Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0534

 

 

 

2025 07 30

128/ШШ2025/0534

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батсүх даргалж, шүүгч Э.Азбаяр, Т.Мө нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б /РД: УХ/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Н

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ц.Л /цахимаар/ гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/780, 2019 оны А/525 дугаар захирамжаар ******* Э******* ХХК, П. нарын эзэмшиж байсан 2655 м.кв газрыг Г.Б нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1158 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар эзэмшиж, 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 01 дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг авсан байна.

2.2.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай захирамжаар өмнө нь эзэмшиж байсан 2655 м.кв газрыг 2830 м.кв болгон газрын хэмжээг нэмэгдүүлж төвлөрсөн авто машины зогсоол үйлчилгээний орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн.

2.3.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/07/1083 дугаар албан бичгээр ... Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны А/646 дугаар захирамж хүчингүй болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу холбогдох тайлбар саналаа ... ирүүлэх-ийг иргэн Г.Бт мэдэгдэл хүргүүлж, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.Бээс тус мэдэгдлийн дагуу холбогдох тайлбарыг хүргүүлсэн байна.

2.4.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар иргэн Г.Бийн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 290 дугаар захирамжаар иргэн н.ээс 480 м.кв үйлчилгээний, орон сууцны зориулалттай 5 жил эзэмших газрын эрхийг шилжүүлж авсан. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар захирамжаар Г.Бт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар иргэн Б.ийн эзэмшилд байсан 480 м.кв газрыг 5 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж 2010 оноос Г.Б 480 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/114 дүгээр захирамжаар Г.Бийн эзэмшлийн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 480 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгож талбайн хэмжээг нь 838 м.кв газраар нэмэгдүүлж нийт 1318 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн. Нэмэгдүүлсэн талбай болон 838 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг тухайн үеийн Нийслэлийн Засаг даргаас төлөх шаардлага тавьсны дагуу ... нийт 25,771,680 төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэд төлж 1318 м.кв газрыг иргэн Г.Б 2014 оноос хойш эзэмшиж эхэлсэн. Яаж 2830 м.кв газартай болсон бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1153 дугаар захирамжаар Г.Бт 2655 м.кв газрыг төвлөрсөн авто машины зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн. Тус захирамжаар 2655 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/780 дугаар захирамжаар *******, Э******* ХХК-д эзэмшүүлсэн 352 м.кв газар, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/525 дугаар захирамжаар эзэмшүүлсэн иргэн П.гийн эзэмшлийн 985 м.кв газрыг нэмж нийт 1337 м.кв газрыг эзэмшүүлсэн. ... Улаанбаатар банкны барьцаанд хураагдсан байсан 1337 м.кв газрыг *******, Э******* ХХК болон иргэн П. нарын эзэмшлийн газар барьцаанд хураагдаж байсныг Улаанбаатар банкнаас та энэ газрыг эзэмшдэг юм байна нийлүүлээд эзэмшиж манайхаас худалдаж авах уу гэх саналыг иргэн Г.Бт тавьсан. Үүний дагуу хэлэлцээр хийж зөвшилцөж 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай гэрээг Улаанбаатар банктай байгуулж 3 тэрбум төгрөгөөр *******, Э******* ХХК болон иргэн П. нарын эзэмшилд байсан 1337 м.кв газрыг худалдаж авсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иргэн Г.Б нийтдээ 2655 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдах болно. Тус хоёр газрыг нийлүүлсэн боловч үзүүр хэсэг үүсгэсэн тасархайтай байдаг. Энэ газар нь бусдын эзэмшсэн газар биш нийтийн эзэмшлийн талбай байсан тул Г.Б тус газрыг нэмж эзэмшиж авах хүсэлтийг тухай үеийн Нийслэлийн Засаг даргад гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар 2655 м.кв газар дээр нь 175 м.кв газрыг нэмж эзэмшүүлж өнөөдрийн 2830 м.кв газар Г.Бийн эзэмшилд ирсэн. Өөрөөр хэлбэл 2830 м.кв газар болгохдоо 175 м.кв газрыг нэмж эзэмшүүлэхдээ мөн адил дуудлага худалдааны анхны үнэ болох 24,640,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тухайн үеийн Газар зохион байгуулалтын албанд төлсөн. Үүнтэй холбоотой тус газар дээрээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газар эзэмших эрхийн хүрээнд төвлөрсөн авто машины дулаан зогсоол баригдах архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж ажил явагдаж байгаа.

Нийслэлийн Засаг дарга 2021 оны А/646 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрыг 2024 оны А/397 дугаар захирамжаар цуцлахдаа хэд хэдэн хууль зүйн үндэслэлийг зааж өгсөн. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35.3, 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасныг баримталж актыг гаргаж эзэмших эрхийг цуцалсан. Хуульд заасан буюу Нийслэлийн Засаг даргын захирамж дээр заасан хууль зүйн үндэслэлүүдийг хараад үзэхэд Газрын тухай хуулийн эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа гол зохицуулалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгаа. Өөрөөр хэлбэл эрхийн гэрчилгээ эзэмшигч тухайн газрын тухай хууль тогтоомж газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан. Ингэхдээ заасан хууль зүйн үндэслэлээ заахдаа Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг зүйлийг тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон өмнөх шүүх хуралдаанаар хэлэлцэх үед эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж юуг хэлээд байгаа вэ гэж үзэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дагуур сарын 17-ны өдрийн 20******* дугаартай дүгнэлт авагдсан. Өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Бт сонсох ажиллагаа хийхдээ тус дүгнэлтээ танилцуулдаг. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад актад заагдаагүй сонсох ажиллагаанд огт яригдаагүй зүйл болох Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан шаардлагыг гаргаж ирдэг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлт гарсан байдаг. Г.Бт 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус газрыг буюу 2830 м.кв газрыг эзэмшүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл нь эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах гэдэг зохицуулалт байгаа. Эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж юу хэлж байгаа вэ гэхээр захиргааны байгууллага иргэн Г.Бт газрыг эрх зүйн зөрчилгүйгээр эзэмшсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь харагддаг. Газрыг Г.Б зөрчилгүйгээр эзэмшсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эрх зүйн зөрчилгүй акт гэдгийг захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрдөг. Гэтэл нөгөө талаараа баримталсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь иргэн Г.Бийг газар эзэмшүүлэхээс өмнө гарсан байсан.

Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан шаардлагыг тайлбарладаг. Энэ нь ямар нэгэн байдлаар сонсох ажиллагааны явцад ярьдаггүй. Тус албан шаардлага хавтаст хэрэгт авагдсаны дагуу үзэхэд Нийслэлийн Засаг даргад өгсөн эсвэл нэхэмжлэгчид өгсөн албан шаардлага биш байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох болно. Өөрөөр хэлбэл Хүрээ амаржих газрын санхүүгийн тайланд аудит хийж маргаантай байгаа асуудлаа хурдан шийдвэрлээрэй гэдэг дүгнэлт гарсан. Ямар нэгэн байдлаар Нийслэлийн Засаг дарга, нэхэмжлэгч рүү чиглэсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт биш байдаг..

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг барьж удаа дараа ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд Улсын дээд шүүхийн 2008 оны 17 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим хуулийн зүйл заалтыг тайлбарласныг харах хэрэгтэй. Удаа дараа гэдэг үндэслэлийг тайлбарлахдаа Улсын дээд шүүхээс нэхэмжлэгчийн хувьд хууль тогтоомж гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйл гаргаагүй. Хэрвээ ийм үйлдэл гаргасан үүргээ зөрсөн гэж захиргаан байгууллагаас үзэж байгаа бол шалган тогтоож албан даалгавар шаардлага нэхэмжлэгчид өгсөн байхыг шаардаж байгаа. Гэвч ийм зүйлийг нэхэмжлэгчид огт өгч байгаагүй. Гэрээг зөрчсөн гэх ямар нэгэн дүгнэлт, шийдвэр танилцуулж гэрээний алдаагаа залруулж боломж олгосон зүйл огт байдаггүй. Энэ талаар маргаан бүхий акт дээр дурддаггүй. Харин ноцтой зөрчил гэж үзэж байгаа тохиолдолд Улсын дээд шүүхийн тайлбараар буруутгасан үндэслэл болон ямар ноцтой зөрчил гаргасан талаараа тодорхой тайлбарлах ёстой байтал энэ талаар ноцтой зөрчил гаргасан шийдвэр дүгнэлт байдаггүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/397 дугаар захирамж бодит нөхцөлд нийцсэн захирамж биш байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Бт С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2830 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 646 дугаар захирамжаар төвлөрсөн авто машин зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор заагдсан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2024 оны 4 дугаар сарын 08-ны өдрийн 397 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны иргэн Г.Бт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35.3.2, 35.3.5, 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д заасны дагуу газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус захирамж нь зорилгодоо нийцсэн ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн 2 дугаар төрөх буюу Хүрээ амаржих газар нь 1969 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Эрх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, нярайн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд үзүүлж байгаа эмнэлгийн салбар. Хүрээ амаржих газрын хойд талд баригдаж байгаа барилгын асуудал дээр хариуцагч талаас гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. 2009 оноос хойш Төрийн өмчийн газраас 2830 м.кв талбайг эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрх эмнэлгийн жирэмсэн ээжүүдэд зөвлөгөө өгөх үүднээс амбулаторийн барилгыг буулган урдаа байгаа аж ахуйн складын хуваагдал хэсгийн аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахыг хасаж эмнэлгийн галын аюулгүй байдал болон яаралтай түргэний авто машины орц гарцыг хасаж хууль бусаар авсан гэж үзэж байгаа. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтээс харахад тус газар нь 14 м.кв газар давхцалтай гэж гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хашаагаа татаж чөлөөлсөн талаар хэлж байгаа боловч хэрхэн яаж чөлөөлсөн талаар мэдэхгүй байна. Энэ талаар шүүх үнэн зөв бодитой шийдвэрлэх байх гэж үзэж байна. Өнөөдөр барилгын ажил эд үргэлжилж байгаа. Барилгын ажлын дуу, чимээ ихтэй. Эмнэлгийн эмч, ажилчид, эх нярайд сөрөг нөлөөтэй гэж байнга гомдол санал хүргүүлдэг. Дуу чимээ их, тоосжилт ихтэйгээс шалтгаалж ажилчид стресст өртдөг. Үүнээс болж төрөх гэж байгаа жирэмсэн ээжүүдэд нөлөөлж байгаа талаар гомдол тасралтгүй ирдэг. Хэрвээ барилга бүрэн баригдахад барилга хоорондын зай стандарт хэр бодитой байгаа вэ?, барилга хоорондын зайн стандарт хэмжил зүй алдагдаж байгаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хууль шүүхийн журмаар үнэн бодитой шийдвэрлэж өгнө үү. гэв.

4.Иргэдийн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: ... 2830 м.кв газар н.Б эрх зүйн зөрчилгүйгээр газар эзэмшдэг. Маргаантай асуудал Хүрээ амаржих газар-ын эмч, ажилчид, хэвтэн эмчлүүлэгчид эрүүл аюулгүй орчин нөхцөлд байх боломж дутмаг болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэн хэлэлцэж Хүрээ амаржих газрын үйл ажиллагааг саадгүй, ард иргэдэд ээлтэй ажиллах боломжийг ханган шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

7.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1153 дугаар захирамжаар *******-Э******* ХХК, П. нарын эзэмшиж байсан 2655 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Г.Бт шилжүүлсэн. Үүний дараа нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар Г.Бийн эзэмшиж байсан 2655 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 2830 м.кв болгон төвлөрсөн авто машины зогсоол үйлчилгээний орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн 000173061 дугаартай гэрчилгээг Г.Бт олгосон байна.

8.Гэтэл нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтыг тус тус үндэслэн С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... маргаан бүхий газартай холбоотой нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад энэ талаар дүгнэлт гарсан гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд нь нэхэмжлэгчид хамааралгүй, сонсох ажиллагаанд огт яригдаагүй, Хүрээ амаржихын газартай давхацсан зүйл огт байхгүй ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ... өмнө шүүхэд өгсөн тайлбараа дэмжиж байна, нийслэлийн Мэргэжлийн хяналтын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор заагдсан ... гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Эмч, өвчтөн, ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа ... гэж тус тус маргасан.

10.Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжаар ... С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2830 м.кв газрыг эзэмшигч иргэн Г.Б нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж, нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталжээ.

11.Монгол Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.9-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ...удаа дараа... гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан ...ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Г.Б нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга, дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, ингэхдээ ноцтой зөрчил-ийг гэрээгээр тохиролцоогүй байна.

12.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд, мөн зүйлийн 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаас үзэхэд газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан нөхцөл болзлын хүрээнд зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, харин холбогдох эрх бүхий албан тушаалтан нь аливаа этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дээрх үндэслэлээр хүчингүй болгохдоо тухайн газрыг эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэхийг тодорхой тогтоосон байхыг хуулиар шаардсан байна.

13.Нэхэмжлэгч Г.Бт С******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1******* дугаар бүхий 2830 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/646 дугаар захирамжаар төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох талаар хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/07/1083 дугаар мэдэгдэлд ... нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-04-126/777 дугаар улсын байцаагчийн дүгнэлтэд газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйгээс орчны аюулгүй байдал алдагдаж, хог хаягдал ихээр цугларч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нөхцөл бүрдсэн ... Мөн эзэмшлийн ... цэгээс хэтрүүлэн илүү талбай хашсан, зориулалтын дагуу газраа ашиглаагүй, барилгын суурийн ухсан нүх үүссэнээс иргэдийн эрх ашиг зөрчсөн талаар иргэд хуулийн этгээдээс удаа дараа гомдол ирүүлсэн ... гэжээ.

14.Хэрэгт авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээс үзвэл, нэхэмжлэгч Г.Бийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх агуулгаар бус, харин газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь газар эзэмших гэрээний нөхцөл байдлыг биелүүлээгүй, газар эзэмшүүлэх эрх олгосноос хойшхи хугацаанд газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй гэх агуулгаар гарсан болох нь тогтоогдож байна.

15.Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь үүнийг анхааралгүй, нэхэмжлэгч Г.Бийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй.

16.Барилга, хот байгуулалтын яамны шалгалтын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн танилцуулгад ... 4.Иргэн Г.Бийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын төлөвлөлтийн (зураг төслийн Р******* ХХК-ийн Ri*******@gmail.com цахим хаягаар (DWG) файл хэлбэрээр ирүүлсэн) зургийг Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн газрын кадастрын зурагтай давхцуулж давхцалыг тодорхойлоход иргэн Г.Бийн барихаар төлөвлөж буй барилгын урд талд төлөвлөгдсөн авто зам нь Хүрээ амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баруун хойд талын 11 дүгээр эргэлийн цэгээс зүүн зүгт 12-16 цэгээс урагш нийтдээ ойролцоогоор 94.05 м.кв газар давхцуулан төлөвлөсөн байна. Хүрээ амаржих газрын 2хф125 мм-ийн голчтой дулааны шугам, ф100 мм-ийн голчтой цэвэр усны шугам сүлжээг иргэн Г.Бийн эзэмшил газрын зүүн болон урд талын хэсгээр дайруулан татсан байгаа нь газрын маргаантай байна. Иргэн Г.Бийн олон давхар зогсоол бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахдаа нийслэлийн Хоёрдугаар  амаржих газрын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж батлаагүй, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн холбогдох заалтыг хангуулаагүй байна. гэж, /хх-4х-70х-83х/

17.Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1667 дугаартай албан бичигт ... иргэн Г.Бийн эзэмшиж буй газар нь Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн ... хавсралтын 5 дугаар заалтад Тусгай зориулалтын автомашин, ажилтны болон үйлчлүүлэгчдийн машины задгай зогсоол хүртэл 12 м гэж байгаа нь тухайн иргэний барилгад хамаарахгүй буюу дан авто зогсоолын барилга эсвэл задгай зогсоол бус олон давхар бүхий үйлчилгээний барилга байна. Харин тус норм ба дүрмийн 1 дэх заалт буюу Палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалтыг хангуулах нь зүйтэй, ... мөн нийт эдэлбэр газрын 76 хувьд нь барилгажихаар байгаа талаар хүсэлтдээ дурдаж ирүүлсэн боловч архитектур төлөвлөлтийн даалгаварт 83 хувьд нь барилгажихаар байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад нийцэхгүй байна, ... Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газраас гаргасан хяналт шалгалтын дүгнэлт үндэслэлтэй ... гэж; /хх4х-34-36х/

18.Үндэсний аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 49/АР150055, СНАГ-2024/16/НА-СТА-ТШЗ дугаар албан шаардлагад ... Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ... тус эмнэлгийн эзэмшилд байгаа эмнэлгийн зориулалт бүхий 94.05 м.кв газрын кадастрын зураг болон дахин давтагддаггүй дугаар зэрэг нь Б гэх иргэнд олгогдсон архитектур төлөвлөлтийн дугаар болон кадастрын зурагтай давхцаж, газрын эзэмшлийн маргаан үүссэн ба асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, энэ нь Барилгын тухай хуулийн 12.1.1 дэх заалтыг бүрэн хангаагүйгээс үүссэн маргаан байна ... гэж дурдсанаас үзэхэд, эдгээр асуудлууд нь энэ маргаанд хамааралгүй байна. /хх-4х-33х/

19.Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2025/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч Г.Бт нийтийн эзэмшлийн газраас 175 м.кв талбайг нэмж эзэмшүүлж, нийт 2830 м.кв газар нь гуравдагч этгээд н болон бусдын эзэмшил, өмчлөлийн газарт ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогдсон.

20.Мөн шинжээчийн дүгнэлтэд ... Г.Бийн түр хашаалан ашиглаж буй газарт хэмжилт хийхэд 2715 м.кв талбайтай байсан бөгөөд ... Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 1460100140 дугаартай газартай 14 м.кв талбайгаар давхцаж байна гэж ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... шинжээчийн дүгнэлт гарснаар түр хашаалсан хашаа нь гуравдагч этгээдийн газартай 14 м.кв талбайгаар давхцуулж хашаалсныг мэдэж, давхацсан хэмжээгээр нь түр хашаалсан хашааг татсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... газрын давхцалын асуудлаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хашаагаа татсан эсэхийг сайн мэдэхгүй байна гэсэн тайлбараас үзвэл газрын давхцалтай холбоотой хэргийн оролцогчид маргаагүй.

21.Иргэдийн төлөөлөгчийн ... Хүрээ амаржих газрын үйл ажиллагааг саадгүй ард иргэдэд ээлтэй ажиллах боломжийг хангаж өгөх нь зүйтэй гэсэн маргаан бүхий үйл баримтын талаар гаргасан дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

22.Иймд нэхэмжлэгч Г.Бийн нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

23.Хэрэгт ач холбогдолтой бусад асуудлын талаар:

24.Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс газрын үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн болно.

25.Нэхэмжлэгч Г.Бийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А397 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, харин энэ шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 16-18-д дурдсан үйл баримтуудад хамааралтай буюу Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай 128/2023/0937 дугаар индекстэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байгааг дурдав.

26.Мөн шүүх хуралдааны явцад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гээс ... эх үрсийн эрүүл мэнд буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох агуулга бүхий хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлт нь шүүх хуралдаан эхэлсний дараа тус шүүхэд ирсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг тэмдэглэв.

27.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарч нэхэмжлэгчээс шинжээчийн зардлыг төлсөн байна. Нэхэмжлэгчийн төлсөн 951,722 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/397 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчээс төлсөн 951,722 /есөн зуун тавин нэгэн мянган долоон зуун хорин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.БАТСҮХ

 

ШҮҮГЧ Э.АЗБАЯР

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ