Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 22

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б холбогдох 1840000340021 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Сум дундын 2-р шүүхийн 2002 оны 02 сарын 06-ны өдрийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар, Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Т.Б      Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр гэртээ эхнэр Ч.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Т.Б 2018 оны 03 сарын 16-ны өдөр 19 цагийн үед гэртээ эхнэр Ч.Ч-ийг зодож, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, толгойн орой хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн  няцрал бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ч.Ч-ийн  2018 оны 03 сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2018 оны 03 сард Facebook хаягаар нь ороход хуучин эхнэр О-ээс нь хүүхдийнхээ зургийг болон өөрсдийнхөө зургийг харилцан явуулсан байсан. Би тухайн үед Б-д хандаж та хоёр хүүхдээсээ битгий илүү гараарай гэж захьсан. 2018 оны 03 сарын 16-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад Б над дээр ирсэн. Ингээд бид хоёр хамт байж байх үед Б-ийн утсанд мессеж ирэх үед дугаарыг нь харахад хуучин эхнэр О-ийн дугаар байсан. Тэгэхээр нь би юу гэсэн байна, хамт уншъя гээд уншихад О-ээс “чамайгаа би хүсч л байна. Хэзээ ирэхийн, хайртай шүү” гэсэн мессеж ирсэн байсан. Би ч тухай үед за за та хоёр ч миний хэлснээр болж байгаа юм байна даа гэж хэлсэн. Би гэрт очиж хоол цай хийчихээд 19 цагийн үед эмнэлэг рүү явах гэж байх үед Б бид хоёрын дунд нэг жижиг асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тэгэхэд нь миний уур гэнэт хүрээд “чамд яг юу хэрэгтэй байгаа юм” гэхэд Б “надад сайн сайхан амьдрал хэрэгтэй байна гэхэд нь би “сайн сайхан амьдрахад чинь өмнөх эхнэр чинь заавал шаардлагатай юм уу” гээд хэрүүл маргаан болсон. Б баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

- Гэрч Т.Э-ийн 2018 оны 04 сарын 13-ны өдөр өгсөн: “Б ах Ч нар маргалдсан байдалтай байсан. Би тэр үед хашаандаа хүмүүстэй байсан болохоор санаа зовоод тэр хоёрт чимээгүй бай гэж хэлчихээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 19-ний өдрийн № 27 тоот:

1.Ч.Ч-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, толгойн орой хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн зөөлөн эдийн  няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 10/,

            - Шүүгдэгч Т.Б-ийн 2018 оны 04 сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 03 сарын 16-ны өдөр 19 цагийн үед манай эхнэр О-ээс ирсэн зураг болон мессежийг уншаад уурласан. Ингэд бид хоёр хэрэлдсэн. Ч над руу углааш болон сандал авч шидсэн. Ч ирээд намайг цохиж, хумсаараа урж маажих гээд байхаар нь би уурлаад Ч-ийг нэг удаа гараараа нүүр рүү нь алгадсан. Тэгтэл Ч цагдаад дуудлага өгсөн. Хуучин эхнэр О-ээс ирсэн хүүхдийн зурагнаас л болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

- Шүүгдэгч Т.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 сарын 16-ны орой 19 цагийн үед гэртээ эхнэр Ч.Ч-ийг цохьсон. Өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би торгуулийн ялыг 3 сард багтаагаад төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Б-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Ч.Ч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Т. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,

17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн

1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Т.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Т.Б нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ