| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00267/и |
| Дугаар | 150/шш2025/00224 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 150/шш2025/00224
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: ********* хот ******** дүүрэг, *****тоотод байрлах, ********ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймгийн ******* сумын ********оршин суух, ****** овогт Б.Б /РД:********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,120,607.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,906,800/ Нэг сая есон зуун зургаан мянга найман зуу/ төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 614 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, ээлийн хүүгийн төлбөрт зорчил үүсгэсэн. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нь байгуулсан Санхүүгийн прээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 3,120,607.82 / Гурван сая нэг зуун хорин мянга зургаан зуун долоон төгрөг наян хоёр мөнгө / төгрөг гаргуулахаар Нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,120,607.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ***** нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ****** нь *******ХХК-иас 3,120,607.82 төгрөгийн зээлийг авсан. 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,120,607.82 төгрөгийг төлж дуусгах хүсэлтэй байна...” гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*********ХХК-ийн нэхэмжлэлтэй ********холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж заасан.
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй *********холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,120,607.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 32,440 төгрөгийг хариуцагч, улсын орлогоос 32,440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*****ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 3,120,607.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ****нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,120,607.82 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 32,440 төгрөгийг хариуцагч ********, улсын орлогоос 32,440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА