Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 311/ШШ2025/00393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, .........н багт оршин суух хаягтай, ........ нэхэмжлэлтэй,  

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******а /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие М.*******а нь 1988-1990 онд Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Холбооны газарт АТС-ын техникчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс Шилүүстэй сумын холбооны салбарт техникч залгагч, 1992 оны 12 дугаар сарын 12-оос холбооны газрын ЗАА-н тасагт эдийн засагчаар томилогдон тасралтгүй 2011 оныг дуустал Холбооны салбарт ажилласан.

Иймд намайг 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Холбооны газарт техникчээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Шилүүстэй сумын холбооны салбарт техникч залгагч, 1992 оны 07 дугаар сарын 15-аас аймгийн холбооны газарт засагчаар томилогдон ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.*******агийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.*******а нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхмжлэгч М.*******а нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Холбооны газарт АТС-ийн техникчээр,

-1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Холбооны газарт техникч-залгагчаар,

-1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Холбооны газарт техникчээр,

-1992 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Холбооны газарт эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 342598 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаал, мөн даргын 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай Зарим орон тоо зохион айгуулалтыг өөрчлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Р.*******ын өгсөн мэдүүлгийн: ...Би 1990 онд аймгийн Холбооны газарт автомат телефон станцын техникч байхад *******а нь манайд техникчээр ирж байсан. ...дараа нь эдийн засагчаар ажиллаж байгаад Шилүүстэй сумын салбарын эрхлэгчээр явсан. ...1992 оноос хойш аймгийн Холбооны эдийн засагчаар ажилласан. ... гэх хэсэг,

гэрч С.*******ы өгсөн мэдүүлгийн: ...1990 онд намайг холбооны газар ажиллаж байхад шинээр төгсөж ирсэн гээд *******а нь миний удирдлага дор холбооны техникч хийдэг байсан. Тэгээд 1993 оноос Холбооны газрын эдийн засагчаар дэвшиж ажиллаж байсан. ...дараа нь Шилүүстэй сумын холбооны газар залгагч хийж байгаад салбарын эрхлэгч болсон. ... гэх гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч М.*******а дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......г 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Холбооны газарт АТС-ийн техникчээр,

-1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Холбооны газарт техникч-залгагчаар,

-1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 12-ныг хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын Холбооны газарт техникчээр,

-1992 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Холбооны газарт эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ