Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

2024/ДШМ/23

 

 

 

М.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Улсын яллагч: Б.Н

            Шүүгдэгч: М.Д

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/278 дугаартай шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Дт холбогдох 2312001240329 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 0, эхнэрийн хамт А аймгийн И сумын Х багийн Х гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт Мын Д/РД:00000000/ 

 

Шүүгдэгч М.Д нь “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас М.Дт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/278 дугаартай захирамжид: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Мын Дт холбогдох 2312001240329 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор,  оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ. 

 

            Прокурор гаргасан эсэргүүцэлдээ....Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж хэргийг хянан хэлэлцэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 2312001240329 хэргийн яллагдагч М.Дийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад буюу давж заалдах шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй байна гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцэж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай магадлалд дурдсан асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж магадлалд дурдсан асуудлыг зөвтгөх боломжтой болохыг хуульд заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой өөрөөр хэлбэл энэхүү заалт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд шүүх, прокуророос хийх ажиллагааны хэмжээ хязгаарыг зохицуулсан заалт гэж ойлгогдож байгаа бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, улмаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/278 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно...гэв.

 

            Прокурор давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Дт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараагаар гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг хянан хэлэлцүүлэх 11 дугаартай магадлал гарч хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхэд хэргийг буцаахдаа нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад урьдчилсан хэлэлцүүлэгт зарласан. Ингээд М.Дт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шатнаас хэрэг буцаахгүй гэж заасан байгаа. Үүнийг зөрчиж шүүхээс тухайн хэрэгт ажиллагаа хийх боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 60 хүртэлх хоногоор хойшлуулж нэмэлт ажиллагаа хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг буцааж байгаа нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж хүчин төгөлдөр байхад буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн прокурорт буцаасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн эсэргүүцэл бичсэн гэв.

 

Шүүгдэгч М.Дийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энд зогсох ёстой хүн биш, хэлж мэдэхгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

 

     А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Дийг “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэж түүнд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэгт ...анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр... гаргана гэж хуульчилжээ.

            

Дээрх зохицуулалтын дагуу гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай магадлалаар шүүгдэгч М.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч, прокурор, дээд шатны прокурор хуульд заасан хугацаанд хуульд заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул магадлал хүчин төгөлдөр болж хэрэг анхан шатны шүүхэд шилжжээ.

 

 

             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул анхан шатны шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлож улмаар магадлалд заасан зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           

             Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хүчингүй болсон тохиолдолд уг хэрэгт анхан шатны шүүх дүгнэлт хийж дахин шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт...энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...гэж заасан ба анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу захирамж гаргасан байна.

 

             Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/278 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/278 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                 ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                    Н.Э