| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308000002167 |
| Дугаар | 2024/ДШМ/464 |
| Огноо | 2024-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2024/ДШМ/464
2024 04 18 2024/ДШМ/464
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
хохирогч, шүүгдэгч Б.М,
шүүгдэгч С.У,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.М, С.У нарт холбогдох 2308 00000 2167 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ......... овогт Б.М, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................. төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ............................... тоотод оршин суух хаягтай, /РД: ....................../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 588 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар уг торгох ялаас чөлөөлөгдсөн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1516 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр биелүүлж дууссан;
2. ........... овогт С.У, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........ төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................./;
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны ............. гэх газарт гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү болох бага насны буюу 8 настай Т.Д-г “мөнгө хулгайллаа” гэх шалтгаанаар модоор гар, гуя, бөгс зэрэг газарт нь олон удаа цохиж зодон, эрүүл мэндэд нь хоёр булгалга, зүүн тохой, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ............... гэх газарт гудамжинд хохирогч Б.М-тэй “хүүхдээ зодохоо болиоч” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь 1 удаа, модоор толгой руу нь 1 удаа тус тус цохиж, зодон, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “аргагүй хамгаалалт”-ын нөхцөл тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-д холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Т.Д, хохирогч, шүүгдэгч Б.М, гэрч З.Ц, шүүгдэгч С.У нар нь хэргийн бодит нөхцөл байдал, болж өнгөрсөн үйл явдал, гэмт хэргийн өрнөл, төгсгөлийг агуулгын хувьд зөрөөгүй, сэргээн дүрсэлж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч С.У нь хохирогч Б.М-ийг цохиж, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэм буруугийн талаараа маргадаггүй. Шүүгдэгч С.У нь хүний эрүүл мэндэд санаатай халдаж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.М-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байж болох ч шүүгдэгч С.У, түүний дүү З.Ц нар ээждээ зодуулж байсан хүүхдийг гэртээ оруулснаар хүүхдийг аюултай байдлаас гаргаж, хохирогчийн зүй бус үйлдэл буюу гэмт хэргийг таслан зогсоож чадсан бөгөөд цагдаа дуудсан байдаг. Гэтэл хохирогч Б.М хүүхдээ авахаар шүүгдэгч С.У, З.Ц нартай маргалдаж, гурилын ганжингаар цохиж, дайрахад шүүгдэгч С.У нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу үйлдэл тогтоогдоогүй, шууд тэр даруйд үйлдэл хийгээгүй буюу гурилын ганжинг хохирогчоос булааж авсны дараа үйлдэл төгссөн хойно, дахин маргалдаж байгаад гараараа нүүрэн тус газар цохиж байгаа үйлдэл нь тулгарсан довтолгоон дууссан байхад хийгдсэн, шүүгдэгчийн дүүгээ өмөөрсөн, нөхцөл байдалд бодитой хандах боломжгүйгээр уурандаа согтуурхаж хийсэн санаатай үйлдэл юм. Тодруулбал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Б.М нь гурилын ганжингаар бусдын биед халдаж цохисон үйлдэл хийгдсэн даруйд, шүүгдэгч дахиж цохиж магадгүй гэдэг ойлголтоор гурилын ганжинг булаагаад авчихсан, хууль бус ба тулгарсан довтолгооныг таслан зогсоож дуусгасан атлаа хохирогчийн биед халдаж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн хувьд шууд санаатай үйлдэл бөгөөд аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд хамаарахгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байх ба агуулгын хувьд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах санаа зорилгоор хариу довтолгоон хийж, халдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт халдлагаас хувь хүн өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулсан, нийгмийг илүү аюулгүй, амар тайван байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм. Гэтэл шүүгдэгч С.У-гийн хүүхдийг хамгаалахыг зорьсон үйлдэл, мөн бусдын болон өөрийнх нь эсрэг чиглэсэн довтолгоон, аюултай хууль бус үйлдлийг намжааж, зогсоож чадсан хирнээ хохирогчийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан үйл баримт нь аргагүй хамгаалалт хийсэн мэт харагдаж байх боловч хохирогч гурилын ганжинг шүүгдэгчид булаалгаж алдсаны дараа ямар ч үйлдэл хийгээгүй, бодит довтолгоон үргэлжлээгүй, төгссөн байхад түүнийг дахин хууль бус үйлдэл хийх байсан нь тодорхой байна гэж хийсвэрлэн үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч довтолгоон дууссан, төгссөн хойно дахин маргалдлаа гээд нэгнийхээ биед халдахгүйгээр асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжтой байхад нөхцөл байдалд буруугаар хандаж, хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй, шүүгдэгч С.У нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүх хэрэгт авагдсан мэдүүлгээ нотлох баримтуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн шүүгдэгчийн хүүхэд хамгаалсан үйлдэл нь аргагүй хамгаалалтад хамаарна гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У-гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Аргагүй хамгаалалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Халдлага нь нийгэмд аюултай, довтолгоо бодитой буюу эхэлсэн, дуусаагүй байхыг шаарддаг. Гэтэл хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч, шүүгдэгч Б.М хүүхдээ авахаар маргаан үүсгэж, гэрч З.Ц рүү довтолгоо эхлүүлсэн. Довтолгоо дууссаны дараа шүүгдэгч С.У дүүгээ зодуулахыг хараад хохирогч руу халдаж, нүүр лүү нь цохиж газарт унагаасан бөгөөд газарт унаж байх үед шүүгдэгч С.У нь хохирогчоос гурилын элдүүрийг авч түүний толгойн дагз хэсэг рүү 1 удаа цохисон. ... Тухайн цаг хугацаанд Б.М-ийн хүүхэд рүүгээ довтолсон довтолгоо төгсөөгүй, бусдын зүй ёсны шаардлагыг хүлээж авалгүй үргэлжилж байхад С.У нь Б.М-ийг цохисон бол аргагүй хамгаалалт гэж үзэх байсан. Анхан шатны шүүх С.У-г цагаатгаж шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч, шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, давж заалдах журмаар гомдол гаргаагүй. ...” гэв.
Шүүгдэгч С.Уг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Би архи уудаггүй. Манай дүүгийн идэш ирсэн гээд дүүгийндээ 1, 2 пиво ууж байж байгаад таксинд суугаад харих гэсэн чинь нэг хүүхэд орилсон. Тэгээд энэ үйл явдал болсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.М нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .............. гэх газарт гудамжинд төрсөн хүү болох бага насны буюу 8 настай Т.Д-г “мөнгө хулгайллаа” гэх шалтгаанаар модоор гар, гуя, бөгс зэрэг газарт нь олон удаа цохиж зодон, эрүүл мэндэд нь хоёр булгалга, зүүн тохой, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Т.Д-гийн “.... Маргааш орой нь ээж “миний түрүүвчнээс хулгай хийсэн байна” гэхээр нь би “үгүй” гэсэн чинь гурил элддэг ганжингаар зодоод байхаар нь би гэрээс гараад зугтаагаад дэлгүүр дотор орчихсон чинь араас орж ирээд “манай хүүхэд түрийвчтэй мөнгө хулгай хийсэн байна, танайхаас юу юу авсан” гэж асуугаад намайг зодоод байхаар нь би гадаа гүйгээд гарсан. Тэгсэн хоёр эгч ирээд хүүхдээ битгий зод гэсэн чинь ээж хэрэлдээд тэгээд ээж ганжингаараа намайг дахиад цохисон чинь нэг эгч нь намайг гэртээ оруулчихсан. ...” /хх 9/,
гэрч З.Ц-гийн “... Манай эгч явахаар болоод би хашааны гадна талд гараад такси барьж өгөх гээд зогсож байтал манай гудамжинд байдаг дэлгүүрийн наад талд 6-10 орчим насны хүүхэд чангаар уйлаад байхаар нь ойртоод очиход ээж нь гэх 35 орчим насны эмэгтэй хүүхдээ “цүнхнээс мөнгө хулгайлсан“ гэх шалтгаанаар гурилын элдүүр модоор хүүхдээ гудамжинд зодож байхаар нь би У эгчтэй хамт очоод хүүхдээ зодохоо боль гэхэд тоохгүй үргэлжлүүлээд зодоод хүүхэд нь зөвхөн бандааштайгаа гэрээсээ гүйгээд гараад ирсэн бололтой зодуулаад уйлаад байхаар нь бид хоёр салгах гэхэд ээж нь миний зүүн гарын гадна бугалга руу барьж байсан элдүүр модоороо цохиод бас эгчийг гуя руу нь цохиод байсан. ...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Д-гийн биед хоёр бугалга, зүүн тохой, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14024 дугаартай дүгнэлт /хх 37-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Прокуророос С.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, С.У-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “аргагүй хамгаалалтын нөхцөл тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.М-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх ба шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Прокурор Б.Энэрэлээс “... С.У нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У-г нийгэмд аюултай довтолгооныг таслан зогсоохын тулд хариу хүч хэрэглэсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, түүнчлэн хохирогчийн үйлдэл зэрэг хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан хянах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Т.Д-гийн “… намайг гурил элддэг ганжингаар зодоод байхаар нь …гадаа гүйгээд гарсан. Тэгсэн чинь 2 эмэгтэй том эгч ирээд хүүхдээ битгий зод гэсэн чинь ээж хэрэлдээд, тэгээд ээж ганжингаараа намайг цохисон чинь нэг эгч нь намайг гэртээ оруулчихсан…” /хх-9/, гэрч З.Ц-гийн “…тэр эмэгтэйг хүүхдээс нь салгах гээд зууралдаж байхаар нь би хүүхдийг нь гэртээ оруулсан. Гэтэл тэр эмэгтэй хүүхдээ авна гээд манай хашаа руу орох гээд дайраад байж байтал манай нөхрийн ам руу нь цохиод цус гаргасан. … бид нар гэртээ оруулахгүй байж байгаад цагдаа дуудсан…” /хх-17/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд:
Хохирогч Б.М нь хүүхдээ “мөнгө хулгайлсан” гэх шалтгааны улмаас олон нийтийн орчинд зодсон үйлдлийг хориглосон иргэдтэй маргалдсан, дахин хүүхдэдээ гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоох талаар “гэртээ оруулахгүй” гэх зүй ёсны шаардлага тавьсан С.У болон бусад иргэд рүү довтолсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Улмаар Б.М нь дээрх хориглосон үйлдлийг эсэргүүцэж довтолсноор С.У нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой үйлдэл хийж, Б.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинж болох үр дагавар, хор уршгийг агуулсан байх боловч түүний үйлдэлд гэм буруугийн субъектив шинж үгүйсгэгдэж байгаа, тэрээр хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийж, өөрийн амь нас, эрүүл мэнд аюулд тулгарсан довтолгоог эсэргүүцэх үедээ уг хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.
Өөрөөр хэлбэл, прокуророос С.У-г “…гудамжинд хохирогч Б.М-тэй “хүүхдээ зодохоо болиоч” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, цохисны улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Түүнчлэн, хохирогч Б.М-ын зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн С.У-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР