| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0615/З |
| Дугаар | 128/ШШ2025/0773 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н******* /РД:*******/
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохыг даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Н******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгээр С.Н*******т хандан ...Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3-т Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно: гээд 4/ дэх заалтад улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа... гэж заасанчлан Таны хүсэлтэд дурдсан 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх 5 жилийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй байна. Та төрд ажилласан байдлаа иргэний хэргийн шүүхэд хандан тогтоолгох нь зүйтэй байна. гэх хариуг хүргүүлжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Би 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монголын иргэний агаарын тээврийн М******* нэгтгэлд тооцооны нягтлан бодогчоор ажилд анх орсноос хойш одоог хүртэл төрийн албанд тасралтгүй 34 жил ажиллаж байна.
Гэтэл миний 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй байгаагийн улмаас Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийг баталгаагаар хангагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Энэ талаар миний бие 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх М******* компанид ажилласан хугацааг төрд ажилласан жилд оруулан тооцуулах хүсэлт гаргасан боловч 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгээр таны хүсэлтэд дурдсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй байна гэх хариуг хүлээн авсан.
Иймд С.Н******* миний 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Н******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хандан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ... 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулах тухай хүсэлт гаргасан.
Үүний дагуу тус хүсэлтийг судлан үзэхэд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3-т Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно, 4/ улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 08 дугааp сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа... гэж тусгайлан заасан байна.
Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийн 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх "М******* компанид ажилласан 5 жилийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй байсан тул түүнийг ажилласан байдлаа хуульд заасны дагуу шүүхэд хандан тогтоолгох нь зүйтэй талаар хариуг нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.
С.Н******* М******* компанид 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй 13 жил ажилласан боловч дээрх Засгийн газрын тогтоолын дагуу 7 жилийг нь төрд ажилласан хугацаанд тооцож байгаа нь тус албан хаагчийн эрх зүйн байдалд сөрөг үр дагавартай бөгөөд шүүхээс тус хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцох боломжтой гэж тогтоосон тохиолдолд байгууллагын зүгээс төрийн албаны системд ажилласан жилийг шинэчлэн оруулах боломжтой болох юм. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбар зэргийг бүхэлд нь шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч шүүхэд 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл М******* компанид ажилласан ба нэг байгууллагад ажилласан нийт 13 жилээс 7 жилийг нь төрийн албанд ажилласан гэж тооцсон атлаа 5 жилийг нь тооцохгүй гэж байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 3-4-т ...1996 оны 08 дугааp сарын 01-ээс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа... гэж тусгайлан заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Нэхэмжлэгч С.Н******* 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх М******* компанид ажилласан хугацааг төрд ажилласан жилд оруулан тооцуулах гэх хүсэлт гаргасан, үүний хариуд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгээр ...Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-д...1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа... гэж заасанчлан Таны хүсэлтэд дурдсан 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх 5 жилийн хугацааг төрийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй гэсэн хариу өгчээ.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:, 57.2.4-т үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ. гэж, мөн хуулийн 57.5.3-д шүүхийн захиргааны байгууллага, Шүүхийн сахилгын хорооны албан хаагчаас бусад захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч, 57.7-д Энэ хуулийн 57.5.3-т заасан төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам, хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ыг баталсан байх ба уг журмын зорилгыг Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө гэж тодорхойлсон, журмын 3-т Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно: 1/Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан албан тушаалд ажилласан хугацаа; 2/ Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцсон хугацаа; 3/ Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцсон хугацаа; 4/ улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа гэж заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монголын иргэний агаарын тээврийн М******* нэгтгэлд /тухайн үеийн нэрээр/ тооцооны нягтлан бодогчоор ажилд анх орсноос хойш 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 12 жил 6 сар тухайн албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, болон лавлагаагаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Гэтэл хариуцагч төрийн захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажилласан нийт 12 жил 6 сарын хугацаанаас 7 жилийн хугацааг нь төрийн албанд ажилласан хугацаанд тооцсон атлаа 4 жил 11 сар 20 хоногийн хугацаа буюу 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцоогүй нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, Хариуцагч нь Засгийн газрын 348 дугаар тогтоолыг үндэслэн татгалзлаа тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж зааснаар төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл авах үндсэн эрхтэй, нөгөө талаар нэг байгууллагад тасралтгүй ажилласан 12 жил 6 сарын хугацааны заримыг нь төрийн албанд ажилласан хугацаанд тооцсон атлаа 4 жил 11 сар 20 хоногийн хугацааг тооцохгүй байх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын зорилго нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах -д чиглэсэн агуулгаас үзэхэд ч нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны тодорхой хэсгийг төрийн албанд ажилласан хугацаанд оруулахгүй байх нь журмын зорилгод нийцэхгүйн дээр уг Засгийн газрын тогтоол нь иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл биш.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана, 106.1.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж тус тус заасан.
Иймд Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-ын 5-д Төрийн алба хаасан хугацааг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн тушаалаар энэ журмын 2-т заасны дагуу нэмэгдэл олгох хувийг тогтооно гэж заасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичиг нь дээр дурдсан үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож, С.Н*******ийн 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д заасныг баримтлан
нэхэмжлэгч С.Н*******ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03/1092 дугаар албан бичгийг хүчингүй болгож, С.Н*******ийн, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл М******* компанид ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН