| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326003400003 |
| Дугаар | 2024/ДШМ/26 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/26
Д.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Нэргүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн
Шүүдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүгдэгч Д.Н
Нарийн бичгийн дарга П.Батцагаан нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдлоор Д.Н-д холбогдох эрүүгийн 2326003400003 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** ХК-д гагнуурчин ажилтай, ам бүл ***, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Д.Н /РД:***/.
Д.Н нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** гэх газарт байрлах шороон гадаргуутай зам дээр *** улсын дугаартай Lexus RX-350 маркын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэн зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасныг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгслээс бие засах гээд буусан эхнэр Г.Н-г дайрсны улмаас амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Д.Н-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-ийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н.М (регистрийн дугаар ***), 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Ц (регистрийн дугаар ***), 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.С (регистрийн дугаар ***), 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.У (регистрийн дугаар ***) нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгаж, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Н-ийн *** дугаартай жолоодох эрхийн B, С, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан заалтыг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй боловч шүүгдэгчид оногдуулсан ял хүндэдсэн. Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бага насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н-ийн дөрвөн хүүхдэд асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасан ч төрсөн эцгийг нь орлож чадахгүй. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүгдэгч Д.Н-ийг цагдан хорьсноос хойш хүүхдүүд нь сэтгэл санаагаар унаж, хоол ундандаа муудаж, хичээл номоо үзэхээ больсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-ийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжтой.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Н-д оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж оногдуулсанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс талархаж байгаа. Гэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, тухайн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл өнчин үлдэж байгаа 4-н хүүхэд нь нэг хоног битгий хэл нэг цагийн өмнө эцгийгээ харвал хэрэгтэй байна. Тийм учраас ядаж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас 2 сарыг хугацааг хасвал хэрэгтэй байна гэж үзэн давж заалдах гомдол гаргасан.
Шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ард нь үлдэж байгаа 4-н хүүхэд нь үнэхээр хэцүү байна. Шийтгэх тогтоолоор Засаг даргад даалгаж захирамжаар ах, дүү нараас нь нэг хүнийг асран хамгаалагчаар томилсон ч түүний биелэлтийг хариуцдаг, шалгадаг, хянадаг нэг ч газар байхгүй. Ямар ч халамжлан хүмүүжүүлэгч хүний эцэг, эхийг орлохгүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Энэ заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Өмнө нь өрх толгойлсон ганц бие эцэг бага насны хүүхэдтэй бол ял, шийтгэлийг биелүүлэхийг хойшлуулдаг байсан. Одоо бол тийм хуулийн заалт байхгүй болсон. Зөвхөн хөнгөн төрлийн гэмт хэрэгт хэрэглэж болохоор заасан учир болохгүй байгаа. Прокурорын тайлбарлаж байгаа гомдол гаргасан учир гэм буруугаа хүлээгээгүй гэж үзнэ гэсэнтэй санал нийлэхгүй.
Үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, гэмших, шүүхээс оногдуулсан ял шийтгэлд саналаа хэлэх гэдэг нь ялгаатай зүйлүүд юм. Бүх зүйл хуульд заасан бүх зүйл хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Энэ хэм хэмжээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүн өөр ямар нэгэн хүсэлт, гомдлыг хууль шүүхийн байгууллагад гаргаж болохгүй гэсэн заалт байхгүй. Монгол Улс Олон улсын гэрээнд нэгдэн орсон. Монгол Улсын Үндсэн хууль хүмүүнлэгийн зарчимыг баримтална. Олон улсын гэрээнд, Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах эрхтэй гэж заасан. Эдгээр эрхүүдийг харгалзан үзэж өнчин үлдсэн хүүхдүүдийг нэг хоногийн өмнө ч гэсэн эцэгтэй нь уулзуулахсан гэж өмгөөлөгч нар гомдол гаргаж байгаа болохоос миний үйлчлүүлэгч гэм буруугүй, архи уугаагүй, машин бариагүй гэж хэлээгүй. Өөрсдийнхөө саналыг буруу илэрхийлсэн байж магадгүй. Гэхдээ гэм буруугаа хүлээхгүй гэсэн зүйл нэгийг ч хэлээгүй. Хүний амьдралд өнчин амьдрах шиг хэцүү зүйл байдаггүй. Хар багаасаа өнчирсөн бидэн шиг хүмүүс өөрийнхөө амьдралтай зэрэгцүүлээд энэ 4-н хүүхэд яана даа гэж элэг эмтрэхдээ энэ гомдлыг гаргасан юм. Тийм учраас гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хоёр өмгөөлөгчийн зүгээс байр суурь нэгтэйгээр П.Адъяасүрэн өмгөөлөгчийн нэр дээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусламжийг үзүүлсэн, эмнэлэг, тусламж үйлчилгээний газарт хүргэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, цагдаагийн байгууллагад нэг ч удаа шалгагдаж, саатуулагдаж, эрүүлжүүлэгдэж байгаагүй талаарх баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Эдгээр нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримтууд гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болоод үйлдсэний дараах үеийн ажил хөдөлмөр эрхлэлт, түүнчлэн шүүгдэгчийн боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал иргэний үүргээ хүндэтгэн биелүүлдэг, тухайн үүрэгтээ хэрхэн ханддаг хандлага, зан төлөв, дадал зуршил, нас, хүйс, биеийн эрүүл мэндийн байдал, цалин, өрхийн орлого, гэр бүлийн байдал, бага насны 4-н хүүхдийн талаарх мэдээлэл, хүүхдүүдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөл, гэр бүлийн анхаарал халамж, сургуульд суралцаж боловсрол эзэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн амьдралд эзлэх байр суурь, нэр төр, алдар хүнд, шагнал, урамшууллын талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эдгээр нь шинжлэн судлагдсан.
Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага, ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан. Бага насны 4-н хүүхдийн язгуур эрх болох хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, түүнчлэн хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээс буюу хэн нэгнээс нь тусдаа байх үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх зэрэг эрх нь зөрчигдөж, хохирч, давхар яллуулж байгааг шүүх онцгойлон анхаарч үзэхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Энэхүү нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуульд заагдаагүй, тухайн зүйлд заагдаагүй онцгой нөхцөл гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн эцэг нь өндөр настай, хөдөлмөрийн чадваргүй өндөр настай хөгшин байгаа. Талийгаачийн ээж өндөр настай эмнэлгийн асаргаа сувилгаанд байдаг. Орон зайн хувьд хол Өмнөговь аймгийн Ханбогд суманд байдаг. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх боломжгүй асуудал тухайн айлын амьдралд доройтол, цалин орлогогүй болох, ард нь үлдэж байгаа 4-н хүүхдийн хувь заяатай холбоотой туйлын хүнд байгаа. Энэ нь энэ гэмт хэргийн улмаас учирч байгаа хор уршиг бөгөөд давхар хүүхдүүдэд нь нөлөөлж байна. Хүүхдүүд эх нь нас барсантай холбоотойгоор сэтгэл зүй үнэхээр хэцүү, маш хүнд байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т хүүхэд төрүүлэх, асрах эрхтэй, 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх журамт үүрэгтэй гэж заасан. Хүүхэд хамгааллын тухай хуульд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ гэж заасан. Эдгээр нөхцөл байдал нь онцгой нөхцөл байдалд бүрэн хамаарч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хөнгөрүүлж шийтгэх тогтоолыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөх боломж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг. Хэрвээ онцгой нөхцөл байдлыг харгалзаад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Бага насны 4-н хүүхдийн хувь заяанд төр ивээлээ хайрлаач гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэв.
Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байгаа. Анхан шатны шүүхээс надад шударга ёсонд нийцсэн хуулийн хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсанд маш их баярлаж, талархаж байгаа. Тийм боловч ар гэртээ харгалзах хүнгүйгээр үлдсэн 4-н хүүхэдтэйгээ нэг өдрийн өмнө ч уулзах чин хүсэлтэй болохоор та бүхнийг ял шийтгэлийг хөнгөлж, өөрчилж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн учир үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэж байгаа. Эрх зүйн онол болон хууль хэрэглээний жишиг, Улсын дээд шүүхээс тайлбарласан тайлбарт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтыг тайлбарлан өгсөн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголт нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр учирсан хохирол, хор уршиг тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг эдгээр нөхцөл байдалд эрх бүхий байгууллагаас хийсэн дүгнэлт буюу шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагаас хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ойлголтыг хуульчилж тайлбарлан өгсөн байгаа. Прокурор болон мөрдөгчийн зүгээс, шүүхээс хийсэн дүгнэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал харагдаж байна. Энэ байдлаас үзэхэд Улсын дээд шүүхийн тайлбарласан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтод хамаарахгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй. Учир нь гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал үйл баримтаар тогтоогдсон. Хохирол, хор уршиг арилаагүй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял, эрүүгийн хариуцлагын асуудлыг хөнгөрүүлэхээр хуульчилсан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос харахад шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал харагдаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж дүгнэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Д.Н-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс ... Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бага насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс шүүгдэгч Д.Н-ийг цагдан хорьсноос хойш хүүхдүүд нь сэтгэл санаагаар унаж, хоол ундандаа муудаж, хичээл номоо үзэхээ больсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-д ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжтой учир түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү ... Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэглэж ял шийтгэл оногдуулах боломжгүй бол анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялаас 2 сарын хорих ялыг хасаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасан хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоохоор заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар асууж тодруулаагүй, үүнтэй холбоотой мэдүүлэг тайлбар өгөөгүй байхад анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчсөн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ