Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 647

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Гэрэлтуяа

Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучнаар/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: С.Өлзийбат

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 447/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Т.Гэрэлтуяад газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар захирамжийн холбогдох хэсэг болон Т.Гэрэлтуяад олгосон улсын бүртгэлийн Ү-2201012720 дугаарт бүртгэгдсэн 000198466 дугаар  өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, Б.Алтанхундага, Г.Мөнхсарнай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, Х.Цацрал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ням, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Тунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “...2014 оны 7 дугаар сарын сүүлээс эхлэн гэрийн хажууд “Оюут констракшн” ХХК нь бусдын захиалгаар орон сууцны барилга барихаар газар шорооны ажил эхэлсэн. Уг үйлдэлд холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагад хандан гомдол гаргаснаар барилгын ажил 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зогссон. Гэвч энэ хавраас барилгын ажил эхэлсэн тул дахин гомдол гаргахад барилгын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр түр зогсоосон ч дахин 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Ингээд өмгөөлөгчид хандсан ба урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдлыг шалгаад, “...өөрийн өмчийн амины сууцаа Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр хангахгүй орхисныг эс зөвшөөрч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөж байгааг сэргээлгэхээр дараах үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хот байгуулалтын мэдээллийн сан гэх нэр томьёо аль ч хуульд байхгүй байх тул гомдлыг үндэслэлгүйгээр хангахгүй орхисноос гадна “амины сууцаа бүртгүүлээгүй” нь буруу гэсэн хууль бус шаардлага тавьж байна.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.3.1-т болон 4.3.1.3-т зааснаар 9 давхар барилгаас 30 метрийн зайд барилга барих бол үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авах ёстой. Гэтэл 1.5 метрийн зайд амьдарч буй өмчлөгч надаас санал огт аваагүй. БНБД-ийн 31-01-10 нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1.4-т “өрөө тасалгааанд тусах нарны гэрлийн үргэлжлэх хугацаа 2.5 цагаас багагүй байна” гэсэн ч баруун талыг бүхэлд нь халхалж, нарны гэрэл огт тусгахгүй болгосон. Барилгажих талбайн схем зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнөөс баталсан ч уг зураг дээр иргэн миний эзэмшил газар огт байхгүй байна.

С.Өлзийбатад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих зөвшөөрөл олгосныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 148 дугаар цэцэрлэгийн баруун урт талд, Шинэ эрин хороолллын баруун талд иргэн С.Өлзийбат нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаар захирамжаар орон сууцны зориулалттай олгосон 625 м.кв табай бүхий газар дээр орон сууцны барилга барих хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр гаргаж, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдэж, 13,5м*18,5м хэмжээтэй 9 давхар орон сууцны барилга барихаар 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 452 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг батлагдсан.

Иргэн С.Өлзийбатад барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ыг  баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 447/2014 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. 

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 452 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 447/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу олгосон тул Т.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 148 дугаар цэцэрлэгийн баруун урд талд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 206 дугаар захирамжаар “Орон сууцны барилга барих” зориулалттай 625 м.кв талбай бүхий газар авсан нь Монгол Улсын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Харин төрөөс өгсөн зөвшөөрлийн хүрээнд өөрийн хувийн өмчлөл, эзэмшлийн хүрээнд амины зориулалттай орон сууц барьсан. Одоо барилга маань удахгүй ашиглалтад орно. Хэрвээ миний хуулийн дагуу авсан зөвшөөрөл, өмчлөх эзэмших эрхтэй газар дээрээ барьсан барилгын ажлыг зогсоож бүтээн байгуулсан хөдөлмөрийн үр дүнг үгүйсгэвэл бид гарсан зардал болох 2 тэрбум төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. 

Т.Гэрэлтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага миний эрх ашгийг ноцтой хөндсөн, хууль бус гэж үзэж зөвшөөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бие даасан шаардлагадаа:  “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Мах импексийн Соёлын ордны зүүн хойд талд одоо миний 9 давхар орон сууц барьсан газрыг 2002 оны Нийслэлийн Засаг даргын 482 дугаар захирамжаар анх авч, 2005 оны 183 дугаар, 2010 оны 206 дугаар захирамжуудаар сунгуулж баталгаажуулан эзэмшиж ашиглаж байгаа билээ. Би энэ газар дээрээ холбогдох байгууллагын зөвшөөрлүүд авч 2014 оноос 9 давхар орон сууц барьж байгуулсан. Би энэ газрраа Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар авсан. Гэтэл иргэн Т.Гэрэлтуяа нь миний авсан газрын дэргэд 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа нь миний эрх ашгийг хохироож Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчиж байна. Миний 9 давхар орон сууц барьсан энэхүү газар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хамрагдаж газар зохион байгуулалтын инженерийн шугам сүлжээтэй дэд бүтэц бүхий газар юм. Энэ газрыг зөвхөн Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэн ашиглуулдаг хууль журамтай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль зөрчиж иргэн Т.Гэрэлтуяа амины орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан зэрэг нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэж гуравдагч этгээд миний бие үзэж бие даасан шаардлага гаргаж байна. Иймд Монгол Улсын Газрын тухай хууль, дүрэм зөрчиж гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Т.Гэрэлтуяад газар эзэмших эрх олгосон 83 дугаар захирамж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн Т.Гэрэлтуяад эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн 000198466 тоот Ү2201012720 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:  “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Амины орон сууцны 1 тоот хаягт байрлах  96,8 м.кв талбайтай хувийн сууцийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, 2003 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03/8564 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгнохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Хос-од сервис”  ХХК-ийн үнэлгээний тайлан болон бусад нотлох баримтыг үндэслэн 2003 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг гаргасныг эрхийн улсын бүртгэлийн Ү2201012720 дугаарт иргэн Г.Төмөр-Очир /ЧП72021113/, Т.Гэрэлтуяа /ЦБ71092860/, Т.Алтаншагай /УК89090512/, Т.Болор-Эрдэнэ /УК94021461/, Т.Марал-Эрдэнэ /УК00210401/ нарын өмчлөлд бүртгэсэн байна. 2006 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №09 дугаартай нотариатчийн гэрчилсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлээр өмчлөх эрх нь иргэн Т.Гэрэлтуяа /ЦБ71092860/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 109 дүгээр албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол бүртгэлтэй байна. Тус газар нь иргэн Т.Гэрэлтуяагийн өмчлөлд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Амины орон сууцны 01 тоот хувийн сууцны өмчлөх эрхийн бүртгэл, хууль дүрэм журмын дагуу хийгдсэн байх бөгөөд 000198466 тоот гэрчилгээ, Ү2201012720 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:  “...дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар захирамжаар Т.Гэрэлтуяад эрх шилжүүлж эзэмшүүлсэн захирамж нь дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжаар иргэн Г.Төмөр-Очирт эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн гарсан байна.

Дээрх захирамжууд нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: “... Т.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс гаргасан шаардлагатай танилцлаа. Уг шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа тус шүүхэд хандаж “иргэн С.Өлзийбатад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 452 дугаар бүхий Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд С.Өлзийбат “Т.Гэрэлтуяад газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар захирамжийн холбогдох хэсэг болон Т.Гэрэлтуяад олгосон улсын бүртгэлийн Ү-2201012720 дугаарт бүртгэгдсэн 000198466 дугаар  өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргасан байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “барилгын норм ба дүрэм зөрчиж нарны тусгал нь манай байрны баруун талыг бүхэлд нь халхалснаар нарны тусгал огт тусахгүй болсон...барилга хоорондын зай хэт ойрхон байгаа нь галын аюулаас хамгаалах шаардлагыг хангахгүй байна...барилга барихдаа надаас зөвшөөрөл аваагүй...” гэж, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх ёстой байхад Дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж иргэн Т.Гэрэлтуяад уг газрыг эзэмшүүлсэн нь буруу...уг хууль бус захирамжийн дагуу Т.Гэрэлтуяа нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан...” гэж, хариуцагч нар шаардлагуудыг эс зөвшөөрч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар  “...С.Өлзийбатад зохих журмын дагуу зөвшөөрлийг олгосон...Т.Гэрэлтуяа нь Хот байгуулалтын мэдээллийн санд хувийн орон сууцаа бүртгүүлээгүй журмыг зөрчсөн...” гэж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга “...2003 оны 87 дугаар захирамжийн хүрээнд Т.Гэрэлтуяад хуульд заасан журмын дагуу газрыг шилжүүлэн олгосон...” гэж, бүртгэлийн байгууллага “...мэдүүлэг, холбогдох баримтуудыг үндэслэн шилжүүлэн бүртгэсэн, бүртгэл үнэн зөв...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.  

1.Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын талаар:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн С.Өлзийбат нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байршилтай 625 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2002 оны 412 дугаар захирамжаар ахуйн үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар эзэмшин, 2005 оны 183 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулж, 2010 оны 206 дугаар захирамжаар  орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай баталгаажуулсан, нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа иргэн С.Өлзийбат нарын эзэмшиж буй тус тусын газар нь хил залгаа зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.    

Түүнчлэн С.Өлзийбатаас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж “...9 давхар орон сууц барих хүсэлтэй байгаа тул барилга барих зөвшөөрөл олгоно уу” гэсэн өргөдөл гарган уг өргөдөлд мэргэжлийн байгууллагуудаас олгосон техникийн нөхцлүүд, зураг төсөл магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлснийг үндэслэн Техникийн зөвлөлийн  2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн дэмжигджээ.

Ийнхүү хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн С.Өлзийбатад 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх /0001084/ 447/2014 дугаар зөвшөөрөл”-ийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар олгосон байна.

Нэхэмжлэгчээс уг зөвшөөрлийг хууль бус гэж маргаж буй үндэслэлийн хүрээнд тус шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээч томилсон  ба шинжээч нараас ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2138 дугаар дүгнэлтээр “баригдаж буй С.Өлзийбатын барилга нь нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн сууцны байшингийн зөвхөн баруун тийш харсан цонхтой хоёр унтлагын өрөөний цонхоор тусах нарны ээвэрлэлтийг хаах боловч Т.Гэрэлтуяагийн орон сууц нь нэг айлын сууц учраас урагшаа харсан цонхтой хоёр өрөө болох зочны болон гал тогооны өрөөнүүдийн цонхоор тусах нарны ээвэрлэлтийн хугацаа нь норм ба дүрмийн шаардлагыг хангаж байна, уг барилга нь Т.Гэрэлтуяагийн сууцнаас 2,63- 3,37 метр хүртэл зүйтай баригдсан нь “Хот тосгоны төлөвлөлт, барилгажитын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд гал тэсвэршилтийн 2 болон 4 дүгээр зэрэгтэй барилгуудын хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 10 метр байх тухай заалтыг хангахгүй байна” гэж дүгнэсэн байна.

Шүүх уг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох нарны ээвэрлэлтийн хугацаа нь норм ба дүрмийн шаардлагыг хангаж байх боловч С.Өлзийбатын барьж буй барилга Т.Гэрэлтуяагийн орон сууцны хоорондын зай нь“Хот тосгоны төлөвлөлт, барилгажитын норм ба дүрэм” БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд дурдсан гал тусгаарлах хамгаалалтын зай 10 м байх тухай заалтыг хангахгүй байгаа нь нэхэмжлэгчийн төдийгүй гуравдагч этгээдийн барьж буй тухайн орон сууцанд оршин суух иргэдийн эрх, хууль ёсны өшиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал байхад хариуцагчаас С.Өлзийбатад барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж дүгнэв.

Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, “Т.Гэрэлтуяа нь хот байгуулалтын мэдээллийн санд хувийн орон сууцаа бүртгүүлээгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Т.Гэрэлтуяа орон сууцаа Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлээгүй хэдий ч энэ нь Т.гэрэлтуяагийн хууль ёсны өмчлөлийн орон сууц байгааг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан барилгажих талбайн схем зураг, С.Өлзийбатын орон сууцны барилгын эсхиз, “Гарди хауз” ХХК-ийн хийсэн ажлын зураг, С.Өлзийбатын эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг /газрын улсын бүртгэлд бүртгэв гэсэн тамга бүхий/ зэргээс үзвэл иргэн Т.Гэрэлтуяагийн эзэмшиж буй газрын хил зааг болон уг газар дээр барилга баригдсан нь хангалттай нотлогдож байжээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө…12.6.2.орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцно” гэж заажээ. 

Гэтэл хариуцагч байгууллага нь С.Өлзийбатад барилгын ажлыг эхлүүлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо орчны барилгатай нь уялдуулан үзэж барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг норм дүрмийн шаардлагыг хангуулсны үндсэн дээр зөвшөөрөл олгох ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Гал тусгаарлах зайг тогтоосон норм дүрмийн шаардлагыг хангахгүй нь нэхэмжлэгчийн төдийгүй гуравдагч этгээдийн барьж ашиглалтад оруулах орон сууцны оршин суугчдын ч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяад Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар бүхий “газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ зориулалт байршил өөрчилж баталгаажуулах тухай” захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, АОС-1 хаягт байрлах 272 м2 газрыг Г.Төмөр-Очироос нэр шилжүүлэн 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн мөн оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 0394737 дугаар бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байна. Үүнээс үзвэл Дүүргийн засаг даргын 2012 оны 83 дугаар захирамж нь тус Дүүргийн засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжид үндэслэн гарсан, уг захирамжийн талаар болон Т.Гэрэлтуяа Г.Төмөр-Очир нарын газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн талаар талууд маргахгүй байна. 

Иймд тухайн газрын тухайд Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргах ёстой байхад Дүүргийн Засаг дарга захирамж гаргасан гэх асуудлаар нэхэмжлэгч иргэнийг буруутгах хууль зүйн боломжгүйн дээр энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Т.Гэрэлтуяа нь 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Амины орон сууц 01 тоот хаягт байрлах хувийн орон сууцны зориулалттай 96,8 м2 талбайтай нэг давхар барилгын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2201012720 дугаарт бүртгүүлж 000198466 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

Ийнхүү гэрчилгээг авахдаа зохих журмын дагуу мэдүүлэг гаргаж, түүндээ бүрдүүлэх баримт бичгийг хавсаргасан, уг баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсныг үндэслэн Сонинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийг хүлээн авч иргэн Г.Төмөр-Очироос шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хууль зөрчөөгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчийн зардал болох 205000 /хоёр зуун таван мянга/ төгрөгийг гуравдагч этгээд урьдчилан төлсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар нөхөн төлүүлөх нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нв хангаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн С.Өлзийбатад олгосон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 447/2014 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд С.Өлзийбатын “Т.Гэрэлтуяад газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар захирамжийн холбогдох хэсэг болон Т.Гэрэлтуяад олгосон улсын бүртгэлийн Ү-2201012720 дугаарт бүртгэгдсэн 000198466 дугаар  өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасыг баримтлан шинжээчийн зардал болох 205000 /хоёр зуун таван мянга/ төгрөгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж, гуравдагч этгээд С.Өлзийбатад олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН