Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 21

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т холбогдох эрүүгийн 1840000000016 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Т

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

О.Т нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө өөрийн гэртээ цай ууж байсан аягаа хохирогч Г.Ж-ын сууж байсан орны дэргэд байх хөргөгч рүү шидэж, аяганы хагархай нь хохирогчийн толгойн тус газар нь онож толгойн орой хэсгийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т-ийн өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаас бууж ирээд хөдөө яваад орой гэртээ ирсэн чинь хэдэн хүүхэд гэрт байсан. Харин эхнэр гэртээ байгаагүй. Тэгээд орондоо ороод зурагт үзээд хэвтэж байхад манай эхнэр 22 цагийн үед уучихсан ирсэн. Өглөө босоод хүүхдээ хүргэж өгөхдөө архи дарс уулаа гэж хэлсэн чинь чамд хамаагүй гэхээр нь хаалгаа онгойлгоод манай гэрээс яв гэсэн чинь өөдөөс чи өөрөө зайл гэсэн тэгэхээр нь уурандаа цай уугаад сууж байсан аягаа хөргөгч рүү шидсэн чинь хагархай нь толгойг нь оноод гэмтээсэн” гэх мэдүүлэг.

Шүүгдэгч О.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн ”...хөдөө хүргэнийхээ гэрт байж байгаад 18 цаг өнгөрч байхад Бор-Өндөр суманд гэртээ ирсэн. Тэгэхэд манай эхнэр Ж байхгүй, гэрт хүүхдүүд л байсан ...намайг орондоо ороод зурагт үзээд хэвтэж байхад манай эхнэр орой 22 цаг өнгөрч байхад гаднаас орж ирсэн. Би эхнэрийг орж ирэхэд нь ямар нэгэн юм яриагүй. Манай эхнэр ч миний хажуугаар чимээгүйхэн унтсан. Ж-аас архи үнэртэж байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө босоод Ж-ыг хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр босчихсон байхад нь Ж-д хандаж орой гэрт ирэхэд хоол унд ч хийгээгүй, айл хэсээд явчихсан байх юм, дээр нь ДДИШ-ний хугацаа дуусчихсан байхад архи дарс уугаад явлаа, архи уумаар байгаа бол зайлаарай гээд жаахан бухимдаад хэлсэн. Тэгэхэд Ж миний архи уух чамд хамаагүй чи өөрөө зайлахгүй юу гэж хэлэхэд нь миний уур хүрээд цай ууж байсан аягаа гэрийн зүүн урд талд байх хөргөгч рүү шидсэн чинь аяга хагарч, аяганы хагархай нь Ж-ын толгойнд нь оносон. Ж-ын оройн хэсгээс нүүрлүүгээ цус урсаад байсан. Тэгтэл манай эхнэр намайг цагдаад дуудлага өгч мэдэгдэнэ гэхээр нь айгаад гэрээсээ гараад явсан...” гэх мэдүүлэг. /хх-н 16-17 хуу/

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Г.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн “Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажилладаг найз маань 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Бор-Өндөр суманд гэртээ ирсэн. Тэгээд найз нөхөд ойрд уулзаагүй болохоор Ш-ын гэрт очсон юм. Ш-ын гэрт очихдоо нэг дарс аваад очсон, тэднийд ууж байгаад орой 22 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ ирэхэд манай нөхөр Т надад ямар нэгэн юм хэлээгүй, би тухайн үед юм дуугараагүй унтаж амарцгаасан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө босоод хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр хувцаслаж байх үед манай нөхөр Т ДДИШ-нийхээ станцыг сунгаж чадахгүй байхад чи хүнд архи дарс авч өглөө гээд үглээд байсан, тэгэхээр нь би юун сүртэй юм байнга ингэж явдаг биш ганц удаа найздаа дарс авч өгч болохгүй юу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм. Гэхдээ хүүхдүүд байсан болохоор айхтар хэрэлдээгүй юм. Харин манай нөхөр амандаа үглээд л байх шиг байсан, би ч тухайн үед нь яадгийн сүртэй ш дээ гэх мэтээр хариу үг хэлэх үед манай нөхөр Т нь цай ууж байсан аягаа миний орны дэргэд байдаг хөргөгч рүү шидчихсэн, би надруу чиглүүлж шидээд хөргөгч оносон уу, эсвэл намайг онох гэж шидээд хөргөгч оносон уу гэдгийг нь хараагүй. Ямар ч байсан Т-ийн шидсэн аяга нь хөргөгч оноод хагарсан ба аяганы хагархай нь миний толгойны дээд талд оносон. Тэгсэн миний толгой хагараад цус гарсан. Тэгсэн манай нөхөр хүрч ирээд чамайг ононо гэж бодоогүй уураа барьж дийлсэнгүй уучлаарай гээд ирэхээр нь би уурлаж, чамайг цагдаад мэдэгдэнэ гэхэд манай нөхөр гэнэт л хувцасаа өмсөөд гараад явчихсан. Тэгээд би эмнэлэгт очиж толгойндоо оёдол тавиулсан. Би толгойндоо гурван оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг. /хх-н 23-24 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33 дугаартай

  1. Г.Ж-ын биед толгойн оройн хэсгийн гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-н 8 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч О.Т-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

          Прокуророос шүүгдэгч О.Т-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд О.Т нь санаатай  үйлдлээр Г.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэх гэдэг нь тухайн этгээдийн хайхрамжгүй үйл ажиллагааны үр дагавар байдаг бөгөөд хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байдаг бол гэмт хэрэг санаатай үйлдэх нь нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урдаас ойлгож мэдсэн хэр нь тухайн хор уршгийг хүсэж, хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээр тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгох юм.

          О.Т нь хэдийгээр хохирогчид гэмтэл учруулахыг хүсээгүй гэх боловч аяга шидэж буй хууль бус үйлдлээрээ дээрх хор уршигт зориуд хүргэсэн байна.  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх субъектив санааг тусгайлан зааж өгөөгүй тул уг хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч О.Т нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Г.Ж-тай маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          хохирогч Г.Ж-ын “...манай нөхөр Т ДДИШ-нийхээ станцыг сунгаж чадахгүй байхад чи хүнд архи дарс авч өглөө гээд үглээд байсан, тэгэхээр нь би юун сүртэй юм байнга ингэж явдаг биш ганц удаа найздаа дарс авч өгч болохгүй юу гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм. Гэхдээ хүүхдүүд байсан болохоор айхтар хэрэлдээгүй юм. Харин манай нөхөр амандаа үглээд л байх шиг байсан, би ч тухайн үед нь яадгийн сүртэй ш дээ гэх мэтээр хариу үг хэлэх үед манай нөхөр Төмөрпүрэв нь цай ууж байсан аягаа миний орны дэргэд байдаг хөргөгч рүү шидчихсэн, би надруу чиглүүлж шидээд хөргөгч оносон уу, эсвэл намайг онох гэж шидээд хөргөгч оносон уу гэдгийг нь хараагүй. Ямар ч байсан Төмөрпүрэвийн шидсэн аяга нь хөргөгч оноод хагарсан ба аяганы хагархай нь миний толгойны дээд талд оносон. Тэгсэн миний толгой хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг,

          Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч О.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, прокурорын шатанд прокурорын торгох ялын саналыг  хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан тул О.Т-т оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шийдвэрт тусгайлан зааж өгөөгүй болно.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Г.Ж нь мөрдөн байцаалтын шатанд “...санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдсан болно.

            Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг /5.3.1/ зөрчөөгүй тул өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч О.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн  торгох ялаар шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР