан багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Г.М*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг үндэслэн татгалзсан.
3.4. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд Хурал нь энэ хуулийн 56.5-д заасан журмаар өөр хүний нэрийг дэвшүүлнэ” гэж заасны дагуу миний бие Б.Б******* Дархан багийн Засаг даргын сонгууль дахиж явагдана гэсэн ойлголттой бас хүлээлттэй байсан.
Гэтэл гэнэт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга М.М******* 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 6/10 дугаар захирамж гаргаж Б.Б******* намайг хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөнд, мөн өдрийн дүгээр захирамжаараа Дархан багийн иргэн биш Х багийн иргэн Г.М*******ыг Дархан багийн Засаг даргаар томилсонд гомдолтой байна.
3.5. Миний бие Шарын гол сумын Засаг даргатай биечлэн уулзаж “яагаад хууль зөрчин томилгоо хийснийг асуухад Дархан-Уул аймгийн Засаг дарга Монгол Ардын намаас нэр дэвшсэн Г.М*******ыг ямар ч хамаагүй аргаар томил гэж шахаад байна, миний дээд шатны Засаг дарга тул өгсөн үүргийг нь биелүүллээ чи гомдолтой бол шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Шүүх дээрх захирамжуудыг хүчингүй болгосноор Дархан багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэнэ.
3.6. Миний бие урд нь энэ талаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 133 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хэвээр үлдээсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэнийг хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түүнд гомдол гаргасан боловч Засаг дарга ээлжийн амралтаа авсан болон өөр янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хариу өгөхгүй 50 хоносон тул арга буюу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д зааснаар 30 хоногийн дотор хариу өгөөгүй, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-д зааснаар 30 хоног хүртэл сунгаж, энэ талаараа надад мэдэгдээгүй тул энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуулийн дагуу товлогдож хурал зохион байгуулагдсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч, түүний дарга нь тухайн багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, сонгуулийн насанд хүрсэн иргэн байх ёстой байдаг. Гэтэл тухайн Дархан багийн хуралд өөр багийн иргэн болох Г.М******* /Х багийн иргэн/, М.С /Санжит багийн иргэн/ нь оролцож Г.М******* нь Дархан багийн Засаг даргад, М.С нь Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшсэн нь тухайн багаас сонгогдох иргэдийн эрхийг зөрчсөн асуудал үүссэн.
4.1. Дархан багийн Засаг даргыг сонгох санал хураалтад Б.Б*******, Г.М******* нэр дэвшиж Б.Б******* 107, Г.М******* 109 хүний санал авсан ба Дархан багийн Засаг дарга сонгох санал өгөх нэрсийн жагсаалтад Санжинт багийн иргэн М.С, Шарын гол сумын харъяат бус Б.А нь санал өгсөн. Мөн тухайн хуралд оролцохоор ирсэн иргэдийг хурлын ирц хаагдсан гэх шалтгаанаар оролцуулаагүй байж, Г.М*******, М.С нь өөрт санал өгөх иргэдийг хурлын ирц хаагдсаны дараа В.Д, Д.С, Ч.Б ыг хуралд оролцуулж санал өгсөн нь тухайн багийн Засаг даргын сонгууль хууль бус болсон нь анхан шатны бүртгэл бусад баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Б*******ын өргөдөл хүсэлтийг хүлээн авсан.
4.2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тхуай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг үндэслэн Г.М*******ыг томилохоос татгалзсан шийдвэрийг Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлд хүргүүлсэн. Тухайн Засаг даргыг дээд шатны Засаг дарга томилохоос татгалзвал тухайн шатны хурал энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан журмаар тухайн багийн хурлыг дахин зохион байгуулна.
4.3. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж гаргаж Б.Б*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дүгээр захирамжаар Г.М*******ыг Дархан багийн Засаг даргаар томилсон. Б.Б******* Шарын гол сумын Засаг даргатай биечлэн уулзаж яагаад багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулахгүй хууль бусаар томилгоо хийснийг лавлахад дээд шатны Засаг дарга болох Б.А нь улс төрийн шахалт үзүүлж Г.М*******ыг томилох үүрэг өгсний дагуу томилсон гэх хариултыг өгсөн.
4.4. Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн эрх, ашиг нийт Дархан багийн иргэдийн сонгох, сонгогдох эрх ашиг хөндөгдөж байгаа тул Б.Б******* нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
5. Гуравдагч этгээд Г.М*******, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан. Миний бие Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчөөр
3 удаа сонгогдсон Дархан багийн иргэдийн төлөөлөл юм. Тэр утгаараа сонгох, сонгогдох эрхээ эдэлж багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Хуульд өөр багийн иргэн нэр дэвшиж болохгүй гэсэн заалт байхгүй. Би тэр хуралд саналын эрхгүй оролцсон. Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргын сонгуульд аль алинд ч санал өгөөгүйг тооллогын комисс болон хурлын ирцийн бүртгэл гэрчилнэ.
5.1. Мөн Б.Б******* тухайн үед өөрөө багийн Засаг даргын үүрэгт ажлыг хийж байсан иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулах үүрэг нь өөрт нь байсан. Бүх бүртгэл нэрс өөрөөс нь гарсан байх учиртай. Гомдолдоо нэр дурдсан таван хүн нь аль багийн иргэн, аль намын гишүүн гэдгийг би мэдэхгүй. Санал хураалт нууцаар явагдсан учир тэр хүмүүс хэнд санал өгснийг хэн ч мэдэх боломжгүй. Тэдгээр хүмүүсийг надтай холбож надад санал өгсөн мэтээр тайлбарлаж буйг гайхаж байна.
5.2. Багийн иргэдийн Нийтийн Хурал амжилттай болж сонгуулийн санал хураалт дуусаж тооллогын комисс тогтоол уншиж танилцуулж, батлуулж, тухайн хурал эмх цэгцтэй ямар ч гомдол саналгүй хэрүүл маргаангүй бие биедээ баяр хүргээд амжилт хүсээд дууссан. Гэтэл Б.Б******* намайг хууль зөрчсөн мэтээр гомдол гаргаж, мөн МАН намаас дэвшсэн мэтээр ойлгуулж, гүтгэж буйд харамсаж байна. Би иргэний хувиар заалнаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Сонгууль дууссанаас хойш тодорхойгүй шалтгаанаар чамайг томилохгүй хүлээлгэж байгаад 45 хоногийн дараа томилсон. Хуульд бол томилохоос татгалзсан тохиолдолд хурал дахин нэр дэвшүүлнэ гэж заасан байна. Уг хуулийн дагуу Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Сын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр дахин нэр дэвшүүлсэн байдаг.
5.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-т зааснаар дахин нэр дэвшүүлсэн хүнийг 5 хоногийн дотор дээд шатны Засаг дарга дахин томилох үүрэгтэй гэснийг зөрчин 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр томилсон. Миний бие 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон ч албан ёсны цалин 6 дугаар сарын 01-ний өдрөөс бодогдсон. Тэр хүртэлх цалинг ажил хийгээгүй мөртлөө Б.Б******* авч байсан. Энэ мэт хууль бус зүйлсийг тэвчин чимээгүй байж ирсэн. Гэтэл намайг болон Дархан багийн иргэдийн сонголтыг үл хүндэтгэн гүтгэж байгаад харамсаж байна. Шүүх уг хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багийн иргэд оролцох эрхтэй. Гэтэл энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаан зохион байгуулахдаа тухайн багийн иргэн биш хүмүүсийг оролцуулж дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.
6.1. Мөн түүнчлэн тухайн багийн иргэд биш хүмүүс багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалтад оролцож, таслах эрх эдэлсэн нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т заасныг давхар зөрчсөн. Эдгээрийн үр дүнд багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоол гарсан бөгөөд түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тухайн асуудлыг зохицуулсан хуулийн заалтыг илтэд зөрчсөн үйлдэл болж үүний дагуу нэр дэвшүүлэх тухай тогтоол гарсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ бүх хууль зөрчсөн явдал хүний нүдэнд ил, ямар нэгэн байдлаар маргах аргагүй зүйлс учраас ийнхүү үзэж байгаа юм” гэжээ.
7. Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй гэсэн болохоос зөвхөн багийн иргэд оролцоно гэж заагаагүй байна. Уг хуулийн заалтыг өөрсдийн бодлоор тайлбарласан байна. Мөн сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Засаг даргын Тамгын газрын дарга Г.Ш, нягтлан бодогч М.Х, М.Ж, татварын байцаагч Б.А, багийн зохион байгуулагч Х.А, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Ц.М*******, Г.С******* харьяаллыг нь шалган бүртгэж оруулсан. Хэрэв бүртгэлгүй хүн байсан бол тухайн албан хаагчид бүртгэхгүй. М.С миний бие 2020-2024 оны хооронд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан тул Засаг даргаас ирсэн албан бичгийг үндэслэн тухайн хурлыг зарлаж нээсэн. Гэвч дахин нэр дэвших болсон тул хурлын дэд даргалагч сонгон хуралдааныг удирдсан би тухайн хурлын зохион байгуулалтад оролцоогүй. 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3, багийн иргэдийн Нийтийн тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг үндэслэн Д.А******* нь намайг томилсон учир миний биеийг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна.
7.1. Б.Б******* тухайн комиссын шийдвэр болон хурлын шийдвэртэй санал нийлэхгүй татгалзах саналтай байсан бол тухайн хурал дээр саналаа хэлж болох байсан. Мөн багийн иргэдийн Нийтийн Хуралд гомдлоо цаасан хэлбэрээр өгөх хангалттай хугацаа байсан гэвч өгөөгүй сумын Засаг дарга М.М*******тай уулзаж ярилцсаныг гомдол гаргасан гэж үзэхгүй. Сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлдээ тусгасантай санал нийлэхгүй байна. Учир нь Б.Б******* нь тухайн багийн Засаг даргад нэр дэвшин санал хураалтад оролцсон. Г.М******* нь 109 санал буюу 50.5 хувийн санал авсан тул Шарын гол сумын Засаг даргад уламжилсан.” гэжээ.
8. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийг хуульчилсан ба 32.8.4-д баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааны тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг үндэслэсэн.
8.1. Уг тогтоолоор Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирсэн 232 иргэдээс 216 саналын хуудас буюу 70 хувийн хүчинтэй хурал болсон. Г.М******* миний бие 109 санал буюу 50.5, Б.Б******* 107 санал буюу 49.5 хувийн тус тус санал авсан. Саналын дүнг үндэслэж 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоол гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Б*******ын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, мөн сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн , дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тухайн багийн иргэн биш, Х багийн иргэн Г.М******* Дархан багийн Засаг даргаар томилогдсон, мөн тухайн багийн иргэн биш П.А, М.С Засаг даргад санал өгсөн нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...тухайн багийн иргэн иргэдийн Нийтийн Хуралд оролцох, Засаг даргаар сонгогдох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, тус өдөр зохих журмынхаа дагуу тооллогын комисс байгуулагдаж, ажлын хэсэг бүртгэлээ хийж иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга, иргэдийн төлөөллөө сонгоод дууссан” хэмээн тайлбарлан маргасан.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус зааснаар захиргааны акт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус болох бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болох үр дагавартай юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийн тулд шүүхээс хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу сонгуульд оролцох эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолд илт хууль бусад тооцогдох эсэх, тодруулбал, тухайн багийн иргэн биш хүмүүс иргэдийн Нийтийн Хуралд оролцож сонгох, сонгогдох эрхтэй эсэх, энэ нь илт хууль бусад тооцогдох эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт өгөх замаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэх шаардлагатай.
2.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны дугаар сарын 27-ны өдөр “тухайн багийн Засаг даргыг сонгох талаар хамтран ажиллах” тухай 01/162 дугаар албан бичгийг бүх багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлд хүргүүлсэн ба тус сумын Дархан багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл 2025 оны дугаар сарын 28-ны өдөр 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад сургуулийн урлагийн танхимд Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 01 дүгээр тэмдэглэлийг үйлдсэн, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд Д.А******* Г.М*******ыг, Ж.Г******* Б.Б*******ыг Дархан багийн Засаг даргад нэр дэвшүүлж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд өрсөлдсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй.
2.4. Нэхэмжлэгчийн хувьд Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд нэр дэвшигдсэнээр түүний тус багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөх эрх хуулийн дагуу үүссэн байна.
2.5. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд 232 иргэн оролцсоноос 216 хүн саналын хуудас бөглөж, уг 216 саналын хуудас 100 хувь хүчинтэйд тооцогдсон төдийгүй Б.Б******* 107 /49.5%/ санал, Г.М******* 109 /50.5%/ санал авсны дагуу тухайн Хурал 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор Г.М*******ыг тус багийн Засаг даргаар томилуулахаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
2.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн”, 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32.5.2-т “асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж тус тус зааснаар шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага нь иргэдийн Нийтийн Хурал бөгөөд тус хуралд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй төдийгүй биеэр хүрэлцэн ирснээр асуудлыг шийдвэрлэхэд таслах эрх буюу саналыг эрхийг эдлэхээр хуульчилсан байна.
Гэтэл дээрх Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд Д хаягт бүртгэлтэй М.С, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багийн 6 хорооллын 24 байрны 86 тоот хаягт бүртгэлтэй П.А оролцож, Засаг даргыг сонгох санал хураалтад саналын эрхтэйгээр оролцсон болох нь иргэдийн ирцийн бүртгэл, саналын хуудас, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч М.Сын гаргасан “...Засаг даргыг сонгох санал хураалтад санал өгсан” гэх тайлбараар тогтоогдох бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ын хувьд 2 хүний саналын зөрүүгээр Г.М******* олонхын санал авсанд тооцогдсон, дээрх тухайн багийн иргэн биш М.С, П.А ын хувьд хэнд нь санал өгсөн гэдгийг шүүхийн зүгээс мэдэх болон тогтоох боломжгүй тул үүнийг багийн Засаг даргыг сонсох сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэхээр байна.
2.7. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “тухайн багийн иргэн биш хүн багийн Засаг даргаар сонгогдсон, сонгуулийн санал өгөх нэрсийн бүртгэл хаагдсаны дараа гаднаас нэмж МАН-ын гишүүн В.Д, Д.С, Ч.Б ыг оруулж санал өгүүлсэн” гэх үндэслэлийг шүүх дараах дүгнэлтийг хийж хүлээн аваагүй болно.
2.8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал тухайн багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү нэр дэвшигдсэн иргэний хувьд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагыг хангах ёстой.
Гуравдагч этгээд Г.М*******ын хувьд дээр дурдсан 4 шаардлагыг хангасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Боловсролын яамны Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын, Цагдаагийн ерөнхий газрын иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай, Монголын Татварын албаны иргэнд олгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолтуудаар тогтоогдлоо.
2.9. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах журмыг хуульчилсан бөгөөд 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах эрхтэй ба тухайн хүн олонхын санал авсан бол багийн иргэдийн Нийтийн Хурал тухайн багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхээр зохицуулсан болохоос багийн Засаг дарга нь заавал тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн байхыг шаардаагүй байна.
Хэргийн энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр болсон иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн иргэн Д.А******* дангаараа Г.М*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн, Г.М******* нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д зааснаар багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангасан тул гуравдагч этгээдийг багийн Засаг даргад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.
2.10. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.4-д “нэр дэвшигч нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан байх” гэж заасныг мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан багийн иргэдийн Нийтийн Хурлын зохицуулалттай уялдуулан үзэхэд тус Хуралд тухайн багийн иргэн биш сонгуулийн эрх бүхий иргэн саналын эрхгүйгээр оролцож, Засаг даргаар сонгогдох боломжтой эсэхийг судлан үзэхэд хуулийн үзэл баримтлалд энэ талаар ийвчлан тусгаагүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5.2, 64 дүгээр зүйлд заасныг системчлэн тайлбарлавал багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй, ийнхүү оролцсон тохиолдолд асуудал шийдвэрлэхэд таслах эрх эдлэх талаар зохицуулсан болохоос багийн иргэн биш сонгуулийн эрх бүхий иргэн оролцох эрхгүй гэж хуульчилаагүй төдийгүй Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, огцрох үндэслэлд энэ талаар зохицуулаагүй байна. Энэ бүхнээс дүгнэн үзвэл багийн Засаг даргад тухайн багийн иргэн байх хуулийн шаардлага тавигдаагүй байна гэж үзлээ.
2.11. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэн В.Д, Д.С, Ч.Б тухайн багийн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд оролцохдоо хуралдаан эхэлснээс хойш санал хураалт явагдахаас өмнө бүртгүүлж оролцож санал өгсөн болох нь тэдгээрийн өөрсдийн өгсөн гэрчийн мэдүүлэг, ирцийн бүртгэлээр тогтоогдож байна.
2.12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал өөрөө хуралдааны дэгээ тогтоох эрхтэй бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны дотоод журамд хуралдаан эхлэх үеийн бүртгэлээр саналын эрхийг хязгаарлаж, тухайн бүртгэгдсэн хүмүүс багийн Засаг даргыг сонгоход санал өгөх эрхтэй гэж тусгаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
2.13. Дээрхээс дүгнэн үзвэл багийн иргэдийн Нийтийн Хуралд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхийг тухайн Хурлын оролцогч буюу багийн сонгуулийн эрх бүхий иргэн эдлэхээр хуульд тодорхой заасан байхад үүнийг зөрчиж өөр багийн хүмүүс оролцуулж, уг эрхийг эдэлсний улмаас багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
3. Харин нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад дээрх дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус гэж үзсэн бөгөөд тухайн тогтоол Дархан багийн Засаг даргаар Г.М*******ыг томилуулахаар уламжилж шийдвэрлэсэн болохоос хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс шаардаагүй, Шарын гол сумын Засаг даргын өмнөөс нэхэмжлэгч тухайн үндэслэлийг гаргаж маргах эрхгүй, үүний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй төдийгүй Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын дугаар тогтоол нь тухайн үндэслэлд хамаарахааргүй байна.
4. “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн хувьд:
4.1. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “илт хууль бус багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гарсан учраас хүчингүй болох ёстой” хэмээн тайлбарлан маргасан бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол гуравдагч этгээдийн хувьд үүнийг эс зөвшөөрч маргасан.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үүний улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.
4.3. Анх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/16 дугаар захирамжаар Дархан багийн Засаг дарга Б.Б******* нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон гэх шалтгаанаар Б.Б*******ыг Дархан багийн Засаг даргын сонгууль хүртэлх хугацаагаар тухайн албан тушаалд түр томилсноор түүний Дархан багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх хуулийн дагуу үүсчээ.
4.4. Улмаар хариуцагч маргаж буй дугаар захирамжаар Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хурлын шийдвэр, дүнгээр Г.М******* нь Дархан багийн Засаг даргаар сонгогдсон гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4.5. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна:”, 10.1.1-д “төрийн улс төрийн албан тушаал”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 11.1.9-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер” гэж тус тус зааснаар бүх шатны Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах юм.
Хэдийгээр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын дугаар захирамж нь тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг үндэслэсэн, уг тогтоол нь дээр дүгнэсэнчлэн илт хууль бус боловч нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах төдийгүй тодорхой хугацаанд эрхэлдэг, тухайн үед Дархан багийн Засаг даргын сонгууль болсон, нэхэмжлэгчийн хувьд түр томилогдсон тул маргаан бүхий дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзэхээргүй байна.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
5. “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар нэр дэвшиж олонхын санал авч сонгогдсон, Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан хэлэлцээд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05/8301 дүгээр албан бичгээр тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй гэж дүгнэсэн гэх үндэслэлээр Г.М*******ыг Дархан багийн Засаг даргаар томилсон байна.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд хэргийн энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоол нь илт хууль бус ба гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул түүнийг үндэслэн гарсан хариуцагчийн 2025 оны дүгээр захирамж хууль бус юм.
5.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны дугаар тогтоолыг хүлээн аваад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/205 дугаар албан бичгээр гуравдагч этгээдийг Дархан багийн Засаг даргаар томилохоос татгалзаж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулж ажиллах талаар тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн байх бөгөөд тус иргэдийн Нийтийн Хурлын дарга 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “...хуралд оролцсон иргэдээс гомдол, санал гаргаагүй бөгөөд хуулийн хүрээнд зохион байгуулагдсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах үндэслэлгүй” хэмээх хариуг түүнд буцаан хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
5.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно”, 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно”, 56.8-д “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ”, 56.9-т “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж сумын Засаг даргад уламжлах бөгөөд сумын Засаг дарга нэг удаа томилохоос татгалзах эрхтэй, ийнхүү татгалзсан тохиолдолд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал дахин хуралдаж олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тохиолдолд сумын Засаг дарга ажлын таван өдрийн дотор томилох үүрэг хүлээхээр хуульчилжээ.
Энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзээд Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор багийн Засаг даргаар Г.М*******ыг томилуулахаар нэр дэвшүүлснийг хүлээн аваад томилохоос татгалзсан атлаа дахин хуульд заасан журмын дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг хийгээгүй байхад маргаж буй 2025 оны дүгээр захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна.
5.5. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хариу өгснийг багийн Засаг даргыг томилуулахаар дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын тайлбарлаж буйгаар тооллогын комисс тогтоол гаргасан, иргэдээс өргөдөл, гомдол гаргаагүй тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурал дахин нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахгүй гэх зохицуулалт хуульд байхгүй төдийгүй хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...дээд шатны Засаг даргын буюу аймгийн Засаг даргын албан шаардлага, шахалтаар уг захирамжийг гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
5.6. Дээрх хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хууль, журмын дагуу өрсөлдөх эрхийг зөрчсөн тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч Б.Б*******ын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй бол түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга өөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ч энэ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Б*******ын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тус бүр 35 100 төгрөгийг гаргуулан Б.Б*******д олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
8. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр захирамжаар Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, тус сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, энэ тухай баримтыг хэрэгт үйлдэн хавсаргасан байна.
8.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн хувьд шүүгчийн туслах шүүх хуралдаанаас өмнө түүнтэй холбогдох гэхэд утас нь холбогдох боломжгүй,
түүний туслахаар дамжуулан шүүх хуралдаан эхлэх гэж байгаа талаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт болон түүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамж хүчингүй, мөн сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоол илт хууль бус болох бөгөөд хариуцагчаас ямар нэгэн эрх зүйн акт гаргах шаардлагагүй юм.
Харин Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурал тухайн багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн хийхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.5, 32.5.2, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 56.5, 56.7, 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Б.Б*******ын Дархан0-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас тус бүр 35 100 төгрөгийг гаргуулан Б.Б*******д олгосугай.
3. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлалыг Үндэслэх хэсгийн 9-д тусгасан болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ