| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00723/И |
| Дугаар | 103/ШШ2025/00621 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00621
| 2025 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00621 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэрын 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух Э.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.648.221,47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Э.******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЗГ2024********** тоот гэрээний дагуу IPhone 16 Pro маркийн гар утас, цаг, чихэвчийг нийт 5.188.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсон үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 3Г20241********* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4.859.765,95 төгрөг, үндсэн хүүнд 764.514,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.941,11 төгрөг, нотариатын төлбөрт 14.000 төгрөг, нийт 5.648.221,47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* ББСБ-аас утас зээлээр авсан. Төлбөрийн хуваарийн дагуу 1.500.000 төгрөг өгөөгүй байгаа. Миний бие 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 700.000 шилжүүлж, 07 дугаар сарын 31-ний дотор 800.000 төгрөгийг шилжүүлээд үлдэх төлбөрийг 8 сарын хугацаатай төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Э.******* нь 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр холбогдон 700.000 төгрөгийг өгч, мөн хариу тайлбартаа үлдэх төлбөрийг 2025 оны 08 дугаар сараас сар бүрийн 30-нд 8 сарын хугацаатай хуваан төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.641.221,47 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 700.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 800.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 8 сарын хугацаанд сар бүрийн 30-ний өдөр 517.652 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.210 төгрөгөөс 52.605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 52.605 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******ээс 52.605 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО