| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00019/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж холбогдох 1840000000020 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Ж Шүүгдэгч С.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 03 сарын 23-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа-тээг” баарны гадна эхнэр М.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч С.Ж нь “2018 оны 03 сарын 23-ны орой 23-24 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа-тээг” баарны гадна эхнэр М.Э-ыг зодож, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.Э 2018 оны 04 сарын 04-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 03 сарын 23-ны орой 20 цагийн үед гэрээсээ гарсан. “Friends” бааранд төрсөн өдрөө тэмдэглэж байсан Ч, Ц нар дээр очсон. Бид гурав дуулж, ярьж хөөрөх зуураа 0.5 литрийн Сэрүүн нэртэй пиво нэг нэгийг авч уусан. Ингээд 22 цаг өнгөрөөгөөд баарнаас гарсан. Ч, Ц хоёр гэрлүүгээ харихаар явсан. Намайг “Friends” баар руу явж байхад “Гуа-Тээг” баарны гадна З, Т нарын ажлынх нь хүмүүс байсан болохоор энэ хоёрыг хамт байгаа байх гэж бодоод “Гуа тээг” баар руу ороход З, Т хоёр сууж байсан. Бааранд орж 0.5 литрийн пиво нэгийг авч уугаад 3-н дуу дуулчихаад З, Т хоёрыг намайг хүргээд өгчих гээд баарнаас 23 цаг 40 минутын үед гарсан. Баарнаас гарахад танай нөхөр Ж зогсож байх шиг байна гэхээр нь би за намайг уусан гээд уурлаж магадгүй, та хоёр намайг хүргээд өг гээд урагшаа гараад явж байтал манай нөхөр хойноос хүрч ирээд ямар нэгэн үг хэлэхгүйгээр миний үснээс татаж зулгаахад нь би эргэж хартал манай нөхөр Ж баруун гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохьчихоод “чи яахаараа худлаа ярьдаг юм, үнэнээ хэлчихгүй яасан юм” гээд цаашаа уурлаад яваад өгсөн. Өглөө босоход зүүн талын нүдний дээд зовхи хавдсан байсан. Манай аав цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
- Гэрч Н.А-ы 2018 оны 04 сарын 06-ны өдөр өгсөн: “Би 2018 оны 03 сарын 23-ны өдөр “Гуа тээг” бааранд сууж байхад Э-д орж ирсэн. 0.5 литрийн пиво нэгийг уухад нь бид нар гарах гэж байна ш дээ гэхэд та хоёр түр хүлээж бай, та 2 намайг 47 дугаар байр луу хүргээд өгчих гэхээр нь би Т-ийн хамтаар хүлээж байгаад хамт гарсан. Баарнаас гараад урагшаа явж байтал Э-ыг нэг хүн арагшаа татах шиг болохоор нь эргээд хартал Э-ын нөхөр Ж байсан. Тэгэхээр нь би нөхрийг нь ирчихсэн болохоор явлаа гэдгээ хэлээд нөхөртэйгээ хамт гэрлүүгээ харьсан. Маргааш нь утсаар ярихад ажилдаа явж чадахааргүй болсон. Нүд хөхөрчихсөн Ж-тай муудалцаад намайг цохьсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 27-ны өдрийн № 36 тоот:
1.М.Э-ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 06/,
- Шүүгдэгч С.Ж-ы 2018 оны 04 сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 03 сарын 22-ны орой гэртээ ирэхэд манай эхнэр Э-д гэртээ байхгүй байхаар нь утсаар хаана байгааг нь асуухад төрсөн дүү Э-ийн гэрт хонохоор ирсэн байна гэж хэлсэн. Тухайн үед ажлаас буугаад ядарсан болохоор нь гэртээ унтаж амарсан. Маргааш нь би ажилдаа гарчихаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд мөн л эхнэр хүүхдүүд байхгүй байсан. Утсаар ярихад одоо хүүхдүүдээ аваад очлоо гэхээр нь би хүлээсэн. Ирэхгүй болохоор нь 22 цагийн үед дахин залгаж асуухад Э-ийн гэрт байна гэхээр нь охинтойгоо яръя гэхэд усанд орж байна, гарч ирэхгүй байна гэхээр нь би худлаа ярьж байна гэдгийг мэдээд баарнуудаар хайсан. Баар хаахад Э эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй гарч ирсэн. Гэнэт уур хүрээд өмсөж явсан цамцных нь захнаас хойш нь татаад эргээд харахад нь нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Маргааш өглөө сэрэхэд манай эхнэрийн зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Хадам аав цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
- Шүүгдэгч С.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 сарын 23-ны орой 23-24 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг “Гуа тээг” баарны гадна эхнэр М.Э-ыг цохьсон. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би сардаа 5-6 сая төгрөгний орлого олдог. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч С.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Ж-ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч М.Э “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ж нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн
1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч С.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Амбаны хошуу овогт С.Ж 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч С.Ж нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ