| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426000180020 |
| Дугаар | 2024/ДШМ/27 |
| Огноо | 2024-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/27
Ч.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мандалмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч Ч.Г
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг ролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Ч.Г-д холбогдох эрүүгийн 2426000180020 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн .... суманд 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... тоотод оршин суух хаягтай, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, .... овгийн Ч.Г
Ч.Г нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ....... сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ...... тоотод байрлах хохирогч Т.С-ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 870,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ... овгийн Ч.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун найм хоног буюу зургаан сар хорин найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, зургаан сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг хоёр жил найман сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Г-ээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.С нь гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх Ч.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил, 2-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 28 хоногийн хугацаагаар тогтоон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Мөрдөгч 2023 оны 12 дугаар сарын 11, 26-ны өдрүүдэд дээрх эд зүйлст үзлэг хийж, хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлсийг шүүгдэгчээс хураан авч тэмдэглэл үйлдсэн. /хх-15-19/ Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дээрх эд зүйлсийг хохирогчийн гэрээс алдагдсан эд зүйлс мөн эсэхийг тодруулахаар хохирогч Т.С-ээр таньж олуулж тэмдэглэл үйлдсэн. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-29/ үйлдэж дээрх эд зүйлсийг бүгдийг нь хохирогч Т.С-д хүлээлгэн өгсөн байдаг. Уг тэмдэглэлд эд зүйлсийн эвдрэл гэмтлийн талаар огт дурдаагүй. Хохирогч ч мөн адил энэ талаар хүсэлт, гомдол гаргаагүй.
Хохирогч Т.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч байна. Би эдгээр эд зүйлсийг бүгдийг нь хаячихсан. Би шашин шүтдэг учраас лам гэртээ оруулж болохгүй гэж хэлэхээр нь хаячихсан гэж мэдүүлж байгаа боловч дээрх эд зүйлсийг хаясан, одоо өөрийнх нь эзэмшилд байхгүй талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч нь алдсан эд зүйлсээ бүгдийг нь мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэж хүлээн авсан байдаг.
Өөрөөр хэлбэл хохирогч нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрч, уг дүгнэлтэд гомдол гаргаагүйн зэрэгцээ өөрийн гэрээс алдсан эд зүйлсээ тоо ёсоор нь хүлээн авсан байхад хохирол төлөгдөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж хуульчилсан.
Иймд шүүгдэгч Ч.Г нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 2-н сарын хугацаагаар хорих оногдуулсныг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 870,000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хохирогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээж авсан. Гэхдээ гэртээ оруулалгүйгээр хаясан гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хохирол төлбөр төлөгдөөгүй байна гэж үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулсан. Эд зүйлийг шүүгдэгчээс тоо ёсоор нь хүлээн авч тэмдэглэл үйлдэн хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйл минийх мөн гэдэг. Эд зүйлсийг 800,000 төгрөгөөр үнэлсэн. Хохирогч энэ үнэлгээтэй маргаагүй, гомдол гаргаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ял оногдуулах боломжтой байсан гэж үздэг. Прокуророос хохирогч шүүх хуралдаанд эд зүйлийг тасалсан, эвдэлсэн байсан учир хаясан гэж мэдүүлсэн тул хохирлыг шүүгдэгчээс бүтнээр гаргуулах нь зөв гэж байна. Хохирогч лам гэртээ оруулж болохгүй гэхээр нь хаясан гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар тийм зүйл нотлогддоггүй. Хүлээлгэн өгсөн баримтад гэрэл зургийг хавсаргасан байсан. Зурагт тийм зүйл байхгүй, хохирогч хэрвээ эдгээр зүйлсийг авахгүй гэсэн бол хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч хохиролд тооцох боломжтой байсан.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн төлөөлөгчид эд зүйлийг бүртгүүлэн хүлээлгэн өгсөн. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Б.Мандалмаа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан эд зүйлээ хүлээн авч гомдол саналгүй гэсэн. Хохирогч Т.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед миний эд зүйлийг тасалж хаячихсан байсан, шигтгээнүүд нь уначихсан, бүтэн зүйл байхгүй хүн хэрэглэхийн аргагүй эвдээд хаясан байсан гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би тухайн эд зүйлийг эвдсэн гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нь тухайн эд зүйлийг эвдсэн байсан учраас зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан гэж хохирогч нь мэдүүлдэг. Шүүгдэгч тухайн эд зүйлийг эвдэж гэмтээгүй гэдэг. Шүүгдэгч Ч.Г нь эд зүйлийг гэмтээсэн учраас хохирогч ашиглах боломжгүй хаясан тул буцаан олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирлын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгчээс 870,000 төгрөг гаргуулж хохирогчид буцаан олгох нь үндэслэлтэй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ... овгийн Ч.Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг хоёр жил найман сар хорин найм хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, шүүгдэгч Ч.Г-ээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 870,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэн эд зүйлсийг хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би шашин шүтдэг учраас лам гэртээ оруулж болохгүй гэж хэлэхээр нь эдгээр эд зүйлсийг бүгдийг нь хаячихсан гэж мэдүүлсэн. Хулгайд алдагдсан эд зүйлсийг хүлээн авсан байхад хохирол төлөгдөөгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Ч.Г нь хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
Учир нь анхан шатны шүүхээс хохирол төлөгдөөгүй гэж үзэн шүүгдэгч Ч.Г-ээс 870,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 26-27/ хохирогч Т.С-д эд зүйлсийг хүлээлгэн өгсөн болох нь нотлогдон тогтоогджээ.
Эд зүйлсийг бүгдийг нь хүлээлгэж өгсөн, тухайн үед эд зүйлс эвдэрсэн, гэмтсэн талаар хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, санал гаргаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд тухайн хулгайд алдагдсан зүйлсийг цагдаагаас хүлээн аваад хаясан, мөн эвдэрсэн талаар мэдүүлэг өгсөн байхад хохирлын үнэлгээгээр буюу 870,000 төгрөгийг шүүгдэгчээс бүгдийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу болжээ. Тухайн эд зүйлсийн аль нь бүрэн бүтэн ашиглах боломжтой байсан, аль нь ашиглагдах боломжгүйг дүгнэж хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй учир хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн хулгайд алдагдсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэсэн өгсөн байхад хохирол төлөгдөөгүй гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Энэ нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад чухал ач холбогдолтой талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, тайлбар үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ