| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0548/З |
| Дугаар | 128/ШШ2025/0727 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0727
2025 10 21 128/ШШ2025/0727
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З*******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б
Хариуцагч: Ү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М*******, Ш.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Монгол Улсын Ерөнхий аудитороос “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх” тухай аудитын төлөвлөгөөг баталжээ.
2.2.Дээрх төлөвлөгөөний дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай 2022 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, төрийн аудитын байгууллагад ирүүлсэн тайлан, дүгнэлтийн хүрээнд тухайн гэрээлэгчдийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримт материалыг хамруулан нийцлийн аудитыг хийж гүйцэтгэсэн байна.
2.3.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаар актыг үйлдсэн байна.
2.4.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “З*******” ХХК-ийг тухайн жилд буюу 2022 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний нийт 1,240,000.00 ам.долларын зарцуулаагүй хөрөнгийн мөнгөн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй байна гэж үзэж, “З*******” ХХК-ийн ******* XI талбайн 1,240,000.00 ам.доллар буюу 4,271,304,000.00 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.
2.5.Тус шүүх “З*******” ХХК-аас гаргасан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Үт холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газарт явуулсан Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Ш.Н 192\ дугаартай “З*******” ХХК-д холбогдуулан тавьсан акт тавьсныг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр “З*******” ХХК 2025 оны 04 сарын 10-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Ө акт хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үндэсний Аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар гомдол гаргах боломжийг олгоно гэж заасныг зөрчсөн буюу “З*******” ХХК-ийн удирдлагад, компанийн төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй. Манай “З*******” ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, Ашигт малтмал, газрын тосны газартай 11 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхлэх талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хайгуулын ажлыг хийж эхлүүлж, одоогийн байдлаар 52,941,727.18 ам доллар 183,401,260,714 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. 2019 оны сүүлээс эхэлсэн дэлхий нийтийг хамарсан гоц халдварт COVID-19 буюу Корона вирусийн тахлын нөхцөл байдал үүссэн, энэхүү тахлаас үүдэн БНХАУ-с Монгол Улс руу зорчигч тээврийн хөдөлгөөнийг автозамаар 2023 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл, төмөр замаар 2023 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглож байсан.
Энэ талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23-р зүйл Онц байдал, Давагдашгүй хүчин зүйл тушаалаар 23.2.1-д Давагдашгүй хүчин зүйл гэж Гоц халдварт өвчний тархалт 23.3.1 Шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн актаар үйл ажиллагааг зогсоосон... гэж. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газраас 28 дугаартай албан бичгээр тухай үед Монгол Хятадын хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх баримтыг, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх журмын 1.2.1.4 дэх хэсгийн үндэслэн олгосон гэрчилгээг Үт гаргаж өгсөн боловч шийдвэрээ өөрчилсөнгүй. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ч.Э гэх хүн “З*******” ХХК-ийн менежер Батаад -H гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, хилээр үл нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг дамжуулж хэлэхийг даалгасан байдаг. Энэ үеэс “З*******” ХХК-ийн үйл ажиллагаа удирдлагагүй болж үйл ажиллагаа бүрэн зогссон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 09 өдрийн 1 дугаартай тогтоолоор оффис болон хайгуулын талбай дахь хөрөнгүүдийг битүүмжилж, автомашин, тээврийн хэрэгслүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдсан байна. “З*******” ХХК нь удирдлагагүй, компанийг төлөөлөх эрх бүхий хүнгүй байгаа мэдсээр байж Үндэсний аудитын газраас шалгалт явуулж, акт тавьсанд гомдолтой байна. Иймд Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30 ны өдрийн дугаартай Ш.Н “З*******” ХХК-д холбогдуулан тавьсан актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актыг гаргахдаа “3*******” компанийн эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, танилцуулаагүй. Бээжингийн арбитрын шүүхийн шийдвэр 2015 онд гарсан байдаг. Тус шийдвэртэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн шүүхийн гүйцэтгэх хуудас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан. Дараа нь нэхэмжлэгч компанид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Банкнуудад харилцах дансыг нь битүүмжлэх, хасалт хийх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой материалууд байна. Мөн шийдвэр гүйцэтгэх албанаас Гадаадын иргэн харьяатын газарт Хятад улсын буюу “3*******” компанийн захирлыг хилээр орж, гарах эрхийг нь түдгэлзүүлсэн баримтыг нь хэрэгт хавсаргасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маань гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн тухай албан мэдэгдлийг компанийн ажилтан гэж үлдсэн байсан нөхдөд “хориг тавьсан шүү, Хятад улсад байгаа компанийн захиралд мэдэгдээрэй” гэж албан бичгийг өгсөн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг нь түдгэлзүүлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол гарсан. Арилжааны бүх данснуудыг хаасан. Үндсэндээ үйл ажиллагааг нь бүрэн хэмжээгээр зогсоосон гэсэн үг. 2019 оноос үйл ажиллагааг нь үндсэндээ бүрэн хэмжээгээр зогсоосон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.” гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэнтэй холбоотой мэдэгдлүүдийг өгч байсан. Компанийн хувийн хэрэг дансанд хадгалагдсан байгаа. Захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл маргаан бүхий актыг гарснаас хойш хэнд ч мэдэгдээгүй. Компанийн эрх бүхий этгээд рүү мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “ач холбогдолтой мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” талаар хуульчилсан. Компанийн үйл ажиллагаа зогссон нөхцөл байдалтай байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны газраас бүх дансуудыг болон хилийн хориг тавьсан байгаа. Ийм ач холбогдол бүхий мэдээллүүдийг цуглуулж, оролцогчийг сонсож тайлбар гаргуулахгүйгээр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г үндэслэж захиргаааны акт гаргасан. “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь хуулиас дээгүүр байх ёсгүй. Хуульд заасныг баримтлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулахдаа 2 хүний нэг гарын үсэг зуруулсан байдаг. Тэгэхээр сонсох ажиллагаа явуулаагүй байна. Энэ хүмүүс нь итгэмжлэлгүй болохыг хариуцагч тал өөрсдөө тайлбарлалаа. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд “захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж хуульчилсан. Хариуцагч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг үзвэл хувийн хэрэг байхгүй, дагалдах хуудас байхгүй, шийдвэр байхгүй. Аудитын ажлын төлөвлөгөө зэрэг баримтуудад хариуцагч байгууллагын ажилчид гарын үсэг дутуу зурсан. Хэрэв хувийн хэрэг, дагалдах хуудсаа хөтөлсөн бол шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон хүмүүсийг эрх бүхий этгээдүүд байсан эсэх, итгэмжлэл нь байсан эсэхийг нотлох ёстой байсан. Энэ нотлох ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд 31.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй” гэж засан.
Мөн хуулийн 31.2-т “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагчийн зүгээс компанийг төлөөлсөн гэх этгээдүүдэд ямар ажиллагаанд орох гэж байгаа талаар болон итгэмжлэл зэрэг холбогдох баримтуудаа авчир гээд хойшлуулах ёстой байсан. Захирал нь Хятад хүн бол тус улсад суугаа Монголын элчин сайдын яамаар эсхүл өөрийн нотариатаар батлуулж 1989 онд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу бичиг баримтаа авчрах талаар мэдээлэл өгөх үүрэгтэй байсан. Ийм байдлаар мэдэгдэж, мэдээлэл өгч холбогдох бичиг баримтыг авалгүйгээр дотоод итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал: “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна,” 43.2-т “шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим шуудан ашиглаж болно”, 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан. Төлөөлсөн гэх этгээдүүдээс Хятад улс дахь хаягийг нь эсхүл “wechat”-ыг аваад кодыг нь уншуулж байгаад явуулах боломжтой байсан. Иймд хууль зөрчиж гаргасан захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “З*******” ХХК-ийн Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 192/ дугаар төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооны 2023 оны 08 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны А******* дугаар тушаалаар баталсан аудитын жилийн төлөвлөгөөг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчдийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, төрийн аудитын байгууллагад ирүүлсэн тайлан, дүгнэлтийн хүрээнд тухайн гэрээлэгчдийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримт материалыг хамруулан нийцлийн аудитыг 2024 онд хийж гүйцэтгэсэн. Аудитаар “З*******” ХХК-ийн ******* ХІ талбай нь хөрөнгийн эх үүсвэргүй шалтгаанаар хайгуулын ажил хийгээгүй, өртөг нөхөгдөх зардлын хяналт шалгалтад хамруулаагүй зөрчил илэрсэн. Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-д "Тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй", 7.3.3 "Гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцу*******даагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө.” заалтыг тус тус зөрчиж байгаа тул тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээ буюу нийт 1,240,000.00 ам.долларыг нөхөн төлүүлэх төлбөрийн акт тогтоосон.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно" гэж заасныг зөрчсөн хэмээн дурдсан байна. Үндэсний аудитын газраас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн Монгол дах Төлөөлөгч нарт сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Мөн нэхэмжлэгч нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хайгуулын ажлын доод хэмжээг хангаж чадаагүй нь хүндэтгэх үзэх шалтгаан гэж үзжээ. Гэвч Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.20-д "гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх." гэж заасны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэж, нотлох баримтаа ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “З*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Аудитын хяналт, шалгалтыг хууль, дүрэм журмын дагуу хийсэн. Төрийн Аудитын тухай хууль болон Газрын тосны тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөөг үндэслэн аудит хийгдсэн. Аудитаар “3*******” ХХК нь хөрөнгийн эх үүсвэргүй гэх шалтгаанаар хайгуулын ажил хийгдээгүй. Өртөг, нөхөгдөх зардлын хяналт шалгалтад хамруулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Уг зөрчилд төлбөрийн акт тогтоохдоо “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний холбогдох заалтуудыг үндэслэсэн. Мөн Газрын тосны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн. Маргааны бүхий актыг гаргахдаа Газрын тосны тухай хуулийг баримталсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний холбогдох заалтуудыг ч баримталсан. Сонсох ажиллагааны тухайд: Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг бүх мэдэгдэл, тайлбаруудаа хүргүүлж хууль журмын дагуу хийсэн. Мөн нэхэмжлэгч нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан хайгуулын ажлын доод хэмжээг хангаж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлах боловч Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.20-т “ гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан. Үг заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ талаар мэдэгдсэн баримт байдаггүй. Маргаан бүхий төлбөрийн актад хуулийн үндэслэл, аудит хийх үндэслэлээ дурдсан байгаа. Ашигт малтмал, газрын тосны газар нь дараах гэрээлэгчдээс тухайн жилийн хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлээгүй байна гэж 2 компани дурдсан байгаа. “З*******” ХХК болон “Ч” ХХК-г дурдсан. Нэхэмжлэгч компанид 1,240,000 ам.доллар гэх шалгуурыг зөрчсөн гэж үзээд Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2.1, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 7.2.3, 7.3.3 заасныг үндэслэн төлбөрийн актыг тогтоосон. Төлбөрийн акт тавих үндэслэл нь төрийн аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоох журам. Уг журмын 4.2.3.4-т “төсөвт төвлөрүүлэх ёстой татварын болон татварын бус төсвийн орлогыг дутуу төвлөрүүлсэн, эсвэл төвлөрүүлээгүй бол төлбөрийн акт тогтооно” гэж заасан байгаа. Тэгэхээр уг компанийг төсөвт төвлөрүүлэх ёстой. Орлогоо төвлөрүүлээгүй гэдэг үндэслэлээр актаа тогтоосон. Актын биелэлтээ “5 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын дарга үүрэг болгосноор маргаан бүхий захиргааны акт маань гарсан.
Чанарын хяналтын хуудас, дагалдах баримт бичгүүд байхгүй гэж тайлбарласан тухайд: Төлбөрийн актын хойд талд албан шаардлага, төлбөрийн актын чанарын хяналтын хуудас гэж байгаа. Төрийн аудитын байгууллагын бүх удирдах албан тушаалтнууд хяналт хэрэгжүүлдэг бүх хүмүүсийн гарын үсэг хянасан тэмдэглэлтэйгээ байж байдаг. Энэ нь төлбөрийн акт тогтоохын өмнө ч гардаг, тайлан баталгаажуулахын өмнө ч гардаг. Чанарын хяналтын хуудас нь аудитын үе шат хүртэл хийгддэг ажиллагаа. Бид зүгээр байж байгаад ямар ч эрх хэмжээгүй байж төлбөрийн акт тогтоодог асуудал огт байхгүй. Бүх хууль журмын дагуу хийгдсэн ажиллагаа юм. Сонсох ажиллагааны тэмдэглэлийг харахад Төрийн аудитын тухай хуулийн 19.1-т заасныг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Бид мэдэгдэлдээ маш тодорхой буюу Төрийн аудитын тухай хуулийн 19.1-ь заасныг баримтлаж сонсох ажиллагаа хийх гэж байгааг дурдсан байгаа. Төлбөрийн акт тогтоох гэж байгаа талаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол дахь төлөөлөгч н.Б*******, гэрээт ажилтан н.О нарыг нэхэмжлэгч компанийн төлөөлөгчид гэж үзэн сонсох ажиллагаа хийсэн. Хятад улсад очин сонсох ажиллагаа хийх боломжгүй шүү дээ. Аудитын бүх үе шатанд н.Б******* гэх хүн нэхэмжлэгч кмопанийн бүх ажлыг хариуцаад явж байсан. Иймд тухайн хүнийг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй, итгэмжлэгдсэн хүн гэж үзсэн. Сонсох ажиллагаа хийхэд удирдлагууддаа дамжуулна гээд явсан. Тэгэхээр сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Хэрэв эдгээр хүмүүс төлөөлөх эрх бүхий этгээд биш байсан бол төрийн аудитын байгууллага сонсох ажиллагааг эдгээр хүмүүстэй хийхгүй.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс гаргагчаас “... Манай компани нь 2022 онд давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээгээр төлбөр тогтоосон нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч “З*******” ХХК нь 2022 онд тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл явуулаагүй бөгөөд тухайн онд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэх боловч энэ талаар Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний 23.3.1-т заасан арга хэмжээ аваагүй тул гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээгээр төлбөр төлөх нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “З*******” ХХК-аас Үт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Монгол Улсын Ерөнхий аудитороос “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх” тухай аудитын төлөвлөгөөг баталжээ.
5.Дээрх төлөвлөгөөний дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай 2022 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын болон санхүүгийн тайланг хянан шалгаж, төрийн аудитын байгууллагад ирүүлсэн тайлан, дүгнэлтийн хүрээнд тухайн гэрээлэгчдийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримт материалыг хамруулан нийцлийн аудитыг хийж гүйцэтгэсэн байна.
6.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаар актыг үйлдсэн байна.
7.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч “З*******” ХХК-ийг тухайн жилд буюу 2022 онд хайгуулын ажлын доод хэмжээг дутуу гүйцэтгэсний нийт 1,240,000.00 ам.долларын зарцуулаагүй хөрөнгийн мөнгөн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй байна гэж үзэж, “З*******” ХХК-ийн ******* XI талбайн 1,240,000.00 ам.доллар буюу 4,271,304,000.00 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.
8.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А дугаар тушаалаар маргаан бүхий 192 дугаар актыг баталгаажуулсан байна.
9.Анх Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “З*******” ХХК-д 3 жил 4 сарын хугацаатайгаар олгожээ.
10.Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр “З*******” ХХК-ийн ******* XI талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах хугацааг 3 жилээр, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тус тус олгожээ.
11.Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйл.“Засгийн газрын бүрэн эрх”, 7.1.“Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 7.1.8.“бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;”, 9 дүгээр зүйл.“Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 9.1.“Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ газрын тосны асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 9.1.2.“хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах;” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газар нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “З*******” ХХК-тай “ XI” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан байна.
12.Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйл.“Гэрээлэгчийн эрх, үүрэг”, 11.2.“Гэрээлэгч дараах үүрэг хүлээнэ:”, 11.2.1.“Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх;” гэж зааснаас үзвэл, гэрээлэгч буюу “З*******” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
13.Бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3.“тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй.”, 7.3.3.“гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг давагдашгүй хүчин зүйл болсноос бусад үед гүйцэтгээгүй тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй ажилд ногдох зарцу*******даагүй хөрөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад төлнө;” гэж тус тус заажээ.
14.Гэрээний дээрх заалтуудаас үзвэл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөхөөргүй байх бөгөөд гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг давагдашгүй хүчин зүйл болсноос бусад тохиолдолд ажлыг гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй ажилд ногдох зарцу*******даагүй хөрөнгийг төрийн захиргааны байгууллагад төлөхөөр байна.
15.Ашигт малтмал газрын тосны газар болон нэхэмжлэгч “З*******” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Газрын тосны хайгуулын “ XI” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээг байгуулсан байна.
16.Уг гэрээгээр тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээ 1,240,000.00 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ ам.доллар гэж баталсан байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
17.Нэхэмжлэгч “З*******” ХХК нь 2022 онд Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд үүнийгээ давагдашгүй хүчин зүйл /Ковьд-19 цар тахал, хятад удирдлага монголд орж ирж чадахгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, компанийн хөрөнгүүдийг битүүмжилж, зарим хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдсан гэх зэрэг/ болсон гэж тайлбарлан маргаж байна.
18.Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.20-д “гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал урт хугацаанд үргэлжлэн санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл, бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагааг зогсоохдоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдэх.”, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 23 дугаар зүйлийн 23.3.1-т “гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал гарч, удаан хугацаанд санхүүгийн хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн актаар үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаа зогссон тохиолдолд төрийн захиргааны байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
19.Дээрх хууль болон гэрээний заалтаас үзвэл, гэрээлэгч нь давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуул, бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаа зогссон тохиолдолд төрийн захиргааны байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэхээр байна.
20.Гэтэл маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “З*******” ХХК нь 2022 оны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дээрх хуулийн болон гэрээний заалтыг үндэслэн давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа зогссон талаарх хүсэлтийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байгаагүй байна.
21.Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч “З*******” ХХК нь тусгай зөвшөөрөл болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2022 оны хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд мөн давагдашгүй хүчин зүйлд орсон гэх боловч энэ талаар хууль болон гэрээнд журмын дагуу төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тухайн жилд гүйцэтгээгүй хайгуулын ажлын доод хэмжээгээр төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
22.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн монгол дахь төлөөлөгч Б*******, Б.О нарт “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлийг гардуулж, 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.
23.Нэхэмжлэгчээс гаргасан “... Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авч, сонсох ажиллагаанд оролцсон гэх нэхэмжлэгч компанийн монгол дахь төлөөлөгч Б*******, Б.О нар нь тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээдүүд тул сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхгүй.” гэх тайлбарын тухайд;
25.Нэхэмжлэгч “З*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөл эрхтэй этгээд болох нь БНХАУ-д амьдардаг Монгол Улсад оршин суудаггүй тул захиргааны байгууллагын үйл ажиллагаанд компанийн төлөөлөгчийг томилон оролцуулах боломжгүй мөн тус компанийг төлөөлөн Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд оролцож байсан гэх нэхэмжлэгч компанийн монгол дахь төлөөлөгч Б*******, Б.О нарыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан гэх хариуцагч нарын тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Учир нь тус иргэд нь нэхэмжлэгч компанид ямар ч хамааралгүй байсан бол тус ажиллагаанд оролцоод явах боломжгүй юм.
26.Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзэв.
27.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “З*******” ХХК-аас Үт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.20-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З*******” ХХК-аас Үт холбогдуулан гаргасан “Үндэсний аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 192 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ