Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01515

 

 

 

 

 

 

 

 

 

А.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/01792 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.М-ын хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бүртгэж, акт тогтоон холбогдох байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10 243 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М- миний бие 2006 оны 3 сараас эхлэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Г-ны тусгай активын хэлтсийн гэрээт өр барагдуулагчаар тасралтгүй ажилласан. 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Г-наас олгосон удирдамжийн дагуу Эрдэнэт болон Дархан дахь салбарын зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр томилолтоор ажиллаж байх явцдаа зам тээврийн осолд орж, тухайн ослын улмаас хамт явсан ажилтан Н.Ц- нь нас барж, миний бие баруун хөлийн дунд чөмөг хугарсан. Зам тээврийн осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шүүх эмнэлгийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10266 дугаартай дүгнэлтээр миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон. Тухайн осолтой холбоотой эрүүгийн хэргийг 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүх шийдвэрлэж, 12 дугаартай тогтоолыг гаргасан. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаар явж байгаад осолд өртсөн тул Г-наас хуульд заасан тусламж дэмжлэг, нөхөн олговрыг олгох, түүнчлэн бусад байдлаар эрүүл мэндэд маань санаа тавих байх гэсэн итгэл тээж байсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээг аваагүйд гомдолтой байдаг. Тухайн ослын улмаас миний бие хоёр удаагийн маш хүнд хагалгаанд орж, дунд чөмгөө хадуулж эмчлүүлсэн боловч хагалгааны явцад яс зөрүүтэй хадагдсаны улмаас өнөөг хүртэл өвчин зовиуртай байх болсон. Эмчлэгч эмч нарын зүгээс дахин эмчилгээ хийлгэн хөлөнд үүссэн зөрүүг арилгахад маш их эрсдэлтэй бөгөөд баталгаатай хэвийн болгох боломжгүй тул жил бүр шавар эмчилгээ, татлагыг хийлгэх, хүнд зүйлс өргөхөөс зайлсхийх, эмийн эмчилгээг л санал болгох бөгөөд нас ахих тусам энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулж ирсэн. Үүссэн нөхцөл байдлыг дурдан 2019 оны 6 дугаар сарын 21, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г-ны гүйцэтгэх захиралд хандан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг үндэслэн нөхөн төлбөр гаргуулан авах хүсэлтээ хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г-ны гэрээт ажилтан асан А.М-ын эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байна. Ажил олгогчоос Н.Ц-ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар зохих актыг тогтоосон байх боловч А.М-ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар өнөөдрийг хүртэл ямар ч акт тогтоогоогүй байна. Үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгоогүйн улмаас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу нөхөн төлбөрөө шаардах боломжгүй нөхцөл байдалтай тулгараад байна. Иймд 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт болсон үйлдвэрлэлийн осолд Г-ны гэрээт ажилтан А.М- нь өртсөнийг судлан бүртгэж, актыг тогтоон, холбогдох байгууллагуудад бүртгүүлэхийг Г-инд даалгаж, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10 243 235 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М- нь Г- ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байсан. 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Г-наас олгосон удирдамжийн дагуу Эрдэнэт болон Дархан хотруу зээлдэгч нарын зээлийн төлбөрийг төлүүлэхээр томилолтоор ажиллаж байх явцдаа зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлын нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж зааснаас үзвэл ажилтан тус үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэх, хэрэв өртсөн бол тэрхүү осол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоосон эрх бүхий этгээдийн үйлдвэрлэлийн ослын актын үндсэн дээр нөхөн олговрыг ажил олгогч олгох талаар зохицуулсан байна. Гэвч нэхэмжлэлд дурьдаж буй зам тээврийн осолд өртсөн нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу хариуцагч Г-ны өр барагдуулагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч А.М- нь Эрдэнэт, Дархан хотруу томилолтоор ажиллах явцад 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тохиолдсон зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол болох талаар акт үйлдэн бүртгэхийг Г- ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Г- ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 10 243 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Г- ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу 178 842 төгрөгийг улсын төсөв /100200700941 тоот данс/-өөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.М-ад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн хууль тогтоомжууд аливаа эрх зүйн үр дагавар бий болгодог цаг хугацааны тодорхой үе шатыг буюу үеийг хугацаа гэж нэрлэдэг. Хугацаа болох эсхүл хугацаа өнгөрснөөс эрх зүйн харилцаа бий болох, өөрчлөгдөх, дуусах үр дагавар гардаг. Ийм учраас хугацааг эрх зүйн харилцааг дуусгавар болгох хууль зүйн факт гэж ойлгодог. Иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Нөгөөтэйгүүр шүүх анх зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанаас дариу 10 жил өнгөрсөн буюу Иргэний хуулийн 75 дүгээр зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 6-т Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй гэх зэрэг хууль болоод дүрэмд тодорхой заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Шүүх энэ байдлыг огт анхаараагүй дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулсан. Хөөн хэлэлцэх хугацааны хамаарал болон ухагдахууныг нийтийн болон хувийн эрх зүйд адил зарчмаар хэрэглэдэг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны үр дагавар нь нөгөө талаас өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг эрх бүхий этгээдүүдэд анхааруулж байгаа юм. Эндээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь зарим талаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, заавал биелүүлбэл зохих хууль тогтоомж юм. Эдгээрээс үзвэл хариуцагчийн зүгээс дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргийг дангаараа хүлээсэн эсэх нь эргэлзээтэй буюу ажил олгогч, ажилтан. гуравдагч этгээдэд үүрэг болгосон, энэхүү үүргээ хэн аль нь биелүүлэхэд дариу 10 жилийн хугацаа өнгөрсөн байдал зэрэг нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хууль тогтоомжийн хүрээнд хүлээлгэсэн үүргийг гүйцэтгэхээс татгалзах нөхцөл байдлыг бүрдүүлснийг шүүхийн зүгээс анхаарч үзээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт үйлдэх үүргийг бий болгосон хэм хэмжээ байдаг. Гэхдээ энэ хуульд заасан харилцааг нарийвчлан зохицуулах буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг нарийвчлан тогтоох, нөхөн зохицуулах бүрэн эрхийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эруүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар Засгийн газарт олгосон. Засгийн газар энэхүү эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан. 2015 онд энэ дүрмийг шинэчлэн баталж, одоо ч бүх байгууллага, аж ахуй нэгжүүд, эрх бүхий байгууллагууд даган мөрдөн ажиллаж байна. Тус дүрмээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нарийвчлан заагаагүй зүйлсийг буюу актын шинж байдлаас хамааран хэрхэн, хэн тогтоохыг ил нарийвчлан нөхөн зохицуулж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тусгаж өгсөн. Иргэний эрх зүйн хамгаалалт нь эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдүүдэд тэгш үйлчлэх зарчимтай. Нэхэмжлэгч хууль болоод хуулиар эрх олгогдсон этгээдийн баталсан дүрмийг мэдэхгүй, мэдсэн ч түүнийг боломжит хугацаанд ашиглаагүй байдлыг энэ мэт тайлбараар үгүйсгэх нь буруу бөгөөд хэргийн нөхцөл байдал дан ганц хариуцагчид үүрэг үүсгэсэн зүйлгүй, гуравдагч этгээд ч энэ үүргийг гүйцэтгэхээр зохицуулсан хэм хэмжээ хэрэгжиж байна. Хэргийн үйл баримтаас үзвэл 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь зам тээврийн осолд өртсөн байдаг. Зам тээврийн осол болсон тохиолдолд үйлдвэрлэлийн ослын дүрмийн 1.6-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулахаар зохицуулсан зэрэг тодорхойгүй нөхцөл байдлууд байсаар байхад зөвхөн ажил олгогчийн үүрэг мэтээр дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, шүүх хариуцагчийг бүхий л хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэж, хэрэглэхгүй гэж дүгнэсэн атлаа яг ямар учраас гэдгээ тодорхой тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр зарим хэсэг үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бүртгэж, акт тогтоон холбогдох байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10 243 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн боловч хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч үйлдвэрлэлийн осол болсныг тогтоосон баримт байхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан байна.

 

Хариуцагч Г- ХХК нь нэхэмжлэгч А.М-тай 2006 онд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь тус компанийн тусгай активын хэлтэст гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Г- ХХК-иас олгосон удирдамжийн дагуу орон нутагт томилолтоор ажиллаж байхдаа буюу 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Дархан-Эрдэнэтийн чиглэлийн төв замд зам тээврийн осолд орж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна. /2хх-ийн 24-36-р тал/

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна, гэж заажээ.

 

Ажил олгогч Г- ХХК нь осол гарсны дараа Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг байгуулж ажиллуулаагүйн улмаас ажилтан А.М-ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэхийг тогтоогоогүй, акт, дүгнэлт гаргах хугацааг өнгөрүүлсэн байх тул ажилтан шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолын 6.2-т үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй гэж заасан хэдий ч анхан шатны шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дах заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарсан талаарх дүгнэлтийг гаргаагүй тохиолдолд иргэн холбогдох байгууллага болон шүүхэд гомдол гаргаж болохоор зохицуулжээ. Нэхэмжлэгч А.М- нь зам тээврийн осол болсон 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 8 жил 9 сарын дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буюу 9 жил 9 сарын дараа тус тус хариуцагч байгууллагад үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр шаардаж хүсэлт гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан, уг нотлох баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх-ийн 13-14-р тал/

 

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч А.М-ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар акт үйлдэн бүртгэхийг хариуцагч Г- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин анхан шатны шүүх үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн урьдчилсан ажиллагаа хийлгэхгүйгээр нөхөн төлбөрийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэх үндэслэлээр үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10 243 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2021/01792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ