Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 000041

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1825000000008 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Н овогт Б-ынМ, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт оршин суух, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай,

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн ХХ тоотод М.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Мын “..Би 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 22 цагийн үед Жижгээ гэх залуугийн гэрт нь очиход намайг зодсон Шагай гэх залуу нэг танихгүй эрэгтэйтэй хамт мөн нэг эмэгтэй байсан. Жижгээгийн эхнэр бас байсан. Бид нар юм яриад хөзөр тоглоод сууж байгаад би эхнэрээ дуудсан. Манай эхнэр ирээд бид нар тарах гэж байхад Шагай бид хоёр хөзөр дээрээс эхэлж маргаад Шагайг би алгадаад авсан чинь Шагай гадаа гараад уулзъя гэхээр нь тэгье гээд Шагай түрүүлээд гэрийн хаалгаар гараад би араас нь тонгойгоод гарч байсан чинь миний уруул руу 2-3 удаа өшиглөөд авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/

 

2.Гэрч Л.Х-ын “М гэрээс гараад явахаар нь манай нөхөр гарах гээд гэрийн хаалгаар тонгойгоод гарах гэж байхад нь би яах юм гээд хойноос нь татсан чинь М цаанаас нь куртикнээс татаж байгаад нүүр рүү нь 3-4 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/

 

3.Гэрч М.Л-ын“Зодуулдаг залуу эхлээд зодсон залууг гэрт цохиод авсан. Тэгсэн чинь нөгөө цохиулсан залуу гэрээс гараад явсан чинь зодуулдаг залуу араас нь гарах гээд гэрийн хаалгаар тонгойж байхад нь гэрийн гадна талаас өөдөөс нь өшиглөөд амнаас нь цус гараад эхэлсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/

 

4.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 65 дугаартай дүгнэлтийн “М.Мын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, дээд, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор гадна хэсэгт шарх үүсчээ. Дээрхи гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 11-р хуудас/

 

5.Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би ээжийн эгчийн хүү Пүрэв-Очир ахын гэрт ирэхэд найзууд нь гээд хоёр эрэгтэй мөн эхнэрүүд нь байсан. Бид нар хөзөр тоглож эхэлсэн. Бид нар тоглож байхад надад зодуулсан ах намайг гөлөг гээд дуудаад байсан. Хөзөр тоглож байхад пиво уугаад байсан. Надад пиво өгөхөөр нь би Пүрэв-Очир ахад өгөөд байсан. Бид нар эрүүл хөзөр тоглоод сууж байхад М гэж ах гаднаас пивотой ирсэн. Тэгээд хөзөр тоглож байгаад бид хоёр маргалдаад надад зодуулсан ах гэрээс гарч яваад сайхан үзье гэхээр нь тэгье гээд гомдолгүй гэж гар бариад гарах гэж байсан чинь намайг түрүүлээд цохиод авсан. Би гэрийн хаалгаар гараад зогсож байсан чинь хаалгаар тонгойгоод гарах гэж байхад нь нүүр рүү нь өшиглөсөн чинь уруулыг нь оноод цус гараад эхэлсэн. Энэ ах намайг хөөгөөд машинаас юм аваад дайраад байхаар нь би гэр лүүгээ явсан. Гэртээ хариад байж байхад утсаар дуудахаар нь хүрч ирээд М-тай уучлалт гуйгаад учраа олох гэсэн чинь намайг өшиглөөд авахаар нь би цагдаа дуудаж учраа олъё гээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд согтуурал шалгадаг багажаар шалгуулахад би эрүүл гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 25-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч  Б.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Хохирогч М.М нь “Эмчилгээний төлбөр бүрэн төлөгдсөн, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн ХХ тоотод М.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч М.Мын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 65 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС