Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/521

 

2024             05            02                                          2024/ДШМ/521

 

          Г.Б, Х.С, Б.Б,  М.Ц, З.Г, Л.С нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хурмандах,

шүүгдэгч, хохирогч Г.Б, Х.С нарын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, М.Ц нарын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүгдэгч, хохирогч Г.Б, Х.С нарын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, М.Ц, Г.Б, Х.С, З.Г, Л.С нарт холбогдох 2206 00248 1798 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Д овогт Г-н Б, .... оны .. дугаар арын ..-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......../,

2. Б овогт Х-н С, ..............-ны өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ургамал судлаач мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../,

3. Е овогт Б-н Б, ... оны ...........-ны өдөр ............ төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, ...................ажилтай, ам бүл ..., нөхөр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............/,

4. Х овогт М-н Ц, .......... оны ...............-ны өдөр ........... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биотехнологич мэргэжилтэй, ................., ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............/,

5. Б овогт З-н Г, .................-ны өдөр ............... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........../,

6. Б овогт Л-н С, ..........-ний өдөр ........аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Х.С нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч З.Г-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Х.С нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Б.Б, Г.Б нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвий үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч С.А-н нүүрэн тус газарт алгадах, цохих, нүүрээр нь дарж унагаах, ам руу нь гараа хийх зэргээр эрүүл мэндэд нь дээд уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед архидан согтуурсан үедээ М.Ц, Г.Б, Х.С нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед архидан согтуурсан үедээ Б.Б, Г.Б, Х.С нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.С нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Б-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч З.Г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Х.С-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б, Х.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, М.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.Г, Л.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Г, Л.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б, М.Ц нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Б, Х.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус буруутайд тооцож, шүүгдэгч З.Г, Л.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б, Х.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б, М.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б, Х.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орогдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Х.С, З.Г, Л.С нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хучин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б, Х.С, 3.Г, Л.С нарт тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С, Г.Б нарт 1 жилийн хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б, Х.С нарт тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, М.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь    хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, М.Ц нарт тус тус сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Б, Х.С нарын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Б Х.С нар хэргийн талаар тогтвортой зөв мэдүүлэг өгдөг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж уучлал гуйж хохирогч нарт учруулсан гэмтлийг эмчлэхэд шаардлагатай төлбөрийг нөхөн төлсөн. Миний үйлчлүүлэгч нар .............багт ажилладаг Монгол улсад хэрэгцээтэй сайн мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолоор зорчих эрхийг нь 1 жилээр хязгаарласнаас гадна өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосон, өөр орон нутаг дүүрэгт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэсэн зорчих зарим эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар заасан байна. Г.Б, Х.С нар нь 6-14 насны 3 хүүхэдтэй, ажил эрхэлдэг байгууллага нь Баянзүрх дүүрэгт байрладаг учир өглөө бүр Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөн Баянзүрх дүүрэгт, .......ажлын хүрээнд мөн Хан-Уул дүүрэгт байрлах ..... очих, амьдралын зайлшгүй шаардлагын улмаас Сонгинохайрхан дүүрэгт байрлах аав, ээжийгээ эргэж тойрох, .......... ажилд зайлшгүй шаардлагатай ......... ажлаар хөдөө орон нутагт зорчих, ............. багт орж ажиллах, мэдээлэл хүргэх бүх бололцоог хаасан шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.Б, Х.С нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “...Г.Б, Х.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн” гэснийг үл зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт дүн шинжилгээ хийж үзэхэд:

1/. Манай үйлчлүүлэгч Г.Б, Х.С нар нь хохирогч Э.Г, Л.С нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт шийтгэгдсэн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.

2/. Харин “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, өөр хооронд үүссэн таарамжгүй харилцаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч, хохирогч нар харилцан бие биедээ хүч хэрэглэж, зодолдсон үйл баримт нь баарны гадна болсон байх нь шүүгдэгч нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тухайн маргаан, зодоон үүссэн үндэслэл нь хохирогч З.Г, Л.С нарын зүй бус, хууль бус үйлдлээс шууд шалтгаант хамааралтай байх ба харин “М” бааран дотор шүүгдэгч нараас хэн аль нь хүч хэрэглэсэн үйлдлүүд хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, бааранд болсон зүй бус, таарамжгүй харилцаа, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан баарны гадна гарч улмаар өөрсдийгөө болон найз нөхдөө өмөөрөх, маргааныг салгах явцдаа харилцан бие биедээ хүч хэрэглэсэн, зодолдсон, үүний үр дагаварт хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байх тул зөвхөн баарны гадна харилцан зодолдсон гэдгээр хийсвэрлэх замаар Г.Б, Х.С нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, өөр хоорондын таарамжгүй харилцаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс улбаатайгаар шүүгдэгч, хохирогч нар харилцан бие биедээ хүч хэрэглэж, зодолдсон тухайн агшинд уг баарны болон ойр орчим дахь ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, эсхүл оршин суугч, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан гэж үзэх ямар нэгэн нотлох баримт тус хэрэгт цуглараагүй байна. Мөн шүүгдэгч нар бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээс өмнө эсхүл тухайн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдах, зодолдох явцдаа тийнхүү танхайрах сэдэл гэдгийг бодитой нотолсон баримтгүй тухайн тохиолдолд “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” гэж дүгнэх боломжгүй. Дээрх нөхцөл байдлуудыг үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Г.Б, Х.С нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөх, элдвээр доромжлох, сүрдүүлэх, басамжлах зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган түгшээж улмаар өөрсдийн ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан үйлдлээ бусдын анхаарлын төвд оруулж хийх, үргэлжлүүлэхийг эрмэлзсэн гэмт сэдэлт, зорилго бүхий үйлдлээр нийгмийн хэв журмыг бүлэглэн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. Г.Б, Х.С нар нь ............. ажилтнууд бөгөөд одоо ............. тус тус суралцаж байгаа эрдэм номын хүмүүс бөгөөд анхан шатны шүүхээс “тэднийг баарны үйл ажиллагааг нь тасалдуулсан, саад учруулсан мөн албан хаагчдын эрх ашгийг хохироосон бусдын эзэмшлийн эд зүйлийг устгаж, гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолд дурдсанаар “М” баарны үйл ажиллагаанд саад учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж шийтгэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: Г.Б, Х.С нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, М.Ц нарын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэсэгт “... Шүүгдэгч Б.Б, М.Ц, Б.Б, Х.С нар нь архидан согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан...” гэжээ. Тухайн маргаан, зодоон үүссэн шалтгаан нь баарыг ажиллуулж байсан гэх А-н буруутай үйл ажиллагаа буюу баар хаах цагаа хэлэлгүй пивоор үйлчилсэн, тухайн пивоо ууж дуусаагүй байхад гарахыг шаардсан. Ингээд тухайн баарнаас авсан 1 лааз пиво ууж дуусгаад, тооцоогоо төлөөд гарах гэтэл баарнаас гаргахгүй “та нар гар гэхэд гараагүй, цагдаа дуудсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэсэн. Шүүгдэгч нар нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл тогтоогдоогүй. Тодруулбал: Б.Б, М.Ц, Б.Б, Х.С нар нь тухайн караоке дотор ямар нэгэн эд зүйл эвдэж гэмтээгээгүй, төлбөр тооцоогоо бүрэн төлсөн ноцтой зөрчил үүсгээгүй, бусдыг басамжлах, өөрийгөө хүчтэй чадалтай гэж илэрхийлэх нөхцөл байдал, хор уршиг учруулаагүй гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдыг басамжлах, өөрийгөө хүчтэй чадалтай гэж илэрхийлэх нөхцөл байдлаар сэдэлтийг агуулдаг. Тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “баарнаас гаргахгүй гэж хорьж хаалга үүдээ түгжсэнээс болж хувийн таарамжгүй харилцаа үүссэн”-ээс үүдэн Х.С, А хоёр нь бие биедээ халдсан, З.Г нь охиноо өмөөрч Х.С-н биед халдсан, Х.С-н нөхөр Б.Б нь эхнэрээ өмөөрч З.Г-н нөхөр Л.С-тэй харилцан зодолдсон нь нийтийн хэв журмыг зөрчих санаа, сэдэлт зорилгогүй гэх үйл баримт тогтоогддог. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд “М” караоке нь үйл ажиллагаагаа зогсоосон, баарны хашаан дотор болон гадна хүн байгаагүй. “М” караокены хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тухайн хэргийн оролцогч нар нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг гаргаж байсан ч 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнө болсон тухайн хэргийг удаашруулан бүтэн 2 жил шалган холбогдогч нарыг залхаан цээрлүүлэх замаар хэргийг хүлээн зөвшөөрүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Иймд Б.Б, М.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл ногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэн, прокурорын яллах дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Х.С, Г.Б нарын өмгөөлөгчид ....улсад ажиллах бололцоог хязгаарласан шийдвэр гаргасанд гомдолтой гэж тайлбарлаж байна. ... Шүүгдэгч нарын хувьд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, “М” бар, караокены үйл ажиллагааг алдагдуулснаас гадна бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хэргийн үйл явц нь караокены гаднах хашаанд өрнөснөөс гадна хүмүүсийн өдөр тутам зорчиж байдаг нийтийн эзэмшлийн талбайд үйлдэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнийн 00:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” караокед архидан согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хохирогч З.Г-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Х.С нь дээрх цаг хугацаанд “М” караокед архидан согтуурсан үедээ “баар хаах цаг боллоо” гэсний улмаас С.А-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт алгадах, цохих, нүүрээр нь дарж унагаах, ам руу нь гараа хийх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч М.С нь “М” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Бү-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч З.Г нь “М” караокены хашааны гадна талд тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас хохирогч Х.С-н биед хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулай, цээж, бугалга, гуя, шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Г-н “… Би эхнэрт нь үсдүүлээд доошоо харчихсан байх үед саарал куртиктэй залуу нь доороос өлгөөд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгтэл манай нөхөр над дээр ирээд саарал куртиктэй залууг надаас татаж холдуулаад газар унагаагаад дээрээс нь дараад хэвтсэн. ... Миний зүүн талын нүдэнд учирсан гэмтлийг саарал куртиктэй залуу гараараа 2 удаа цохиж учруулсан. ...” /1 хх 19-21/,

хохирогч С.А-н “… Би хувиараа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй караокед зөөгчөөр ажилладаг. ... Би нөгөө 3 дугаарын өрөөнд ороод “цаг чинь дууссан байна, манайх хаах гэж байна” гэхэд нүдний шилтэй эгч надад хэлэхдээ “бид нар 5 минутад уух зүйлээ дуусдаг юм” гэж хэлсэн. ... Би нөгөө хүмүүст “одоо удахгүй цагдаа орж ирээд бөөн зүйл болно” гэхэд нүдний шилтэй эмэгтэйн нөхөр над руу ирээд намайг заамдаж авахад манай нөхөр намайг хамгаалж “чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө нүдний шилтэй эмэгтэй ардаас үсдээд авахаар нь “та нар яагаад хүний биед хүрч байгаа юм бэ” гэж хэлээд ээж З.Г-н гар утас руу залгаад болсон зүйлийг хэлсэн. ... Тэгээд нүдний шилтэй эмэгтэй хүн нүүр лүү нулимж, хацар луу алгадаж, хөл рүү 2 удаа өшиглөсөн. Манай нөхрийг нөгөө хоёр эрэгтэй нийлж байгаад зодсон. Би нөхрөө өмөөрч очиход нөгөө хоёр эмэгтэй нь намайг үсдэж газарт унагаж, аман дотор гараа хийж татсан, мөн миний хиймэл шүдийг газарт унагаасан. ...” /1 хх 13-14/,

хохирогч Г.Б-н “… Би Г гэгчийг нь эхнэрээсээ салгах гэж байгаад нүд рүү нь нэг удаа цохисон, гэтэл миний ардаас нэг хүн ирж цохиод намайг дараад хэвтсэн. Тухайн үед миний дээр дарж байсан хүн 20 орчим минут болсон ба сүүлдээ амьсгалж чадахгүй болоод байж байхад цагдаа нар ирээд намайг босгосон. Цагдаа нар ирээд намайг гавлаад аваад явж байхад би чамайг дарсан харсан хүнийг харахад Г гэгчийн нөхөр байсан ба би тэр хүнд “хоёулаа эргээд уулзана аа” гээд нуруунд нь хүрсэн чинь шууд эргэж хараад миний хамар хэсэг рүү цохиж унагаасан. ...” /1 хх 32-33/,

хохирогч Х.С-н “… манай нөхөр Б нь эхлээд хашааг даваад би араас нь хашааг даваад буугаад ирсэн чинь баахан хүмүүс гарч ирээд намайг бүслээд над руу дайраад намайг барьж аваад газарт унагаагаад нүүр нүдгүй дээрээс балбаад байсан ба би газарт 10 орчим минут даруулж хэвтсэн. ...” /1 хх 44/,

гэрч Б.Б-н “...Б А-н үснээс татаж авсан. Тэнд байсан махлаг эрэгтэй болох Б ширээ, хана цохиод, янз бүрийн юм хэлээд агсраад байсан. ... С гэх эмэгтэй нь А-г татаад дээрээс нь дараад байсан. Б араас нь нэмж түлхээд би газарт унагаад дарсан. А эргэж босож чадаагүй. ... С нь А-г барьж аваад газарт дарж унагаж байхыг би харсан. ... С-тэй юм яриад алхаж байхад Бү нь араас нь үснээс нь татсан бөгөөд эргэж хараад С нь Бү-г нэг удаа хүзүү хэсэгт нь алгадсан. Бү-г С нэг удаа хүзүү хэсэгт нь алгадаж байхыг би харсан...” /2 хх 130-131/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч З.Г, С.А, Г.Б, Х.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 452 дугаар /1 хх 50-52/, 512 дугаар /1 хх 54-55/, 478 дугаар /1 хх 69-70/, 487 /1 хх 72-73/ дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 248-250, 2 хх 1-2/, уг бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 102-119/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б, Х.С, М.С, З.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г хохирогч З.Г-г зодож, шүүгдэгч Х.С-г хохирогч С.А-г зодож, шүүгдэгч М.С-г хохирогч Г.Б-г зодож, шүүгдэгч З.Г-г хохирогч Х.С-г зодож, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүхээс шүүгдэгч Г.Б, Х.С, М.С, З.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Х.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.С, З.Г нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин прокуророос шүүгдэгч Г.Б, М.Ц, Б.Б, Х.С нарыг согтуугаар, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүхээс уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, гэмт хэрэг юунаас болж гарсан болох, хэрэг маргааныг хэн эхэлж өдүүлсэн талаарх нөхцөл байдлыг тогтоохдоо Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нарыг бүлэглэн нийтийн хэв журам зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд гэм буруугийн сэдэлтийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Шүүгдэгч нар анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч  Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нар караокед үйлчлүүлж байгаад уг караокены ажилтан С.А-тай “авсан пиво ууж дуусгасны дараа караокеноос гарна” гэсний улмаас хэрүүл маргаан эхэлж, улмаар шүүгдэгч М.С, З.Г нар С.А-н дуудсанаар ирж, тэдний дунд таарамжгүй харьцаа үүсч харилцан зодолдсон ба уг зодооноос үүдэлтэй сэдэл, санаа зорилгын хүрээнд хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгч нарын үйлдэл оролцооны субъектив шинжийг тодорхойлж чадалгүй, үйл баримтыг цогцоор нь бус хэсэгчлэн дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.    

Үүнээс гадна, тус караокед гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч нараас өөр хүмүүс үйлчлүүлж байгаагүй, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгууллагын үйлчилгээ тасалдсан, байгууллагын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, олон нийтийн эсрэг илтэд хүч хэрэглэж амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн, шүүгдэгч нар бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээс өмнө эсхүл тухайн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдах, зодолдох явцдаа тийнхүү танхайрах сэдэлт, зорилгоор хүчээ нэгтгэж, үүргээ хуваарилах зэргээр санаатайгаар нэгдэж бүлэглэсэн гэдгийг бодитой нотолсон баримтгүй тухайн тохиолдолд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж таамаглах боломжгүй болно.          

Дээрх нөхцөл байдлуудыг үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөх, элдвээр доромжлох, сүрдүүлэх, басамжлах зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган түгшээж улмаар  өөрсдийн ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан үйлдлээ бусдын анхаарлын төвд оруулж хийх, үргэлжлүүлэхийг эрмэлзсэн гэмт сэдэлт, зорилго бүхий үйлдлээр нийгмийн хэв журмыг бүлэглэн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын асуудлаар тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, Д.Пүрэвбаатар, Л.Түвшинцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, прокуророос шүүгдэгч Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолд “Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, М.Ц, Г.Б, Х.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Б, М.Ц нарыг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Б овогт З-н Г, Б овогт Л-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Е овогт Б-н Б, Х овогт М-н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д овогт Г-н Б, Б овогт Х-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг  “Б овогт З-н Г, Б овогт Л-н С, Д овогт Г-н Б, Б овогт Х-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Шүүгдэгч З.Г, Л.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б, Х.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Б, М.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “Шүүгдэгч З.Г, Л.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б, Х.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6, 7, 8, 9 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР