| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2208016541128 |
| Дугаар | 2024/ДШМ/463 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/463
2024 04 18 2024/ДШМ/463
Ө.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208 01654 1128 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
......... овогт Ө.Д, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ......... мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ................................................. тоотод оршин суух хаягтай, /РД: ...................../,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 7 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 82а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 82а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 12 хоногийн хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 13 хоног хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн;
Шүүгдэгч Ө.Д нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ........................ тоотод иргэн Ч.Ц-тэй “цагдаа дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Д-ээс 2.786.606 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ц-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Ц эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-гийн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэн гомдол гаргаж байна. Үүнд: гэрчийн мэдүүлгүүд хэрэгт үнэн зөвөөр ороогүй, хэт нэг талыг баримталсан гэж бодож байна. Хохирогч гэх Ч.Ц нь биеэ хамгаалах чадваргүй жирэмсэн /5 сартай/ эмэгтэй хүнийг шөнийн цагаар удаа дараа гэрт нь орж ирсэн, түүнчлэн энэ хүнийг эрсдэлээс хамгаалан гаднаас нь цоожилж гарсан байхад гэрийн тооноор нь гялгар уутаар хийсэн рамыг урж орж ирэн хүчирхийлэл үзүүлсэн байхад энэ тухай ямар ч мэдүүлэг байхгүй. Мөн манай эхнэр А-гийн өгсөн мэдүүлгүүд нь алга болсон буруу мэдүүлэг орсон зэрэг болно. Би хохирогч гэх Ч.Ц ямар зорилготой эзгүй хойгуур ингэх болов гэж асуухаар гэрт нь ороход архи ууж сууж байсан бөгөөд миний өөдөөс хутга барин агсарч муудалцахад намайг зориудаар зэвсэг барин орж санаатайгаар гэмтэл учруулсан мэтээр мэдүүлгүүд авагдсан зэрэгт гомдолтой байна. Хохирогч Ч.Ц-д хохирлыг барагдуулах гэж өөрийнхөө боломжоор 480.000 төгрөг өгсөн ба цаашид өгнө гэж бодож байсан. Ч.Ц өөрийнх нь гэрч болох Б-д хашаа байшингаа зараад сураггүй болсон. Би үүнийг өөрийн гэм буруутай үйлдлээсээ зугтаасан гэж боддог.
Миний амьдралын хувьд ээж өндөр настай асаргаанд байдаг. Эхнэр А-гийн ээж мөн 4 хүүхэдтэй нь ........ аймагт амьдардаг бөгөөд бид хоёр барилгын ажил хийж эдгээр хүмүүсээ тэжээдэг байсан. Би урьд нь амьдрал зохиож яваагүй бөгөөд анх удаа айл болж эхнэр маань жирэмсэн болж үр хүүхэдтэй болно гээд өөдрөгөөр бодож явсан. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхнэр А төрж, охинтой болсон. Би энэ өдөр хүртэл барилгын ажил хийж, гэр бүл болон бусад хүмүүсээ авч явж нэмэр тус болж ирсэн. Энэ хооронд ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. Би өөртөө тохирсон ял шийтгэл авахад гомдолгүй бөгөөд миний амьдралын байдал, сая төрсөн охины минь ирээдүйн хувь заяаг бодож, та бүхэн хэргийг дахин хянаж, таарах зүйл, хэсгээр мөрдөн шалгаж өгөхийг хүсэж байна. ... Би анхан шатны шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулж, дахин мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Хохирогч Ч.Ц-гийн өмгөөлөгч хэт нэг талыг барьж, хийсвэрээр дүгнэж, намайг буруутгасанд гомдолтой байна. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Д-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ө.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогч Ч.Ц гэр лүү нь зөвшөөрөлгүйгээр удаа дараа нэвтэрч, эхнэр нь ганцаараа байхад айлгасан. Түүнийг шаардлага тавьж гаргасан боловч хаалгыг нь эвдэж, дахин орж ирдэг байсан. Хохирогчийн энэ үйлдэл нь бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрч, дураараа авирлах гэмт хэргийн шинжтэй тул шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Ч.Ц-г “Цагдаа дуудлаа” гэх шалтгаанаар хайж явсаар гэрт нь орж 3 удаа хутгалж хүнд гэмтэл, мөн хөөж очиж нүүрэн тус газарт нь өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ө.Д нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж оролцсон. Мөн тэрээр “намайг эзгүйд эхнэрийг маань оролдсон” гэж мэдүүлдэг боловч тогтоогддоггүй. Гэм буруугийн талаар маргадаг бөгөөд хохирол төлбөр нөхөн төлөөгүй. Шүүгдэгч Ө.Д нь шүүхийн шатанд оргон зайлж, хэргийг түдгэлзүүлж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, тэнсэн харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ө.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ө.Д нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ............. тоотод иргэн Ч.Ц-тэй “цагдаа дуудлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Ц-гийн “... Тэр залуу чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд намайг зодох гээд байхаар нь барилцаж аваад байтал хойд нуруу руу нэг юмаар хатгах шиг болохоор нь түлхэж гэрээсээ гараад урд айл руугаа гүйхэд нөгөө залуу араас гүйж ирээд ахиад нэмж ар нуруу руу хоёр гурван удаа бүлсэн. Тэгээд би цаашаа зугтаагаад явсаар байгаад нөгөө урд айлынхаа гадаа очоод ухаан алдаад уначихсан. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Миний ар нуруу руу 3-4 удаа хутгалсан. Тархи толгой руу өшиглөсөн гэж намайг эмнэлэгт байхад манай урд айлын ах надтай утсаар ярихдаа хэлсэн. Миний толгой хавдчихсан байсан. ...” /1 хх 56-58/,
гэрч Н.Б-гийн “... Манай хойд айлд зодоон болж байгаа мэт түжигнэлдээд явчихсан. Удалгүй манай хөрш айлын залуу Ц нь манай хашаа даваад хүнээс зугтаж байгаа мэт ороод ирсэн. Тэгээд яг манай гэрийн үүдэнд уначихсан ба араас нь нэг үл таних залуу гүйж ирээд нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөхөөр нь би болиулсан. Тэгтэл нөгөө залуу “Ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгчих” би наад залууг чинь хутгалчихсан гээд том балиус гаргаж ирж харуулчихаад зугтаад алга болсон. ...” /1 хх 67-68/,
гэрч Б.А-гийн “... Нөгөө эрэгтэй манай нөхрийг цагдаа нар авч явахыг нь хараад зогсож байсан. Тэгээд би гэртээ орж ирээд орон дээрээ унтаж байтал нөгөө эрээн өнгийн хувцастай эрэгтэй манай гэрт удалгүй орж ирэхээр нь би “та яах гэж манай гэрт орж ирсэн юм бэ” гэж хэлтэл нөгөө эрэгтэй юу ч хэлэхгүй суугаад байсан. Тэгэхээр нь би Б ахыг дуудаад нөгөө эрээн хувцастай эрэгтэйг гэрээс хөөж явуулсан. Тэгээд би Б ахад гэрийн гаднаас цоожилчих би гэртээ унтлаа гэж хэлээд гаднаасаа цоожлуулаад унтаж байтал шөнийн 23-24 цагийн үед миний гараас хүн татахаар нь би гайхаад сэртэл нөгөө эрээн өнгийн хувцастай эрэгтэй гэрт ороод ирчихсэн байсан. Тэгэхээр нь би босоод та хаанаас орж ирсэн юм гээд гэрийнхээ хаалгыг очиж үзтэл манай гэрийн хаалга гаднаасаа цоожтой байсан улмаар би гэр дотроос “Б ах аа” гээд орилтол удалгүй Б ах гаднаас орж ирээд нөгөө эрэгтэйг гэрээс хөөж явуулсан. Тухайн үед нөгөө эрэгтэй нэлээд согтуу байсан санагдаж байна. Тэгээд гэрээс Б ах хөөж гаргасны дараа би Б ахаас яаж гэрт орж ирсэн юм бол гэж асуутал тооно руу хараад “гэрийн чинь тоононы хулдаас урагдсан байна, тооноор чинь орж ирсэн юм байна” гээд гэрийн янданг сугалж аваад гэрийн өрхийг бүтээгээд гаднаас цоожлохоор нь би унтаад өгсөн. Өглөө 07 цагийн үед Б ах манай гэрийн хаалгыг онгойлгочихлоо гээд надад хэлсэн. Улмаар би удалгүй босож гэрээ цэвэрлэж байтал нөгөө эрээн хувцастай эрэгтэй манай гэрт юм хэлэлгүй орж ирээд суучихсан. ... Тэгээд байж байтал Б ах орж ирээд нөгөө ахыг дээд гэрээс хөөж гаргасан. Манай гэрт архи уух гэж орж ирсэн өдөр манай нөхөртэй архи ууж нэрээ Ц гэж хэлж байсан. ...” /2 хх 2-4/,
гэрч Ө.Б-гийн “... Гэртээ ороод 20-30 минут болсны дараа гэрээсээ гарч бие засах гэхэд Д-гийн гэрт хүмүүс дуугараад байх шиг болохоор нь гэрт нь ортол А-тай өмнө нь хамт архи ууж байсан залуу ирчихсэн хамт архи уугаад сууж байхаар нь би “одоо та нар архиа боль” гээд нөгөө залууг нь гэрээс нь гаргачихаад буцаж Д-гийн гэрт нь орж ирээд А-г “чи одоо унтаж амар” гээд гэрийнх нь гаднаас цоожилчихоод гэртээ ороод цаг гаран болж байтал Д-гийн гэрт дахин хүн дуугараад байх шиг болохоор нь би гарч Д-гийн гэрийг нь онгойлготол нөгөө залуу мөн ирчихсэн орон дээр суучихсан, А гэрийнхээ үүдэнд сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод дахин нөгөө эрэгтэйг гэрээс нь хөөж гаргасан. Тэгээд гэрийнх нь өрхийг бүтээчихээд гэртээ орж унтсан. Улмаар өглөө 06-07 цагийн үед би сэрээд Д-гийн гэрийнх нь хаалгыг онгойлгоод гэртээ орж байж байгаад ажилдаа явах гээд гарах үед нөгөө эрэгтэй дахин Д-гийн гэрт орж ирээд гэрийнх нь баруун талын орон дээр нь сууж байсан ба А сэрчихсэн гэрээ цэвэрлээд байж байсан. Тэгээд би тэр эрэгтэйг “чи яах гээд дахин дахин айлд орж ирээд байгаа юм, одоо гар” гээд хашаанаас хөөж гаргаад удалгүй ажилдаа явсан. ...” /1 хх 236-239/,
гэрч А.Т-гийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний бие Бүргэд 112 дугаар чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ... 2 удаагийн өөр өөр утгатай дуудлага мэдээлэл ирсэн. ... Улмаар уг тоотод ирээд ... иргэн Б гэх хүнтэй уулзахад “Ц гэх залууг хутгалсан зүс таних эрэгтэй “ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгчих, би наад залууг чинь хутгалчихсан юм” гэж хэлээд том балиус гаргаж ирээд харуулчхаад зугтаачихлаа” гэж хэлсэн ба Ц гэх иргэнийг хутгалсан хүнийг “өмнө нь нэг удаа харж байсан туранхай залуу байна лээ манай энэ хавьд гэр нь байдаг байх” гэж хэлсэн. ... хутгалсан гэх эрэгтэй цагдаа ирэх сургаар зугтаачихсан байсан ба хутгалуулсан гэх иргэн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Мөн цус алдаж байсан тул түргэн ирээд яаралтай авч явсан. ...” /1 хх 232-233/,
гэрч З.Н-ийн “... Намайг сахихаар очиход манай нөхөр Ц ухаантай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “Д-г эхнэртээ агсам тавьж байхыг нь хараад цагдаа дуудаж өгснөөс болж Д маргааш намайг гэрт байхад орж ирээд ар нуруу руу 2-3 удаа хутгалсан” гэж хэлсэн. ...” /1 хх 243-244/,
шинжээч С.Э-гийн “... Ч.Ц-гийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сегментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мэс заслын тэмдэглэл болон хэрэгт хавсаргасан явцын зургаас харахад уг шархаар 8-р хавирганы хугарал харагдах ба уг хутгалагдсан шарх болон хавирганы хугарал нь нэг удаагийн хүчин зүйлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой гэж үзэж болно. ...” /1 хх 224-225/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ч.Ц-гийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 9-р сигментэд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цус алдалтын шок, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 8-р хавирга, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7299 дугаартай дүгнэлт /1 хх 82-83/,
хохирогч Ч.Ц-гийн өвчний түүхийн хуулбар /2 хх 9-37/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-7/, мэс заслын тэмдэглэл /1 хх 217-221/, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 228-229/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Д-гийн хохирогч Ч.Ц-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ө.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ө.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол бүрэн төлж барагдуулаагүйг болон түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Шүүгдэгч Ө.Д-ээс “... Энэ гэмт хэрэгт хохирогч Ч.Ц-гийн буруутай үйлдэл байгаа тул хэргийг дахин шалгуулахаар буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч Ч.Ц, гэрч Н.Б, А.Т нарын мэдүүлгүүдээр гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаар тогтвортой мэдүүлсэн байх ба уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч буруутай гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Д-гийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Д-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ө.Д нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ........... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР