Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2025/0043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         *******ын нэхэмжлэлтэй,

         Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

         Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулахаар маргасан.

2.******* нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор өргөдөл гаргажээ.

         Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан хариу өгчээ. Тиймээс нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд бичиг баримтыг дахин хянаж өгөх талаар гомдол гаргасан. Тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 тоот албан бичгээр мэдээлэл зөрүүтэй байгаа тул бүртгэхээс татгалзах тухай хариуг ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот албан бичгээр “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцох материалын баримт бичгийн бүрдлийг шалгаж дараах үндэслэлээр сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан, үүнд:

1.Таны ирүүлсэн баримт нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т заасан эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагыг нотлохгүй байна.

2.Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын тодорхойлолт заасан Төрийн албанд 5-н жилээс доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр ******* намайг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан.

Улмаар би дээрх сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бичиг баримтыг дахин хянаж өгөх талаар гомдол гаргасан боловч тус эмнэлгийн ТУЗ-ийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар албан бичгээр “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар танаас ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ. Таны эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан нотлох баримтыг нягталж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэх боловч Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.1.8-д заасан баримт бичгийн шаардлагыг хангахгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг “*******” ХХК-аас төлсөн байгаа нь зөрүүтэй байх тул бүртгэхээс татгалзаж байна.

Мөн бусад сонгон шалгаруулалтад оролцогчдын хувьд Эрүүл мэндийн удирдлага мэргэшсэн үнэмлэх, түүнтэй дүйцэхүйц баримт бичгийн шаардлагыг хангасан” байна” гэх хариуг ирүүлсэн.

Миний бие Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр 3 сараар томилогдож, аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацааг сунгасан.

Би төрийн байгууллагад томилогдон ажиллахаас өмнө “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

“*******” ХХК нь уламжлалт, бариа засал төөнүүрийн үйл ажиллагаа эрхлэх, “*******” ХХК нь дотрын өвчин, уламжлалт ухааны тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани болно.

Миний бие “*******” ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар, ерөнхий эмчээр, “*******” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл гүйцэтгэх захирал, ерөнхий эмчээр тус тус ажилласан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д ”Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, 83.2-д “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ.”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж тус тус заасан.

“*******” ХХК, “*******” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1- д “Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж заасан. Иймд миний бие Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т заасан эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх гэсэн хуульд заасан шаардлагыг хангасан байхад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан гэж байгаа болохоос тасралтгүй ажилласан гэх ойлголт биш юм. Тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь миний “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон, ерөнхий эмчээр ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үнэлээгүй, эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашсан гэж үзээгүй орхигдуулсан. Иймд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулсан.

******* нь Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн бөгөөд материалыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1-т заасан эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх, 16.3.2-т заасан эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх, мөн Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагын хүрээнд төрийн албанд 5-аас доошгүй жил тус тус ажилласан байхаар заасан шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн.

Учир нь бүрдүүлэх материалд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргасан ба ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, удирдах албан тушаалд 5 жил ажилласныг нотлох баримт хангалтгүй байсан тул бүртгэхээс татгалзсан.

Ингээд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******аас Төлөөлөн удирдах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд гомдолд “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаж ирүүлсэн байсан.

Тус “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр томилсныг бүртгэсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ч.Адъяаг гүйцэтгэх захирлаар томилсон байна. “*******” ХХК-ийy үйл ажиллагааны чиглэлд эрүүл мэндийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар тусгаагүй атал тус компанийн захирал Ч.Адъяа нь тодорхойлолт хийж ирүүлэхдээ ...2020 онд “*******” эмнэлгийг үүсгэн байгуулж, 2024 оны 10 сар хүртэл гүйцэтгэх захирал, ерөнхий эмчээр 5 жил удирдах албан тушаалд ажилласан... гэх боловч, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг лавлагаанаас харахад “*******” ХХК-аас нийгмийн даатгалыг төлсөн байгаа нь зөрүүтэй байгаа юм.

Мөн “*******” ХХК-ийн их эмчээр *******ыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлсөн тушаалыг нөхөж гаргасан байна.

Ажилласан жилийг нотлох баримтууд зөрүүтэй, ойлгомжгүй байсан тул сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн бөгөөд тус хариу нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.

Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.

         2.Шүүх нэхэмжлэгч нь Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг нарийвчлан мэдээгүй байхыг үгүйсгэхгүй гэсэн үүднээс, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах боломжтой гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

         3.Шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах талаар 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 111/АБ2025/0118 тоот албан бичгээр /хх-234/, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 111/АБ2025/0129 тоот албан бичгээр /2-р хх-1/, мөн шүүгчийн туслах шаардсан /хх-246/ боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй.

         4.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан, энэ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /2-р хх-3/ боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй нөхцөл байдал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

         5.Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон *******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. /хх-220/

         6.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         7.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

         8.Нэхэмжлэгч маргаж буй үндэслэлээ: “...Би “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-уудыг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. “*******” ХХК нь уламжлалт, бариа засал төөнүүрийн үйл ажиллагаа эрхлэх, “*******” ХХК нь дотрын өвчин, уламжлалт ухааны тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани болно. Миний бие “*******” ХХК-д 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар, ерөнхий эмчээр, “*******” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл гүйцэтгэх захирал, ерөнхий эмчээр тус тус ажилласан. Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцох шалгуурыг хангаж байгаа...” гэж тодорхойлсон.

         9.Хариуцагч тал “…хуульд зааснаар Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил, эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх, Албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан. Материалд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргасан ба ажилд томилогдсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, удирдах албан тушаалд 5 жил ажилласныг нотлох баримт хангалтгүй…” гэж маргадаг.

10.Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/81 дүгээр захирамжаар *******ыг Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл томилж /хх30-31/, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар ажиллах хугацааг сунгажээ./хх-32/

11.Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 7 хүн оролцохоор материалаа ирүүлжээ.

         12.Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийн ирүүлсэн бичиг баримтад үнэлгээ хийж, *******аас Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласныг нотлох бичиг баримтыг 17 цагаас өмнө авч нягтлан, дахин хуралдах, сонгон шалгаруулалтаа 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлээс /2-р хх-4-16/ харагддаг бөгөөд үүний дагуу ******* нь тодорхойлолт авчирч өгсөн, тэр нь он, сар, өдөр, дугаар байхгүй, нөхөж гаргасан тоот байсан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

         13.Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор  ...******* Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх, албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тус тус хангаагүй тул бүртгэхээс татгалзсан... гэж шийдвэрлэж /хх-216-217/, *******д 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот албан бичгээр мэдэгдсэн байна./хх-6/

         14.******* үүнийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ...эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг болох “Ган Булаг Медикал” ХХК-ийн захирлын тодорхойлолт, “*******” эмнэлгийн даргын тодорхойлолт өгсөн ба үүнийг батлах нийгмийн даатгалын хуулбарыг хамт өгсөн... гэж гомдол гаргаж, “Ган Булаг Медикал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргажээ./хх-7/

         15.Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар *******ын гаргасан гомдлыг хэлэлцээд  ирүүлсэн баримтууд нь хангалттай нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул татгалзсан хариу өгөхөөр шийдвэрлэж /хх225-233/, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ...таны эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан нотлох баримтыг нягталж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл “Ган Булаг Медикал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэх боловч Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.1.8-д заасан баримт бичгийн шаардлагыг хангахгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт нь “*******” ХХК-аас төлсөн байгаа нь зөрүүтэй байх тул бүртгэхээс татгалзаж байна... гэсэн хариуг өгсөн байна./хх-8/

         16.*******аас ...Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдөх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан тул шийдвэр гартал сонгон шалгаруулалтыг хойшлуулж өгнө үү... гэсэн хүсэлт гаргасан боловч Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус сонгон шалгаруулалтыг явуулж, хамгийн өндөр оноо авсан Эрүүл мэндийн хөгжлийн төв, тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн *******гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт, сонгон шалгаруулалтын мэдээллийг Эрүүл мэндийн яаманд тус тус хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна./2-р хх17-18/

         17.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10-д Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийг тусгасан бөгөөд 17.10.5-д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”. 16.3-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг тусгасан бөгөөд 16.3.1-д “эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан”, 16.3.2-т “эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” байх гэж хуульчилжээ.

         18.Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 2.8-д Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг оролцогчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан явуулж, дүнг хуралдаанаар хэлэлцэн, тэмдэглэл хөтөлнө”, 4.1-д Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд 4.1.1-д Баримт бичгийг хүлээн авч, үнэлэх” гэж, 5.1.7-д “Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт), 5.1.8-д “Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт)” гэж заажээ.

         19.Нэхэмжлэгч *******ын бүрдүүлж өгсөн баримтыг Төлөөлөн удирдах зөвлөл хянаад дээрх журмын 5.5-д зааснаар нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй, дутуу гэсэн үндэслэлээр *******ыг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өөрт нь  бичгээр мэдэгдэж, үүнийг ******* эс зөвшөөрч гомдол гаргасныг журмын 5.6-д зааснаар Баримт бичгийг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлэж, 5.7-д зааснаар дутуу баримтуудыг авчирч өгөхийг мэдэгдсэнээр тэрээр тодорхойлолт, баримт авчирч өгсөн боловч мөн шаардлага хангаагүй байна.

         20.Журмын 8.1-д Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлын албан тушаалд томилох тухай тогтоолыг гаргана гэж заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар *******г томилжээ./2-р хх19-20/

         21.Шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлд бүрдүүлэн өгсөн материалууд /хх11-215/, тус зөвлөл тэдгээр баримтыг хэрхэн үнэлж, шийдвэрлэсэн тухайн үеийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

22.Нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн баримт болох *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар /хх75-84/ “*******” ХХК 2013 оны 05 сараас  2019 оны 12 сарыг дуустал 4 жил 7 сар, “*******”  ХХК 2018 оны 4 сараас 2023 оны 11 сар дуустал 5 жил 7 сар, “*******” ХХК 2023 оны 02 сараас 2024 оны 11 сар дуустал 1 жил 9 сар тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ба үүнээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан болох нь харагдахгүй байна.

23.Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ “*******” ХХК болон “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хавсаргасан. /хх9-10,18-19, 33-34/

24.Харин Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүрдүүлж өгсөн баримтдаа дээрх компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааг өгөөгүй, дараа нь бүртгэхээс татгалзсан гомдолдоо “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан бөгөөд тус гэрчилгээнд бичигдсэнээр *******ыг 2020 оны 02 сарын 13-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн, 2024 оны 11 сарын 19-ний өдөр Ч.Адъяаг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа боловч тус компани нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар тэмдэглэгдээгүй байна./хх208-209/

         25.Түүнчлэн “*******” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтод …******* нь 2020 онд ******* эмнэлгийг үүсгэн байгуулж, 2024 оны 10 дугаар сар хүртэл захирал, ерөнхий эмчээр 5 жил удирдах албан тушаалд ажилласан нь үнэн болно… гэсэн албан тоот /хх-124/ байгаа хэдий ч захирлаар томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй.

26.“*******” ХХК-ийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ...*******ыг 2013 оны 05 сарын 01-ний өдрөөс хугацаагүй гэрээ байгуулан ажиллуулсугай… гэсэн /хх-215/, “Их Ганзүү” ХХК-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар …их эмч, захирал ******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн… /хх-214/ гэсэн баримт зэргээс харахад нэхэмжлэгчийг хэзээ захирлаар томилсон нь тодорхойгүй.

27.Мөн “*******” ХХК-ийн тодорхойлолтод …******* нь 2011 оноос Ган зүү уламжлалт анагаах ухааны эмнэлгийг үүсгэн байгуулж, 2020 оны 1 сар хүртэл их эмч, захирлаар ажилласан байсан нь үнэн… гэсэн, мөн тус компаниас *******ын тодорхойлолт бүхий  албан бичгүүд нь тус тус он, сар, өдөр, дугааргүй байгаа нь хэзээ гарсан нь ойлгомжгүй, албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцээгүй /хх-120,123/.

28.Компаниудын тодорхойлолтуудад заасан хугацаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хугацаанаас зөрүүтэй байна.

29.Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмын 5.1.7, 5.1.8-д заасан ажилласан байдал нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдохоор заасны дагуу шүүх нэхэмжлэгчээс удаа дараа холбогдох нотлох баримтыг шаардсан боловч ирүүлээгүйг дурдах нь зүйтэй./хх-245, 2-р хх-1/

30.Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын туршлага хэсэгт ...Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил, төрийн албанд 5-аас доошгүй жил, эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх... гэсэн шаардлагыг тусгасан бөгөөд нэхэмжлэгчийн бүрдүүлж өгсөн баримтууд нь энэ шаардлагыг хангаагүй байна. /2-р хх21-29/

31.Дээрх нөхцөл байдал болон баримтуудаас дүгнэхэд *******ыг эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд 5 жил, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт хангалттай бүрдсэн, тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

32.Тиймээс, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон                                

                                                  ТОГТООХ нь:

         1.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.1, 16.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан “Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж, зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн      47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.СУВДМАА