Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00636

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/00636

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,363,058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу иргэн С.******* 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, 2010******* дугаартай зээлийн гэрээ байгуулан, 11,370,000 төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Үүний дараа цахимаар нэмэлтээр зээл авах хүсэлт илгээн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2010103107 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 13,336,752 төгрөгийн дүнтэй, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалттай зээлийн гэрээ байгуулж нэмэлт зээл авсан. ******* банкны интернэт банкны үйлчилгээг [email protected] мэйлээр авсан. Банк 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.*******ын ******* банкан дахь 5002836414 дугаартай харилцах дансанд зээлийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь банктай байгуулсан 2010103107 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 137 хоног хугацаа хэтрүүлээд байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02523 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ажиллагаа хийж, 2025 оны 05 сарын 13-ны өдөр хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 20101****** дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 9,335,726 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 988,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,307 төгрөг нийт 10,363,058 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн зээлийн төлбөр 10,363,058 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 10,363,058 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,759 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 90,379 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 90,379 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ