Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 000134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нт холбогдох эрүүгийн 1825000000045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 57-5 тоотод оршин суудаг, урьд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан С овгийн С-ын Н,

 

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 02 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 71 дүгээр гудамжинд Б.Ууганбаатарт хүч хэрэглэн довтолж, Самсунг галакси эс-6 маркийн гар утсыг дээрэмдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай Очироо гэдэг дэлгүүрт суудаг ах байдаг юм. Б.Ууганбаатар бид гурав 3 шил архи уугаад Очироо Б.Ууганбатар 2 маргалдаад байсан. Очироо /Ц.Алтанхуяг/ ах унтаад өгсөн Би хохирогчийг гаргаж өгөөд маргалдсан. Б.Ууганбаатар харилаа гээд явсан. Тэгээд Б.Ууганбаатар шөнө манайд ирээд миний утсыг өгчих гээд байсан. Тэгэхээр нь би чиний утсыг аваагүй гэхэд тэгвэл цагдаа дуудна гээхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Шөнө эрүүлжүүлэхэд 03 цагт очсон. Цагдаа нь чи тэр утсыг нь аваад нуусан байна гэсэн тэгээд би очоод хайгаад үзье гэж хэлээд хайсан боловч байхгүй байсан гэв.

-Хохирогч Б.Ууганбаатарын: ...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шандад байх Улаанаа гэж дууддаг таньдаг айлд очсон юм. Тэнд С.Н байсан. Мэнд мэдэлцээд байж байтал Н 1 шил архи аваад өгөөч гэхээр нь гарч дэлгүүрээс архи авч өгөөд хоёулаа уусан. Тэгтэл Очироо гэх нэртэй С.Нын таньдаг ах орж ирээд нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд бид гурав 2 шил архиа ууж дуусгасан. Дахин дэлгүүр орж 1 шил архи авсан. Авсан архиа бид 3 хувааж уугаад ойр зуурын юм яриад суусан. Тэндээс гараад гэрлүүгээ явж байтал араас Н хүрч ирээд нүүрэн тус газарт үгийн зөрөөгүй 4-5 удаа цохисон бөгөөд миний халаас руу гараа хийн утсаа өгөөдөх гэж хэлээд утсыг маань шууд булаан авсан. Би гэртээ орж аавдаа хэлж байгаад Нын эгчийнх нь гэрт очиход Очироо нь унтчихсан, Н орон дээр сууж байсан. Тэгээд гар утсаа авъя гэхэд би аваагүй гээд гүрийгээд байхаар нь цагдаа дуудаж өгсөн. Гэрт нь хальт харахад гар утас байхгүй байсан. Араас хүрч ирээд нүүр, нүдгүй зодож байгаад миний гар утсыг аваад явсан, гар утсаа авах юм бол гомдолгүй, миний бие эрхтэн зүгээр байна гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/, хохирогчийн дахин өгсөн ...би тухайн үед согтолтын хувьд гайгүй байсан. Болсон үйл явдлыг сайн санаж байна. Архи уугаад сууж байхад Н миний утсыг хараад гоё утас байна гээд сонирхоод байсан. Намайг яг өөрийнхөө гудамж руу ороод алхаж явтал Н араас хүрч ирээд гар утсаа өг гэхээр нь үгүй гэсэн чинь шууд зодоод эхэлсэн. Тэгж байснаа миний халааснаас гар утсыг маань аваад явсан. Би яалаа гэж Ныг андуурах юм бэ? түүнтэй багаасаа хамт тоглож өссөн шүү дээ гэсэн мэдүүлэг /хх 18 ху/

-Гэрч Ч.Болдбаатарын: ...2018 оны 01 дүгээр сарын 11-ний 02 цагийн үед гэртээ унтаж байхад манай хүү Ууганбаатар цустайгаа холилдоод гаднаас орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад намайг Н зодчихлоо, бас гар утсыг маань авчихлаа гэсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд Ууганбаатар, Ариунболд хоёрыг дагуулаад Нын гэрт очсон. Бид нарыг ороход Н нэг танихгүй залуутай унтаж байсан. Тэгэхээр нь Ныг дуудаж босгоод хүүгийнхээ утсыг авъя гэхэд би аваагүй, тэр цагдаагаа дуудахгүй юу гэхээр нь цагдаа дуудсан. Нүүр ам нь цус болчихсон нүд нь хавдсан орж ирсэн. Ууганбаатар өөрийнхөө гудамжинд Нт зодууллаа, утас аваад явсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 30 ху/

-Гэрч С.Должинсүрэнгийн: Н нь миний төрсөн дүү байгаа юм хэргийн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд ажилладаг, би охинтойгоо байхаар айгаад аавынд очиж хонодог. Аавынд очиж хонохоор гэр эзэнгүй болчихоод Наар гэрээ харуулах зорилгоор ганц, нэг хонуулдаг юм. Н манайд байх хугацаандаа Ууганаа болон бас нэг танихгүй залууг оруулан манайд архи уусан байсан. Тэр шөнөө Н эрүүлжүүлэхэд хоносон байсан надад мэдэх зүйл байхгүй  гэсэн мэдүүлэг /хх31 ху/

- Гэрч Ц.Алтанхуягийн: Намайг гэр рүүгээ харих гээд явж байхад Н гудамжинд таараад намайг дуудаад Очироо ахаа энэ архийг эгчийн гэрт орж ууя, эгчийнд манай багийн найз байгаа гэж хэлээд эгчийнхээ гэр рүү дагуулж явсан. Би тухайн үед 1 шил архи авчихсан явж байсан. Намайг очихоос өмнө Н найзтайгаа архи уусан байсан. Би тасраад унтсан байсан, өглөө Нын гэрт ганцаараа сэрсэн. Тэгээд шууд гэртээ харьсан. Намайг сэрэхэд Н найзтайгаа байхгүй байсан. Тухайн үед би гар утсыг нь огт анзаараагүй, архиа уугаад ойр зуурын юм яриад сууж байсан. Нын найз Ууганаа нь том тэрэг барьдаг гэхээр нь Нт ажил олж өгөөч гэсэн чинь чамд хамаагүй, наад хүн чинь өөрийгөө мэдэж байгаа гэх мэтийн зүйл ярьсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/

-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон  Бан хас ХХК-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/7-0028 тоот самсунг галакси эс-6 эдже маркийн гар утасны үнэлгээ 450.000  төгрөг гэх дүгнэлт  /хх 20-23 ху/

 

            -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дугаартай: Б.Ууганбаатарын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, хүзүү цээжинд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд 3 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 26 ху/

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/

 

-С.Ныг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 02-05 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч С.Нын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 02 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 71 дүгээр гудамжинд Б.Ууганбаатарт хүч хэрэглэн довтолж, Самсунг галакси эс-6 маркийн гар утсыг дээрэмдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ууганбаатарын араас хүрч ирээд нүүр, нүдгүй зодож байгаад миний гар утсыг аваад явсан, гар утсаа авах юм бол гомдолгүй, миний бие эрхтэн зүгээр байна. Намайг яг өөрийнхөө гудамж руу ороод алхаж явтал Н араас хүрч ирээд гар утсаа өг гэхээр нь үгүй гэсэн чинь шууд зодоод эхэлсэн. Тэгж байснаа миний халааснаас гар утсыг маань аваад явсан. Би яалаа гэж Ныг андуурах юм бэ? түүнтэй багаасаа хамт тоглож өссөн шүү дээ гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Болдбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 02 цагийн үед гэртээ унтаж байхад манай хүү Ууганбаатар цустайгаа холилдоод гаднаас орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад намайг Н зодчихлоо, бас гар утсыг маань авчихлаа гэсэн. Ныг дуудаж босгоод хүүгийнхээ утсыг авъя гэхэд би аваагүй, тэр цагдаагаа дуудахгүй юу гэхээр нь цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг мөн ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Нын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Нт ял шийтгэл оногдуулахдаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөөгүй зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Наас 450.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ууганбаатарт олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгчийн цалин орлого, хувьд оногдох эд хөрөнгө, хохирол төлөх боломжийг нотлох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүх тогтоох боломжгүй болно.

 

          Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овгийн С-ын Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч С.Н-аас 450.000 төгрөг гаргуулан хохирогч /Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 71-06 тоотод оршин суух ФА90041759, утас 99315634/ Б.Ууганбаатарт олгосугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ