Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/519

 

  2024           05             02                                         2024/ДШМ/519                                                                                 

Б.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

насанд хүрээгүй хохирогч О.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө,

шүүгдэгч Б.И-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2403 00014 0054 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн Б.И, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Шүүгдэгч  Б.И нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны зам, Цэргийн ангийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius-30” загварын ..-.. УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч 10 настай, эмэгтэй О.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.И-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор зорчих эрх хязгаарласан ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.И-гээс 13.750.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч О.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д, 1.474.000 төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.И-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний 840000 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.И тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие авто осол гарган бусдын биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Миний бие насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байна. Нөхрөөсөө салсан ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас салсан. Хөлсний хашаа байшинд амьдарч байгаа ба Дорноговь аймагт уламжлалт бариа заслын мэргэжлээр дээд сургууль төгссөн. Энэ мэргэжлийнхээ дагуу бариа засал хийж амьдардаг. Бариа заслыг хийхдээ Нийслэлийн бүх дүүргүүд болон зарим тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах шаардлага бий болдог. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон байдлаар оногдуулсан. Миний ар гэрийн хүндрэлтэй байдлыг харгалзан тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.И-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.И нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Харин тэрээр хохирогчид учирсан хохирлыг төлөх хүсэл, эрмэлзэлтэй байгаа бөгөөд хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, Дорноговь аймагт бариа заслын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, нийслэлийн бүх дүүргүүдэд, зарим тохиолдолд хөдөө, орон нутагт бариа засал хийдэг. Түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын чиглэл нь дүүргээр хязгаарлагдсан байх тул түүний ажил хөдөлмөр хийх, хохирол төлөхөд тодорхой цаг хугацаа орох хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймд Б.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тэнсэж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Б.И-гийн амьдралыг ойлгосон, мэдэж байгаа. Хамгийн гол нь манай охин эрүүл мэндийн хувьд хохирсон, одоогоор бие нь өвдөөд байгаа. Хамраас нь цус гарч, хичээлдээ явж чадахгүй байна. Эмчилгээ хийлгэе гэхээр би ажил хийх боломжгүй хүүхдээ асардаг, өнчин дүү нартайгаа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй учир мөнгөний асуудал гараад байна. Гэтэл Б.И нь миний дугаарыг блоклоод холбоо барихгүй алга болсон. Б.И-гийн үйлдэлд гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрх хязгаалах ял оногдуулсан нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна.  Иймд шийтгэх тогтоолоор Б.И-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.И нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16:30 цагийн үед орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны зам, Цэргийн ангийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius-30” загварын ..-.. УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж явган зорчигчдод зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч 10 настай, эмэгтэй О.Ц-г автомашинаар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Ц-гийн “... Би үеэл эгч В.Хишиг-Эрдэнийн хамт түүний дүүг хичээлээс нь авах гээд 9 дүгээр сургууль руу цэргийн ангийн автобусны буудлын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш явж байтал хойноос урагш чиглэлтэй явж байсан суудлын автомашин намайг ирээд мөргөөд, би ухаан алдсан. ... Намайг явган хүний гарцан дээр мөргөсөн. ...” /хх 33-34/,

иргэний хариуцагч Б.Цэцэгдэлгэрийн “…Б.И-аар машинаа бариулаад Дарь-Эх орж хүүхдийн толгой бариулаад буцаад гэр лүүгээ явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны замд явган хүний гарцаар гарч байсан хүүхэд мөргөсөн. …” /хх 47-48/, 

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантуяагийн “…Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Ц нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.474.000 төгрөгийн зардал гарсныг… төлүүлж өгнө үү. …” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “... О.Ц-ийн биед баруун талын хөхлөг сэртэнгээс суурь яс руу үргэлжилсэн, баруун зулай ар хэсгээс лямбада заадас руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг хамаарна. ...” гэх 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 842 дугаартай дүгнэлт /хх 53-54/,

Мөрдөгчийн магадлагаа “... жолооч Б.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй ...” гэх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх 88-89/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “… Бичлэгт уг авто зам дээр явган хүний  гарцны цагаан шугаман тэмдэглэгээтэй, гарцны цаана хурд сааруулагчтай байх бөгөөд  дэлгэцний зүүн дээд буланд 2023-12-08 16:53:53 гэсэн цаг хугацааг зааж байхад цайвар өнгийн “Тоёота приус” загварын автомашин зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хурд сааруулагч давж ирээд явган хүний гарцаар дэлгэцийн баруунаас зүүн тийш явж байсан хоёр эмэгтэй хүний баруун гар талд явж байсан эмэгтэйг автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөх үед явган зорчигч автомашины зүүн урд тал руу шидэгдэн газарт унаж байв. …” /хх 26-27/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-9/, хохирогч О.Ц-гийн нас тоолсон тэмдэглэл /хх 21/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 20/ болон өвчний түүхийн хуулбар /хх 75-84/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 50/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.И-гээс “... Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, тэнсэж өгнө үү. ...”  гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж гаргасан байх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.И-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн, Б.И нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцан дээр насанд хүрээгүй хохирогчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй зэргээс үзэхэд түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг дутуу бичиж орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөж өөрчлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ..................  дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                ШҮҮГЧ                                                            М.АЛДАР