| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0033/З |
| Дугаар | 111/ШШ2025/0040 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 111/ШШ2025/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Жинст сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/40 дугаар захирамжаар томилогдсон.
******* нь Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар Биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдон ажиллаж байгаад тус газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Жинст сумын Засаг даргын Тамгын газрын биеийн тамирын арга зүйчээр шилжин ажилласан. *******ад 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалаар “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журам”-ын 2.1-д “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна.” гэж заасныг үндэслэн 5 жилийн тэтгэмж олгосон.
Гэвч Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас “...Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна гэсэн заалтыг зөрчсөн...” гэж үзэж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоосон.
Актад гомдол гаргасны дагуу Үндэсний аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/356 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Танай тогтоосон төлбөрийн актад дурдсан "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.1-т заасан "Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна." гэх үндэслэл нь илэрсэн зөрчилд тохирох зохицуулалт биш байх тул төлбөрийн актын тус алдааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу засаж, дахин хүргүүлэх нь зүйтэй байна.” гэсэн хариуг ирүүлсэн.
Тус албан бичгийн дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэгч аудитор ******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” А/04 дугаар тушаалыг гаргаж, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын хууль, эрх зүйн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/111 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь тус актыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудитор *******, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудитор ******* нарт тус тус хандаж гомдол гаргасан. Үндэсний Аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 04/1832 дугаар албан бичгээр “... хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул таны гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс иргэн *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Жинст сумын 5-р багийн иргэн ******* нь Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 1 сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар Биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдон ажиллаж байгаад тус газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Жинст сумын Засаг даргын тамгын газарт тус албан тушаал, ажлын байрыг харьяалуулснаар шилжин ажилласан.
******* нь Жинст сумын Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр 10 жил ажиллахдаа 2013 оны 1 сарын 02-ны өдрөөс хойш 2021 оны 06 сарын 01 хүртэл 8 жил 6 сар тасралтгүй ажилласан.
Харин 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын цалингүй чөлөөг сумын Соёлын төвийн даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар авсан.
Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д “Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.” гэж заасан.
Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журам”-ын 2.1-д “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна.” гэсний дагуу *******ад 5 жилийн тэтгэмж олгосон.
Гэтэл Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар “...Спортын арга зүйч ******* нь 2021 оны 06 сараас 11 сар хүртэл Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан байхад Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.000 төгрөг олгосон байна.
Энэ нь Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн...” гээд тус төгрөгийг төсвийн захирагчаар төлүүлэх, биелэлтийг хангуулахыг сумын Соёлын төвийн эрхлэгч, нягтлан бодогч нарт даалгасан байна.
Энэхүү актын улмаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Учир нь ******* нь Жинст сумын Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр 10 жил ажиллахдаа 2013 оны 1 сарын 02-ны өдөр томилогдсоноосоо хойш 2021 оны 06 сарын 01 хүртэл тасралтгүй 8 жил 6 сар ажилласан.
Энэ нь Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 1.1, 1.3.орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ.
1.4.Энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно.
Мөн 2 дугаар зүйлийн 2.1-д “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа.
Түүнчлэн 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөөг авсан байгаа нь тус ажлын байрны хөдөлмөрийн гэрээ цуцалсан, дуусгавар болсон, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан гэсэн ойлголт биш, харин хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа ойлголт тул дээрх журмын 1.5-д “Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй.” гэсэн заалтад хамааралгүй юм.
Харин Журмын 1.5 дахь заалт нь энэхүү журамд тэтгэмж олгох болзол, шаардлагыг хангасан байгаа 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хүмүүст үйлчлэхээр тусгасан байх тул энэ нь *******ад хамааралтай байна гэж ойлгож байна.
******* нь Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар *******ын хариуцан ажиллаж байсан спорт заалыг сумын ЗДТГ-ын мэдэлд шилжүүлснээр сумын Засаг даргын тамгын газрын харьяанд уг албан тушаал, орон тоо шилжин үргэлжлүүлэн ажилласан.
Энэхүү төлбөр тогтоосон актад үндэслэл болгосон “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журам”-ын 2.1-д заасны дагуу *******ад 5 жилийн тэтгэмж олгосон нь ажилд томилсон, чөлөө авсан, шилжүүлсэн тушаалууд, НДШ төлсөн лавлагаагаар бүрэн нотлогдож байхад төлбөр тогтоож байгаа нь нотлох баримт, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй, хууль буруу хэрэглэж иргэний эрхийг зөрчсөн.
Хоёр. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3.Төлбөрийн акт тогтоох нийтлэг үндэслэлийг,
10.1-т Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийг актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж тус тус заасан.
Маргаан бүхий дээрх захиргааны актад гомдол гаргасны дагуу Үндэсний Аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/356 дугаар албан бичгээр “...танай тогтоосон төлбөрийн актад дурдсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2.1-т заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсоноос өдрөөс хойш тасралтгүй 5 жил /60 сар/ ажилласан байна.” гэх үндэслэл нь илэрсэн зөрчилд тохирох зохицуулалт биш байх тул төлбөрийн актын тус алдааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу засаж, дахин хүргүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
Үүний дагуу Баянхонгор аймаг дахь Аудитын газрын ерөнхий аудитор, аудитор нар нь тус газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актад /эхний акт/“...Спортын арга зүйч ******* нь 2021 оны 06 сараас 11 сар хүртэл Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан байхад Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.000 төгрөг олгосон байна.
Энэ нь Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн...” гэж үндэслэсэн үндэслэлээ шууд утга, агуулгаар нь өөрчилж,
...Жинст сумын Соёлын төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар биеийн тамирын арга зүйч *******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон сумын ЗДТГ-т Засаг даргын орлогчоор шилжүүлсэн байхад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.500 төгрөгийг олгосон байна.
Энэ нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх заалт, Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4-т “энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэж өөрчилж, өмнөх актын огноо, дугаарыг хэвээр бичсэн байна.
Үүнээс хараад дүгнэхэд:
1.Төлбөр тогтоосон эхний актад үндэслэл болгосон Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2.1-т заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсоноос өдрөөс хойш тасралтгүй 5 жил /60 сар/ ажилласан байна ” гэх заалтыг ******* нь бүрэн хангаж байгаа томилогдсоноос хойш 8 жил 6 сар тасралтгүй ажилласан энэ нь томилогдсон тушаал, НДШ төлсөн лавлагаагаар нотлогдоно.
2.Дараагийн засварласан актад үндэслэл болгосон Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4-т “энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно” гэснийг ******* нь бүрэн хангаж байгаа.
Энэ заалтад ...Соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан хүнд хамааралтай, бас ажиллаж байгаа хүнд хамааралтай гэсэн 2 утгатай байхад аудитор хэт нэг талыг барьж, ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүнд тэтгэмж олгосон нь буруу гэж үзэж байгаа нь хууль, журмыг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна.
3.Түүнчлэн Сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар *******ын хариуцан ажиллаж байсан спорт заалыг сумын ЗДТГ-ын мэдэлд шилжүүлснээр сумын ЗДТГ-ын харьяанд шилжин үргэлжлүүлэн ажилласан болохоос тэрээр сумын Засаг даргын орлогчоор шилжин ажиллаагүй, гэтэл тус актад ташаа, буруу мэдээлэл бичсэн.
4.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд Захиргааны актын илэрхий алдааг засах талаар тусгасан бөгөөд 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.”, гэж заасан бөгөөд уг зохицуулалтаар тавигдаж буй гол шаардлага нь захиргааны актын бичилт болон түүнтэй адилтгаж болох өөр бусад илэрхий алдааг засахдаа актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засах эрхийг хуульчилсан байна.
Гэтэл Баянхонгор аймаг дахь Аудитын газрын ерөнхий аудитор, аудитор нар нь тус газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актад өөрчлөлт оруулахдаа өмнөх актын ...тасралтгүй 5 жил ажиллагаагүй чөлөө авсан байхад тэтгэмж олгосон гэсэн Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн... гэсэн үндэслэлээ, ...ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр байгууллагад ажилд орсон байхад нь тэтгэмж олгосон гэж өмнөх актад огт дурдагдаагүй, шинэ үндэслэл гаргаж, ... Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1,4-т дэх заалтыг зөрчсөн гэж актын үндсэн зохицуулалтыг өөрчилсөн.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан ...захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр... өөрчлөх гэснийг ноцтой зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу аудитор шийдвэр гаргахаасаа өмнө уг шийдвэрийн үндэслэл болсон нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагааг бүрэн хангалттай хийгээгүй.
5. Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторт гомдол гаргаснаар аймгийн Аудитын газраас өмнөх актадаа засвар оруулж, он, сар, өдөр, дугаарыг нь хэвээр бичиж, хүргүүлснийг би 3 сарын 14-нд хүлээн авсан, уг актыг эс зөвшөөрч гомдол гаргаж Үндэсний аудитын газрын бичиг хэргийн ажилтантай 96643773 дугаарын утсаар холбогдож, түүний өгсөн ******* цахим хаягаар гомдлыг 2025 оны 4 сарын 10, 18-ны өдөр хүргүүлэхэд бичиг хэргийн эрхлэгч хүлээж авсан, цаасаар явуулах шаардлагагүй тухай хариу хэлсэн. Гэтэл тус газраас хугацаа хэтэрсэн байна гэсэн 2025.05.27-ны өдрийн 04/1832 тоот албан бичгийг 6 сарын 02-ны өдөр хүлээж авсан. Үндэсний аудитын газраас ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй болно.
Иймд, Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож, миний эрх ашгийг сэргээж өгнө үү..” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8.9.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Жинст сумын Соёлын төвийн 2023 оны санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийж, дүнгээр нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* дугаартай "Төлбөр барагдуулах тухай" акт тогтоосон.
Нэхэмжлэгчийн зүгээс ******* нь өөр байгууллагад шилжээгүй, харин зөвхөн харьяалал өөрчлөгдөн ажилласан гэж үзэж буй боловч энэ нь үндэслэлгүй байна. Тухайлбал Жинст сумын Соёлын төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалын гарчиг нь: "Биеийн тамирын арга зүйч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" гэж нэрлэгдсэн бөгөөд тушаалын "үндэслэл" хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтуудыг тусгаж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохыг хууль, эрх зүйн үндэслэлтэйгээр илэрхийлэгдсэн байна.
Нэхэмжлэлд дурдсан "тушаалын дагуу байгууллагын харьяалал өөрчлөгдсөн ч албан тушаал хэвээр үргэлжилсэн" гэдэг нь албан ёсны томилгоо, хуульд нийцсэн хөдөлмөрийн үргэлжилсэн харилцааг нотлох үндэслэл биш юм.
******* нь дээрх тушаалын дагуу Сумын Соёлын төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, дараа нь Сумын Засаг даргын Тамгын газарт томилогдон ажилласан нь соёлын салбарт хамаарахгүй Төрийн өөр байгууллагад хамаарч байна.
Энэ нь Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.3 дахь хэсэгт заасан "соёлын байгууллага дотор, эсхүл соёлын байгууллага хооронд шилжин, сэлгэн ажилласан бол түүний хугацааг тасралтгүйд тооцно" гэсэн зохицуулалтад хамрагдахгүй болно.
Иймд ******* нь соёлын байгууллагын дотоод сэлгэн томилгоонд хамрагдаагүй, харин нэг байгууллагаас өөр байгууллагад хөдөлмөрийн харилцаа шинээр эхлүүлсэн нөхцөл бүрдсэн тул энэхүү хөдөлмөрийн өөрчлөлт Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 1.4 дахь хэсэгт заасан "...тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно." гэсэн заалтад нийцэхгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Мөн нэхэмжлэлд актад дурдсан "Засаг даргын орлогчоор шилжин ажилласан" гэх мэдээлэл нь буруу байсан, тухайн нөхцөл байдлыг танилцуулалгүй, эрх ашгийг нь зөрчсөн гэж үзэж байгаа.
Иргэн ******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт гомдол гаргасан бөгөөд түүнийг үндэслэн Үндэсний аудитын газар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/356 дугаар албан бичгээр төлбөрийн актын илэрхий алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг үндэслэн засах чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Соёлын төвийн эрхлэгч *******, нягтлан бодогч *******, иргэн ******* нарт "Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас" хүргүүлж, оролцогчдыг тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэх боломжийг олгосон. Соёлын төвийн эрхлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр утсаар сонсох ажиллагаанд оролцож, иргэн ******* нь биечлэн ирэх боломжгүй гэсэн тул утсаар холбогдон мэдээлэл өгсөн ба тодорхой хариу тайлбар ирүүлээгүй болно. Иймд аудитын байгууллага нь оролцогчдод мэдээлэх хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн болно.
Нэхэмжлэгчийн зүгээс Төлбөрийн актад "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.1-т үндэслэсэн байсан ч, дараа нь Соёлын тухай хуулийн 33.9 болон журмын 1.4-ийг үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд нийцэхгүй гэж үзсэн.
Гэвч энэ нь илэрхий бичилт, томьёоллын шинжтэй алдааг зассан үйлдэл байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар захиргааны байгууллага актыг өөрчлөлгүйгээр ийм засвар хийх эрхтэй. Тодруулбал, Төрийн аудитын байгууллагаас гаргасан төлбөрийн актын гол утга болох "соёлын ажилтанд олгох тэтгэмж авах шалгуур хангаагүй албан тушаалтанд тэтгэмж олгосон, энэхүү зөрчлийг буруутай шийдвэр гаргасан төсвийн шууд захирагчаар төлүүлэх тухай утга өөрчлөгдөөгүй, зөвхөн хэрэглэсэн хууль, журмын үндэслэлийг илүү нарийвчилж, хуульд нийцүүлэн тодруулсан болно.
Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Жинст сумын 5-р багийн иргэн ******* би Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 1 сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар Биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдон ажиллаж байгаад тус газрын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 6/01 дүгээр тушаалаар Жинст сумын ЗДТГ-т тус албан тушаал, ажлын байрыг харьяалуулснаар шилжин ажилласан байдаг.
Би Жинст сумын Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр 10 жил ажиллахдаа 2013 оны 1 сарын 02-ны өдрөөс хойш 2021 оны 06 сарын 01 хүртэл 8 жил 6 сар тасралтгүй ажилласан, 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын цалингүй чөлөөг сумын Соёлын төвийн даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар авсан.
Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх заалт, Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Орон нутгийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журам"-ын 2.1-д "Соёлын ажилтан орон нутгийн Өмчийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 cap) ажилласан байна." гэсний дагуу ******* надад 5 жилийн тэтгэмж олгосон.
Гэтэл Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/40570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актаар "... Спортын арга зүйч ******* нь 2021 оны 06 сараас 11 сар хүртэл Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан байхад Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.000 төгрөг олгосон байна. Энэ нь Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн..." гээд тус төгрөгийг төсвийн захирагчаар төлүүлэх, биелэлтийг хангуулахыг сумын Соёлын төвийн эрхлэгч, нягтлан бодогч нарт даалгасан байна.
Энэхүү актын улмаас миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Учир нь миний бие Жинст сумын Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр 10 жил ажиллахдаа 2013 оны 1 сарын 02-ны өдөр томилогдсоноосоо хойш 2021 оны 06 сарын 01 хүртэл тасралтгүй 8 жил 6 сар ажилласан.
Энэ соёлын соёлын Орон нутгийн өмчийн байгууллагын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 1.1, 1.3. Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ.
1.4. Энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно.
Мөн 2 дугаар зүйлийн 2.1-д "Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна" гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа.
Түүнчлэн 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөөг авсан байгаа нь тус ажлын байрны хөдөлмөрийн гэрээ цуцалсан, дуусгавар болсон, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан гэсэн ойлголт биш, харин хөдөлмөрийн гэрээ үргэлжлээд явж байгаа ойлголт тул дээрх журмын 1.5-д "Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй." гэсэн заалтад хамааралгүй.
Харин Журмын 1.5 дахь заалт нь энэхүү журамд тэтгэмж олгох болзол, шаардлагыг хангасан байгаа 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хүмүүст үйлчлэхээр тусгасан байх тул энэ нь надад хамааралтай гэж ойлгож байна.
Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар миний хариуцан ажиллаж байсан спорт заалыг сумын ЗДТГ-ын мэдэлд шилжүүлснээр сумын ЗДТГ-ын харьяанд уг албан тушаал, орон тоо шилжин үргэлжлүүлэн ажилласан.
Энэхүү төлбөр тогтоосон актад үндэслэл болгосон "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журам"-ын 2.1-д "Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна." гэсний дагуу надад 5 жилийн тэтгэмж олгосон нь ажилд томилсон, чөлөө авсан, шилжүүлсэн тушаалууд, НДШ төлсөн лавлагаагаар бүрэн нотлогдож байхад төлбөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Маргаан бүхий дээрх захиргааны актад гомдол гаргасны дагуу Үндэсний Аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/356 дугаар албан бичгээр "...танай тогтоосон төлбөрийн актад дурдсан "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын 2.1-т заасан "Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил 160 сар/ ажилласан байна." гэх үндэслэл нь илэрсэн зөрчилд тохирох зохицуулалт биш байх тул төлбөрийн актын тус алдааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу засаж, дахин хүрүүлэх нь зүйтэй" гэжээ.
Үүний дагуу Баянхонгор аймаг дахь Аудитын газрын ерөнхий аудитор, аудитор нар нь тус газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/A0570240/БНА-2024/19/HA-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актад /эхний акт/ ”...Спортын арга зүйч ******* нь 2021 оны 06 сараас 11 сар хүртэл Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан байхад Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.000 төгрөг олгосон байна.
Энэ нь Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна, гэсэн заалтыг зөрчсөн..." гэсэн үндэслэлээ шууд утга, агуулгаар нь өөрчилж,
...Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/01 дүгээр тушаалаар биеийн тамирын арга зүйч *******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон сумын ЗДТГ-т Засаг даргын орлогчоор шилжүүлсэн байхад 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.500 төгрөгийг олгосон байна.
Энэ нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.4-т "энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно" гэсэн заалтыг зөрчсөн байна." гэж өөрчилж, өмнөх актын огноо, дугаарыг хэвээр бичсэн.
Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/40570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай актад гомдол гаргасны дагуу өмнөх актын хуулийн заалтуудыг шууд өөрчилж дахин шинэ актыг өмнөх актын он, сар, өдөр, дугаар адилаар бүтэн жилийн дараа засварлаж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, мөн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа процессын алдаа гаргаж иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нийтээр дагаж мөрдөх журмын заалтуудыг хэт нэг талыг барьж буруу хэрэглэж байгаа нь хууль бус.
Иймд, Баянхонгор аймаг дахь Аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/40570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж ,Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА/-СТА-ТШ3 дугаартай актаар хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1.Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА/-СТА-ТШ3 дугаартай актаар Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын дагуу *******ад мөнгөн тэтгэмж олгосныг буруу гэж үзээд төсвийн захирагч болох Соёлын төвийн эрхлэгчээр нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Энэ актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргахдаа:
Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/111 тоот албан бичгээр /хх 52-55/ тус газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай актыг Баянхонгор аймгийн Жинст сумын Соёлын төвийн эрхлэгч ******* 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан гэв. Энэ нь Аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25/08 дугаар албан бичиг /хх134-136/, гэрчийн мэдүүлэг /хх123-125/ холбогдох бусад баримт /хх121/ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс харагдаж байна.
3.Нэхэмжлэгч нь тус актыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт хандаж, бичиг хэргийн ажилтны odmaaа@audit.gov.mn цахим хаягаар гомдлыг 2025 оны 4 сарын 10, 18-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн болох нь шүүхээс нэхэмжлэгчийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх105-107/ баримт /хх108-113/ нэхэмжлэгчийн тайлбар, түүнд хавсаргасан баримт/ хх116-122/ зэргээр нотлогдож байна.
Үүний дагуу Үндэсний аудитын газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/1832 тоот албан бичгээр /хх16/ хариу өгснийг нэхэмжлэгч 2025 оны 6 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл /хх1-5/ гаргажээ.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... ...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
5.Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар нь 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА/-СТА-ТШ3 дугаартай актыг он, сар, өдрийг өөрчлөхгүйгээр 2 удаа гаргасан байна. Эхний актыг гаргахдаа Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2.1-д заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил /60 сар/ ажилласан байна.” гэх заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргажээ.
Нэхэмжлэгч “...Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 1 сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар /хх149/ ******* нь Биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар чөлөө авч /хх13/ улмаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар /хх12/ Соёлын төвөөс Засаг даргын Тамгын газрын мэдэлд албан тушаал нь шилжсэн. 2013 оны 1 сард томилогдсоноос хойш 8 жил 6 сар тасралтгүй ажилласан бөгөөд энэ шаардлагыг бүрэн хангаж байгаа..” гэж тайлбарладаг.
6. Нэхэмжлэгч актыг эс зөвшөөрч Үндэсний аудитын газарт гомдол гаргахад Аймгийн Төрийн аудитын газарт уг актаа засах чиглэл өгсний дагуу эхний актаа засварлаж огноог хэвээр бичиж дахин гаргасан.
7. Нэхэмжлэгч “...Дараагийн засварласан актад үндэслэл болгосон Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4-т “энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно” гэснийг зөрчсөн гэж журмын заалт болон актыг утга агуулгаар нь бүрэн өөрчилсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж засах эрхийг заасан байхад хуулийг зөрчиж, Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 гэж заасныг тус журмын 1 дүгээр зүйлийн 1.4 гэж өөрчлөн хууль бус акт гаргасан нь эрх ашгийг зөрчсөн...” гэж тайлбарладаг.
8. Хариуцагч “...******* нь тушаалын дагуу Сумын Соёлын төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, дараа нь Сумын Засаг даргын Тамгын газарт томилогдон ажилласан нь Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын 2.3 дахь хэсэгт заасан "соёлын байгууллага дотор, эсхүл соёлын байгууллага хооронд шилжин, сэлгэн ажилласан бол түүний хугацааг тасралтгүйд тооцно" гэсэн зохицуулалтад хамрагдахгүй юм . Түүнчлэн ******* нь соёлын байгууллагын дотоод сэлгэн томилгоонд хамрагдаагүй. Харин нэг байгууллагаас өөр байгууллагад хөдөлмөрийн харилцаа шинээр эхлүүлсэн нөхцөл бүрдсэн тул энэхүү хөдөлмөрийн өөрчлөлт Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор баталсан дээрх журмын 1.4 дэх хэсэгт заасан "...тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно." гэсэн заалтад нийцэхгүй. Мөн актын илэрхий бичилт, томьёоллын шинжтэй алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар захиргааны байгууллага актыг өөрчлөлгүйгээр ийм засвар хийх эрхтэй…” гэж маргадаг.
9. Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д “Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.” гэж заасан.
10. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталж, мөрдөж эхэлсэн бөгөөд уг журмын 1.3-т “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ.” гэсний дагуу *******ад тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд 2.1-д заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна” гэсэн шаардлагыг хангасан байна. Журамд тасралтгүй 5 жил ажилласан байхыг заасан байх бөгөөд харин сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан гэж заагаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Учир нь Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 1 сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь Биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдож, нийт 10 жил ажилласан бөгөөд томилогдсоноос хойш 8 жил 6 сарын хугацаанд тасралтгүй ажиллажээ.
12. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын цалингүй чөлөөг Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар олгосон байх ба чөлөө олгосон нотлох баримтууд болох Соёлын төвийн эрхлэгчийн тушаалууд /хх13/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хх19-24/ нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбаруудыг хэрэгт хавсаргасан болно.
13. Харин журмын 1.5-д “Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй.” гэсэн заалт түүнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл ******* нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд буюу Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар /хх12/ Соёлын төвөөс Засаг даргын Тамгын газрын мэдэлд албан тушаал орон тоо нь шилжиж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
14. Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам” батлагдсан бөгөөд Жинст сумын Соёлын төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалаар /хх10/ *******ад уг журмын 2.1-д “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна.” гэж заасны дагуу тэтгэмж олгосон нь буруу биш байна.
15. Хариуцагч “...Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.4-т “энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно” гэснийг зөрчиж *******ад тэтгэмж олгосон. Учир нь ******* нь соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаагүй өөр ажил албан тушаал эрхэлж байсан...” гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь орон нутгийн өмчийн соёлын байгууллагад соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал болох Баянхонгор аймгийн Жинст сумын Соёлын төвд биеийн тамирын багш, арга зүйчийн албан тушаал эрхэлж байхдаа уг тэтгэмжийг авах эрх үүсэж, тэтгэмж авах хүсэлтээ захиргааны эрх бүхий албан тушаалтанд гаргасан, захиргааны байгууллага тэтгэмж олгох үүргийнхээ хүрээнд материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна. Энд хэргийн оролцогч маргаагүй бөгөөд төсвийн мөнгө дараа жилд суугдаж ирдгээс шалтгаалан 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалаар “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгосон нь журам зөрчсөн үйлдэл биш байна.
16. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ”, 6 дугаар зүйлийн 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх” гэж заасны дагуу тус газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/491 дугаартай “Санхүүгийн тайланд аудитын үе шатны ажил гүйцэтгэх тухай” удирдамжийн /хх 140-143/ дагуу Жинст сумын Соёлын төвийн 2023-2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, төлбөрийн акт тогтоосон байна.
17. Гэтэл эхний буюу Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай актаар /хх 7-8,144-148/ “…Спортын арга зүйч ******* нь 2021 оны 06 сараас 11 сар хүртэл Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар 6 сарын цалингүй чөлөө авсан байхад Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 4.258.000 төгрөг олгосон байна. Энэ нь Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн…” гэжээ.
18. Маргаан бүхий дээрх захиргааны актад нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Үндэсний Аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/356 дугаар албан бичгээр /хх58/ “…танай тогтоосон төлбөрийн актад дурдсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2.1-д заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил /60 сар/ ажилласан байна.” гэх үндэслэл нь илэрсэн зөрчилд тохирох зохицуулалт биш байх тул төлбөрийн актын тус алдааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу засаж, дахин хүргүүлэх нь зүйтэй байна” гэсэн хариу Баянхонгор аймгийн Төрийн аудитын газарт өгсөн байна.
19. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 10.1-д “Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийн актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж тус тус заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй.
20. Үүний дагуу Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар нь тус газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай эхний актын “…Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна. гэсэн заалтыг зөрчсөн…” гэсэн үндэслэлээ
“...Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх заалт, Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4-т “энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэлийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно” гэсэн заалтыг зөрчсөн” гэж өөрчилж, эхний актын огноо, дугаарыг хэвээр бичжээ.
21. Дээр дурдсан эхний маргаан бүхий захиргааны актын хууль, журмын тодорхой заалтуудыг, мөн акт тавьсан үндэслэлээ өөрчилж, дахин акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах...” гэснийг зөрчсөн байна.
22. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлд төлбөрийн акт тогтоох талаар тусгасан бөгөөд 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно”, 21.4-т “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
23. Хянан шалгах эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-т заасан иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх гэсэн төрийн албаны үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа баримталж шийдвэр гаргана.
24. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээхээр заасан атал маргаан бүхий захиргааны актыг гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдэл нь дээрх хуулиудад заасан зарчимд нийцээгүй байна.
25. Иймд, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай акт нь холбогдох хууль, журмын заалтыг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ