| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00017/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч П.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох 1840000350018 тоот хэргийг 2018 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Д.Б
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны ертөнцийн зүгээр хамгийн хойд талын орцоны нэг давхарт хохирогч Б.Б-ийг зодож толгойн дагзны зүүн хажуу хэсгийн өнгөц язарсан шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Д.Б нь “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 1-р орцонд 2018 оны 03 сарын 18-ны өдөр 16 цагийн үед согтуугаар хохирогч Б.Б-ийг зодож, толгойн дагзны зүүн хажуу хэсгийн өнгөц язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсэг болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, духны зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Б 2018 оны 03 сарын 29-ний өдөр өгсөн: “2018 оны 03 сарын 18-ны өдөр гэртээ байхад манай ажлын газрын Б гэх залуу над руу залгаад ганц юм уух уу гэхээр нь би цэргийн баяр юм чинь тэгье гээд Т гэдэг айлын гэрт нь 0.75 хэмжээтэй архи хувааж уусан. Т-ийн гэрээс гараад манай ажлын З гэх айлд очоод 0.75 литрийн хэмжээтэй архи авч очоод хувааж уусан. Би тэдний гэрт очоод архи ууж байгаад тасарсан байсан. Намайг тасарсан байхад Т яваад өгсөн байсан. Намайг Б гэх залуу зодсон гэсэн. Би тасарсан болохоор сайн санахгүй байгаа ч намайг зодож байгааг мэдээд болиоч гэж хэлж байсан. Намайг тэнд байхад манай охин У ирээд аваад явсан. Миний биед хоёр нүд битүү хавдсан, духны зүүн талд зулгарсан, толгой хагарсан байсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
- Насанд хүрээгүй гэрч Б.У-ын 2018 оны 03 сарын 29-ний өдөр өгсөн: “Намайг гэртээ байж байхад 2018 оны 03 сарын 18-ны өдөр манай ангийн Э залгаад аавыг чинь хүн зодож байна гэсэн. 43-р байрны урд талын орц руу орсон чинь манай аав орцны 1 давхарын шатны доор уначихсан хамт ажилладаг Б гэх ах зодож байсан. Би дундуур нь орж болиулсан. Манай аав согтуу цамц нь цус болчихсон байсан. Манай аавын хамраас цус гарсан байсан. Би очоод аавыгаа аваад гэрлүүгээ явсан. Гараараа цохиод өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
- Гэрч Ч.М-ын 2018 оны 04 сарын 02-ны өдөр өгсөн: “Би 2018 оны 03 сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Б, Б, Т 3 хамт орж ирсэн. Тэр гурав архи уучихсан согтуу байсан. Манайд ирэхдээ 1 шил архитай ирсэн. Б Б хоёр гэрт орж ирээд хэрэлдэж, маргалдаж байгаад зодолдьё гээд байсан. Архиа ууж байгаад Т гэрээс ганцаараа гараад явсан. Б, Б хоёр үлдсэн. Архиа ууж дуусаад гарсан. Гараад сайхан зодолдьё гээд байсан. Б-ийг зодсон гэж байсан. Би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 23-ны өдрийн № 31 тоот:
1.Б.Б-ийн биед толгойн дагзны зүүн хажуу хэсгийн өнгөц язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, хамрын нуруу хэсэг болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, духны зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 18/,
- Шинжээч эмч Ж.А-ийн 2018 оны 04 сарын 02-ны өдөр өгсөн “Б.Б-ийн биед толгойн дагзны зүүн хажуу хэсгийн өнгөц язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
- Шүүгдэгч Д.Б 2018 оны 04 сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 03 сарын 18-ны өдөр Б-тэй Т-ийн гэрт очсон. Бид гурав нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Мөнхзулын гэрт очсон. Т яваад өгсөн. Тэгээд хоорондоо маргалдсан. Б намайг гараад зодолдьё гээд байсан. Архиа уугаад хэрэлдээд байж байтал Б эхлээд миний баруун шанаа руу нэг удаа цохьсон. Тэгтэл М ах гэрээс гарцгаа гээд хөөгөөд гаргасан. Б бид хоёр хоорондоо орцонд зодолдсон. Би Б-ийн нүүрэнд хэд хэдэн удаа цохьсон. Б-ийн охин ирчихсэн байсан. Би уурандаа Б-ийг зодсон. Миний үгэнд орохгүй өөдөөс салаавч гаргаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
- Гэрч Б.Э-ийн 2018 оны 04 сарын 06-ны өдөр өгсөн “2018 оны 03 сарын 18-ны өдөр манай орцонд У гэдэг хүүхдийн аав нь нэг танихгүй хүнд зодуулж байсан. Тэгэхээр нь би У-д утсаар хэлсэн. У-ын аав нь орцны шалан дээр уначихсан, нөгөө ах дээрээс нь зодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
- Хохирогч Б.Б-ийн “Миний бие 2018 оны 03 сарын 18-ны өдөр Д.Б-д зодуулж хөнгөн гэмтэл авсан. Билгүүн надаас уучлалт гуйсан. Миний эмчилгээнд зориулж 700000 төгрөг өгсөн. Хохирол барагдуулсан. Бид эвлэрсэн. Тиймээс надад ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 34/
- Шүүгдэгч Д.Б-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 сарын 18-ны өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 43-р байрны 1-р орцонд Б.Б-ийг зодсон. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогч Б.Б-д 700000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ий хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.-ээс эмчилгээний зардалд 700000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 700000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Б-д төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Д.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д 700000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн
1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б-д 700000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ