Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2021/32

 

Г.Ганбатын нэхэмжлэлтэй, Г.Үүрийнцолмонд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00560 дугаар шийдвэртэй, Г.Ганбатын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Үүрийнцолмонд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 17 415 886 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Үүрийнцолмоны гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 09 сарын 27ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ганбат, түүний өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагч Г.Үүрийнцолмон, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: “Миний бие нь барилгын армотурчин мэргэжилтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 09 сарын 13-ны орой Хэрлэн сумын 6-р багт байрлах Мустанг бааранд Үүрийнцолмон нь намайг зодож биед хүнд гэмтэл учирснаас эрүүл мэндээр нөхөж баршгүй хохирол учирсан. Энэ хэрэг гарахаас өмнө би Дорнын Хишиг ХХК-д туслах ажилтнаар ороод ажиллаж байсан....Би 2017 оны 09 сарын 13-ны өдөр ачаа буулгахаар ажилдаа очоод ажлаа дуусчихаад Гантөмөр ахтай таарч Мустанг бааранд пиво уух гэж ороод Үүрийнцолмонд зодуулсан. Үүрийнцолмон надад эхлээд 600 000 төгрөг, дараа шүүхийн шийдвэрээр 1 120 267 төгрөг өгсөн. ... Үүрийнцолмонд зодуулснаас хойш гэмтлийн улмаас эмнэлгээр байнга эмчлэгдэн дараа нь 2018 оны 01 сарын 11-нээс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар халамжийн тэтгэвэрт гарсан. Уг гэмтэл даамжирч сэтгэцийн өвчтэй болсон. Ингээд сэтгэцийн эрүүл мэндийн тасгаас 2020 оны 06 сарын 11-нээс 2021 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл групптэй байгаа болно. Би өмнө нь хувиараа байшин барих, барилгын компанид ажиллах зэргээр ажил голохгүй хийдэг хүн байсан. Хамгийн сүүлд Дорнын Хишиг ХХКомпанид туслах ажилчнаар ажилд ороод сарын 463 448 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ гэмтлээс хойш ямар нэгэн ажил хийхгүй, эмнэлгээр эмчилгээ хийлгэж байна. Үүрийнцолмон нь энэ хугацаанд ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлээгүй, уучлалт гуйгаагүй, хүн чанаргүй зан гаргасан....Би өөрийн эмчилгээнд зарцуулсан эм тариа, шинжилгээ, томографийн төлбөр, замын зардал зэрэг нийт 2 882 150 төгрөг нэхэмжилж байна.

Мөн 2018 оны 1 сараас одоог хүртэл хөдөлмөрийн чадварын алдалтын улмаас групптэй явж байна. Би хөдөлмөр чадвар алдалтын 70 хувиар группэд орсон. Иймд 2018 оны 1 сард 90 320 төгрөгийн халамж авсан. Үүнийг цалингаас хасахад 373128 төгрөг болж байна. 2018 оны 2 сараас 2018 оны 12 сар хүртэл 11 сарын хугацаанд сар бүр 155 000 төгрөг авч байсан. Үүнийг 463 448 төгрөгөөс хасахад зөрүү 308 488 төгрөгийг 11 сараар үржүүлээд 3 392 928 төгрөг, 2019 оны 1 сард 155 000 төгрөг авсан. Зөрүү 308 448 төгрөг, 2019 оны 2 сараас 12 сар хүртэл 11 сарын хугааанд 174 000 төгрөг авч зөрүү 289 448 төгрөг, 11 сараар үржүүлэхэд 3 183 928 төгрөг болж байна. 2020 оны 1 сараас 5 сар хүртэл хугацаанд гэмтлийн заалтаас сэтгэцийн групп рүү шилжихэд би эмчилгээ хийлгэж явсан ба нийгмийн халамж хүртээгүй байсан. Иймээс авч байсан 463 488 төгрөгийг 5 сараар үржиж 2 317 240 төгрөг болж байна. 2020 оны 6 сарын 11-ний өдөр СЭМТасгаас халамж авахад 6 сард 72 800 төгрөг авсан бөгөөд цалингаас хасахад 390 648 төгрөг болж байна. 2020 оны 7 сараас 12 сар хүртэл хугацаанд 188 000 төгрөг авч байсан бөгөөд үүнийг авч байсан цалингаас хасахад зөрүү 275 488 төгрөг болсон бөгөөд үүнийг 6 сараар үржүүлэхэд 1 652 688 төгрөг болж байна. Миний группийг 2021 оны 1 сараас 2021 оны 12 сарын 31-ний хүртэл сар бүр 188 000 төгрөгөөр тогтоосон үүнийг авч байсан цалингийн зөрүү 275 448 төгрөг гарч байгааг 12 сараар үржүүлэхэд 3 305 376 төгрөг байна. Иймд 2018 оны цалин тэтгэврийн зөрүү 3 766 056 төгрөг, 2019 оны 3 492 376 төгрөг, 2020 оны 3 969 928 төгрөг, 2021 оны 3 305 376 төгрөг, нийт 14 533 736 төгрөг, эмчилгээний зардал 2 882 150 төгрөгийг нэмж нийт 17 415 886 төгрөгийг Үүрийнцолмонгоос гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Үүрийнцолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ганбатын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас 17 415 886 төгрөг нэхэмжилжээ. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг юм. Миний бага хүү одоо 4 настай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бусдын асрамжинд байдаг болохоор би хүүгээ өөрөө асарч хөдөлмөр эрхэлдэггүй. Ганбатын хувьд 2018 оны 1 сарын 11-нээс хойш хөдөлмөрийн чадвар алдсан. Үүнээс хойш 2020 оны 6 сарын 11-ний өдрөөс сэтгэцийн өвчний улмаас тахир дутуугийн группэд орсон гэжээ. Ганбат нь архи уугаад байнга л энд тэнд явж байдаг. Надтай хэд хэдэн удаа таарсан. Тэгэхэд сэтгэцийн өвчтэй гэх байдал харагдаагүй. Юунаас болж яагаад сэтгэцийн өвчтэй болсон эсэхийг би мэдэхгүй. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх үед гарсан 1 720 267 төгрөгийг төлсөн. Миний хувьд амьдралын нөхцөл байдал бол өөрийгөө л арай ядан авч яваа, хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа эцэг юм. Хань маань хэрэг шалгагдаж байх явцад өвчний улмаас нас барсан. Миний хувьд Ганбатад төлбөрийг төлөх бодол байгаач төлбөр төлөх ямар ч боломжгүй учир зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00560 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хариуцагч Гүндэгмаагийн Үүрийнцолмонгоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 9 714 369 /есөн сая долоон зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран ёсөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ганболдын Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 701 517 /долоон сая долоон зуун нэг мянга таван зуун арван долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.Үүрийнцолмонгоос улсын тэмдэгтийн хураамжинд 170 380 /9 714 369 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан улсын орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Үүрийнцолмон давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ намайг бусдын биед гэм буруутай үйлдлээр гэмтэл учруулсан, уг гэмтэл сэтгэцийн өвчний хооронд шалтгаант холбоотой гэж үзсэн. Эрүүгийн хэргийн хувьд би Ганбатын биед гэмтэл учруулсан боловч уг гэмтэл учруулах үйлдэлд Ганбатын буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгийн шүүхээс харж үзэх байх гэж би итгэж байсан.

Мөн би өөрийнхөө амьдралын түвшин хагас өнчин хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, хөгжлийн бэрхшээлтэй, өөрөө бие муу ажил хийх боломжгүй талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн. Үүгээрээ би шүүхэд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорыг хэмжээг багасгаж өгөх боломжтой гэж үзсэн. Гэтэл шүүхээс намайг нотолж чадаагүй буюу ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж маргаж гомдож байна. Миний хувьд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн. Үүнийг үгүйсгэсэнд гомдож байна.

Мөн шүүхээс эм тариа болон бусад зардалтай холбогдуулан нэхэмжилсэн 2 882 150 төгрөгийн баримтаас 2 568 289 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гаргаж өгсөн баримт нь эмчийн заалтгүй хэрэглэсэн ба гаргаж өгсөн Е баримт нь яг тухайн гэмтэлтэй холбоотой хэрэглэхгүй эм тариа бусад зүйл байхад нэг бүрчлэн дүгнэж чадаагүй. Зарим баримтууд нь өөр хүний нэр дээр байдаг. Эмч уг эмийг хэрэглэ гэсэн ямар ч картгүйгээр, эмийг дураараа олноор энэ гэмтэлд хэрэглэж байсан нь тогтоогдохгүй байхад шүүх 2 568 289 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  Би эмчийн заалтаар, картын дагуу өөрт нь хэрэглэх эмийг л хариуцан төлнө. Бусдыг нь төлөх үндэслэлгүй тул дахин хянаж багасгах нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны мөнгө надаас нэхэмжилсэн. Эрүүл саруул, ухаан цэлмэг, гоё ганган нөхөр л явж байдаг. Сэтгэцийн өвчинтэй гэхээргүй байхад өвчтэй гээд групп тогтоолгон зүгээр хүнээс мөнгө авч байгаа нь зохисгүй. Би олон удаа таарсан, архи уугаад л явж байдаг. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг баримтлан миний хувийн байдлыг харгалзан үзэж, төлөх ёстой зарим төлбөрийн хэмжээнээс шүүхийг багасгаж өгнө үү гэж туйлын их хүсэж байна.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгт цугларсан баримтанд бүрэн дүүрэн дүгнэлт хийн шүүж чадаагүй, өгөх ёсгүй мөнгийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан гэж үзэж гомдож байх тул дахин нягтлан шүүж гэм хорын нэхэмжлэлийн төлбөрийг багасгаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Ганбат нь хариуцагч Г.Үүрийнцолмонгоос гэм хорын хохиролд 17 415 886 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч  эс зөвшөөрч маргасан байна./хх-ийн 1-2 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Г.Үүрийнцолмон нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” гэх бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэхэмжлэгч Г.Ганбатын нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар түүнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж,  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан байна. /хх-ийн 5-11 дэх тал/

Мөн дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “ ...Г.Үүрийнцолмон нь хохирогч Г.Ганбатад гэм хорын хохиролд 600 000 төгрөг төлсөн, мөн ...Г.Үүрийнцолмонгоос гэм хорын хохиролд 1 120 267 төгрөгийг гаргуулж, Г.Ганбатад олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 189 009 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, нотлох баримтгүй унааны зардал, шатахууны үнэ, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэх зэрэг зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэж...” шийдвэрлэсэн байна. /хх-ийн 10 дахь тал/

Хариуцагч Г.Үүрийнцолмон нь “...миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, бага хүү 4 настай, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, бусдын асрамжинд байдаг болохоор хүүгээ асарч хөдөлмөр эрхэлдэггүй. Миний хувьд амьдралын нөхцөл өөрийгөө арай ядан авч яваа, хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа эцэг юм. ... Ганбатад төлбөрийг төлөх ямарч боломжгүй учир зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байна.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Г.Ганбат нь хариуцагч Г.Үүрийнцолмонгоос гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох эм тариа авсан, шинжилгээ хийлгэсэн, томографикийн зураг авахуулсан төлбөр, унааны зардалд нийт 2 568 289 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүүд /ажилтай үед авч байсан цалин, хөдөлмөрийн чадвар алдсанаас групп тогтоолгосон тахир дутуугийн тэтгэврийн зөрүү/ 7 146 080 төгрөг, нийт 9 714 369 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч Г.Үүрийнцолмон нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна.  Тухайлбал: хэрэгт авагдсан  баримтуудаас /Е баримт/ аль хэсгийг нь зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хариуцагч Г.Үүрийнцолмон нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Г.Үүрийнцолмонгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 138/ШШ2021/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Г.Үүрийнцолмон нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  Я.АЛТАННАВЧ