| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0063/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дамдиндоржийн Галбадрахад холбогдох эрүүгийн 1807000970037 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Баянзүрхийн 15 дугаар гудамж, 02 тоотод оршин суух, регситрийн УД71030210 дугаартай, Боржигон овогт Дамдиндоржийн Галбадрах.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Галбадрах нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 15-02 тоотод эхнэр Л.Болортуяатай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Галбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Галбадрах нь Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 15 дугаар гудамж 02 тоот өөрийн гэртээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим эхнэр Л.Болортуяаг “эмэгтэй юм байж зэрэгцээд архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж баруун гараараа цохиж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Галбадрахын өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эхнэрийн найз Мөнгөнцэцэг ирээд манай гэрт эхнэртэй 1 шил архийг хувааж уусан. Эхнэр гэрээс бие засах гэж гарч яваад 3 цагийн дараа согтуу ирсэн. Эхнэр архи уусан байхаар нь би “хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэж хэлээд уурласан. Тэгээд эхнэр бид хоёр маргалдсан. Би эхнэрийнхээ уруул руу гарын ар талаараа алгадсан. Бөгжтэй гар таарч уруулыг нь яз цохьсон. Би дүүгийнхээ гэрт очиж хүргэнтэйгээ архи уусан. Хүргэн та хоёр яагаад маргалдаад байдаг юм бэ гэж уурлаад цагдаа дуудсан. Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөхдөө манай эхнэр гомдол саналгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Болортуяагийн өгсөн “...Тэр өдөр би 15 цагийн үед гэрээсээ гарч хэдэн хашааны цаана байдаг Сүхболдын гэрт очоод 1 цаг орчим ээжтэй нь /Цоож эгч/ юм ярьж байгаад буцаж гэртээ иртэл нөхөр Галбадрах “хаагуур айл хэсээд яваад ирэв” гэхээр нь “айлд буу халж байгаад ирлээ” гэхэд согтуу айл хэслээ гэж уурлаад нүүр амны хэсэгт цохиж газар унагаад дээрээс нэг гараараа дарж байгаад нүүрний хэсэгт зангидсан гараараа 2-3 удаа цохиход уруул амнаас цус гарч ирэхэд больсон” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Мөнх-Ундрахын өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр Н.Сүхбатын хамт аав Галбадрахын гэрт очиход манай ээжийн нүүр ам нь хөхөрч, дээд урууландаа оёдол тавиулсан байсан. Ээжээс “яасан” гэж асуухад өчигдөр аав чинь зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/186 дугаар:
/хх-ийн 19 дүгээр тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 20 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 29 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 30 дугаар тал/
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа,
/хх-ийн 31 дүгээр тал/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 32 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Болортуяад хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “шүүх хуралдаанд суухгүй, Д.Галбадрахаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Д.Галбадрахыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Галбадрахыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Болортуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Галбадрахыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Галбадрахад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Галбадрахад мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Галбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ