Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ......... гудамж ....... тоотод оршин суух хаягтай, Э.*******гийн нэхэмжлэлтэй,

Л.*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие .......ой 2016 онд танилцаж 2018 оны 12 сараас хойш хамтран амьдарч байгаад 2023 оны 04 сарын 25-ны өдөр охин *******ийн ******* төрсөн юм. Бид гэрлэлтээ бүргүүлээгүй байсан бөгөөд нөхөр Л.******* маань 2025 оны 04 сарын 24-ний өдөр ослын улмаас зуурдаар нас барсан. Би 2 настай охин Д.*******даа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл талийгаач нөхөр Л.*******той хамтын амьдалтай байснаа шүүхээр тогтоолгож ир гэсэн тул бид хоёрыг 2018 оны 12 сараас 2025 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Э.******* нь Л.*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Энхтүвшингийн *******, *******ын ******* нар нь 2016 онд танилцаж, 2018 оны 12 сараас хойш 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд, тэдний дундаас төрсөн охин .......ын төрсөний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг Л.*******той хамтын амьдралтай байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч О.......ийн өгсөн мэдүүлгийн: ...******* өөрийн ээж, дүү нарын хамт манай яг арын гудамжинд амьдардаг юм. Тэгээд *******той оюутан байхын л үерхдэг байсан. 7, 8 жил хамт амьдарсан болов уу, яг гэр бүл болоогүй, хамт бол амьдарч байсан. ...оюутан байхдаа бол *******тойгоо хамт хотод байранд байгаа гээд хадам ээж *******а ярьдаг байсан. ...хадамынх нь манайхтай хамар хашаа юм. ...*******, ******* нарыг хамт амьдраад байгаа гэж явсаар ноднин хадмынх нь манай хоёр хүүхэдтэй болчихсон, гуйлгыг нь өгнө гээд өгч байсан. ...одоо гарчихсан байгаа хүүхэд *******ийн хүүхэд мөн. ...хүүхэд гарахгүй байна гээд их удсан л даа. Би тэгээд тоглоом хийгээд бэрээ авдаггүй юм уу, одоо олон жил боллоо шүү дээ гэж тоглоом хийж байсан. ... гэх хэсэг,

гэрч Д.*******агийн өгсөн мэдүүлгийн: ...манай хүү ******* 10-н жилийн сургуульд байхаасаа л *******тэй үерхэж эхэлсэн юм байна лээ. ...тэгээд ноднин манайх хүүгийнхээ гуйлгыг өгсөн. 2014 он байна уу, 2015 он байна уу тэр үеэс эхлээд манай хүү ******* нь *******гийнд очиж хамт амьдарч эхэлсэн. Тэгээд тэр хоёрын дундаас охин ******* төрсөн юмаа. ...миний хүү ******* нь охиныхоо нэрийг өөрөө өгч байсан. ...энэ хавар хүү маань нас барчихсан юм. ...зургаас харахад манай бэр ******* хотод сурч байхдаа миний хүүтэй хамт авахуулсан зураг байна. Дараагийн зураг нь миний хүү эхнэр *******, охин ******* нарын хамт авахуулсан зураг байна. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Л.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 0045 дугаартай нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан .........нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ