Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 530

 

Б.В-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 734 дүгээр магадлалтай, Б.В-д холбогдох 1806009662089 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

мөн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265,000 төгрөгөөр торгох ял,

мөн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 03 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

мөн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, О овогт Б-ны В.

Б.В- нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар гудамжны 275 тоотод оршин суух Н.Э-ы эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Самсунг лед” загварын зурагт, дунд гарын мөнгөн аягыг хулгайлан нийт 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ванчин-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.Ванчин-Эрдэнийг 2 жил 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.В-, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Б.В- нь энэ хэрэгт өмнө оролцож байсан өмгөөлөгч нарын буруу зөвлөгөөний улмаас эрх зүйн хувьд буруу байдлаар дүгнэлт хийж, ...гэм буруугийн хувьд маргасан нь алдаатай, гэм буруугаа ухамсарлаагүй дүгнэлт болохыг ойлгож, хохирогчийн эд зүйлийг орон байранд нэвтэрч, нууцаар авсан болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болно. Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хулгайн хэргийн хохирол болох 520,000 төгрөгийг хохирогч Н.Э-д бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол, магадлалд зөвхөн ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж биечлэн эдлэх ялыг уг зүйл ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр энэхүү гомдол /хүсэлт/-ыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргав” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан хэлсэн саналдаа Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг нөхөн төлсөн. Хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Н.Ванчин-Эрдэнэд оногдуулсан ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Н.Ванчин-Эрдэнэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.В- нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар гудамжны 275 тоотод оршин суух Н.Э-ы байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн “Самсунг” загварын зурагт, мөнгөн аяга хулгайлж нийт 520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.В-д гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх, мөн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, хоёр шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...Шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 734 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.В болон түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН