| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305002280006 |
| Дугаар | 2024/ДШМ/520 |
| Огноо | 2024-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/520
2024 05 02 2024/ДШМ/520
Г.Л-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .............. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан гомдлыг үндэслэн Г.Л-д холбогдох 2305 00228 0006 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
....... овгийн Г.Л, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 2, эцгийн хамт .................... тоотод оршин суух хаягтай, /РД: .................../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 617 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 103 дугаар байрны гадна хохирогч Б.З-тэй үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөх, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны баруун хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-ээс 1.268.850 төгрөг гаргуулан хохирогч Б.З-д олгож, хохирогч Б.З нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Г.Ганбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирол мөнгийг төлсөн болон үлдсэн хохирол мөнгөө төлөхөө илэрхийлж байгааг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч Г.Л нь шүүхийн хэлэлцүүпгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа болно. Шүүгдэгчид оноосон 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь дээрх хуулийн заалт, эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулахдаа “тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах, гэр бүлийн гишүүдээ асарч тэтгэх боломж, тухайн хүний болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан” оногдуулах учиртай байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх, гэр бүлийн гишүүдээ асарч тэжээн тэтгэх боломжийг нь хязгаарлаж байна. Шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг хийснээр одоо эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөсөө /халагдах/ гарах цаашлаад гар бүлээ тэжээн тэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх юм. Миний үйлчлүүлэгч Г.Л нь хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар группт буюу хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхнэр, бага насны 6, 3 настай 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь ажил төрөл эрхлээгүй бага насны хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэж өгч асардаг тул Г.Л нь санхүүгийн орлогогүй болохоос гадна гэр бүлээ тэжээн тэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүргэх юм.
- Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэх учиртай юм. Шүүгдэгчийн хувьд тодорхой ажил төрөл эрхэлдэг Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг 2012 оноос хойш Ашиглалтын цехэд илчит тэрэгний машинчаар ажилладаг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр ирсэн ба шүүгдэгчийн нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолтоор нотлогдоно. Мөн миний үйлчлүүлэгч Г.Л нь Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн “Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүнээр томилогдон ажиллаж Улаанбаатар төмөр замын 1000 гаруй залуусыг манлайлж яваа залуу үеийн төлөөлөл юм.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх бөгөөд тус шийтгэх тогтоолын 4 дэх талд “...дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.” гэжээ. Энэхүү шүүхийн дүгнэлт нь дээрх хуулийн зохицуулалтыг үгүйсгэж байгаа бөгөөд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь энэ хүний хувийн байдлыг дордуулах, цаашлаад нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй.
3. Хохирол төлбөрийн тухайд: Шийтгэх тогтоолын 4 дэх талд “Хохирогч Б.З-гийн хохирол буюу эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг шүүх шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлсэн хэмжээнд 1.280.850 төгрөгийг шүүгдэгч Г.Л-ээс гаргуулахаар шийдвэрлэлээ” гэжээ. Хэрэгт цугларсан эмчилгээний зардалтай холбоотой, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг авч үзвэл хавтас хэргийн 95 дугаар талд авагдсан канондсон баримт нь эх хувиар нь эмчилгээний хуудастай нь хамт өгсөн баримттай давхацсан байна. Хавтас хэрэгт цугларсан хохирогчоос гаргаж өгсөн эх хувь баримт болон канондсон баримтуудыг тооцож үзвэл 368.850 төгрөг болж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь ямар баримтуудыг үнэлж, 1.280.850 төгрөгөөр хохирол төлбөрийн гаргуулж байгаа нь ойлгомжгүй, буруу тооцоолж гаргасан байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн зүйл хэсэгт заасан торгох эрүүгийн хариуцлагын төрлөөр сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд анхан шатны шүүхэд гэм буруугийн талаар маргалдсан зүйлгүй, үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хууль, эрх зүйн мэдлэг сулаас өөрийгөө буруу ойлгуулсан байна. Миний аав намайг 3 настайгаас хойш хөгжлийн бэрхшээлтэй болсон. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Миний бие бага насны 2 хүүхэдтэй, төмөр замд машинчаар ажилладаг. Улаанбаатар Төмөр замд 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын нөхцөлөөс шалтгаалж хотод 24 цаг амардаг. Миний ажил, үүрэг орон нутагт тодорхойгүй хугацаагаар, ачааны урсгалаар явагддаг учир амралтын өдөр хамаардаггүй. Ажлаас ирээд 24 цаг Улаанбаатар хотод амрах эрхтэй, түүнээс хойш ажил тасалбал хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэрээнд заагдсан үүрэгтэй байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгчийн тухайд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж, торгох ял шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийлгүйгээр дахин гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирол төлөгдөөгүйг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны орой Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 103 дугаар байрны гадна хохирогч Б.З-тэй үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөх, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны баруун хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.З-гийн “... Би нохойгоо салхилуулчихаад орох гэж байхад миний хажуугаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн зөрөхдөө эрэгтэй нь манай нохойг маш хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яасан ч яадаг юм” гээд намайг тэр эрэгтэй шууд мөргөж унагаагаад татаж чирээд дээрээс нүүр лүү өшиглөөд байсан. … “Чамайг энд алчихъя” гээд байсан. Яг энэ үед надтай хамт ажилладаг дүү Батка ирээд “юу болж байгаа юм, яаж байгаа юм” гэсэн чинь нөгөө эрэгтэй нь зугтаачихсан. ...” /хх 33-34/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “… Б.З-гийн биед хамрын ясны баруун хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 996 дугаартай дүгнэлт /хх 87-88/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 44-47/, хохирогчийн компьютер томографийн шинжилгээний хариу /хх 26/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Л-ийн гэмт үйлдлийн хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогчид 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, ар гэрийн хүнд байдал болон тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Л-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Л оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч Г.Ганбаярын гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг гэмт хэрэг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байхад үндэслэл бүхий ажиллагаа хийлгүйгээр хэргийн хугацааг удаа дараа сунгасан, мөн прокурор 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө Г.Л-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж, үндэслэлгүйгээр хэргийг хэт удаашруулж шалгасан болохыг прокурор, мөрдөгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Г.Л-ийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Г.Л-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Л нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Г.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.З-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлснийг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР