Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 000092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мт холбогдох эрүүгийн 1825000900070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, ээж, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгодын 34-44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Х-ын М

 

Шүүгдэгч Х.М нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Х.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээж байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

 

-Хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз хүүхэн Ариунтунгалагтай уулзаад явж байсан чинь түүний найз Булгаа залгаад Яргуйт багт байдаг Дөт-1 дэлгүүрийн тэнд хүрээд ир гэсэн. Булгаа нь М гэх залуутай хамт явж байсан. Тэгээд бид 4 дэлгүүр орж Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад Мын гэрт ороод уусан. Архиа ууж дуусаад Мын найзынд очино гээд гэрээс нь гараад хэдэн гудамж яваад нэг айлд орсон. Ороход тэргэнцэр дээр суусан залуу байсан. Тэр айлд 0.75 литрийн Ерөөл архи авч орж уусан. Ариунтунгалаг бид 2 Говил орж хүнтэй уулзчихаад Мын гэрт цүнхээ мартсан байсан учраас цүнхээ авахаар тэднийд очсон. Гэрт нь ороод зүгээр сууж байхад Х.М миний нүүр нүд рүү баруун гараараа цохиод сандал дээрээс хойшоо савж унасан чинь дээрээс дэвсээд өшиглөж зодсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 8-12 ху/

 

-Гэрч Ж.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г-той уулзаад гадуур хамт явж байтал 16 цагийн үед Булгансуусар гэх эмэгтэй утсаар яриад Дөт-1 хүнсний дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн. Тэр дэлгүүрийн гадаа очиход М, Булгансуусар 2 машинтайгаа ирсэн. Дэлгүүр орж Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад Мын гэрт ороод уусан. Архиа ууж дуусаад Мын найзынд очсон. Архийг М, Г-, Мын найз гэх залуу ууж байсан. Г-той гэрээс гараад Говил баг орчихоод буцаад Мын гэрт цүнхээ авахаар иртэл М, Булгансуусар, бас танихгүй эмэгтэй архи уугаад сууж байсан. Би өөрийнхөө цүнхийг автал дотор нь байсан эд зүйлийг бүгдийг нь гаргаад хаячихсан байсан. Тэр үед М Г-ыг цохиод газар унагаачихсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Г-ын нүүрэн тус газар гараараа цохиж байгаа харагдсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн...Х.Г-ын биед доод эрүү, гуяны дотор болон урд тал хүзүү, зүүн даланд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд 3 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн гуяны дотор талын зөөлөн эдийн цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 20 ху/,

 

-Х.Мыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26-27 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х.М 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 34-44 тоот гэртээ Х.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Х.М миний нүүр нүд рүү баруун гараараа цохиод сандал дээрээс хойшоо савж унасан чинь дээрээс дэвсээд өшиглөж зодсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 8-12 ху/, гэрч Ж.Ариунтунгалагын мэдүүлэг /хх 18 ху/, хохирогч Х.Г-ын биед доод эрүү, гуяны дотор болон урд тал хүзүү, зүүн даланд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт, зүүн доод зовхи, хүзүүнд 3 тооны зулгаралт үүссэнийг тогтоосон 136 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Х.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Х.Г нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 15-нд 150.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-нд 150.000 төгрөг, 05 дугаар сарын 15-нд 150.000 төгрөг тус тус төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.