Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00394

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын .... тоотод оршин суух хаягтай, ........ нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.******* нь 1966 онд төрсөн одоо Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт амьдарч байна. Би 1982 онд Идэр сумын ерөнхий боловролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Туслах үйлдвэр бригадад ачигчаар томилогдон ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тус бригаддаа нормчноор томилогдон 1996 оныг дуустал ажилласан. Энэ хугацаанд нэгдэл 1991 онд хувьчлагдаж ХХК болж би компани тартал буюу 1996 он хүртэл ажилласан Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас лавлагаа авахад Шинэ цэцэрлэг нэгдэл болон компаны баримт архивт шилжигдэн ирээгүй тул лавлагаar rарах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд намайг 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг ХХК-нд нормчноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү. 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг ХХК-нд нормчноор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.******* нь Р.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

2025.08.05-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Жич: миний үеэл дүү С.******* осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт ухаангүй байдалтай эмчилгээ хийлгэж байгаа тул би зайлшгүй байх шаардалгатай байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Р.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Р.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдэлд ачигчаар,

-1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор,

-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ******* ХК-нд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Идэр сум, ******* нэгдэлд ачигч, 1987 он гэх хэсэг, мөн хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 10-т Завханм аймгийн Идэр сумын ******* нэгдэлд грушик, 1983 он гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Э.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...******* нь Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан. ... гэх хэсэг,

гэрч Д.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...******* бид нар 1982 онд Завхан аймгийн Идэр сумын сургуулийг 8-р анги төгсөөд би Тосонцэнгэл рүү 10-р ангид сурсан. ******* сумдаа байж байгаад ах нь нэгдлийн тракторын жолооч байсан. Тэрэндээ грушик хийж тусалдаг байсан. Тэгээд 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирээд Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдэлд нормчноор ажилд орсон. Би 1985 онд цэрэгт яваад 1988 онд халагдаж ирэхэд ******* нэгдэлд нормчноор ажиллаж байсан. Тэр үеийн нэгдлийн дарга ******* гуай байсан. Би энэ үйл явдлыг сайн мэднэ. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Р.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........ыг 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдэлд ачигчаар,

-1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад нормчноор,

-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ....... ХК-нд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ