Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                Прокурор Б.Мандалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Т.Э-д холбогдох эрүүгийн 2426000600044 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овгийн Т.Э

Т.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын ...... дүгээр багийн нутаг дэвсгэр “.......” гэх газарт ..... улсын дугаартай, “.....” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Б, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч .... овгийн Т.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хугацаагаар өөрийн оршин суух ... аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Т.Э-д мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Б-т 700,000 төгрөг, хохирогч Д.Б-т 500,000 төгрөг, гэрч Н.Б-д 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 699,152 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б, Д.Б нар  нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нь төлөгдөөгүй үлдсэн 6,514,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 6,514,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Т.Э-гийн №187024 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Медтравма эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор торгох ял оногдуулах санал гаргасан, мөн миний торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Би анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр авто осол гаргасан гэм буруугаа бүрэн хүлээж, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар гомдол, саналгүй гэсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөөгүй, надад холбогдох хэргийн тухайн зүйл ангид заасан ялаас хамгийн хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие Баянхонгор аймгийн ...... сумын харьяат боловч ажил амьдралын эрхээр өөр орон нутаг буюу Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд ажиллаж амьдардаг, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн болохоор ажлын байраа алдаж, ахуй амьдралаа авч явах, ашиг орлогогүй болоход хүрч байна. Миний гэм буруугаа бүрэн хүлээж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлснийг харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлүүлэх хүсэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж 2700000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүдэгч Т.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан. Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч Т.Э нь .... аймгийн ... сумын хүн. Эцэг эхийн ахуй амьдрал сайтай хүмүүс байсан. Т.Э хил дээр компанид ажилладаг. Хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ч гэсэн тухайн компанийн захирал нь ажлын байрыг нь сольж ачаа бараа буулгадаг ажил хийлгэсэн. Гэтэл .... аймгийн .... сумаас гарахгүй бол Т.Э нь ажлын байраа алдах гээд эрсдэлтэй байна. Шүүгдэгч Т.Э нь 3, 4-н хүүхэдтэй, зарим нь оюутан. Хэрвээ энэ хүн торгох ялаа төлж чадахгүй бол хорих ялаар солигддог эрсдэлтэй гэдгийг өөрт нь тайлбарлаж ойлгуулсан. Т.Э нь би 5,000,000 төгрөгийн цалинтай гэсэн. Энэ талаарх баримтаа шүүх хуралдаанаас өмнө яаралтай явуулаарай гэхэд тэр нь ирж амжсангүй. Т.Э 3-н жилийн дараа тэтгэвэрт гарна. Ажлын байраа алдвал эрхлэх ажилгүй хувийн байдал нь эрсдэлтэй болох гээд байгаа юм. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж Т.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Б.Мандалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Э нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, жолооч хийдэг. Тухайн газраа ачаа бараа зөөх, баглах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Тодорхой цалин орлоготой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.Б-т 700,000 төгрөг, хохирогч Ц.Б-т 500,000 төгрөг, гэрч Б-д 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нарын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 699,152 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6,514,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Т.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлаас үзэхэд торгох ял оногдуулах боломжтой. Хэдийгээр шүүгдэгч Т.Э нь жолоодох эрхээ хасуулж жолооч хийж чадахгүй байгаа нь тухайн компаниас нь ачаа бараа буулгах, баглах зэрэг ажлыг санал болгосон. Иймд шүүгдэгч Т.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Эгээс давж заалдах шатны шүүхэд ... миний бие Баянхонгор аймгийн ....... сумын харьяат боловч ажил амьдралын эрхээр өөр орон нутаг буюу Хэнтий аймгийн ....... суманд ажиллаж амьдардаг. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн болохоор ажлын байраа алдаж, ахуй амьдралаа авч явах, ашиг орлогогүй болоход хүрч байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлснийг харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтоохоор хуульчилсан. Гэтэл шүүгдэгчийн хувийн байдал болон ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэн ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Т.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тусгай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын сонгох санкцтай. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос шүүгдэгч Т.Э-д торгох ял шийтгэл оногдуулах саналыг гаргасан байхад анхан шатны шүүхээс яагаад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх оногдуулсан талаараа шийтгэх тогтоолдоо дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Т.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                Б.ЦЭРЭНПҮРЭВ