Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 000146

 

                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох 1825001310103 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 5-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Ц-гийн Д

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар

 

 

  Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа үл таних хүнд дээрэмдүүлсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь :

 

              Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрдэнэмөнхөд би итгэсэн байсан. Эрдэнэмөнх энд таних хүн байхгүй машин угаалгын газар ажиллаж тэндээ байрладаг байсан. Тэгээд тэнд нь хувцас угаах боломжгүй гээд надаас ажил дээр чинь хувцасаа угаачихъя гээд гуйгаад би эхпээд болохгүй гэж хэлсэн ч ажил дээр ирээд гуйгаад байхаар нь найз байж үгүй гээд байх муухай юмуу  даа гэж бодоод хаалгаа сайн түгжээрэй гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Гэтэл маргааш нь дэлгүүрийн бараанаас дутсан.  Эрдэнэмөнхийг авчирч өгөх байх гэж бодоод харсан чинь авчирч өгөөгүй дэлгүүрийн бараа алга болсон байсан болохоор их айсан хулгай орсон гэж хэлбэл үнэмшилтэй санагдах байх гэж бодсон хууль сануулсаны дараа мэдүүлэг өгчихөөд буцаад 5 минутын дараа үнэнээ хэлсэн гэсэн мэдүүлэг

 

        Гэрч Б.Бат-Эрдэний: “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай найз Эрдэнэмөнх гэх залуу ажил дээр байж байгаад найз охин Дгийн 3-13 дугаар байрны Гоёл шөнийн дэлгүүрийн түлхүүрийг аваад 9 цагт хувцас угаана гэж хэлээд явсан. Тэгээд тэр шөнөдөө ирж хоноогүй өглөө 10 цагт Д ирээд Эрдэнэмөнх ирээгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би чи ажил дээрээ очоогүй юм уу гэж асуусан. Өдөр 12 цагийн үед Дгийн ажил дээр очсон чинь хувцас алга болсон байна гэж хэлсэн. Эрдэнэмөнхөд түлхүүрээ өгсөн гэж санаад Эрдэнэмөнхийг сэжиглэсэн. Тэгээд энэ талаар Д бид хоёр ярилцаж байгаад гаднаас үл таних хүн орж ирээд дээрэм хийсэн юм шиг болгоё гэж ярилцаад Гоёл шөнийн дэлгүүрийн дотор байрлах хувцас эд зүйлсийг сүйтгэж, газар унагаасан юм. Унжсан байсан хяналтын камерийг би аваад нуусан, өөр ямар нэгэн эд зүйл авч яваагүй. Тэгээд 20 цагийн орчим залгасан чинь цагдаа нар ирсэн байсан. Д айгаад ийм зүйл болгож болох юм байна гэж хэлсэн. Д өөрийгөө цохисон, ийм байвал үнэн юм шиг харагдана гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 ху/

 

    Гэрч П.Гүррагчаагийн: “Тухайн үед Д хамраас нь цус гарчихсан, чичирсэн уйлсан байдалтай байсан. Дгаас би юу болсон талаар асуугаагүй, үсчин эгчийн ярианаас ойлгосон. Тэгээд Дг босгоод ОО-ийн өрөө орж цусаа угаая гэсэн чинь Д цагдаа ирнэ зураг авна гэж хэлээд угаахгүй байсан. Намайг очиход цагдаагийн байгууллагад үсчин эгч дуудлага өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 ху/

 

   Гэрч С.Энхтүвшингийн: “...би энэ хэрэгт холбогдоод байгаа Д гэх хүүхдийг дэлгүүртээ 2016 оны 11 сард худалдагчаар авч ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой Д над руу утсаар залгаад ярьж чадахгүй уйлаад байсан. Тэгж байтал утсыг нь үсчин Урнаа аваад Д дэлгүүр дээрээ байж байгаад дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн. Би үнэхээр л тийм зүйл болсон юм байна гэж бодсон чинь цагдаагийн байгууллага худлаа гэдгийг нь тогтоосон байна. Д надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Одоо миний зүгээс гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 ху/

 

Гэрч О.Урангэрэлийн: “2018 оны 02 сарын 07-ны орой 18 цаг 20 минутын үед ажил дээрээ байж байтал хажуу талын дэлгүүрийн охин Д нь Урнаа эгчээ гэх шиг болохоор нь хувцасны лангуу руу ороод ирсэн чинь өлгүүрт өлгөсөн хувцаснуудаас нь газар унасан эмх замбраагүй болгосон, Дгийн хамар амнаас нь цус гарсан үс гэзэг нь сэгсийсэн байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Намайг орж ирэхэд хувцасны дэлгүүрийн гэрэл унтарсан харанхуй болсон байсан. Юу болсон талаар асуухад намайг ажил дээрээ сууж байтал нэг ах орж ирээд намайг цохиж унагаагаад боож унагаасан би дөнгөж сая сэрлээ тэр ах хар өнгийн куртиктэй, хар царайтай байсан. Сайн харж чадаагүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 11-12 ху/

 

  Ц.Д-гийн яллагдагчаар өгсөн: “манай найз залуу Бат-Эрдэнэтэй хамт ажил хийдэг Эрдэнэмөнх гэх залуу намайг ажлын газрынхаа түлхүүрийг өгөөч гээд гуйгаад байсан. Эрдэнэмөнх нь 2 өдөр ажлын түлхүүр гуйсан юм. 2018 оны 02 сарын 06-ны өдрийн орой намайг шалаад чи ажлынхаа түлхүүрийг өгчих би ажил дээр чинь хувцасаа угаагаад түлхүүрийг чинь өгье гээд гуйгаад байсан. Тэр үед манай аав, ээж намайг авч явах гээд ажлын гадаа ирсэн байсан болохоор Эрдэнэмөнхөд ажлын түлхүүрээ өгөөд явсан. Маргааш өдөр нь ажил дээрээ ирсэн чинь дэлгүүрийн эзэн Энхтүвшин эгч утсаар яриад дэлгүүрээс хямдарсан бараагаа аваад Баян худалдааны төв дээр хүрээд ир гэсэн. Энхтүвшин эгчид бараа аваачиж өгөх гээд дэлгүүрт байсан бараа хийдэг 2 цүнхний нэгийг нь авах гэсэн алга байсан. Тэгээд гайхаад урд өдрийн орлого 5000 төгрөгийг лангуунаас авах гэсэн чинь мөн алга байсан. Тэгээд Энхтүвшин эгчид бараа аваачиж өгөөд Эрдэнэмөнх сэжигтэй санагдаад байхаар нь найз Бат-Эрдэнэ дээр очоод болсон хэргийн талаар хэлсэн. Эрдэнэмөнх ажилдаа ирээгүй байсан. Тэгээд дэлгүүр дээрээ очоод дэлгүүрийн барааг бүртгэж байсан чинь сүүлд ирсэн эрэгтэй хүний бэлэн хувцасны урд нүүрний өлгөөтэй, түүний арын хувцаснууд алга болсон байсан. Тэр үед Бат-Эрдэнэ манай ажил дээр ирсэн, гэрийнхэндээ хэлэхээс айгаад Бат-Эрдэнэд дэлгүүрт дээрэм орсон юм шиг зохиомол хэрэг үүсгэх үү гэсэн чинь тодорхой юм хэлээгүй. Бат-Эрдэнийг ирэхээс өмнө дэлгүүрийн барааг цэгцэлж байгаад дэлгүүрийн хяналтын камерыг болгоомжгүйгээр татаж унагасан байсан. Бат-Эрдэнэд чи хяналтын камерыг эвдлэхгүйгээр нуучих гэж хэлээд өөрийнхөө хамар руу 2 удаа цохиулаад, өөрийнхөө хоолойг гараараа чимхсэн чинь улайсан. Ингээд дэлгүүрийнхээ барааг эмх замбраагүй болгоод Бат-Эрдэнийг явуулаад хажуу талд үйл ажиллагаа явуулдаг үсчиний газар руу орилсон чинь Урнаа эгч орж ирэхээр нь сая хүнд дээрэмдүүлчихлээ гэж худлаа хэлсэн” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25-26 ху/

  

          Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа үл таних хүнд дээрэмдүүлсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Бат-Эрдэнэ, П.Гүррагчаа, С.Энхтүвшин, О.Урангэрэл нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч Ц.Дд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг түүнийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

      Иймд шүүгдэгч Ц.Дд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

    Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10.д заасныг  удирдлага болгон

             ТОГТООХ нь :

 

     1. Шүүгдэгч Ө овгийн Ц-гийн Д-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г худалдагч хийх эрхийг 6 сарын хугацаагаар хасч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ