Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/29

 

*******ийн нэхэмжлэлтэй, ******* нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2021/00447 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 21ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, хариуцагч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч *******ийн нөхөр бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэрлэн сумын 9 дүгээр баг 75-р байрны В1 давхарын 100 м.кв байрыг худалдаж авах саналыг анх манай эхнэрт иргэн *******, ******* нар тавьсан байсан. Эхнэр ******* нь уг саналыг зөвшөөрч *******, ******* нартай харилцан тохиролцож үйлдвэр, үйлчилгээний зориулалттай В1 давхарын байрыг 35 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болж үүнээс 20 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд, үлдэгдэл 15 000 000 төгрөгөө *******, ******* нарын банкны зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон. Тэгээд эхнэр ******* нь *******, ******* нартай аман хэлцэл хийж *******ийн нөхөр болох *******д 20 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл энэ байр *******гийн нэр дээр биш, *******ийн нэр дээр байсан. Мөн *******, ******* нарын банкны зээлийн үлдэгдэл нь анх тохиролцсон үнэ болох 15 000 000 төгрөгөөс илүү байсан учир уг байрыг худалдаж авахаа больсон. Ингээд энэ байрыг буцаах саналтай байгаагаа *******, ******* нарт хэлж, урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгөө буцааж авахыг удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтаг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. Эхнэр *******ийн хувьд хариуцагч *******тай энэ асуудлаар хэл амаа ойлголцож чадахгүй, харилцахад хүндрэлтэй байна гэсэн учраас миний бие түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******ийн хувьд хариу тайлбартаа энэ асуудалд өөрийгөө ямар ч хамааралгүй гэж хэлдэг боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь *******ийн нэр дээр байсан, ******* нь анх санал тавьж нөхөртэйгөө манай эхнэр Энхмэндийг уулзуулсан. Нөхөр нь 20 000 000 төгрөг авсныг мэдсэн. Тэгэхээр хамтран хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Иймд урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгийг *******, ******* нараас хоёулангаас нь гаргуулах саналтай байна.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Хэрлэн сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхарын 100 м.кв байрыг худалдах зорилгоор *******ээс 20 000 000 төгрөг авсан нь үнэн. Миний хувьд 20 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ ч, шүүхийн шатанд нь ч илэрхийлсэн. Би анх *******эд санал тавихдаа ...байрыг 35 000 000 төгрөгөөр зарна, банканд 15 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийн барьцаанд байгаа, хэрвээ 35 000 000 төгрөгийг төлнө гэвэл банкны зээлийн үлдэгдлээ хаагаад байрны ордероо суллаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь надад 20 000 000 төгрөгөөс илүү зээл гарахгүй, 20 000 000 төгрөгийг бэлнээр төлөөд, банкны үлдэгдэл зээл 15 000 000 төгрөгийг би үргэлжлүүлээд төлье гэж хэлсэн. Тухайн үед банкны зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг л байсан, одоо ч гэсэн 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй хэвээрээ байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал банкны зээлийн үлдэгдэл анх тохиролцсон 15 000 000 төгрөгөөс өндөр байсан гэж худлаа яриад байна. Энэ байрыг буцаах болсон шалтгаан нь манай талаас огт болоогүй. Бүхэл бүтэн 1 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа байр буцаах асуудал ярьж байгаад гомдолтой байна. Хэрвээ энэ хугацаанд бид байраа түрээслэж, өөр хүнд ашиглуулж байсан бол *******эд өгөх 20 000 000 төгрөгийг төлөх боломж байсан. Миний хувьд 20 000 000 төгрөгийг авч зарцуулсан нь үнэн учраас уг мөнгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. ******* бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод тусдаа амьдарч байгаа. *******ийн хувьд гоо сайханч мэргэжилтэй болохоор анх гоо сайханы салон нээмээр байна гэхэд нь би 2017 онд энэ байрыг 38 000 000 төгрөгөөр *******ийн нэр дээр авч өгч байсан. Тэгээд сүүлд *******тэй маргалдсан чинь уурандаа Энхчимэг гэх найздаа энэ байрыг 21 000 000 төгрөгөөр зарсан байсан. Би уг нь энэ байрыг шүүхэд маргаантай байгаа, худалдаж авч болохгүй байр гэж Энхчимэгт хэлсэн боловч миний үгийг тоогоогүй худалдан авсан байсан.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хэрлэн сумын 9 дүгээр баг 75 дугаар байрны В1 давхрын 100 м.кв өөрийн өмчлөлийн байрыг *******, ******* нарт огт худалдаагүй. Би эдгээр хүмүүсээс нэг төгрөг ч аваагүй. Надтай хамтран амьдарч байсан Түмэнжаргалын Жавхланд 20 000 000 төгрөг өгснийг нь би цагдаагийн газарт шалгагдаж байхдаа мэдсэн. Би энэ 2 хүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй учир энэ хэргийн хариуцагч байх үндэслэлгүй. Жавхлан, Энхмэнд нар ямар тохиролцоо хийсэн, хэзээ хэн нь хэндээ хэдэн төгрөг төлсөн зэргийг би огт мэдэхгүй. Энэ асуудлыг *******, ******* нар нь гэрээ хэлцэл хийсэн, мөнгө төгрөг авсан гэх *******гаас нэхэмжилсэн нь зөв гэж бодож байна. Иймд Ганцэцэг намайг энэ хэргийн хариуцагч биш тул хариуцлагаас чөлөөлөх, эсвэл надтай холбоотой гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2021/00447 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 10 000 000 /арван сая/ төгрөг, хариуцагч *******ээс 10 000 000 /арван сая/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 128 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Би Хэрлэн сумын 9 дүгээр баг, 75 дугаар байрны В1 давхрын 100мөөрийн өмчлөлийн байрыг *******эд огт худалдаагүй. Би эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг өөртөө аваагүй. *******д ******* 20 000 000 төгрөг өгснийг нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байхдаа мэдсэн.

*******, ******* нараас 20 000 000 төгрөг хүлээн аваад өөртөө зарцуулснаараа ******* энэ асуудлыг өөрөө хариуцах ёстой гэж бодож байна.

Энэ 20 000 000 төгрөгнөөс надад хэрэглэсэн нэг ч зүйл байхгүй. *******, ******* нарын хооронд ямар яриа хэлэлцээр болсныг би сүүлд мэдсэн. Тухайн байр нь зээлийн барьцаанд байсан учир банкнаас намайг зээлээ төл гэж байнга шаардсан. Аргаа бараад чанаргүй зээлдэгч болохгүйн тулд би байраа хүнд зарж үлдэгдэл зээлийн төлбөрийг банкинд тушаан өөрийн нэрийг цэвэрлэж авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас Хэрлэн сумын 9 дүгээр баг, 75 дугаар байрны В1 давхарын 100 м.кв талбай бүхий үйлдвэр, үйлчилгээний зориулалттай байрыг 35 000 000 төгрөгөөр худалдаж авах, 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 15 000 000 төгрөгийг төлөх, уг мөнгийг төлөхдөө хариуцагч *******, ******* нарын банкны зээлийн үлдэгдлийг үргэлжлүүлэн төлж дуусгахаар харилцан тохиролцож, улмаар 2019 оны 01 сарын 29-ний өдөр *******д 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч, тус байрны түлхүүрийг хүлээн авсан үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20 000 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 138/ШШ2021/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                          Ж.ДОЛГОРМАА

                                                                                                         Я.АЛТАННАВЧ