Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/31

 

******* нэхэмжлэлтэй, *******д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00544 дугаар шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс 81 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 09 сарын 27ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Лхагвасүрэнтэй 2011 онд танилцаж, түүнээс хойш нэг гэрт 7 жил хамт амьдарсан. Бид хоёр аль аль нь өмнө гэр бүл зохиож байсан. Миний хувьд өмнөх гэрлэлтийн баталгаагаа салгуулж чадаагүй болохоор Лхагвасүрэнтэй гэрлэлтээ батлуулж чадаагүй. Лхагвасүрэн надтай нийлэхдээ 2 хүүхэдтэй байсан. Би мөн адил 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань аав, ээжтэй маань хамт амьдардаг. Бид хамт амьдарч байх хугацаандаа 1 охинтой болсон. Охин маань 2012 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн. Миний хувьд тээврийн жолооч учраас ажлын онцлогоос шалтгаалж гэртээ байхаасаа байхгүй нь их. Сүүлийн 2 жил Ковидоос болоод ажилгүй байх хугацаанд Лхагвасүрэн намайг энэ гэрт нэмэр болсонгүй, ажил хийсэнгүй гэж хэл амаар байнга дарамталж эхэлсэн. Би ажилтай байх үедээ энэ гэрийн санхүүгийн бүх асуудлыг өөрөө зохицуулдаг байсан. Үүнээс гадна Лхагвасүрэнгийн 2 хүүхдийнх нь сургалтын төлбөрийг нь төлж сургуулийг нь төгсгөсөн. Намайг ажилгүй байх хугацаанд ойлгох нь битгий хэл ажил хийсэнгүй гэж байнга үглэж, гэрт тайван байлгадаггүй байсан. Лхагвасүрэнгийн нотлох баримтаар гаргаж өгсөн бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гээд байгаа хүн нь манай ангийн хүүхэд. Найз, нөхөд юм болохоор бие биедээ тус, дэм болох үе зөндөө байдаг. Үүнийг Лхагвасүрэн ойлгохгүй намайг өөр хүнтэй явалдсан, миний араар хуурсан гэж гүтгэж, хэрүүл хийдэг. Энэ мэтчилэн намайг найз нөхөд, ангийн найзуудтай маань холбож, харддаг болсон. Тиймээс би энэ бүх муу муухай хэрүүл маргаанаас залхсан учраас тусдаа амьдрахаар шийдсэн. Одоо би аав, ээжийндээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Миний шүүхэд хандах болсон шалтгаан Лхагвасүрэнгээс өөрөөс нь болсон. Учир нь эд хөрөнгийн асуудлаар маргалдах үед Лхагвасүрэн намайг ... чи чаддаг юм бол шүүхдээд эд хөрөнгөө аваарай, би чамайг юу ч үгүй болгоно, би чиний бүх зүйлийг авна ... гэж хэлдэг байсан. Юм л болохоор чи шүүхээр яв гэдэг байсан. Тийм учраас би энэ хүнд өөрийн эд хөрөнгөө алдахгүйн тулд шүүхэд хандсан. Лхагвасүрэнгийн одоо амьдарч байгаа байр болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны ******* хоёр өрөө байрыг 2012 оны 10 сарын 31-ний өдөр Голомт банкны Орон сууцны зээлээр 65 сая төгрөгөөр худалдан авсан миний байр, Байрны урьдчилгаа болох 23 сая төгрөгийг би өөрийн ааваасаа зээлж өгсөн. Мөн энэ байр, машиныг худалдаж авахад Лхагвасүрэнгийн оролцоо нэг ч байгаагүй. Банкны зээлээ ч гэсэн би өөрөө төлдөг. Тиймээс Хэрлэн сум 9 дүгээр баг 11-******* байр болон приус-30 маркийн автомашин нь миний өөрийн өмч хөрөнгө учраас эдгээр өмч хөрөнгөө Лхагвасүрэнгээс гаргуулан авах саналтай байна. Байрыг 65 сая төгрөгөөр банкны зээлээр худалдаж авсан. Приус маркийн машиныг 16 сая төгрөгөөр авч байсан. Машины хувьд анх миний төрсөн дүү В.Баярцэнгэл нь Америк улс руу явахынхаа өмнө надад өөрийн Highlander автомашиныг бэлэглэсэн юм. Нилээн хэдэн жил уг машиныг унасан. Дараа нь аав өөрийн унаж байсан машинаа зарж, оронд нь өөр том машин авахаар болоход нь би Highlander автомашинаа аавд өгөөд, оронд нь Приус-30 автомашиныг аав надад худалдаж авч өгсөн. Ийм байдлаар Приус-30 автомашин миний өмчлөлд шилжсэн. Энэ нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. *******гийн яриад байгаа Улаанбаатар хотод байгаа байр бол бидний өмч биш, миний дүү В.Ариунаа өөрөө худалдаж авсан байр. Хааяа би дүүгийнхээ гуйснаар байрны мөнгийг нь төлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Эрдэнэтэй 2011 онд танилцсан. Түүнээс хойш 7 жил нэг гэрт хамт амьдарсан. Бид энэ хугацаанд 1 охинтой болсон. Охин маань 2012 оны 01 сарын 28-нд төрсөн, Учрал гэдэг. Бидний хувьд өмнө аль аль нь гэр бүлтэй байсан. Тухайн үед Эрдэнэ надад хамт амьдрах санал тавихдаа намайг аз жаргалтай, сайхан амьдруулна гэж хэлээд намайг авч суусан. Миний хувьд өмнө гэр бүл зохиож, анхны амьдралаа алдаж байсан учраас хоёр дахь амьдралаа хэзээ ч алдахгүй гэж тухайн үед өөртөө амлаж байсан. Ингээд бид хамт амьдарсан цагаас эхлээд хэрүүл маргаангүй аз жаргалтай, сайхан амьдарч байсан. Бидэнд дутагдах, гачигдах зүйл байгаагүй. Эрдэнэ тайлбартаа санхүүгийн бүх асуудлаа өөрөө зохицуулдаг байсан гэж ярьж байна. Энэ бол худлаа, намайг яагаад гэрт зүгээр тэжээлгээд сууж байсан юм шиг яриад байгаа юм бэ, би Эрдэнэтэй хамт амьдарч байх үедээ хүний бараа зарж, өдөр тутмын хоол, хүнс хэрэглээнийхээ мөнгийг олдог байсан. Энэ хугацаанд байрныхаа зээлийг Эрдэнээ өөрөө төлдөг байсан ч гэсэн өдөр тутмын хэрэглээгээ би өөрөө зохицуулдаг байсан. Би тэр болгон Эрдэнээгээс мөнгө нэхэж аваад байдаггүй. Баяр ёслолын үеэр ч гэсэн айл юм болохоор ширээ засах хэрэгтэй болдог. Тэр үед ч гэсэн би өөрөө аргалаад зохицуулдаг байсан. Эрдэнээ хоол хүнсэнд ямар их мөнгө зарцуулагддагийг мэдэхгүй болохоор л миний оролцоо байгаагүй гэж яриад байна. Гэтэл айл гэрийн хоол, хүнсний материалд тухайн өрхийн дийлэнх төсөв зарцуулагддаг. Эрдэнэ надад хувиараа наймаа хийх боломж олгож, наймааны мөнгө өгсөн нь үнэн. Түүнээс хойш би хувиараа наймаа хийсэн. Тухайн үед лангууны түрээс, бараа материалд зориулж Хас банкнаас 3 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ би өөрөө төлдөг. Гэтэл Эрдэнэ миний өмнөөс зээл төлдөг байсан юм шиг, намайг зээлээ төлж чаддаггүй гэж тайлбар дээрээ бичсэн байсан. Энэ бол худлаа. Эрдэнэ бид хоёрын аль аль нь 2 хүүхэдтэй нийлсэн. Эрдэнийн хувьд 2 хүүхдэд маань тус дэм болж, том охины сургалтын төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн нь үнэн. Охин маань тухайн үед 10 жилээ төгсөөд Улаанбаатар төмөр замын коллежид 1 жил сурахаар хот руу явсан. Тэр үед Эрдэнээ хотод 2 өрөө байртай байсан учраас охин маань тэр байранд нь амьдардаг байсан. Гэтэл удалгүй Эрдэнээгийн дүү нь байраа түрээслэхээр болсон гэж хэлээд охиныг маань гаргасан. Ингээд охинд маань хотод өөр амьдрах газар, хамаатан садан гэж байгаагүй болохоор сургуулиа төгсөж чадалгүй Дорнод руу ирсэн. Дараа нь хүү маань 12 дугаар ангиа төгсөөд Дотоод хэргийн их сургуульд танил эгчийн маань тусламж, дэмжлэгтэйгээр элсэн орсон. Тус сургуулийн хувьд ямар ч төлбөргүй, элсээд орчих л юм бол сургалтын төлбөр төлөх шаардлагагүй сургууль. Анх сургуульд орох үед нь Эрдэнэ бид хоёр 380 000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй явсаар хүү маань энэ жил сургуулиа төгссөн. Гэтэл Эрдэнэ миний 2 хүүхдийн сургалтын төлбөрийг төлж, төгсгөсөн гэж ор үндэслэлгүй худлаа ярьж байна. Бидний салах болсон шалтгаан Эрдэнийн муу муухай үйлдлээс болсон. Эрдэнэ намайг 2020 оноос хойш байнга хардаж, хэрүүл хийдэг байсан гэж тайлбартаа бичсэн байна. Би гэр орондоо авгай хүүхэний хэрүүл огт хийдэггүй. Эрдэнийг ч хардаж, сэрддэггүй. Эрдэнэ ажлын шаардлагаар гэртээ бараг байдаггүй. Байнга аялал жуулчлал, ачаа тээвэрт явдаг байсан. Сүүлдээ гэртээ ирэх нь багасаж, ажлаараа далимдуулж хөдөө гадаа их явдаг болсон. Энэ үед би Эрдэнийг өөр хүнтэй болсныг мэдсэн. Миний араар явалдаад байгааг нь би мэдсэн ч гэсэн гэр орондоо авгай хүүхэний хэрүүл хийдэггүй байсан. Тухайн үед би наймаа хийхээ болиод гэртээ 6 сар ажилгүй байсан. Энэ хугацаанд Эрдэнээгийн ажилд тус дэм болж аялалаар явахад нь хамт явж Автобусыг нь цэвэрлэж, ойр зуурын ажилд нь тус болж хэсэг хамт явсан. Тэгээд нэг өдөр Эрдэнээгийн аав намайг чи эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орох уу гэж асуусан. Тэгэхээр би мэдээж ажилгүй байсан болохоор тэгье гэж хэлсэн. Эрдэнээгийн аав намайг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд үйлчлэгчээр ажилд оруулж өгсөн нь үнэн. Би үйлчлэгчээр 3 жил ажилласан. Намайг ажлаасаа гараад удаагүй байхад Эрдэнээ түүний аав хоёр хот явж сувилагчаар сур гэж санал тавьсан. Гэвч намайг 2020 оны 10 сард хот руу явахын өмнө Эрдэнэ бид хоёр эд хөрөнгийн асуудлаас болж айхтар маргалдсан. Тэр өдрөөс хойш Эрдэнэ гэртээ ирэхээ больсон. Намайг эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсноос хойш Эрдэнийн цалин орлого огт орж ирээгүй. Эрдэнэ 17 дугаар байшинд аав, ээжийндээ амьдарч байгаад Цагаан сарын дараа гэртээ ирсэн. Гэртээ ирчихээд миний хоолыг нэг ч удаа идээгүй. Өөртөө ч ойртуулаагүй, дотно харилцаанд орохыг ч хүсээгүй. Энэ бүхний дараа Эрдэнийг өөр хүнтэй болсон юм байна гэж ойлгосон, бас өөрөөс нь мэдсэн. Үүнийг нь өөрийнх нь 2 хүүхэд ч гэсэн мэднэ. Эд хөрөнгийн хувьд энэ байр болон машинд миний оруулсан хөрөнгө байхгүй боловч байр, машинаа Эрдэнээд өгч чадахгүй. Охин бид хоёрыг хаана амьдар гэж байгаа юм бэ, энэ байр бол миний охины ирээдүй учраас би охиныхоо ирээдүйг бодож байна. Эрхэлсэн ажилгүй намайг охинтой минь хамт хаяж явчихаад таксинд явж хоолоо зогоож байгаа ганц амьжиргааны эх үүсвэр болох машиныг минь яаж авна гэж хэлж чадаж байна аа, би байр, машин хоёроо чамд өгөхгүй. Би энэ бүхнээ авч үлдэхийн тулд хөлөө хүрэх газар явна. Өнөөдөр надад өмгөөлөгч авах ч мөнгө алга. Ийм байхад би байр, машин хоёроо чамд өгчихөөд өөрөө хаана, яаж амьдрах юм бэ, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00544 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* өмчлөлд бүртгэлтэй 81 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны ******* 3 өрөө орон сууц болон ******* улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашиныг тус бүр хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 592 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “... ******* шүүхэд би Лхагвасүрэнтэй 2011 онд танилцаж, түүнээс хойш нэг гэрт 7 жил амьдарсан гэж мэдүүлдэг ч үнэндээ бид 2011-2020 оны 10 сар хүртэл хамт амьдарсан. Үүнээс хойш ******* ирэн очин байдаг байсан. ******* надтай хамтын амьдралтай байснаа, бидний дундаас нэг охин төрснийг хүлээн зөвшөөрдөг, энэ асуудал дээр маргадаггүй. Ийм байхад шүүх намайг В.Эрдэний гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзээгүй.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуулийг тайлбарлахдаа гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаа гэдэгт Гэр бүлийн тухай хууль зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэнээс хойш хугацааг ойлгодог бөгөөд гэр бүлийн дундын өмчлөл зөвхөн хууль ёсны гэрлэлтийн үндсэн дээр үүсдэг” гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь буруу байна. Үнэндээ Гэр бүлийн тухай хуульд гэрлэснээс хойш хамт амьдарсан хугацаа гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамтран амьдрагчийг мөн хамааруулан авч үздэг. Хамтран амьдрагч гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” гэж тодорхойлсон байдаг. Би өөрийгөө Эрдэнийн хамтран амьдрагч байсан гэж үзэж байгаа бөгөөд бид яагаад гэрлэлтээ батлуулаагүйг Эрдэнэ нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байдаг. Мөн бид 2011 оноос хойш 2020 оны 10 сар хүртэл бүхэл бүтэн 9 жил хамт амьдарч нэг охинтой болсон байдаг. Иймд хэдийгээр уг байр машиныг авахад миний бие биечлэн мөнгө төгрөг өгч байгаагүй ч биднийг хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т заасны дагуу уг хөрөнгийг хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Үүнээс гадна шүүх охины талаар нэг ч удаа авч хэлэлцээгүй бөгөөд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс миний охинд ногдох хэсгийг тооцолгүй үлдээсэн нь миний охины эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн шүүх Эрдэнийн яагаад эхнэр охиноо орхиж явах болсон шалтгаан, маргаан үүссэн нөхцөл байдлыг шинжлэн судалж харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байдаг.

Эрдэнэ анх намайг 2020 оны 10 сард сурахаар Улаанбаатар хот явах болоход эд хөрөнгийн маргаанаас болж хэрүүл үүсгэсэн байдаг. Бид барагтай бол хэрэлдэж муудалцаад байдаггүй байсан. Ингээд 11 сард Эрдэнэ гэрээсээ хэл үггүй явж өөрийнхөө ээж аав дээрээ амьдрах болсон. 2021 оны 02 сард цагаан сарын үед 10 гаран хоног гэртээ ирсэн ч миний хийж өгсөн хоолыг идэхгүй өглөө гарч ээж аавындаа юм идчихээд орой нь унтахдаа л орж ирдэг байсан ба өдөртөө хаа нэг гэртээ байх үедээ өрөөнийхөө хаалгыг хаачихаад чихэвч зүүгээр утсаа оролдоод суучихдаг. Өөрийн охиноо ч тоодоггүй. Мөн уг түр байсан хугацаандаа өрөөндөө гар хангалга хийж үрийн шингэнээ дэвсгэр даавуунд арччихаад хээв нэг орхисон байсан. Тэр даавуу нь одоо ч бий. Энэ мэт намайг эрс үл хүндэтгэн, айл гэрийн өрхийн тэргүүн, эцэг хүний үүргээ умартан өөр бусад эмэгтэйтэй учир холбогдож, үр хүүхдээ хайр халамжаар дутааж байгаа урт хугацааны үйлдлээс болоод миний бие шүүхэд хандах болсон.

Мөн 2015 онд Петро чайна дачин тамсаг газрын тосны уурхай руу ажлаар явж ирэхдээ тэмбүү туссан бөгөөд уг өвчнөө надад бас халдаасан. Тухайн үед Эрдэнийн аав нь эмч хүн учир хадам ээжтэй нийлж эмнэлэг энэ тэр гэлгүй бид хоёрыг гэрээр эмчилсэн. Би охиноо бодоод тухайн үед хэрүүл хийж янз бүр бололгүй тэгэсгээд өнгөрөөсөн. Гэтэл 2020 оны 10 сараас эхэлж бид хоёрын хоорондын харилцаанд ан цав үүсэхтэй зэрэгцэн надаас нууцаар уулздаг байсан Баяндун суманд оршин суух залуу цагийн найзууд байсан Гантуяа, арван жилийн ангийнх нь охин болох Ганчимэг, мөн ангийн охин Соронзон нартай гэр бүлээс гадуурх урт хугацааны харилцаатай байсан болох баримт, хэлж ярьсан үг, хийж байсан үйлдлүүд ээлж дараалан гарч ирсэн. Миний бие өвдөөд эмнэлэгт хэвтэхэд нэг ч удаа эргэж ирээгүй хирнээ уулздаг эмэгтэй нь халуун усанд түлэгдээд эмнэлэгт хүргэгдэж ирэхэд сахиж, эмнэлгээс гарахад сум руу нь хүртэл хүргэж өгч байсан удаа бий. Уг үйл явдлаас болж бид маргалдахад “зайл, надад зөндөө хүүхнүүд байна, чадаж байхад яах юм” гэж хэлж намайг араар тавьдаг байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Мөн Эрдэнэ шүүхэд 11 дүгээр байрны ******* хаягтай 41м2 талбайтай байр болон приус-30 маркийн автомашинаа өөрийн өмч хөрөнгө учраас Лхагвасүрэнгээс гаргуулан авах саналтай байна гэж мэдүүлдэгч, үнэндээ Эрдэнэ эдгээр хөрөнгүүдээр дутахаар хүн биш. Бидний дундын хөрөнгөд хамаарахаар зүйлс гэвэл дээр дурдсан зүйлсээс гадна 2014 онд авч байсан 100 ширхэг хонь, Өлзий-Орших гэдэг хүнд 45 хүний суудалтай автобусаа зарж 12 000 000 төгрөгний авлага авахаар болсон. Мөн хуурай дүү Сайнаадаа Паз машинаа 5,0 сая төгрөгөнд зарсан. Улаанбаатар хотод байгаа байр гээд олон зүйл бий.

Хүний эцэг хүн, өрх гэрийн тэргүүн хүн ядаж салахдаа өөрийн хүүхдүүдийн аюулгүй байдал ашиг сонирхлыг харгалзан үздэг байхад Эрдэнийн хувьд эд хөрөнгөө илүүд үзэж, охин бид хоёрыг орох оронгүй, орлого олох унаагүй үлдээх гэж улайран тэмцэж байна.

Миний бие Учрал охины хамт 11 дүгээр байрны ******* хаягт одоогоор амьдарч байгаа бөгөөд Приус-30 маркийн машинаар таксинд явж ойр зуурын хэрэгцээний мөнгөө олдог. Одоогоор би тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Хэрэв Эрдэнэ эдгээрийг биднээс авчихвал бидэнд орох орон байхгүй, хэрэглээний мөнгөө ч олж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянаж үзэхийг хүсэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг үндэслэлгүй, зарим бичсэн зүйл нь ор тас худлаа, ер нь амьдралын хугацаанд Эрдэнэ намайг дарамжталж, гүтгэж, буруу ойлгож, зүтгэж байдаг тэр байдлаа л илэрхийлж бичсэн байна.

Хамтын амьдрал салах шалтгаан нь Лхагвасүрэнгийн ор үндэсгүй хардлага, байж суухын аргагүй болгосон. Мөрдлөг, хэл ам, хэрүүл тэмцлээс үүдэлтэй.

Миний хувьд болж бүтэхээрээ амьдралаа аятай, тохитой байлгахын тулд хийсэн бүх хөдөлмөр, орлогоо зориулсан. Би найз нөхөдтэй байж, бие биедээ тус дэм болж, тусалвал тусалсан шиг тусалж, чин сэтгэлээсээ ханддаг. Өвдөж зовох, машин тэрэг хэрэг боллоо, туслаач гэвэл эр эм ялгаагүй тусалж л явдаг. Гэтэл Лхагвасүрэн энэ бүхнийг өөрийнхөөрөө сэтгэж, хардаж, сэрдэж, бүр очиж хэрүүл хийж бусдын эрх чөлөөнд халдаж, намайг нүүр хийх газаргүй болгодог. Намайг тагнаж, шалгаж байгаа юм уу хаашаа юм. Улаанбаатараас зорчигч тээгээд шугаманд яваад ирэхэд Хөлөнбуйрын постон дээр л зогсож байх жишээтэй. Нэг бус удаа ингэж олон хүний дунд хэрүүл үүсгэж, хашгирч байсан.

Гэрт бол байх аргагүй болгоно. Ядаад өрөөндөө хаалгаа түгжиж үзнэ. Балбана, гаднаас нь элдвээр хэлэх, хэлэхгүйгээр доромжилно. Миний тэвчээрийг барахыг хүсдэг байх. Аргаа ядаад би аавындаа байх болсон. Ингээд тусдаа байхаар чи салах өргөдлөө өг гэж шаарддаг болсон. Намайг шүүх дээр дагуулж ирж, энэ шаардлагаа тавьсан. Шүүхээс та хоёр өмгөөлөгч дээр оч гэсэн. Өмгөөлөгч дээр ирэхэд чи өргөдлөө өг, чи л өг гээд би нэхэмжлэл гаргахаар болсон. Тэгээд гэрлэлтийн баталгаагүй, охиныг минь надад өгөхгүй, уулзуулахгүй гэдэг болохоор нэхэмжлэл бичихэд ямар өнцгөөс бичих нь зөв бэ гэж зөвлөлдөж байгаад хөрөнгийн асуудлаар шаардлага гаргасан ба энэ өргөдлийн хариуд Лхагвасүрэн хүсээд байгаа хүүхдийн асрамж , тэтгэмж, хөрөнгийн талаар шаардлага тавих байх гэж бодсон.

Гэтэл Лхагвасүрэн хөрөнгөө би авах ёстой л гэснээс биш ямар нэг шаардлага гаргаагүй. Шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримт тайлбаруудыг үндэслэн хуулийн хүрээнд шийдсэн гэж үзэж байна. Тэр байтугай Лхагвасүрэнг шаардлага нэхэмжлэлээ гаргах эрхтэйг хэлсэн байгаа. Миний хувьд охиндоо өгөх тэтгэмж, харж хандах үүргээ биелүүлнэ, биелүүлж ч яваа.

Лхагвасүрэн надтай анх танилцахдаа 8 дугаар багт хашаа байшинтай амьдардаг байсан. Одоо ч тэр нь байгаа, өөрөө дүүгээ оруулчихаад байгаа. Би түүний ямар ч хөрөнгө орлогыг үрээгүй. Бусдын лангуун дээр ажилладаг байсан. Би өөрийн гэсэн лангуу бараатай болгосон. Гэвч ашиг орлого муутай зээлээ ч төлж чадахгүй гээд татан буулгаад ажилгүй болсон. Миний бие байр сууцтай болж түүний бүх мөнгийг би төлж дуусгасан. Лхагвасүрэнгийн оролцоо байгаагүй. Зээлээ төлж илүү гарсан орлого мөнгөө ар гэртээ хүүхдүүддээ л өгч байсан. Лхагвасүрэн бүхнийг үгүйсгэдэг хүн.

Миний хоёр хүүхэд бол цуг байдаггүй. Цуг байх ч дургүй. Хэсэгхэн хугацаанд цуг байлгахад хүүхдүүдэд маань таагүй сэтгэгдэл төрүүлсэн байсан. Би ажиллаж, хөдөлмөрлөж цалин орлогоороо байр сууц, машин унаа авч байгаа нь эцсийн эцэст хүүхдүүдийнхээ ирээдүйн л төлөө шүү дээ. Учрал охиндоо би ирээдүйд нь зориулж юм хийх болно. Ээж нь бол ойлгохгүй ээ, ойлгохыг ч хүсэхгүй.

Одоо ч намайг дарамжталж Улаанбаатар хотоос орой гарна гэж хэлээд байтал хуваарь өөрчлөгдөөд орой гараад ирэхэд амдаж аваад л олон хүний нүдэн дээр зодож маажиж, орилж чарлаж, гэмтэл учруулаад цагдаад шалгагдаж байна. Би бол түүнд хэзээ ч гар хүрэхгүй. Миний тэвчээр алдахыг хүлээж, өдөж байдаг юм.

Машин бол миний хүргэн надад бэлэглэсэн машиныг, би аавдаа өгөөд, аав оронд нь Приус-30 авч өгсөн. Энэ бол Лхагвасүрэнд хамаагүй. Лхагвасүрэн л уначихаад өгдөггүй. Би ч машинаа унах эрхгүй болчихоод байгаа юм. Би ээлжийн жолоочтой хамтарч автобус авсан. Тээвэр зохицуулалтын албанаас хаашаа, хэзээ яв гэж хуваарилна тэр зүгт хэд хоног ч хамаагүй явдаг. Ер нь энэ хэдэн жилийн амьдралын хугацаанд байнга л явж орлоготой байж зээл өрөө төлж, ар гэртээ зохицуулах юм аа зохицуулаад л явсан.

Харин корона өвчний улмаас хатуу хөл хорио тогтоож, хот хоорондын автобус үйлчилгээ зогссон. Тоог цөөрүүлж хэсэгхэн хугацаанд орлого мөнгө багасаад ирэхэд хэрүүл тэмцэл ихсэж ирсэн.

Лхагвасүрэн өөрөө 2 хүүхэдтэй нийлсэн. Тэр хоёрын суралцах бололцоо нөхцөл сурах сургуульд оруулах асуудалд би найз нөхөд, танил талаа гуйж хөөцөлдөж өгсөн. Одоо хүүхдүүд нь ажил төрөлтэй болсон, сургуулиа төгссөн. Хүүхдүүдтэй бол сайндаж, муудаж байгаагүй. Ердийн хэвийн харилцаатай. Хүүхдүүдийг энд хавчуулах шаардлагагүй.

Лхагвасүрэн гэрийн идэж уух юманд хамаг мөнгөө зарцуулж ар гэрээ авч явсан гэж бичсэн байдаг. Гэтэл Лхагвасүрэн Учрал хоёр л үлддэг. Би 7 хоногт 2-3 хоног л гэртээ ирдэг. Тэгэхээр хоол хүнсэнд хэр их мөнгө хэрэгтэй болох вэ. Би орой ирвэл замд хоол идчихдэг. Тэгээд л орлогоос өгөх юмаа өөрт нь өгдөг. Өгсөн мөнгийг юунд зарж үрдэгт би хяналт тавьдаггүй. Ер нь Лхагвасүрэн өөрийнхөөрөө явдаг зүтгэдэг, би ч өөрийнхөөрөө явж ажлаа хийх гэж зүтгэдэг.

Лхагвасүрэн бүхнийг үгүйсгэж дийлж сурсан хүн. Баахан машин, автобус зарсан, Улаанбаатарт байртай, олон хөрөнгөтэй гэжээ. Зарсан машинаа мөнгө нэмж хачирлаж байгаад засвар хийсэн сайн мэднэ. Уг зарагдсан солигдсон автобус машинуудад Лхагвасүрэнгийн ганц төгрөг ороогүй. Автобус бол он нь хуучирсан гээд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тэнцэхгүй болсон. Он хуучирсан үйлчилгээнд тэнцэхгүй болсон автобус үнэ нь хямдардаг. Энэ бүхнийг мэдмээр л юм. Байр бол миний байр биш. Энэ нь хэрэгт байгаа баримтаар нотлогддог. Надаас нэг л их хөрөнгө авахыг хүсээд байх бололтой. Мал байхгүй шүү дээ. Хүнд тавьсан хэдхэн юм үхэж үрэгдээд, идэж уугаад үгүй болсон. Аль эрт оргүй болсон зүйлийг бичсэн байна. Давах өргөдөлдөө хүнээс ичиж санаа зовмоор оргүй юм бичиж намайг гутаах гээд өөрийгөө ч гутаах юм даа.

Эцэст нь хэлэхэд шүүх хуулийн хүрээнд шийдсэн. Одоо Лхагвасүрэн өөрөө л асуудлаа тавиагүй шүү дээ.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс 81,0 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-2 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн шаардсан маргааны зүйл болж байгаа Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 11 дүгээр байрны ******* 3 өрөө орон сууц, 32-04 ДОА улсын дугаартай Приус-30 маркын автомашин зэрэг эд хөрөнгийг /өгөхийг/ зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна.

Мөн хариуцагч ******* нь “...шүүх охины талаар нэг ч удаа авч хэлэлцээгүй, ... хамтран өмчлөх дундын хөрөнгөөс миний охинд ногдох хэсгийг тооцолгүй үлдээсэн нь миний охины эрхийг ноцтойгоор зөрчиж байна.” гэж давж заалдах гомдолдоо дурдсан ба анхан шатны шүүх зохигчдын охин Учралын асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай асуудлыг шүүхэд “нэхэмжлэл гаргах журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж уг асуудлыг нээлттэй орхисон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэл гаргах журмаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан байна. Мөн охин Л.Учралын асрамж, тэтгэлгийн асуудлын талаар хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь хариуцагчид одоо ч нээлттэй хэвээр байна.

Хариуцагч нь 100 ш хонь, 45 хүний суудалтай автобусаа зарсан 12,0 сая төгрөг, хуурай дүү Сайнаадаа Паз машинаа 5,0 сая төгрөгөнд зарсан, Улаанбаатар хотод байгаа байр зэрэг эд хөрөнгийн талаар гомдолдоо дурдсан ба энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлүүлж байгаа маргааны зүйлд хамааралгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй тул тус шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.

Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 138/ШШ2021/00544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  Я.АЛТАННАВЧ